Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/01671

 

 

 

 






  2024      04        23                                      181/ШШ2024/01671

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, 0 байрлах, Н ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Б М /РД:0/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,146,424 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээний үүрэгт төлсөн төлбөр болох 696,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Зээлдэгч Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр BMW X5 /2005-2012/ маркийн, 0 арлын дугаартай,0 улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 7,700,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,90% хүүтэйгээр, 206211178 тоот зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 206211178 тоот фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж авсан байна.

Зээлдэгч Б.М нь 206211178 тоот фидуцийн гэрээнд тусгасан BMW X5 /2005-2012/ маркийн, 0 арлын дугаартай, 0 улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг эвдэрсэн гэдэг тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, 206211178 тоот фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу төлбөрийг нэхэмжилж байна.

Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 901 хоногийн хугацаа хэтэрсэн, 206211178 тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасан, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байна.

Иймд зээлдэгч Б.М-ээс 206211178 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 7,373,111.30 төгрөг, үндсэн хүү 8,371,322.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,401,990.33 төгрөг, нийт 17,146,424.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Н" ХХК-иас 0 маркийн автомашиныг 7,700,000 төгрөгөөр буюу зээлээр худалдан авч, Н ХХК нь Б.М надтай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан.

Н ХХК-иас худалдаж авсан автомашин нь эвдэрхий байсан бөгөөд засварын газруудаар үзүүлж засуулах гэсэн боловч засвар авах боломжгүй болох нь тогтоогдсон тул би Г.О найзтайгаа хамт Н ХХК-д 2020 оны 07 дугаар сард очиж, эдийн засагчид нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх боломжгүй боллоо, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулмаар байна, авсан автомашин нь эвдэрхий одоог хүртэл замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг хэлсэн боловч уг байгууллага ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Гэтэл одоо үндсэн зээлээс давсан хүү 8,371,322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,401,990 төгрөгийг нэхэмжилж, 7,700,000 төгрөгийн зээлийг 17,146,424 төгрөг болгож байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн Н ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.М-д холбогдуулж, яг энэ гэрээний дагуу 11,200,095 төгрөгийг нэхэмжилж байсан, тухайн үед шүүхээс шүүх хуралдаан зарлах үед нэхэмжлэгч байгууллага шүүх хуралдаанд ирээгүй улмаас шүүх нэхэмжлэлийг буцаасан. Иймд нэхэмжлэгч байгууллага нь санаатайгаар хугацаа авч хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна.

Зээлийн төлбөрийг Б.М хариуцахгүй тухайд, Г.О найз маань уг автомашиныг худалдан авах зорилготой байсан бөгөөд түүний нэр дээр зээл гарах боломжгүй байсан учраас би өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж, зээл авч өгсөн. Иймд би зээлийн төлбөрийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Н ХХК нь Б.М-тэй 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.М нь 7,700,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд тогтоосон хуваарийн дагуу Н ХХК-д төлөх, Н ХХК нь өөрийн өмчлөлийн 0 маркийн автомашиныг Б.М- зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх хүртэлх хугацаанд түүний эзэмшилд байлгах үүргийг тус тус хүлээжээ.

Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг 2009 оны 01 дүгээр 28-ны өдөр Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж, 2021 оны 05 дугаар 25-ны өдөр Санхүүгийн түрээс гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд талууд гэрээг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан тул Н ХХК нь гэрээ байгуулах үед барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байсан.

Тус компани нь Монгол улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйл, MNS 5274:2017 стандарт буюу Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, нийтлэг шаардлага, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр тогтоол, хавсралт Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам-ыг дагаж мөрдөн харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл Н ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхдээ харъяа дүргийн Засаг даргын Тамгын газраас олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхой бус байх тул зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг байгуулах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/#/sct;id=1202/org албан ёсны сайтаас Н" ХХК-ийн РД:-р шүүж үзэхээр аливаа мэдээлэл олдохгүй байдаг.

Түүнээс гадна фидуцын гэрээний нэгэн онцлог шинж нь барьцаалуулагч нь өөрийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалагчийн өмчлөлд шилжүүлдэг. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба Н" ХХК нь өөрийн өмчлөлийн автомашинаа фидуцийн гэрээ болон зээлийн гэрээ байгуулан Б.М-ийн өмчлөлд бус зөвхөн эзэмшилд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Н ХХК нь харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгосон батламж авсан эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулах эрхгүй, уг зээлийн болон фидуцийн гэрээ нь гэрээний стандарт нөхцөл, харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрөгч талдаа хохиролтой байгаа нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Салбарын захирал Б.М-ийг 3 сарын хугацаатай томилсон бөгөөд уг хугацаа дууссан байхад гэрээг байгуулсан тул гэрээ байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж үзэхээр байна.

Н ХХК нь Иргэний хуулийн 202 дугаар зүйл, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь өөрөө гэрээг хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байна.

Иймд зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Н" ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлсөн 696,000 төгрөгийг буцаан гаргуулж Б.М-д олгож, BMW 25 маркийн автомашиныг Н" ХХК буцаан авахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Салбарын захирал Б.М-ийг 2020.06.20-ны өдөр захирлын ажил албан тушаалаас чөлөөлсөн тул гэрээ байгуулах эрхтэй байсан. Манай байгуулах нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг тул зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.05.21-ний өдрийн 206211178 дугаар Зээлийн гэрээ, 2021.05.21-ний өдрийн 0 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Б.М-ийн зээлийн тооцоолол зэргийг гаргаж өгсөн, хариуцагч талаас оршин суугаа хаягийн тодорхойлолт, Х ХХК-ийн 2024.02.06-ны өдрийн 04 дугаар Үнэлгээний тайлан зэргийг гаргаж өгсөн, шүүхийн журмаар 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, гэрч Б.Б, Г.О, Д.Г, Г.Н нарын мэдүүлэг, Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022.08.12-ны өдрийн 018-2022 дугаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд томилох, гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинээр томилох тухай тогтоол, Н ББСБ-ийн гүйцэтгэх захирлын 2019.07.01-ний өдрийн 01/088-2019-HR дугаар Албан тушаал зэрэг дэв өөрчлөх тухай тушаал, 2019.10.14-ний өдрийн 02/142-2019-HR дугаар Жинхлэх тухай тушаал, 2020.06.26-ны өдрийн 02/173-2020-HR дугаар Ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн газраас BMW X5 маркийн 0 дугаартай тээврийн хэрэгслийн 2020.06.30, 2020.07.12-ны өдрүүдийн торгуулийн мэдээлэл зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,146,424 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.М нь нэхэмжлэгчид холбогдуулан Зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээний үүрэгт төлсөн төлбөр болох 696,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн нээлттэй мэдээллээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5-6, 88, 99-100 хуудас/

 

2. Н М-тэй 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 206211178 дугаар Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь автомашины лизингийн зориулалтаар 7,700,000 төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, зээлийн үүргийг хангуулахаар 206211178 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж, BMW Х5 маркийн, 0 улсын дугаартай автомашиныг Н ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хавтаст хэргийн 8-11 хуудас/

 

Н ББСБ-ийн гүйцэтгэх захирлын 2019.07.01-ний өдрийн 01/088-2019-HR дугаар Албан тушаал зэрэг дэв өөрчлөх тухай тушаалаар Б.М-ийг Чингэлтэй салбарын захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2019.10.14-ний өдрийн 02/142-2019-HR дугаар Жинхлэх тухай тушаалаар салбарын захирлын албан тушаалд жинхлэн ажиллуулж, 2020.06.26-ны өдрийн 02/173-2020-HR дугаар Ажилд шилжүүлэн томилох тухай тушаалаар Чингэлтэй салбарын зээлийн ажилтан албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан байх тул Б.М-ийг Н ХХК-ийг төлөөлөн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206211178 дугаар Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулах эрхгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 91-93 хуудас/

Мөн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022.08.12-ны өдрийн 018-2022 дугаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд томилох, гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинээр томилох тухай тогтоол /хавтаст хэргийн 90 хуудас/-оор Н.У-ыг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн байх тул Н.У-ыг 2019.07.01-ний өдрийн 01/088-2019-HR дугаар тушаалыг гаргах эрхгүй байсан гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.М-ийг Н ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

2.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан бөгөөд Н ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг байгуулах эрхгүй байна. Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-д зааснаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг этгээд нь зээлийн үйл ажиллагаандаа зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалах эрхтэй тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулах замаар бусдын хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах эрхгүй. Иймээс дээрхи гэрээнүүд Иргэний 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байна.

 

2.2. Н ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ тул банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл-д хамаарч байна.

 

2.3. Хариуцагч Б.М нь Н ХХК-иас BMW Х5 маркийн, 0 улсын дугаартай автомашиныг 7,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, автомашины үнийг төлөх зорилгоор Нэткапитал авто ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206211178 дугаар Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулсан болох нь нэхэмжлэгч Н ХХК-иас зээл 7,700,000 төгрөгийг Б.М шилжүүлээгүй байдал, гэрч нарын мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 53-67 хуудас/

Иймээс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206211178 дугаар Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д хамаарч байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр Н ХХК-ийн Б.М-тэй байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206211178 дугаар Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан хүчин төгөлдөр бус байна.

 

Иймээс нэхэмжлэгч Н ХХК нь Б.М-с 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206211178 дугаар Зээлийн гэрээ-ний үүргийг шаардах эрхгүй байна.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байхаар заасан боловч халхавчлагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр байх боломжтой юм.

Хариуцагч Б.М нь Н ХХК-иас BMW Х5 маркийн, 0 улсын дугаартай автомашиныг 7,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

3.1. Нэхэмжлэгч Н ХХК нь Б.М-д 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр BMW Х5 маркийн, 0 улсын дугаартай автомашиныг бодитойгоор эзэмшилд нь шилжүүлэн өгч, тээврийн хэрэгслийн бүртгэлд эзэмшигчээр Н ХХК бүртгэлтэй байгаа болох нь АТҮТ-өөс ирүүлсэн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 41-42 хуудас/

 

3.2. Хариуцагч Б.М нь худалдан авсан BMW Х5 маркийн, 0 улсын дугаартай автомашинаа эвдэрхий байсныг засуулж чадаагүй, замын хөдөлгөөнд огт оролцоогүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн автомашины хөдөлгөөнд оролцож, 2020.06.30, 2020.07.12-ны өдрүүдэд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас торгуулсан болох нь ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн албаны BMW X5 маркийн 0 дугаартай тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээллээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 108-109 хуудас/

 

Хариуцагч Б.М нь BMW X5 маркийн 0 улсын дугаартай автомашиныг засварын газарт засагдаагүй эвдэрсэн байдалтай байхад нь худалдан авсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасны дагуу автомашины доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

4. Хариуцагч Б.М нь автомашины үнэ 7,700,000 төгрөгийг Н ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 238 дугаар зүйлийн 238.1-д заасны дагуу зээлийн гэрээний дагуу төлсөн 696,000 төгрөгийг үнийн төлбөрөөс хасч, үлдэх 7,004,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт зааснаар Н ХХК, Б.М нарын баыгуулсан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206211178 дугаар Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч Б.М-с BMW X5 маркийн, 0 арлын дугаартай, 0 улсын дугаартай автомашины үнэ 7,004,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс болон сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.М-гийн шүүхэд нотлох баримтаар гаргасан Х ХХК-ийн 2024.02.06-ны өдрийн 04 дугаар Үнэлгээний тайлан нь талуудын маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж, хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Мөнгөнхүүгээс 7,004,000 /долоон сая дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,142,424 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт зааснаар Н ХХК, Б.М нар байгуулсан 2020.05.21-ний өдрийн №206211178 дугаартай Зээлийн гэрээ, 2020.05.21-ний өдрийн №206211178 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж, хариуцагч Б.М-гийн зээлийн төлбөрт төлсөн 696,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,682 төгрөгийг, хариуцагч Б.М-гийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,460 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ээс 121,310 /нэг зуун хорин нэгэн мянга гурван зуун арван/ төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгож, нэхэмжлэгч Н ХХК-иас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Б.М-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА