Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1237

 

 

 

 

 

 

  2020             9              22                                        2020/ДШМ/1237

 

 

   Д.О-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

яллагдагч Д.О-гийн өмгөөлөгч Ц.Оргил,

хохирогч Д.Г-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүх,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1391 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.О-д холбогдох эрүүгийн 1910028540389 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гөрөөчин овгийн Д.О, 19..... оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт .......... хороо, ............. орон сууцны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

Д.О- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Морнинг стар сингапур резидэнс” орон сууцны 6-9 дугаар байрны гэрчилгээг авахын тулд 100.000.000 төгрөг хэрэгтэй бөгөөд гэрчилгээ гаргангуут банкинд барьцаалан 100.000.000 төгрөгийг буцаан өгнө гэж иргэн Д.Г-ийг хуурч, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ гэх зүйлийг түүнтэй байгуулан, “Хаан банк” дахь өөрийн 5005152339 дугаарын дансаар 100.000.000 төгрөг шилжүүлэн авч, дээрхи орон сууцны төлбөрт төлөлгүй, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан буюу бусдыг хуурч, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Залилах гэмт хэргийн нэг шинж нь итгэл эвдэх арга, гол төлөв хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, эд хөрөнгө өгөх, авах, худалдах- худалдан авах зэргээр иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөхөөр амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглах хэлбэрээр илэрдэг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Д.Г- нь яллагдагч Д.О-гийн охин Г.У-тай интернетээр харьцаж, Америкийн Нэгдсэн Улсаас бараа захиалдаг танилын харьцаатай байсан бөгөөд хохирогч Д.Г-ээс 100.000.000 төгрөг зээлэх саналыг Г.У нь тавьж “Iphone 11” загварын гар утас бэлэглэнэ хэмээн итгүүлсний үндсэн дээр хохирогч нь Д.О-тэй зээлийн гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн баримт авагджээ. Дээрхи нөхцөл байдлаас үзэхэд Д.О- нь энэ гэмт хэргийг ганцаар үйлдсэн эсхүл бусадтай бүлэглэж үйлдсэн аль нь болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэлдээ: “... Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хохирогчоос “... Д.О- нь банк, улсын бүртгэлийн газар, барилгын компани бүгдтэй нь ярьсан бүх зүйл бэлэн гэх зэргээр ярьж, түүнчлэн тухайн орон сууцны гэрээ зэрэг баримт бичгийг түүнд хүлээлгэн өгч итгэл төрүүлснээр 100.000.000 төгрөгийг Д.О-д өгсөн. ...” гэж тогтвортой мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтаар хохирогчоос авсан 100.000.000 төгрөгийг Д.О- нь ганцаараа шууд өөрийн хувийн хэрэгцээнд, тухайлбал бусдын өр төлбөрт шилжүүлэх зэрэг байдлаар зарцуулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байхад уг нөхцөл байдлыг ямар баримтаар үгүйсгэж, няцааж байгааг захирамжид тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заасан дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Яллагдагч Д.О-гийн өмгөөлөгч Ц.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Хохирол дээр 20.000.000 төгрөгийн бараа материал төлсөн байдаг. ...” гэв.

Хохирогч Д.Г-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх саналтай байна. 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийг ямар хэмжээнд явуулах вэ гэдэг дээр практик тогтсон гэж ойлгож байна. Хэрэгт авагдсан баримтыг үнэлэхийн зэрэгцээ хуралдаан хийгдээгүй атлаа хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж байгаа байдал нь шүүгчийн захирамжийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хэргийг урьдчилан хэлэлцэх ажиллагааны хуулиар тогтоосон хязгаарыг зөрчсөн байна. Хэрвээ хэргийн нотлох баримт руу орж, үнэлэх тохиолдолд анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үндсэн зарчмыг зөрчиж байна гэх агуулгаараа шүүгчийн захирамж хууль зөрчиж гарсан байна гэж үзэж байна. 2. Шүүгчийн захирамжид үйл баримтуудыг дурдаад байдаг. Шан харамж өгсөн байна, танилын харилцаатай байна. Ийм учраас аль нь болохыг шалгаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдэг асуудал тогтоогдоогүй гэх агуулгыг хэлээд байдаг. Ер нь анхан шатны шүүх дээр амралтын улирал эхлэхээр үндэслэл муутай үндэслэл зааж хэргийг прокурорт буцаах ажиллагаа явагддаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хувьд удаа дараа ийм зүйл гарсан. Үүнийг зунжин ажилласан өмгөөлөгчийн хувьд би мэдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанаар шийдвэрлэх асуудал байгаа. Иймд уг үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Анх хохирогчийн гаргасан өргөдөлд гэдэг юм уу, хохирогчийн өгсөн аль нэг мэдүүлгийн дотор “охинтой нь ярьсан юм” гэх үг, өгүүлбэр байсны төлөө энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүхэлд нь дутуу хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бодит байдлыг нуух замаар итгэл эвдэж залилсан гэх прокурорын дүгнэлтийг шүүх хуралдаанаар л хэлэлцэх учиртай. Үүнийг урьдчилан хэлэлцүүлэгээр хэлэлцэх учиргүй. Шүүгчийн зааж буй үйл баримт хэрэгт байх нь байгаа боловч энэ нь хэргийг буцаах үндэслэлд хамаарахгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Нарангэрэл  тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...  Прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэх санал байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Д.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “тухайн хэргийг Д.О- ганцаараа үйлдсэн, эсхүл бусадтай бүлэглэж үйлдсэн аль нь болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй” гэсэн дүгнэлт хийж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч Д.Г- нь яллагдагч Д.О-гийн Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, амьдардаг гэх өөрийн охин Г.У-р дамжуулан Д.О-тэй уулзсан гэх боловч, залилах гэмт хэргийн үйлдэл болох 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хохирогч Д.Г-тэй өөрөө харилцан тохиролцон байгуулж, мөн өөрийнхөө дансаар уг мөнгийг хүлээн авч, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан хэргийн нөхцөл байдал авагджээ.

Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх харьцуулан шинжлэн судлах замаар дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой бөгөөд гадаад улсад байгаа гэх этгээдийг гэрчээр болон гэмт хэргийн хамтран оролцогч гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүйн дээр түүнийг гэм буруутай байж болох талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.О-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Д.О-д холбогдох хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1391 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.О-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл яллагдагч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. .

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

        

         ШҮҮГЧ                                                                              Ц.ОЧ

 

        

         ШҮҮГЧ                                                                              Б.ЗОРИГ