Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
Хэргийн индекс | 113/2023/0006/з |
Дугаар | 113/ШШ2023/0009 |
Огноо | 2023-12-07 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 113/ШШ2023/0009
2023 12 07 113/ШШ2023/0009
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0527163 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ц би Л.М-д холбогдох зөрчлийн хэргийг шалгаж 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 0527163 дугаартай шийтгэлийн хуудсаар 300.000 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн шийтгэлийн хуудсыг бичихдээ алдаа гаргаж хоёр өөр хүний нэр бичсэн тул Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаартай дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-ийн 2023 оны11 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаар дүгнэлтийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 113/ШЗ2023/0091 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0527163 дугаартай шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ц хүлээн зөвшөөрснөө 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ц хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0527163 дугаартай шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА
с