Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 238

 

А.Ц-, Ц.Д-нарын                                                                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02455 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Ц-, Ц.Д-нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭАС” ХХК-д холбогдох

298 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 тоот Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Түмэннаст, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.Ц-, Ц.Д-нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа анх авто зогсоол болон 202 м.кв үйлчилгээний талбайг гаргуулах тухай байсан ч авто зогсоол болон үйлчилгээний талбай нь байхгүй учраас 298.000.000 төгрөгийн үнийн дүн болгон өөрчилсөн. Талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Тайнийн гудамж 12 тоотод байрлах 698 м.кв газрыг компанийн өмчлөлд шилжүүлэн авах, шилжүүлэн авсны хөлсөнд 300 м.кв үйлчилгээний зориулалттай талбай, 2 өрөө орон сууц, 1 ш автозогсоол буюу гарааш өгөхөөр тохиролцсон. Дээрх газар дээр “ЭАС” ХХК нь орон сууц барихаар төлөвлөж, төлөвлөгөөнийх нь дагуу орон сууц уг газар дээр баригдаж, ашиглалтад орсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч талын зүгээс биелүүлж, өмчлөлийн газраа хариуцагч компанид шилжүүлсэн. Ингээд 2014 оны 9 сард орон сууц баригдаж, орон сууцны 42.53 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц 92.48 мкв бүхий үйлчилгээний зориулалттай талбай өгсөн. Үүнээс хойш удаа дараа холбогдож гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг буюу авто зогсоол болон 202 м.кв үйлчилгээний талбайг удаа дараа шаардсан. Гэтэл хариуцагч тал үүргээ биелүүлэхгүй, хугацаа өгөөч гэх зэргээр тайлбар тавьсаар сүүлдээ оршин суугаа хаягаа өөрчилж холбогдох боломжгүй болсон. Энэ талаар шүүхэд удаа дараа хандсан. Шүүхээс эрэн сурвалжлаад оршин суугаа хаягийг олж, нэхэмжлэл гаргахад өөр дүүрэгт оршин суудаг гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж дахин урт хугацаа өнгөрсөн. Иймд “ЭАС” ХХК-аас авто зогсоол болон үйлчилгээний талбай нь байхгүй учраас 298.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 Сөрөг нэхэмжлэлийн тухайд Гэрээгээр А.Цэгмэд, Ц.Д-нарын өмчлөлийн асуудал яригдаж байсан болохоос 13 тоот газар нь гэрээгээр яригдаагүй. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд н.Ариунзул гэрээнд гарын үсэг зурж гэрээг хийсэн. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан. Хэдийгээр бүрэн эрхгүй гэдэг нь тухайн компанийн асуудал боловч энэ гэрээ аль хэдийн эхлээд барилга орон сууц нь баригдаад эрх бүхий этгээд нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Барилга 2014 оны 9 сард баригдсан байна. Үүний дараагаар 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр захирамж гарсан. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал байхгүй. Захиргааны шүүхэд Б.Нацагням гэдэг хүн хандсан.

Хариуцагч тал Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2 дахь заалтаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Юуны улмаас хүсэл зоригийн илэрхийлэл төөрөгдснийг шалгах хэрэгтэй. Талууд гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурснаар хүсэл зоригийн илэрхийлэлийг хүлээн авсан гэж ойлгож болно. Талуудын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ 2013 оны 2 дугаар сарын 22 ны өдөр хийгдсэн. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дах хэсэгт заасан ч хариуцагч тал нь мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдсэн бол гэрээнд өөрчлөлт оруулах хангалттай боломжтой байсан. Иймд хариуцагч тал одоо ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дах хэсэгт заасан. Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анх Ц.Дэмбэрэлдаш, А.Ц- нар нь “ЭАС” ХХК-ийн захирал н.Ганхуягтай уулзахдаа 12 болон 13 тоот хашааг манайх өмчилдөггүй гэж хэлж байсан. Иймд тухайн газрыг “ЭАС” ХХК худалдаж авахаар санал болгоход манайх худалдах сонирхолгүй байгаа өөр зүйлээр тохиролцож болно гэж ярьдаг. Газрын хэмжээг талууд тохирч чадахгүй байсан учраас гэрээ байгуулагдаагүй, барилгын ажил эхлэхгүй байж байгаад Ц.Д-нь 2012 оны 5 дугаар сард зөвшөөрч улмаар Нийслэлийн Засаг даргад хандан хэсэг газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасны дагуу Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/490 захирамжаар Ц.Дэмбэрэлдаш, н.Нацагням нарт үйлчилгээний орон сууцын зориулалттай Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Тайнийн   гудамжны 12, 13 тоотод барилга барих тухай захирамж гаргасан. Ингээд А.Цэгмэд нар нь хамтран ажиллах гэрээг “ЭАС” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох н.Ариунзултай 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Ц.Дэмбэрэлдаш, А.Цэгмэд нараас “ЭАС” ХХК-ийн захирал итгэмжлэл авч холбогдох зөвшөөрлийг хөөцөлдөж эхэлсэн ба барилга барихаар газар шорооны ажил эхэлсний дараа тус 13 тоотын хууль ёсны эзэмшигч н.Байгалмаа гэх хүн гарч ирснээр талуудын хооронд маргаан үүссэн. 

“ЭАС” ХХК нь н.Байгалмаагаас 13 тоот газрыг 62.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд барилгын ажлыг улсын комисс 2014 оны 9 сард хүлээн авсан байна. н.Нацагням нь Засаг даргыг хариуцагчаар татаж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүссэн. Мөн ЭАС ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан. 2015 оны 3 дугаар сарын 30-ны гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайнийн гудамж 13 тоот хашааны 462 мкв газрыг иргэн Ч.Байгалмаад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч Захиргааны хэргийн шүүх түүнийг хэргэсэхгүй болгосон. Ц.Дэмбэрэлдаштай ямар нэгэн гэрээ байгуулаагүй ч барилга баригдсны хувьд 2 өрөө байр, үйлчилгээний 93 м.кв талбайг шилжүүлэн өгсөн. Ц.Дэмбэрэлдаш, А.Цэгмэд нар нь энэ талаар нэхэмжлэлдээ дурьдсан байдаг. Иймд газраа шилжүүлж өгөөгүй А.Цэгмэд, Ц.Д-нар гэрээ байгуулаагүй учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ц.Дэмбэрэлдаш, А.Цэгмэд нартай 2012 оны 4 дүгээр сард уулзахад 12 болон 13 тоот хоосон хашааг манайх өмчилдөг гэсэн тул уг газруудыг нь худалдаж авъя гэдэг санал гаргасан. Нийслэлийн Засаг даргад хандан эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Ц.Дэмбэрэлдаш, Б.Нацагням нарт үйлчилгээний орон сууцны зориулалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайнийн гудамжны 12, 13 тоотод барилга барихыг зөвшөөрсөн. Барилгын ажил эхлүүлэх тухай мэдэгдэл 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гарсны дараа Ц.Дэмбэрэлдаш, Б.Нацагням нараас 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэл авч, холбогдох зөвшөөрлийг хөөцөлдөж эхэлсэн. Барилга барихаар газар шорооны ажил эхлээд явж байтал 13 тоот хашааны хууль ёсны эзэмшигч Ч.Байгалмаа гэх хүн гарч ирсэн ба талуудын хооронд маргаан үүсч, улмаар уг газрыг нь Ч.Байгалмаагаас 62.000.000 төгрөгөөр 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан. Б.Нацагням нь Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар татаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүссэн. “ЭАС” ХХК-ийг гуравдагч этгээдээр 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдөр татсан. А.Цэгмэд нь газар өмчлөгч биш байсан тул 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайнийн 13 тоотод хашааны 462 м.кв газрыг иргэн Ч.Байгалмаад эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн ч уг захиргааны хэрэг хэрэгсэхгүй болсон. Тэгэхээр Ч.Байгалмаагийн газраас илт илүү буюу 3 дахин илүү үнэ төлж, 2 өрөө орон Сууц үйлчилгээний зориулалтай 93 м.кв талбайг шилжүүлж өгсөн байгаа бөгөөд холбогдох гэрээг судлан үзэхэд хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн байна. Иймд 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч “ЭАС” ХХК-аас 298.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Цэгмэд, Ц.Д-нарт олгож,  Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-д зааснаар нэхэмжлэгч А.Цэгмэд, Ц.Д-нарт холбогдуулан гаргасан 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ЭАС ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “ЭАС” ХХК-аас 600.000 төгрөг гаргуулж, шинжээч Барилгын төсөвчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.647.950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.647.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.647.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Дэмбэрэлдаш, А.Цэгмэд нартай 2012 оны 4 дүгээр сард уулзахад "12 болон 13 тоот хоосон хашааг манайх өмчилдөг" гэсэн тул уг газруудыг нь худалдаж авъя гэдэг санал гаргасан. Нийслэлийн Засаг даргад хандан "эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлэх" хүсэлт гаргасны дагуу 2012 оны 7 дугаар сарын 05-ны А/490 дүгээр захирамжаар "Ц.Дэмбэрэлдаш, Б.Нацагням нарт үйлчилгээний орон сууцны зориулалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Тайны гудамжны 0-12, 0-13 тоотод барилга барих"-ыг зөвшөөрсөн. Тухайн үед нэг айлын газар гэж мэдсэн бол 400 сая шахам төгрөгийн эд зүйл амлах шаардлага байгаагүй, учир нь дурдсан үнээр 6 магадгүй 8 айлын газрыг худалдан авах боломжтой байсан өнөөгийн нэг айлын хашааны газрыг үнэлж авч байгаа зах зээлийн ханш нь 40-50 сая төгрөг байгаа тэгэхээр тухайн үед 2 айлын газар хэмээн итгэсэн ба зааж өгсөн байршлаар нь хэмжээг нь тодорхойлсон гэтэл бодит байдал дээр тэдний хүлээлгэж өгсөн газар нь зааж өгсөн газрынхаа дөрөв хуваасны нэгтэй дүйцэж байсан. Тэгэхээр үнийн талаар төөрөгдсөн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Цэгмэд, Ц.Д-нар нь хариуцагч “ЭАС” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 298.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зохигчдын хооронд хийгдсэн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.Цэгмэд /Б тал/ нь хариуцагч “ЭАС” ХХК-тай /А тал/ 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт /хожим 16 дугаар хороо болж өөрчлөгдсөн/ байрлах өөрийн өмчлөлийн газрыг шилжүүлж компанийн хөрөнгө оруулагчаар орох,  хариуцагч “ЭАС” ХХК нь тухайн газар дээр үйлчилгээний заалтай орон сууц барьж нэхэмжлэгч талд баригдсан барилгаас 300 м.кв талбай бүхий үйлчилгээний заал, 2 өрөө орон сууц, 1 машины зогсоолыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр  тус тус харилцан  тохиролцжээ.

 

 Нэхэмжлэгч нь дээрх гэрээний зүйл нь Ц.Дэмбэрэлдашийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот хаягт байрлах 698 м.кв газар гэж, хариуцагч нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот болон  13 тоотод байрлах 0,07 м.кв талбайтай газрыг шилжүүлэхээр тохиролцсон гэж маргасан ба талууд гэрээгээр харилцан шилжүүлэх хөрөнгийн үнэлгээний талаар болон Б талын шилжүүлэх газрын хэмжээний талаар тус тус тохиролцсон гэх байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж, нэхэмжлэгч нарын “ЭАС”  ХХК-д шилжүүлэх тодорхой хөрөнгө нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 1 дүгээр гудамж 12 тоот хаягт байрлах 698 м.кв газар гэж тус тус үзжээ.

 

Гэвч нэхэмжлэгч А.Цэгмэд нь дээрх гэрээгээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “ЭАС” ХХК-ийн үйлчилгээтэй 116 айлын орон сууцны барилгын доорх газрыг бүхэлд нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргийг хүлээсэн, эсхүл зөвхөн Ц.Дэмбэрэлдашийн өмчлөлийн газрыг хариуцагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэх нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч А.Цэгмэд нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, тайны 0-13 тоот 462 м.кв талбай бүхий газрыг Ч.Байгалмаад эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан, хариуцагч “ЭАС” ХХК нь уг хэрэгт гуравдагч этгээдийн хувиар оролцож байсан талаарх баримт хэрэгт авагдсан байх боловч уг маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүйгээс энэ хэргийн талууд тухайн маргаанд оролцох болсон учир шалтгаан тодорхой бус үлджээ.

 

Нөгөө талаар, А талын буюу хариуцагчийн шилжүүлэх  300 м.кв талбай бүхий үйлчилгээний заал, 1 машины зогсоолын /2012 оны/ үнэлгээ нэхэмжлэгчийн  хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон байх боловч Б талын буюу нэхэмжлэгчийн шилжүүлэх газрын /2012 оны/ үнэлгээ тодорхой бус байна.

 

Талууд гэрээнд үнийг шууд заагаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн шилжүүлэх газрын /2012 оны/  үнэлгээг Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт нийцүүлэн тодорхой болгох нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус байгаагаас давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 647 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

               ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Н.БАТЗОРИГ