Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 122/ШШ2023/0030

 

2023 оны 12 сарын 13 өдөр                122/ШШ2023/0030                            Баруун-Урт сум

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хуулийн этгээд “*******” ХХК, РД:5192439,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.*******, Д.*******,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.******* нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, Д.******* нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

 

1.1.  Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/148 дугаар захирамжаар ******* сумын Бичиг боомтод төв замын зүүн талд 10 га талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай “*******” ХХК-д эзэмшүүлсэн.

1.2. ******* сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар “*******” ХХК-д ******* сумын нутаг Бичигт боомтод үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын зориулалтыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар болгон өөрчилж, ******* сумын Засаг даргын 2012 оны А/148 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

1.3. Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/209 захирамжаар  газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хуульд заасны дагуу төлөөгүй 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтод газар эзэмшигч “*******” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгон, уг захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2012 оны А/148 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

 

1.4. Нэхэмжлэгч “*******” ХХК-иас Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/209 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байна.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

                                   

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани ******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/148 дугаар захирамжаар 10 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу газрын төлбөрийг төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд манай компани газрынхаа төлбөрийг тогтмол төлж, үүргээ биелүүлж ирсэн.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед тус сумын Бичигт хилийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд болон сумын удирдлагатай хамтран ажиллаж, засаг төрийн бодлогыг дэмжих үүднээс сумын Засаг даргын ирүүлсэн манай компанийн эзэмшил газрыг түр ашиглах саналыг хүлээн зөвшөөрч хугацааг Ковид цар тахлын хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаагаар тохирсон. Бид газрыг эзэмших эрх авсан цагаас хойш, сумын Засаг даргын хүсэлтийн дагуу өөрсдөө бус бусад аж ахуйн нэгжүүдэд газраа ашиглуулж байсан хугацаанд ч хуулиар хүлээсэн үүрэг гэж үзэж газар эзэмших гэрээгээр тогтоосон төлбөрийг бүрэн гүйцэд төлсөөр ирсэн.

            Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар хууль бус захиргааны актын улмаас компанийн газар эзэмших эрх хөндөгдөж байгаа тул Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 40.1.5-аар сонсох ажиллагаа хийсний дагуу газрын төлбөртэй  холбоотой лавлагааг сумын Засаг даргаас авсан. Үүн дээр төлбөрийн үлдэгдэлгүй бүрэн төлсөн байна, гэрээ дүгнэсэн актад төлбөрийн үлдэгдэлгүй гэж тэмдэглэсэн байдаг.

Газрын тухай хуулийн 40.1.6-тай холбоотой тайлбарлахад ******* сумын Засаг даргын 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 1/146 дугаартай албан тоотоор манай газрыг ковид-19 цар тахлын үед автомашины зогсоолын зориулалтаар ашиглахыг хүссэнийг бид зөвшөөрч газраа ашиглуулсан. Мөн Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тогтоолын 1.10-т хүндэтгэн үзэх зүйлд давагдашгүй хүчин зүйлийг ойлгоно гэсэн. Давагдашгүй хүчин зүйлд ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг ойлгож болно гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн 40.1.6-г баримталсан нь үгүйсгэгдэж байна.

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор бичигт боомтод хөл хорио тогтоосон. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 159 дүгээр тогтоол, 2020 сарын 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хилийн боомтын үйл ажиллагааг зогсоосон байсан. Энэ хугацаанд хил дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан.

2022 онд гүйцэтгэх захирал хэвтрийн байдалтай эмчлүүлж хагалгаанд орсноо нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.

Захиргааны акт нь тодорхой, ойлгомжтой, бодит нөхцөл байдалд нийцсэн байх ёстой. Захиргааны байгууллага захиргааны Захиргааны ерөнхий хуулийн бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг алдагдуулж олон талаас нь нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй захиргааны актыг гаргасан. Хавтаст хэрэгт цугларсан баримтын дагуу захиргааны актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

 

            3.1. Хариуцагч ******* сумын Засаг дарга Г.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрийг төлөөгүй, 40.1.6-д заасан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр “*******” ХХК-д олгогдсон 10 га газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан мөн Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 07 сарын 09-ний өдрийн 01/296 тоот албан бичгээр “*******” ХХК-ийн газрыг хүчингүй болгохоор сонсон ажиллагаа хийж тайлбар саналыг авсан байсан.

            Аймгийн Засаг дарга болон газрын албанаас газрыг хүчингүй болгох чиглэлийг сумын Засаг даргад ирүүлсэн тул газрын зөрчлийг шалгах зорилгоор дотооддоо ажлын хэсэг байгуулсан. Тухайн газрыг судлан үзэхэд сумын ИТХ-ын 2012 оны 07 сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, ******* сумын Засаг даргын 2012 оны А/148 дугаар захирамжаар 10 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон байдаг.******* сумын Засаг даргын 2014 оны А/74 дүгээр захирамжаар дээрх “*******” ХХК-д олгогдсон газрын зориулалтыг өөрчилж, гаалийн хяналтын талбай болгон 15 жилийн хугацаатай гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

            2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/209 тоот захирамж нь хууль эрх зүйг баримтлан гаргасан захиргааны хүчин төгөлдөр акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тайлбарыг дэмжиж байна гэв.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “*******” ХХК-иас Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/209 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, нийтийг хамарсан цар тахлын үед ******* сумын Засаг даргаас манай компанийн эзэмшил газрыг Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ковид цар тахлын хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаагаар ашиглах  хүсэлт гаргасны дагуу газраа бусдад ашиглуулж байсны улмаас эзэмшил газраа гэрээний дагуу ашиглах бололцоогүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болон газрын төлбөрөө бүрэн төлсөн байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.Тодруулбал:

 

3. ******* сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/148 дугаар захирамжаар ******* сумын Бичиг боомтод төв замын зүүн талд 10 га талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай “*******” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

 

4. ******* сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/74 дугаар захирамжаар “*******” ХХК-д ******* сумын нутаг Бичигт боомтод үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын зориулалтыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар болгон өөрчилж, ******* сумын Засаг даргын 2012 оны А/148 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, 2014 оны 05 сарын 16-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

 

5. ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хуульд заасан журмын дагуу төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

 

6.1. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан

 

- ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно,

 

- ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

7.  Улсын Дээд Шүүхийн тайлбарласнаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэн өдрөөс  эхлэн хуанлийн хугацаагаар тооцох бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэгчтэй хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. Талуудын байгуулсан энэхүү газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2023 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл 4 сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.

 

8. Хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан ******* сумын Засаг даргын 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 1/146 тоот албан бичгээр “Халдварт цар тахалтай холбоотой орон нутаг тогтоосон хорио цээрийн дэглэм, төр засгаас нүүрсний экспортыг дэмжих бодлогын хүрээнд тус сумын 1-р багийн нутаг дэвсгэр дэх Бичигт боомтод байрлах танай компанийн 2201000783 нэгж талбарын дугаартай 10 га газрын тодорхой хэсэг буюу 6 га талбай дээр Ковид-19 цар тахалтай холбогдуулан гаргасан хуулийн үргэлжлэх хугацаанд “түр” хугацаагаар “автомашины хяналтын бүс” зориулалтаар ашиглах” санал тавьсныг нэхэмжлэгч “*******” ХХК хүлээн зөвшөөрч эзэмшил газраа бусдад ашиглуулсан болох нь ******* сумын Засаг дарга болон “*******” ХХК-ийн хооронд уг асуудлаар харилцсан албан бичгүүд, гэрчийн мэдүүлэг, гэрчээр асуусан тэмдэглэлд хавсаргасан фото зургууд, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

9 .Нэхэмжлэгч талаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ******* сумын Засаг даргын саналаар эзэмшил газраа бусдад ашиглуулж байсны улмаас өөрөө ашиглаж боломжгүй байсан гэж тайлбарлан маргаж байгаа нь дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тухайн цаг үед цар тахал тархсан нийтэд илэрхий нөхцөл байдал үүссэн байх тул эзэмшил газраа “түр” хугацаагаар “автомашины хяналтын бүс” зориулалтаар бусдад ашиглуулж, цар тахлын үед  газраа эзэмшиж, ашиглаагүй нь газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ.

 

10. Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж дүгнэлээ. Үүнд:

 

10.1. Маргаан бүхий захиргааны актаар газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байтал Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актаар газрын төлбөрийг гэрээний дагуу төлсөн гэж дүгнэгдсэн бөгөөд ******* сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 1/195 тоот албан бичгээр “танай компанитай 2017 онд газар эзэмших эрхийн гэрээг байгуулснаас хойших газрын төлбөр төлсөн баримтыг төрийн сангаас шүүж үзэхэд 2023 оны хоёр дугаар улирлын байдлаар төлбөрийг төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй байна” гэсэн тодорхойлолтыг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргаж өгснөөс үзэхэд  маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 

10.2. Хэрэгт “*******” ХХК-д Бичигт боомтод 10 га газар эзэмшүүлэхээр 4 удаа газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон баримт авагдсан.Үүнд:

1.Газар эзэмших эрхийн гэрчилгээ 0116530 дугаартай, 2012 оны 10 сарын 11

2. Газар эзэмших эрхийн гэрчилгээ 0000108774 дугаартай огноо байхгүй

3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ 000301969 дугаартай 2014 оны 05 сарын 16

4. Газар эзэмших эрхийн гэрчилгээ 000306266 дугаартай 2017 оны 05 сарын 05 гэсэн улсын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч ямар үндэслэлээр нэг газарт удаа дараа олгосон болон энэ олон гэрчилгээний аль нь хүчинтэй, аль нь хүчингүй болох нь тодорхой бус байна.

 

10.3. Мөн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “*******” ХХК-д гаалийн хяналтын талбайн зориулалтаар олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох байтал үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэтэл сумын Засаг даргын 2014 оны А/74 дүгээр захирамжаар “*******” ХХК-ийн эзэмшил газрын зориулалтыг гаалийн хяналтын талбайн зориулалт болгон өөрчилж, үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон 2012 оны А/148 дугаар захирамжийг хүчингүй болгосон байтал маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчид гаалийн хяналтын талбайн зориулалтаар газар эзэмших эрх олгосон 2014 оны А/74 дүгээр захирамжийг хүчингүй болголгүй, өмнөх хүчингүй болгосон 2012 оны А/148 дугаар захирамжаа дахин хүчингүй болгож шийдвэрлэснээр 2014 оны А/74 дүгээр захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа нь уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид гаалийн хяналтын талбайн зориулалтаар олгосон газар эзэмших эрхийг хөндсөн эсэх талаар эргэлзээ төрүүлж эрх зүйн зөрчил бий болгож байна.

 

11. Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг бүрэн хийгээгүйгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзлээ.

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “*******” ХХК-иас Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан ******* сумын Засаг даргын 2023 оны 09 сарын 15-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК-иас Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ******* сумын Засаг даргын 2023 оны 09  сарын 15-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАЯРЦОГТ