Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,

улсын яллагч Н.Бадам,

хохирогч Т.Энхчимэг,

шүүгдэгч Б.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Садо овогт Бямбасүрэнгийн Цогтсайханд холбогдох эрүүгийн 1733000210011  тоот хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 08-р сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 2-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, 2006 оны 06-р сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Садо овогт Бямбасүрэнгийн Цогтсайхан /РД: МФ77080411/.

           Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Цогтсайхан нь 2017 оны 07-р сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай замын 41-42 дугаартай тэмдэгт бүхий газарт өөрийн эзэмшлийн 38-64 СЭА улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Т.Энхчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад хохирогч О.Тэмүүжингийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-42-р хуудас/,

2. Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Насанбатын өгсөн мэдүүлэг /хх-47-р хуудас/,

3. Мөрдөн байцаалтад гэрч Э.Бумдарийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

4. 2017 оны 07-р сарын 26-ны өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10-р хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08-р сарын 21-ний өдрийн 10463 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/,

6. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мянганбаярын 2017 оны 08-р сарын 09-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

7. Хохирол төлбөртэй холбоотой хүсэлт, баримтууд /хх-ийн 101-112-р хуудас/,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цогтсайханы өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн хэлэлцүүлэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Цогтсайханыг 2017 оны 07-р сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай замын 41-42 дугаартай тэмдэгт бүхий газарт өөрийн эзэмшлийн 38-64 СЭА улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Т.Энхчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Цогтсайханы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна.  Үүнд:  

1. Шүүх хуралдаанд хохирогч Т.Энхчимэгийн өгсөн “...” гэх мэдүүлэг,

2. Мөрдөн байцаалтад хохирогч О.Тэмүүжингийн өгсөн “...2017 оны 07-р сарын 26-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт морьдыг худаг оруулж услахаар авч явж байсан. Ингэхдээ Сэнгээгийн хүрэн халзан зүсмийн морийг би уначихсан, нөгөө 2 тооны морийг хөтлөн зам хөндлөн гарч худагт усалчихаад эргээд зам хөндлөн гарах гээд замын хажуу хөвөө буюу шороотой хэсэг дээр зогсож байтал Хөтөл талаас машины гэрэл туссан. Би зам хөндлөн гаралгүй, өнгөрөөх гээд зогсож байтал гэнэт гэрэл ойх шиг болоод машин мөргөсөн. Би ухаан балартаад нэг сэргэтэл замын хажуу талын шороон дээр хэвтэж байсан. Өндийгөөд харахад 3 адуу гурвуулаа зам дээр дайруулсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-42-р хуудас/,

3. Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Насанбатын өгсөн “..Би осол болохыг хараагүй. Тэр өдөр гадаа машинд унтаж байсан чинь Улаанаа гэх залуу ирээд Тэмүүжин машинд дайруулчихсан байна гээд ороод ирэхээр нь сэрээд хамт осол болсон газар очсон чинь Тэмүүжин морьтой зам гарч байгаад машинд дайруулчихсан байсан. Адуунууд нь үхчихсэн харин миний цагаан байдас үхээгүй тийчлээд хэвтэж байсан. Тэгээд би Тэмүүжинг аваад Дархан-Уул аймаг руу эмнэлэгт үзүүлэх гээд хүргэж өгөхөөр явсан. Тэгээд би замдаа Бөхчулуун гэх найздаа хэрэв найдваргүй болсон бол нугасалчихаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-47-р хуудас/,

4. Мөрдөн байцаалтад гэрч Э.Бумдарийн өгсөн “..Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. 2017 оны 07-р сарын 26-ны өглөө 04 цаг 30 минутын үед Номгоны хуучин колонкын урд талын зам дээр зам тээврийн осол гарлаа гэх дуудлагаар очиход Номгоны урд талын асфальтан зам дээр саарал өнгийн 38-64 СЭА Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл Дархан-Уул аймаг руу харсан байдалтай зогсож байсан. Жолоочийн эсрэг талын урд талын суудалд үл таних эмэгтэй нүүрнийх нь баруун талын нүдний доод хэсэгт зүсэгдсэн байдалтай цус гарсан, хамрын баруун талын угалз хэсэг сэтэрсэн байдалтай байсан. Ар талын суудал дээр 3-5 насны хоёр хүүхэд суудал дээр суучихсан. Тухайн тээврийн хэрэгслийн хойно зүгт Хөтөл чиглэлтэй асфальтан замын хөвөө хэсэг шороон дээр 20-25 орчим насны үл таних залуу ил харагдах шарх сорвигүй, морьтой явж байхад машин мөргөчихлөө гэж ярьж байсан. 3 тооны адуу асфальтан зам дээр мөргүүлсэн байдалтай хэвтэж байсныг дуудлагаар очихдоо харсан машин дотор сууж байсан эмэгтэйг  Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Учир нь зүүн талын нүдний хацар яс цөмөрсөн байдалтай, зүүн нүдний цөцгий гоожсон юм шиг харагдаж байсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

5. 2017 оны 07-р сарын 26-ны өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10-р хуудас/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08-р сарын 21-ний өдрийн 10463 дугаартай дүгнэлтийн “...1. Т.Энхчимэгийн биед баруун нүдний эвэрлэг болон салстын нэвт гэмтэл, баруун нүдний агуулагдахуун гадагшлалт, баруун нүдний алим авах мэс заслын дараах байдал, баруун талын гайморын хөндийн урд, хажуу ханын хугарал, баруун хоншоор, хацар ясны хугарал, баруун ухархайн дотор, дээд ханын хугарал, хацар, хамар, эрүүнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд, нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх хэсэгт /хх-ийн 12-р хуудас/,

7. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мянганбаярын 2017 оны 08-р сарын 09-ний өдрийн 18 дугаартай дүгнэлтийн “...Тоёота Королла маркийн 38-44 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Цогтсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн байна..” гэх хэсэг /хх-ийн 22-р хуудас/,

8. Хохирол төлбөртэй холбоотой хүсэлт, баримтууд /хх-ийн 101-112-р хуудас/,

9. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цогтсайханы өгсөн “.....” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Цогтсайханд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Цогтсайханыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Цогтсайхан нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь шүүгдэгчийн ял шалгах хуудсаар тогтоогдож байна.

Улсын яллагчийн  тухайн гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Цогтсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Цогтсайханыг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Цогтсайхан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №АЯ0062401 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Цогтсайханд буцаан олгож, №898214 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Цогтсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цогтсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6-36.8, 36.10, 36.14 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Садо овогт Бямбасүрэнгийн Цогтсайханыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч  Садо овогт Бямбасүрэнгийн Цогтсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Цогтсайхан нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Цогтсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  №АЯ0062401 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Цогтсайханд буцаан олгож, №898214 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Цогтсайханд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7.  Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.НАРАНТУЯА