Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 122/2017/0018/З |
Дугаар | 221/МА2017/0740 |
Огноо | 2017-10-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0740
У.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч У.Б нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, У.Б-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.О-д холбогдох хэсэг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, У.Б-г Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.038.673 (зургаан сая гучин найман мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч У.Б-д олгохоос урьд олгосон тэтгэлэг 2.206.410 (хоёр сая хоёр зуун зургаан мянга дөрвөн зуун арав) төгрөгийг хасч үлдэгдэл 3.832.263 (гурван сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран гурав) төгрөгийг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга давж заалдах гомдолдоо: “...Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тус тус заасны дагуу иргэн У.Б нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/25 дугаар тушаалыг хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдлоо гаргасан эсэх, гомдлыг нь хянан шийдвэрлэсэн эсэх талаарх бичгийн нотлох баримт хэргийн материалд байхгүй.
Гэтэл шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/25 дугаар эрх зүйн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийг шүүх хууль зөрчин хүлээн авч, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...” гэсэн хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг тус тус зөрчжээ.
Иймд уг хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг баталсны дагуу мөн өдрийн А/10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар тус Тамгын газрын албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар нэр бүхий иргэдийг албан тушаалд томилж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч У.Б нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар тус газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсныг мөн даргын 2017 оны А/10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийг Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалаас нь бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх үндэслэлээр чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалаар О.О-г Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ... ” гэж заасан ба хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамж /45 орон тоо/, тус аймгийн Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаал /38 орон тоо/, Хууль зүйн хэлтсийн даргын болон Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаас үзэхэд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарь шинэчлэгдэн батлагдсан боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Өөрөөр хэлбэл, Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалын нэр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга болж өөрчлөгдсөн ч хэрэгжүүлэх чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй байжээ.
Энэ талаар анхан шатны шүүх “...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 7, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалаар О.О-г тус тус Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасантай нийцээгүйн улмаас нэхэмжлэгч У.Б-гийн төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч нь 2017 оны А/25 дугаар тушаалыг хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар ... дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдлоо гаргасан эсэх нь тодорхойгүй байхад шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг ноцтой зөрчсөн” гэжээ.
Энэ хэргийн хариуцагчаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар өгч байгаа тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн үйл баримттай холбоотой нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд “урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой” гэж үзэхгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА