Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03387

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03387

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо *дугаар гудамж* тоотод оршин суух *

Гэрээний үүргийн биелэлтэд 98,371,082.17 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *, хариуцагчийн төлөөлөгч *, өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч * нь хариуцагч Б.*д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 98,371,082.17 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.* нь *-тай 2019 оны 09 сарын 24-ний өдөр * тоот Зээлийн гэрээ, * тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24,0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Б.* өөрийн өмчлөлийн * дүүрэг *хороо * хороолол бага тойруу * байр *тоот хаягт байрлалтай * мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. * нь хариуцагч Б.*гаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж 2023 оны 11 сарын 13-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлэхэд хаягт газар ийм хүн байхгүй гэх шалтгаанаар шуудан буцаасаан. Хаягт зээлдэгч байгаагүй учир утасны дугаараар холбогдож мэдэгдсэн. Утсаар ярихад өөрөө Гачууртад байна, заасан хаягт амьдардаггүй гээд * дүүрэг * хороо * тоотод амьдардаг гэсэн боловч тухайн хаягт бүртгэлгүй байсан. Зээлийн гэрээний 5.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах мэдэгдлийг Өдөр тутмын сонины 8 дугаар хуудаст мэдэгдэл хэвлэж гардуулсанд тооцсон. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.*гийн зээлийн материалыг манай тусгай актив 2022 оны 07 сард хүлээн авч зээлдэгч болон түүний хүүхэдтэй холбогдож чадаагүй. Компаниас зээлдэгчийн хаягийг тодорхой болгож байж шүүхэд хандах үүрэг чиглэл өгдөг. Б.*гийн хаягийг тодорхой болгохоор түүний бүртгэлтэй хаяг болон барьцааны хөрөнгийн хаягт очиж үзсэн боловч хаалгаа онгойлогдоггүй. Мессэж бичихээр харсан мөртлөө хариу өгдөггүй. Иргэний хуулийн * дугаар зүйлд үндсэн хүүг зохих журмаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр юм. Б.* хамгийн сүүлд 2020 оны 10 сарын 30-нд 2,500,000 төгрөгний төлөлт хийсэн байна. Б.* нь банкинд зээлийн төлбөр төлөлтийг 3 сараар хойшлуулах хүсэлт гаргасанг банк шийдвэрлэж хойшлуулсан. Иймд хариуцагч Б.*гаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 44,874,301.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,471,780.81 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 98.371,082.17 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг * дүүрэг * хороо * хорооолол бага тойруу * байр *тоот хаягт байрлалтай * мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.* шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр талуудын хооронд 2 жилийн хугацаатай 50,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдаж Б.* өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалсан. Гэрээний хугацааны зээл, хүүгийн төлбөр 63,140,401.52 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. ХХБ ХК нь гэрээний хугацаанд зааснаас илүү хэмжээний төлбөрийг нэхэмжилж байгаа, гэрээний хугацаа дууссанаас хойших хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна. Ковидын үед зээлийн төлөлт хийх боломжгүй талаар зээлдэгчид мэдэгдэж, зээлийн төлөлттэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн хүүг зогсоож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан. Хариуцагч зээлийн төлбөрийг төлнө гэдгээ бичгээр гаргаж, харин 895 хоногийн хүү 35,230,680 төгрөгийг төлөхгүй гэж маргасан. Нэхэмжлэгч зээлийн гэрээ дууссанаас хойш гэрээг цуцлалгүй 3 жил болж энэ нь хүү, нэмэгдүүлсэн хүү бодох банкинд ашигтай болсон. ХХБ ХК нь зээлээс урт хугацааны хүү авахын тулд зээлийн буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу Б.*д үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулж барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг хүргүүлээгүй. ХХБ ХК нь зээлээ хэрхэн шаардаж, мэдэгдэж байсан тухай баримтыг Улсын бүртгэлийн газраас авах байсан ч уг баримтаа нотлох баримтаар гаргуулж чадсангүй. Банк зээлдэгчид 2 удаа мэдэгдэл хүргүүлэх ёстой байдаг ч бодит байдал дээр зохих ёсоор мэдэгдэл ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 35,230,680 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс Б.*гийн зээлийн хүсэлт, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Б.*гийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барьцаалбар, 2023 оны 11 сарын 13, 12 сарын 05-ны өдрийн Зээлдэгч Б.* танаа гэсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан бичиг, Монгол шуудангийн баримт, Нотариатын тасалбар, зээл хүүгийн тооцоолол гэсэн баримтыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2 . Нэхэмжлэгч нь зээлдэгч өмчлөлийн орон сууцаа барьцаалж зээл авсан, зээлийн төлбөрийг төлөх талаар 2023 оны 11 сард мэдэгдэл хүргүүлсэн боловч хаягтаа байгаагүй, мессэжээр мэдэгдэхэд хариу өгөөгүй. Банк зээлдэгчийн хүсэлтээр зээл төлөлтийг 3 сараар хойшлуулж байсан. Зээлийн хүүг чөлөөлөх хүсэлт өгсөн болон хүсэлтийг шийдвэрлэж байгаагүй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлд зааснаар үндсэн хүүг тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээ байгуулагдсан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь гэрээний хугацаанд төлөх 63,140,400 төгрөгийг зөвшөөрнө. хугацаа дууссанаас хойших хүү 35,230,680 төгрөгийг төлөхгүй. Зээлийн гэрээ дууссанаас хойш банк буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийн татгалзлаа тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зохигчийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 24 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч зээлийн барьцаанд өмчлөлийн орон сууцаа барьцаалж 50,000,000 төгрөгний зээл авсан болох нь талуудын тайлбар, зээлийн хүсэлт, гэрээ гэсэн баримтаар тогтоодож, талууд маргаагүй.

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зээлдүүлэгч * нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

4.2. Хариуцагч Б.* нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүүг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч талууд зээлийн гэрээний 7.1.4 зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй тохиолдолд зээл, түүний үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс шаардах, 8.2 зээл төлөгдөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй байхаар тохиролцож гэрээ байгуулсан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүүг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7. Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ, 10.8. Энэ хуулийн 10.7-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно гэж заасан үндэслэлд талуудын хооронд байгуулсан зээлийэ гэрээ хамаарахгүй тул гэрээний хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй байна.

4.3. Хариуцагч Б.* нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэсэн үүргийг зөрчсөн буруутай байна.

5. Иймд хариуцагч Б.*гаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 44,874,301.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,471,780.81 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 25,000 төгрөг нийт 98,371,082.17 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө зээлдэгчийн өмчлөлийн * дүүрэг * хороо *хороолол бага тойруу *байр * тоот хаягт байрлалтай * мкв талбайтай * өрөө орон сууцаар хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

6. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.*гаас 98,371,082.17 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.*гийн өмчлөлийн * дүүрэг * хороо *хороолол бага тойруу * байр * тоот хаягт байрлалтай * мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,005 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*гаас 720,005 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА