Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/49

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1727000010009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Анар” нэртэй эмийн санд Т.Э-ын гээсэн хөөргийг авч завшиж Т.Э-д 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мэдүүлэг өгсөн. Дахиж мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хөдөөнөөс сумын төв рүү орж ирсэн юм. Тэгээд эхнэрийн захисан захиасыг дэлгүүрүүдээс авч яваад эмийн сангаас эм авахаар ортол хүмүүс эм авч байсан. Би эмээ аваад гарах гэтэл хаалганы зүүн хатавчинд шалан дээр ногоон даалинтай хөөрөг байхаар нь олж аваад гэрлүүгээ явсан. Гэртээ хариад хөөрөг оллоо гээд эхнэртэй үзүүлсэн. Бор өнгийн хөөрөг байсан. Тэгээд орой сумын цагдаа нар ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Хохирогч Т.Э-ын өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сангаас эм авахаар орсон юм. Удаад байхаар нь би ортол хүмүүс эм аваад зогсож байсан. Эмийн сан дотор байх хаалганы зүүн талд байх нарийвтар орны хэмжээтэй сандал байхаар нь дээр нь хажуулдаад хэвтэж байгаад гараад шууд машиндаа суугаад эмийн сангийн үүднээс хөдлөөд явсан. Тэгээд хүнтэй таараад тамхилах гэтэл хөөрөг өвөрт байхгүй байсан. Тэгээд буцаж эмийн сан ороод үзтэл байхгүй байсан. Хөөргөө буцаагаад авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Г.Г-ийн өгсөн “...Би жирэмсэн болохоор эм авахуулахаар төвд ирсэн. Тэгээд манай нөхөр эмийг сангаас эм аваад гэртээ ирэхдээ бор өнгийн хөөрөг даалинтай нь оллоо гээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Б.З-ын өгсөн “...Б нь төлөв даруу, цайлган зантай, эхнэр хүүхдүүдтэйгээ хамт Бат-Өлзий суманд оршин суудаг...” гэсэн мэдүүлэг /хх 23 дугаар хуудас/

Гэрч Г.Г-ийн өгсөн “...Миний төрсөн дүүтэй суусан хүн байгаа юм. Ар гэр амьдралаа авч яваа хүн дээ. Хэдэн малынхаа хойноос өдөр шөнөгүй зүтгэж байгаа юм. Урьд нь хэрэгт холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 24 дүгээр хуудас/

Гэрч Т.Б-ийн өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын сүүлээр байхаа хэдний өдрийг нь санахгүй байна. Манай эмийн санд хөөргөө гээсэн гээд нэг хүн орж ирээд сурж байсан. Би сайн танихгүй юм байна лээ. Яаж байгаад гээсэн талаар асуухад өргөн сандал дээр хэвтэж байгаад унагаасан юм шиг байна гэж байсан. Би тэр хөөргийг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 26 дугаар хуудас/

  • Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурор тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгаар хуудас/
  • Хохирогч Т.Э-ын хулгайд алдсан гэх хөөрөг эд зүйлийн үнэлгээ /хх-ийн  9 дүгээр хуудас/
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 13 дугаар хуудас/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 дугаар хуудас/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Анар” нэртэй эмийн санд Т.Э-ын гээсэн хөөргийг авч завшиж Т.Э-д 1.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Т.Э нь “...одоо авах хохирол мөнгө байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батцэнгэл нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Г.Б-ийн 500.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг нас гүйцсэн хүрэн зүсмийн сарлагын эр үхэр, 450.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шүдлэн насны хар тарлан зүсмийн сарлагын эр үхэрыг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Г.Б-ийн бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

8  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА