Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1236

 

 

 

 

 

 

    2020             9             22                                       2020/ДШМ/1236

 

 

   Б.Б-өд холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,                         

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/473 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-өд холбогдох эрүүгийн 2010000000441 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Б, 19... оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Хан-Уул дүүргийн ...... дүгээр хороо, ......... гудамжны.................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, .......... дүгээр гудамжны ................... тоотод хамт архи уусан З.Г-тэй “үлдсэн архийг авч гарах гэлээ” гэж уурлаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 73 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С нь амь хохирогчийг оршуулах зардалтай холбоотой хохиролд нэхэмжилсэн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурьдаж, Б.Б-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дотны найз болох Г-ийг санаандгүй, үл ойлголцох үйлдлээс болж амь насыг нь хохироосонд сэтгэлээсээ харамсаж байна. Өөрийн үйлдсэн санаандгүй гэмт хэргийн гэм бурууг ухамсарлаж, хэргээ тэр дор нь хүлээн зөвшөөрч талийгаачийн эх болох С эгчээс уучлалт гуйж ажил явдлын зардалд өөрийн чадлаараа тусалж өөрийн нүгэлээ өчүүхэн ч болов нимгэлсэн билээ. Дээрх байдлуудыг болон миний хувийн байдлыг минь харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч У.Батцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцоогүй бөгөөд миний үйлчлүүлэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь, Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан дээрхи гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл амь хохирогчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй юм. Тиймээс эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцож 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмын агуулга болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж байна. Иймд түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Б.Б-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн талаар маргадаггүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бодит хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж ялын дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ... “ гэв.

            Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзээд ял шийтгэл оногдуулсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулсан шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцэж гарсан. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Хохирогчоос хохирлын баримт гаргаж өгөөгүй ч гэсэн шүүгдэгч чин сэтгэлээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бол хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулах боломжтой байсан. Оршуулгын зардал төлөгдөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4 дүгээр гудамжны Ноосны нэгдлийн байрны 6-28 тоотод хамт архи уусан З.Г-тэй “үлдсэн архийг авч гарах гэлээ” гэж уурлан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, тархины зүүн чамархай, зулай хэсгийн хальсан доорх цусан хураа бүхий гэмтлийн улмаас тархи шаантаглаж төвийн гаралтай амьсгал зүрх судасыг зогсоож, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Г.С-н “... бэр Отгончимэг 80950115 дугаарын утсаар миний 94119791 дугаар руу залгаад “Г амбаарын үүдэнд хэвтэж байсныг охин Азаа хараад надад хэлэхээр нь би очоод үзсэн чинь хөдлөхгүй байна” гэхээр нь “103 дуудчих, би ажлаа тараад очлоо” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 16 цаг 15 минутад ирэхэд хамаатны дүү нар болох Отголнчимэг, Зулаа, Сайнбаяр нар байсан. Намайг ирээд удаагүй байсан чинь 103-ын эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. ...” /1-р хх 34-35/,

гэрч Т.Сайнбатын “... бүгдээрээ архиа хувааж ууж байтал архи яг дуусахын алдад 100 грамм архи үлдсэн байсан байхаа, тэрийг нь Мулцага /Г/ “би энийг хүнд аваачиж өгнө” гээд өмднийхөө ар талын завсараар хийсэн. Тэгсэн нөгөө шар залуу /Төгсөө/ Монголоо хоёр “аваачиж өгч яах юм бэ” гэсэн чинь Мулцага /Г/ тэр шар залууг очоод заамдаад авсан. Тэр хоёр маргалдсан. Тэгсэн нөгөө шар залуу /Төгсөө/ Мулцагийг /Г/ толгойнд нь баруун гараараа нэг удаа цохиод авсан чинь Мулцага /Г/ ухаан алдаад газар унасан. Тэр шар залуу /Төгсөө/ цохичихоод холдсон чинь Мулцага /Г/ урд нь гулжганаад доошоо хараад унасан. ...” /1-р хх 47-50/,

гэрч Т.Жанчивдоржийн “... Төгсөө Молцогтой хэрэлдэж байхад нь “нэг дор амьдардаг байж яагаад маргалдаад байгаа юм бэ” гэж хэлэх хооронд Төгсөө Молцогийг цохиж унагаасан ба Молцогийг хаана цохисныг харж амжаагүй. Нэг мэдэхэд газар ухаан алдаад унасан байсан.” /1-р хх-54/,

гэрч Х.Шижирбатын “... тэр жаахан архинаас л болж Г, Төгсөө хоёр маргалдсан. Тэгээд Төгсөө Г-н толгой хэсэгт нь нэг удаа гараараа цохиход газар ухаан алдаад уначихсан. ...” /1-р хх 60/,

гэрч Ж.Төмөртогоогийн “... Г, Баттөгс хоёр л хоорондоо маргалдсан, өөр хүн маргалдсан зүйл болоогүй. Баттөгс л Г-г нэг удаа цохисон, өөр хүн цохиж зодсон зүйл болоогүй. ...” /1-р хх 64/,

шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгэхээр нь би баруун гараараа зүүн шанаа орчимд цохисон чинь Г бүтэн биеэрээ толгойн зүүн хэсгээрээ газарт унасан. Тэгээд ухаан алдсан байхаар нь би хамрынх нь дор, уруул дээр нь дарсан чинь “ёоё” гэж дуугараад, зүүн гараа нэг удаа хөдөлгөөд өөр юм яриагүй, тэгээд босч чадахгүй, хөдлөхгүй байсан. ...” /1-р хх 124/ гэх мэдүүлгүүд болон,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 999 дугаартай “... Талийгаач Н.Г-н цогцост зүүн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн чамархай, дагз хэсгийн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчинд цус хуралт, баруун дээд зовхинд цус хуралт, баруун хацар, дух, зүүн тохой, зүүн мөр, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн чамархай хэсгийн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүд нь зүүн чамархай тус газарт мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дээд зовхины цус хуралт, баруун шилбэний зулгаралт нь хуучин, дагз хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун хацар, дух, зүүн тохой, зүүн мөр, баруун өвдөгний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач дээрх зүүн чамархай, зулай хэсгийн хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи шаантаглаж төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож нас баржээ” гэх дүгнэлт /1-р хх 90/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-3, 5-8/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 10-14/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай буюу хэргийн бүрдэл хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.Г-н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдлуудыг тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” үндэслэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан тул уг зохицуулалтыг шүүгдэгч Б.Б-өд хэрэглэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, мөн уг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол төлөгдөөгүй нь уг зохицуулалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/473 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                                                   Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ