Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 115/ШШ2024/0001

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-оос ирүүлсэн, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий гомдол /прокурорын дүгнэлт/-оор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч /Г/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц би, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч, хошууч Г нь “Ш” ХХК-ны Ханги шатахуун түгээх станц нь Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэх зөрчлийн 22 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч “Ш” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр “Ш” ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

Гал түймрийн хяналтын улсын байцаагч, хошууч Г нь “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ “Ш” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэсэн заалтыг зөрчиж 1 шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан 2 зүйл хэсэгт заасан торгуулийн хэмжээг нэмж шийтгэл оногдуулсан нь буруу байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч, хошууч Г-ын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Ш” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 5000000 төгрөгөөр торгосугай” гэж, 2 дахь хэсэгт “Оногдуулсан шийтгэлийн 5000000 төгрөгийг...” гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 Хариуцагч Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч, хошууч Г шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 166 дугаар бүхий “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтээр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нь “Ш” ХХК-ны Ханги шатахуун түгээх станц нь галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэх зөрчлийн 22 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч “Ш” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэсэн заалтыг зөрчиж 1 шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан 2 зүйл хэсэгт заасан торгуулийн хэмжээг нэмж оногдуулсан буруу байна гэх дүгнэлт гарсан.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаар бүхий “Эрх бүхий албан тушаалтны шийтгэлд оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” 2 нүүр дүгнэлтийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Ш” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 5000000 төгрөгөөр торгосугай” гэж, 2 дахь хэсэгт “Оногдуулсан шийтгэлийн 5000000 төгрөгийг...” гэсэн өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно.

 Иймд эрх бүхий албан тушаалтан зөрчил давтан гаргахгүй байх, хууль хэрэглээ, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Г-ын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн холбогдогч “Ш” ХХК-д шийтгэл оногдуулсан 0250761 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийн, “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт  “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 5000000 төгрөгөөр торгосугай” гэж, 2 дахь хэсэгт “Оногдуулсан шийтгэлийн 5000000 төгрөгийг ...” гэж тус тус өөрчлөлт оруулахаар ирүүлсэн прокурорын гомдол /дүгнэлт/-оор хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч /Г/-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус прокурорын гомдол  /дүгнэлт/-д 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд, “... Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дах хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Ш” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 5000000 төгрөгөөр торгосугай” гэж, 2 дахь хэсэгт “Оногдуулсан шийтгэлийн 5000000 төгрөгийг ...” гэсэн өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн эрх бүхий албан тушаалтны шийтгэлд оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно ...” гэсэн тайлбарыг ирүүлжээ.

 

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч “Ш” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг үндэслэн,

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-ын гомдол /дүгнэлт/ дахь хариуцагч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч /Г/-аас зөрчлийн холбогдогч “Ш” ХХК-д шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

     ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Ц/-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч “Ш” ХХК-д шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсанд, “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт  “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 5000000 төгрөгөөр торгосугай” гэж, 2 дахь хэсэгт “Оногдуулсан шийтгэлийн 5000000 төгрөгийг ...” гэж тус тус өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хариуцагч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч /Г/ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар прокурорын гомдол /дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЦЭНД