| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01158/И |
| Дугаар | 142/шш2024/00992 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 142/шш2024/00992
2024 07 01 142/ШШ2024/00992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл суралцан төгссөн хугацааг ажилласан жилд тооцуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Спорт ордонд 2005 оны 8 дугаар сараас 2006 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд цагдаагаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Л.******* миний бие миний бие 1983 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймагт төрсөн, 1990-2000 онд Орхон аймгийн 4 дүгээр сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн, Цагдаагийн байгууллагад ажиллах өөрийн хүсэл сонирхлын дагуу 2000-2005 оны хооронд Цагдаагийн академид элсэн суралцан төгсөж, 2005 оны 08 дугаар сараас оноос одоог хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Орхон аймгийн Цагдаагийн газар, Дотоодын цэргийн тусгай салбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Цагдаагийн Академийн захирлын 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаар тушаалаар тус сургуулийн 1 дүгээр курст элсэн суралцан улмаар 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн цагдаагийн академийн захирлын Б/90 дугаар тушаалаар Цагдаагийн Академийн сургуулийн дотоод журмаар сурлагын үнэлэлтээр сургуулиас хасагдсан. 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Цагдаагийн академийн захирлын Б/131 тушаалаар 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1 дүгээр курст үргэлжүүлэн суралцаж 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/271 дугаар тушаалаар Цагдаагийн академийг бакалаврын зэрэгтэй эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төрөлжсөн архиваас 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 169 дугаартай цалингийн лавлагаагаар 2005 оны 8 дугаар сараас 2006 оны 02 дугаар сар хүртэл тус үйлдвэрийн Спорт ордонд цагдаагаар ажиллаж байхдаа цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан ба энэ үед Цагдаагийн байгууллагын даргын шийдвэр тушаалгүй тухайн албанд томилогдож ажиллаж байсан болно. 2006 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн Дотоодын цэргийн даргын 99 дүгээр тушаалаар 2006 оны 12 сарын 25-ны өдрөөс ахлагчийн бүрэлдхүүнд орж, дэд ахлагч цолтой Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт харуулчинаар томилогдон ажллаж байгаад 2009 оны 08 дугаар 18-ний өдрийн 133 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгч 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс албанаас чөлөөлөгдөж байсан. 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/679 тушаалаар 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс цэргийн дэд ахлагч цол авч Хорих 439 дүгээр ангид хянагчаар томилогдож ажиллаж байгаад, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/960 дугаар тушаалаар мөн өдрөөс цэргийн дэслэгч цолоор шагнуулан тус ангид гадна хамгаалалтын офицероор томилогдон ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1401 тушаалаар тус өдрөөс сахилгын зөрчил гаргасан тул халагдсан. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн Б/108 дугаар тушаалаар Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 21 дүгээр тогтоолоор нөөцөд бүртгэлтэй байсан тул Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтэст харуулын цагдаагаар томилогдон цагдаагийн ахлагч цолтой томилогдон тасралтгүй одоо Орхон аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэст Замын цагдаагийн хэсэгт цагдаагийн ахлах ахлагч цолтой ажиллаж байна.
Цагдаагийн Ерөнхий газрын төв архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай архив, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төрөлжсөн архиваас авсан лавлагаа зэргийг үндэслэн Цагдаагийн академид 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл суралцан төгссөн хугацааг, Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын Спорт ордонд 2005 оны 8 дугаар сараас 2006 оны 02 дугаар сар хүртэл цагдаагаар ажиллаж байсан хугацааг тус тус ажилласан жилд оруулан сэргээн тооцож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаа /хх-6-8/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 169 дугаартай цалингийн лавлагаа /хх-11/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Л.******* хүсэлтийн үндэслэлээ, 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл суралцаж байх хугацааг болон 2005 оны 8 дугаар сараас 2006 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд цагдаагаар ажиллаж байснаа тогтоолгоно гэж тодорхойлсон.
2. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Л.******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаар тушаалаар Цагдаагийн академийн эрх зүйч мэргэжлийн өдрийн ангид элсүүлэн суралцуулж, Цагдаагийн академийн захирлын 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар 2000-2001 оны хичээлийн жилийн 1 дүгээр улирлын шалгалтын дүн, захирлын зөвлөлийн 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, сонсогч оюутны мэдлэг, дадлага, чадварыг үнэлэх журмын 2-ын 4.5, дотоод журмын 12 дугаар зүйлийн в заалтуудыг үндэслэн сурлагаар хасагдсан байна. Цагдаагийн академийн захирлын 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/131 дүгээр тушаалаар 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс тус академийн эрх зүйн 1 дүгээр дамжаанд үргэлжлүүлэн суралцуулж, Цагдаагийн академийн захирлын 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/271 дүгээр тушаалаар тус академид эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн тул эрх зүйч мэргэжлийн бакалаврын зэрэг, боловсролын диплом, энгэрийн тэмдэг олгосон тухай Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 28-09/835 дугаар лавлагаагаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч дээрх хугацаанд буюу 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Цагдаагийн академид эрх зүйч мэргэжлээр суралцаж байсан нь нотлогдож байх тул цагдаагаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй.
3. Иймд Цагдаагийн академид суралцаж байсан хугацааг ажилласан жилд тооцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Харин 2005 оны 08 дугаар сараас 2006 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т цагдаагаар ажиллаж байсан нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төрөлжсөн архивын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 169 дүгээр лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул энэ хугацааны ажилласан жилийг тогтоох үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г 2005 оны 8 дугаар сараас 2006 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Спорт ордонд цагдаагаар ажиллаж байсныг тогтоож, 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2001 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн академид суралцаж байсан хугацааг ажилласан жилд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА