Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0649/з |
Дугаар | 267 |
Огноо | 2018-06-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 267
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын КХ-т
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын АӨҮА-2007/153 тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг илт хууль бус болгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0047 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0227 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтох, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нар,
Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч Б.Заантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0047 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 11.1.14, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан “Ж” ХХК-ийн АӨҮА-2007-153 тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг илт хууль бус болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0227 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 58 дугаар зүйлийн 58.1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч Б.Заантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сар 24-ний өдрийн 128/ШШ2018/0047 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 227 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г байгуулсан шалтгаанаа “Ж” ХХК-ийн 12195А тоот тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байсан тул тусгай зөвшөөрөл эзэмшигчид боломж олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах хугацаа өгч ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Гэтэл Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдаж, 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
5. Харин манай компани 12195А тоот тусгай зөвшөөрлийг 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр авсан байдаг. Тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын 1-д "Анх 25/5568 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Ж” ХХК-д олгов” гээд "2006-11-09” гэсэн тэмдэглэгээ, мөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нүүр хэсэгт “2006 оны 11 дүгээр сарын 09 Улаанбаатар хот” гэсэн тэмдэглэгээнүүд байдаг. Эндээс харахад 12195А тоот тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш олгогдсон тусгай зөвшөөрөл байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд хэрвээ хангаагүй бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах зохицуулалттай.
6. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасан байдаг.
7. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан учраас ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-д “2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ” гэж заасан. Гэвч манай тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон хойно олгогдсон учраас энэ шаардлага хамаарахгүй.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т "Ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид боломж олгож байгаа учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулж болно гэж үзсэн нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Нэгэнт хууль тогтоогчоос зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулахаар заасан тул тухайн гэрээг хууль зөрчиж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан нь буруу юм. Гэтэл шүүхээс хууль тогтоогчийн эрх хэмжээнд халдаж, хуулийг зохицуулалтыг давж шийдвэрлэсэн нь буруу.
9. Ашигт малтмалын тухай хуулийн 34, 51 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэдэг дээр “Гэрээг байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, банкны барьцаанд тавих зэргээр гэрээг хүлээн зөвшөөрч ирсэн нь төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна” гэж дүгнэсэн байдаг.
10. Гэтэл Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулагдсанаар манайх 12195А тоот тусгай зөвшөөрлийн өлбөр төлөх, барьцаалах эрх нээгдсэн зүйл огт байхгүй. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг 2007 онд байгуулсан. Харин манай компани тусгай зөвшөөрлийг 2006 оны 11 сард авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг үүссэн, мөн 51 дүгээр зүйлд заасан барьцаалах эрх үүссэн. Ашигт малтмалын тухай хуулийн 34, 51 дүгээр зүйл нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээтэй огт хамааралгүй юм.
11. Иймд, 2018 оны 01 дүгээр сар 24-ний өдрийн дугаар 128/ШШ2018/0047 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 227 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
13. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Харуул толгой нэртэй газарт 265 гектар талбайд 12195А тусгай зөвшөөрлийг “Ж”ХХК-д олгож, тус компани нь 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр АӨҮА-2007/153 дугаар “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г хариуцагч захиргааны байгууллагатай байгуулсан байна.
14. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь “...хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах ёстой байтал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулж хууль зөрчсөн, ...компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан...” гэх үндэслэлээр уг гэрээг илт хууль бус болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дүгээр тушаалаар “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам“-ыг баталсан байна.
16. Энэ журмын 1.1-д “Ашигт малтмалын тухай хуулийн 23.3, 60.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, хайгуулын эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулахад энэ журмыг дагаж мөрдөнө”, 2.3-т “Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж ашигт малтмалын нөөцөө бүртгүүлээгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрсийг өдөр тутмын сонинд нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулах хүсэлтийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бичгээр гаргаж АМГТХЭГ-т ирүүлнэ” гэж тус тус заажээ.
17. 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Өдрийн сонин”-ы №88/2540/ дугаарт “..Эрдэс баялгийн зөвлөлөөр хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлж нөөцийг бүртгүүлээгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид дээр дурдсан журмын дагуу 60 хоногийн дотор тус агентлагийн Уул уурхайн газартай гэрээ байгуулах болсныг мэдэгдсэн, үүнд “Ж” ХХК багтсан байх бөгөөд Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Харуул толгойн алтны шороон ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож маргаан бүхий АӨҮА-2007/153 тоот гэрээг байгуулсан байна.
18. Уг гэрээний 1.1-д Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “...Нарийвчилсан хайгуулын ажлыг БУ-20-УШ өрмийн машинаар 2007 оны 08 дугаар сарын 15-наас 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэнэ, ...хайгуулын ажлаар тогтоогдсон алтны шороон ордын нөөцийг боловсруулж тайланг 2008 оны 12 дугаар сарын 15-ны дотор “Эрдэс баялгийн зөвлөл”-өөр хэлэлцүүлж батлуулна, ...Харуул толгой буюу Бөөрөнгийн голын доод талбайн алтны шороон ордын “Техник эдийн засгийн үндэслэл”-ийг 2009 оны 02 дугаар сарын 01-ний дотор Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газраар хянуулж батлуулна, ...Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Харуул толгойн алтны шороон ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2009 оны 05 дугаар сарын 01-нд дуусгавар болгох” зэргээр гүйцэтгэх ажил, хугацааг харилцан тохиролцжээ.
19. Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Ж” ХХК нь гэрээг байгуулах үед хэдийгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан боловч, нөөцөө бүртгүүлээгүй байсан талаар маргаагүй болно.
20. Иймд “...тухайн үедээ нөөц батлуулаагүй тусгай зөвшөөрлүүдийг бүртгэж, гэрээ байгуулан богино хугацаанд хуульд нийцүүлэн нөөцтэй болгох зорилгоор захиргааны байгууллагаас авсан арга хэмжээ...” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж, “...ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулсан нь буруу...” гэх үндэслэлгүй талаар шүүхүүд тодорхой зөв дүгнэсэн байна.
21. Мөн гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлж байсан, тусгай зөвшөөрлийг зээлийн барьцаанд барьцаалж байсан зэрэг үйл баримтуудыг дурдаж, “...компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан...” гэх үндэслэлээр маргаан бүхий гэрээг илт хууль бусад тооцох боломжгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв юм.
22. Дээрхээс үзвэл, маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, 2007 онд байгуулагдсан гэрээг илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн ямар эрх, хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна.
23. Шүүхүүд маргааны үйл баримтыг зөв үнэлж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул “...Ашигт малтмалын тухай хуулийн 23, 25, 34, 51 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
24. Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхийн зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцэж байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0227 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ