Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00659

 

“АХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00715 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 705 дугаар магадлалтай,

“АХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Эрдэнэт Постока” ХХК-д холбогдох,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Алтан-Од нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын 14995Х дугаар зөвшөөрөл бүхий 16,028.97 гектар талбайг “Эрдэнэт постока” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулж байгаа “Эрдэнэт постока” ХХК-ийн хууль бус үйлдлийг зогсоолгох, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг “Эрдэнэт постока” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа, хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “АХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “AXX” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт ашигт малтмал хайх хайгуулын 14995X тоот тусгай зөвшөөрөлтэй, 16,028.97 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайсаар ирсэн юм. Гэтэл манай талбай дээр “Эрдэнэт постока” ХХК нь шинэ төмөр зам барих гэрээт ажил хийх гэж байгаа гэх боловч 2014 оны 5 дугаар сараас уулын цул олборлож, дайрга бэлтгэн, борлуулахаар нөөцөлж байна. Манай компанийн зүгээс “Эрдэнэт постока” ХХК-д энэ хууль бус ажиллагаагаа зогсоохыг шаардсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүйгээр барахгүй үйлдвэрлэлээ улам эрчимжүүлж байна. “AXX” XXK нь хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмших эрхээ хуульд зааснаар эдэлж, мөн өгөгдсөн талбайд хайгуулын ажлын зардал гарган, тусгай зөвшөөрлийн төлбөрийг талбайн хэмжээгээр төлж үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл “Эрдэнэт постока” ХХК нь ямар ч зөвшөөрөлгүйгээр манай хайгуулын талбайн 2 га газарт ашиглалт олборлолт хийж, хууль зөрчин, хайгуулын талбайн хилийн дотор хууль бусаар нэвтрэн, зориулалтын бус үйл ажиллагаа явуулж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт зааснаар туршилтын журмаар олборлолт хийхэд мэргэжлийн хяналтын албанд бүртгүүлж зөвшөөрөл авсны үндсэн дээр борлуулалт хийдэг байхад хайгуулын талбайд хууль бусаар нэвтрэн ашиг хайж байгаль орчинд хохирол учруулж хууль зөрчиж байгаа “Эрдэнэт постока” ХХК-ийн үйлдлийг таслан зогсоохыг хүсэж, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх үүргийг “Эрдэнэт постока” ХХК-д даалгаж өгөхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Алтан-Од нэртэй газарт орших 16,028.97 гектар ашигт малтмал хайх зөвшөөрөл бүхий талбайгаас  “Эрдэнэт постока” ХХК-ийн хууль бус эзэмшил бүхий 2 га газрыг чөлөөлж өгнө үү.

Хариуцагч “Эрдэнэт постока” ХХК нь “Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ”-г Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байгаа. Энэ гэрээ нь Засгийн газраас тусгай журам гартал түр хугацаагаар байгуулсан. Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ыг баталсан. Энэ журмын 2.1.2-т зааснаар “Зарим төсөл хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбай нь ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон газар давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцоно” гэж заасан. “Эрдэнэт постока” ХХК нь “Эсто” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэх ба “Эсто” ХХК нь төмөр зам барих төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК болон ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын Самсунг корпорацийн туслан гүйцэтгэгч гэж тайлбарладаг. Эдгээр компаниуд болон төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанитай хэн нь хайгуулын талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талаар тохиролцоогүй болно. Ашигт малтмалын газар нь Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.3-т заасны дагуу төмөр замын чиглэлийн дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц, ашиглах боломжтой талбайн байршлын зураглалыг боловсруулж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Алтан-Од нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын 14995Х дугаар зөвшөөрөл бүхий 16,028.97 гектар талбайг “Эрдэнэт постока” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулж байгаа “Эрдэнэт постока” ХХК-ийн хууль бус үйлдлийг зогсоолгох тухай нэхэмжлэлээ дэмжиж байна. Харин зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг “Эрдэнэт постока” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт Посток” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туваандорж шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт постока” ХХК нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ төмөр зам төслийн хүрээнд хийгдэж буй Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга (балласт) бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа “Эсто” ХХК-ийн туслан гүйцэтгэгч бөгөөд балласт бэлтгэн нийлүүлэх 3-р цэг буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт оршихХарын шарын хяр (Хар толгой) нэртэй газарт үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийн карьерын үйл ажиллагаа явуулж байгаа Хар толгойн орд нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд шинээр тавигдаж байгаа төмөр замын захиалагч “Энержи ресурс” ХХК-ийн 2011 онд шинээр тавигдах төмөр замын трассын дагуу хийж гүйцэтгэсэн төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах технологийн чулууны ордын эрэл хайгуулын ажлын үр дүнгээр шаардлага хангасан 3 орд газрын нэг нь бөгөөд төслийн захиалагчийн сонгож өгсөн газар юм. Манай компанийн хувьд Ханбогд сумын Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн а/61 тоот захирамжаар орон нутагтай 001 тоот Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ хийсэн ба Монгол Улсын Их хурлаас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор баталсан Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай уурхай нь анх төслийн захиалагчийн сонгож өгсөн газарт Ханбогд сумын Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/61 тоот захирамжийн хавсралтад тогтоож өгсөн цэгийн байршил, хил хязгаарын дотор зөвхөн технологийн чулууг олборлож байгаа. Тогтоож өгсөн хил хязгаараас гадуур ямар нэгэн байдлаар чулуу олборлоогүй болно. Иймд манай компани төмөр замын төслийн ажил бүрэн дуустал “АХХ” ХХК-ийн 14995X тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцалтай байгаа 2 га газрыг чөлөөлж өгөх боломжгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд “Эсто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Эсто” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ төмөр зам төслийн хүрээнд хэрэгжиж буй Ухаа худаг-Гашуун сухайтын хилийн боомтын чиглэлд тавигдах төмөр замын төсөлд буталсан чулуу бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Уг төслийн захиалагч нь Монголын төмөр зам ТӨХК, ерөнхий гүйцэтгэгч нь БНСУ-ын Самсунг корпорацийн Монгол дахь салбар болох “Эс Си Ти И Си Си Эм” ХХК бөгөөд бид туслан гүйцэтгэгч болно. Уг төслийн хүрээнд чулууг олборлож бутлах үйлдвэр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 3 цэгт ажиллаж байгаагаас 2 цэгт нь “Эсто” ХХК, харин Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Хар толгой гэх газарт манай туслан гүйцэтгэгч “Эрдэнэт постока” ХХК гэрээгээр ажиллаж байгаа билээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулж болно гэж, Монгол Улсын Засгийн газрын 222 дугаар тогтоолоор батлагдсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 2.1.2-т “улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой дээрх төмөр замын суурь бүтэц барих, засварлах төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбай нь ...улсын тусгай хэрэгцээний газар, ердийн ба стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцсөн байх” гэж тус тус заасан байна. Энэ хэрэг шийдэгдсэнээр бид цаашид гэрээний үүргээ биелүүлэх эсэхэд эрх ашиг хөндөгдөж байна. “АХХ” ХХК нь ердийн ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй. Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад тусгай зөвшөөрлийн талаар заагаагүй, зөвшилцөх талаар хариуцагч талд үүрэг болгоогүй. Ханбогд сумын Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн а/61 тоот захирамж гарах үед Засгийн газрын 222 дугаар тогтоол гараагүй байсан ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар Засаг дарга захирамж гаргахаар заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00715 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар “АХХ” ХХК-ийн эзэмшлийн 14995Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Алтан-Од нэртэй газарт байрлах 16,028.97 гектар талбайг хариуцагч “Эрдэнэт постока” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн газарт олборлолт, үйл ажиллагаа явуулах зэрэг хууль үйлдэл явуулахгүй байхыг хариуцагч “Эрдэнэт постока” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг “Эрдэнэт постока” ХХК-д даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “АХХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт постока” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “АХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 705 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00715 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “АХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт постока” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Эрдэнэт постока” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 705 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч нь ИХШХШТ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан, шүүхийн онцгой харьяалалд хамаарч байна” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зүйлээс шалтгаалан тухайн маргааныг шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаар тусгайлсан зохицуулалтыг шүүхийн онцгой харьяалал гэж хуульд нэрлэжээ.

“АХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 16,028.97 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг талбай “АХХ” ХХК-ийн эзэмшлийн талбай биш, төрийн тусгай мэдлийн газар юм. “АХХ” ХХК-ийн хайлтын тусгай зөвшөөрөл бүхий газар дээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэт Постока” ХХК-ийн олборлолт хийсэн талбайг чөлөөлүүлэх, хууль бус үйлдлийг зогсоох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийн үгээр тайлбарлан шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь “зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг татан авсан байхад шүүх татгалзсан гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байсан. “Эрдэнэт Постока” ХХК болон гуравдагч этгээдээр оролцсон “Эсто” ХХК нь ашигт малтмалын тухай хууль болон Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журамд зааснаар бусдын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хууль бус ажиллагаа явуулж байгаа компаниуд бөгөөд дээрх журамд заасан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хуулийн этгээд нь Монголын Төмөр зам ТӨХК биш болох нь эрх бүхий этгээдийн албан бичгээр тодорхой болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 “АХХ” ХХК нь шүүхэд анх гаргасан “...ашигт малтмалын хайгуулын 14995Х дугаар зөвшөөрөл бүхий 16,028.97 гектар талбайг “Эрдэнэт постока” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулж байгаа хууль бус үйлдлийг зогсоолгох, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг даалгах” тухай шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж “...хууль бусаар эзэмшиж буй 2 га газрыг чөлөөлүүлэх, хайгуулын талбайд хууль бусаар нэвтрэн ашиг хайж байгаль орчинд хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоохыг даалгаж өгнө үү” гэжээ /хэргийн 1-2, 237 дугаар тал/. 

Хариуцагч “Эрдэнэт постока” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Ханбогд сумын Засаг даргатай гэрээ байгуулсан, ...журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа” гэжээ. 

Нэхэмжлэгч “АХХ” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Алтан-Од нэртэй газарт 16.028.97 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын 14995Х тоот тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг ба уг талбайн 2 га газарт хариуцагч “Эрдэнэт постока” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмал /дайрга/ олборлох үйл ажиллагаа явуулж байгаа болохыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Ханбогд сумын Засаг дарга “Эрдэнэ постока” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн түр кемп, бутлуур, чулуу олборлох цэгийн байршлыг тогтоож, улмаар 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг Засгийн газраас тусгай журам гарах хүртэл гэж тодорхойлжээ /хэргийн 35-43 дугаар тал/.  

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулж болно” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газраас Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах журмыг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор баталснаар “Эрдэнэт постока” ХХК-ийн Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан дээрх гэрээ дуусгавар болжээ.

Уг журамд заасны дагуу Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төмөр замын чиглэлийн дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц, ашиглах боломжтой талбайн байршлын зураглал боловсруулж байгаагүй, мөн “Эрдэнэт постока” ХХК болон гуравдагч этгээд болох “ЭСТО” ХХК-иуд төсөл, хөтөлбөрт шаардагдах ашигт малтмал хайх, ашиглах эрхийг холбогдох байгууллагаас авсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээр дурдсанаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хууль бусаар явуулж байгаа болох нь тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх газрын эзэмшилтэй холбоотой маргаан шүүхийн онцгой харьяалалд хамаарна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар газар үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах бөгөөд эд юмсын эрх зүйн зүйл болдог. Өмчлөгч өмчлөлдөө буй эд юмсыг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой өмчийн эрх зүйн харилцааг өмчлөх эрх гэдэг. Хэдийгээр газар үл хөдлөх эд хөрөнгө мөн боловч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, явуулж буй үйл ажиллагааг зогсоох тухай шаардлага нь өмчлөх эрхтэй холбоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан шүүхийн онцгой харьяалалд хамаарахгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, уг хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс батлан гаргасан журамд нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэжээ.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад анхан шатны шүүх “зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болсноос гадна шийдвэрийн тогтоох хэсэг найруулгын хувьд ойлгомжгүй болжээ.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 705 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан “АХХ” ХХК-ийн 14995Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Алтан-Од нэртэй газарт байрлах 16,028.97 гектар талбайн 2 га газрыг хариуцагч “Эрдэнэт постока” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн газарт олборлолт, үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч “Эрдэнэт постока” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ