Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 142/шш2024/00991

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 01 142/ШШ2024/00991

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ыг хүсэлттэй,

Хүсэлтийн агуулга: 1986-1992 он хүртэл Булган аймаг Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрт рамчинаар ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.*******

Гэрч Д.*******, Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Д.******* миний бие 1986-1992 он хүртэл Булган аймаг Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр-т рамчинаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр-т рамчинаар 1986-1992 онд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай тодорхойлолт /хх-3/, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа /хх-04/, 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Булган аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн намын үүрийн үйлдвэрчний эвлэлийн хорооны аваргын диплом /хх-5-7/, Ө.Алтантуяа, Д.*******, Д.******* нарын тодорхойлолт /хх-8-10/, 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-12-13/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.******* хүсэлтийн үндэслэлээ, 1986-1992 он хүртэл Булган аймаг Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр-т рамчинаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэж тодорхойлсон.

2. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Д.*******ийн хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр тушаалаар Булган аймгийн Нэгдэл дундын үйлдвэр-т ХАА-н барилгын нормчиноор томилж 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 72 дугаар тушаалаар рамчинаар томилсон, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аж ахуй нэгж татан буугдсан тул ажлаас чөлөөлж, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өгөөмөр компаний Харгана раманд гинжний тракторчиноор томилж 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны тамга тэмдгээр баталгаажуулан бичсэн байна.

3. Гэрч Д.*******: Д.******* нь 1986-1992 онд Булган аймгийн Хишиг-өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр-т хөрөө рамчин хийж байсан...,

4. Гэрч Д.*******: би 1975-1993 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр-т, мөн Харгана рамд банз үрдэг ажил хийж байсан. Д.******* 1975 оноос 1992 онд тус үйлдвэрт рамчин хийж байсан... гэжээ.

5. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн өөрийнх нь тайлбар хоорондоо зөрүүгүй, Д.******* нь 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр-т рамчин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Өгөөмөр компаний Харгана раманд ажиллаж байсан нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/-г 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр-т рамчин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Өгөөмөр компаний Харгана раманд нормчиноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА