Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/50

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Ж.Б,

Шүүгдэгч: Б.С

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч: О.Хишигсүрэн,

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч: Э.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.С, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 201715010081 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.С

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо 14-30 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийг хурааж 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ж.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С, Ж.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Д.Б-ийн 4 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 4 адуу авч яваад Булган аймагт очоод цагдаад баригдсан. Хохирогчийн 4 тооны адууг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 04-ний өглөө Б.С 10 цагийн үед утсаар залгаад бензин аваад хүрээд ир гэсэн. Машин явахгүй байна ирээд янзлаад өг гэсэн. Намайг очиход Б.С хашаандаа  4 адуу хашсан байсан. Тэр 4 адууг нь аваад Булган аймгийн Дашинчилэн ороод цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Б-ийн өгсөн “...Манайх уг нь Баян-Өндөр сумын айл 2016 оны намраас сумаасаа гараад отроор явж байгаад 2017 оны 05 дугаар сарын сүүлээр манай 4 тооны адуу Баян-Өндөр сумын 2 дугаар баг Замбалын шанд гэх газар луу гүйгээд явчихсан юм. Мөн энэ Саруулд бас захисан. Тэгээд гэртээ байж байсан манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Цогтбаяр залгаад танай 4 адуу хулгайд алдагдаад Хархорин сумын Цагдаагийн хэлтэс дээр баригдаад байна гэж хэлсэн. 4 адуугаа буцаад авчихсан. Нааш цааш явсан бензиний мөнгө гэж 300.000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Х.Б-ийн өгсөн: “...Энэ тээврийн хэрэгсэлийг 2014 оны хавар би С-д 2.500.000 төгрөгөөр зарж байсан юм. Тухайн үед С иргэний үнэмлэх байхгүй гээд тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж чадаагүй юм. Тэгээд одоо болтол гэрчилгээ нь миний нэр дээр байдаг юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь С-ын өөрийнх нь тээврийн хэрэгсэл мөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Яллагдагч Б.С-ын сэжигтнээр өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2 дугаар баг Замбалын Шанд гэх газраас манай сумын Б гэх хүний 4 тооны адууг айлын саравчинд хашиж байгаад Б гэх хүнтэй нийлж өөрийн эзэмшлийн 58-41ӨВР улсын дугаартай портер маркийн автомашинд ачаад Булган аймгийн Дашинчилэн сум уруу авч яваад тухайн газраа цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дүгээр хуудас/

Яллагдагч Ж.Б-ын өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 04-ний орой намайг Улаанбаатар хотод байхад Баян-Өндөрөөс С залгаад Баян-Өндөр суманд нэг дугуй, түлш аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Б-ийн 4 тооны адуу байна. Би хашаад байж байя гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ 

  • Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурор тогтоол /хх-ийн 39 дүгээр хуудас/
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02 дугаар хуудас/
  • Хохирогч Д.Б-ийн хулгайд алдсан адууны үнэлгээ / хх-ийн 17-18 дугаар хуудас/
  • Яллагдагч Б.С, Ж.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машиныг эд мөрийн баримтаар тооцох тогтоол , хураан авсан тухай санал, /хх-ийн 27-29 дүгээр хуудас/
  • Фото гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11, 23-25 дугаар хуудас/,
  • Эд зүйлийн үнэлгээ /хх 18, 31 дүгээр хуудас/,
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53, 54 дүгээр хуудас/,
  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 46 дугаар хуудас/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С, Ж.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Д.Б-ийн 4 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.С, Ж.Б нар нь гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.С нарт тус бүрт нь 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С, Ж.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт хэрэгт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.С, Ж.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 58-41 ӨВР улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч Ж.Б-д буцаан олгохоор зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б.С, Ж.Б нарыг машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.С нарт тус бүрт нь 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үззгдэгч Ж.Б, Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.С, Ж.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.С, Ж.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 58-41 ӨВР улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Ж.Б-д буцаан олгосугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй .

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА