Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 236

 

“ХХБ” ХХК-ийн                                                                         нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ИК” ХХК Б.Б-, П.С-, Т.З- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 380 630 263,58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч “Икслэндконстракшин” ХХК, П.С-, Т.З-нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч буюу зээлдэгч “ИК” ХХК нь ХХБтай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 151 тоот зээлийн гэрээг байгуулж, 200.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар сарын 1.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Дээрх 151 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч компанийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал мөн барьцаа хөрөнгүүдийн ганц өмчлөгч болох талийгаач С.Батбаатар нь 151 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг ХХБтай байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 6 тоотод байрлах, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 7 тоотод байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Барьцаа хөрөнгүүдийн хууль ёсны нэг өмчлөгч болох С.Батбаатар нь 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Уг өдрөөс хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа юм. Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хариуцагч “ИК” ХХК-иас уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч тус шүүхэд өв залгамжлалтай холбоотой маргаан явж байсан бөгөөд уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгосноор банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл шаардаж чадаагүй болно. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3218 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 83 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 657 тоот тогтоолуудаар зээлдэгч “ИК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр П.С-, Т.Загдсүрэн, Б.Б- нарыг тогтоосон, мөн барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эдгээр иргэдийг тогтоосон байдаг. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хууль ёсны хувьцаа эзэмшигч болон хууль ёсны өвлөгч нар нь тодорхой болсон тул банк Иргэний хуулийн 515, 535 дугаар зүйлд тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж уг нэхэмжлэлийг гаргаж байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээл болох 200.000.000 төгрөгөөс 73.522.604,88 төгрөг төлөгдсөн. Төлбөл зохих нийт хүү 229.560.500,19 төгрөгөөс 23.134.399,99 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Үндсэн зээлийн үлдэгдэл нь 126.477.399,13 төгрөг, нэхэмжлэгч талаас сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан үндсэн хүүгийн үлдэгдэл 212.928.224,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 41.205.644,03 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гаргасан зардал 19.000 төгрөг, нийт 380.630.263,58 төгрөгийг хариуцагч “ИК” ХХК-иас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч П.С-, Т.Загдсүрэн, Б.Б- нарын өмчлөлийн 2 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.С-, Т.Загдсүрэн, “ИК” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ИК” ХХК нь нэг гишүүнтэй компани байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Нэг гишүүнтэй компанийн гүйцэтгэх захирлаар талийгаач С.Батбаатар нь ажиллаж байгаад 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар буюу үүрэг дуусгавар болох зохицуулалт байгаа. Энэ агуулгаар нэг гишүүнтэй компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нас барсан ба компани нь тухайн зээлийг цааш нь ямар нэгэн байдлаар ашиглах боломж нөхцөл байдал байхгүй болсон. Тиймээс С.Батбаатарыг нас барснаас хойш зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж хариуцагч нарын хувьд үзэж байна. Үүнтэй холбоотойгоор нас барснаас хойшхи үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 380.630.263,58 төгрөгийг шаардах эрхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар С.Батбаатар нь нас барах хүртлээ тухайн зээлийг ашигласан тул энэ хугацааны зээлийн хүүг төлөх бөгөөд нас барснаас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээ байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 0.87 төгрөг, зээлийн хүүнд 14.760.000 төгрөг төлсөн, мөн нас барснаас хойш үндсэн зээлд 73.522.600,01 төгрөг, үндсэн хүүнд 8.474.399,99 төгрөг, нийт 81.997.000 төгрөг төлсөн ба эдгээрийг хасч тооцвол 118.602.998 төгрөг төлөх ёстой, 262.027.265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өв залгамжлалын холбоотой маргаан үүссэн. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. “ИК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нь талийгаачийн төрсөн эцэг, эх болон Б.Б- нарыг тогтоосон. 2019 оны 7 дугаар сард гүйцэтгэх захирлыг томилсон. Үүнээс хойш “ИК” ХХК нь ямар нэгэн байдлаар огт үйл ажиллагаа явуулаагүй. Хариуцагч нарын зүгээс 81.997.000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд уг төлсөн төлбөрийг хасаж тооцуулах нөхцөл байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чимгээгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХБ хохирол амссан гэж байгаа ч гэсэн талийгаачийн аав, ээж, Б.Б- гурав тэжээгчээ алдсан, мөн л их нөхөж баршгүй хохирол амссан. Энэ нь ХХБ-ны хохирлын хажууд харьцуулалтгүй алдагдал учирсан. Банкнаас үндсэн зээл болон асар их хэмжээний хүүг нэхэмжилж байна. Бидэнд учирсан хүнд нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч “ИК” ХХК, Б.Б- /хууль ёсны төлөөлөгч Ш.Чимгээ/, Т.Загдсүрэн, П.С- нараас үндсэн зээлд 126.477.399,12 төгрөг, хүүнд 9.106.772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.480.849 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан залдалд 19.000 төгрөг, нийт 137.065.020,12 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243.565.243,46 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн №151 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний 3.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 6 тоотод байрлах, 200 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 7 тоотод байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2.233.402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 843.275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх №102/ШШ2019/03201 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлүүдийг удирдлага болгон талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцаа гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй болохыг.хариуцагч нар үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг банкинд төлөх үүрэгтэй болохыг тус тус дурьдсан. Мөн хариуцагч иргэд нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөж авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэх буюу нэхэмжлэгчээс авсан зээлийг хариуцах үндэслэлтэй болохыг тогтоосон. Гэвч тус шүүх 4 сарын хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн дүгнэж уг шийдвэрийг гаргасан. Зээлдэгч буюу барьцаалуулагчийн хууль ёсны өв залгамжлагч нар байгаа бөгөөд хариуцагч нарыг хууль ёсны өв залгамжлагчаар болон барьцаа хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасан зээлдэгч болон барьцаалуулагчийн үүрэг дуусгавар болох үндэслэлгүй юм. Өв залгамжлагч нар нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2 дах хэсэгт тус тус заасны дагуу үндсэн зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Шүүх зээлийг ашигласан хугацаанд хүү төлөх үүрэгтэй гэх боловч банк анх байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг тухайн үед нэг мөр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Уг мөнгийг хэзээ, хэрхэн зарцуулах нь зээлдэгчээс шууд шалтгаална. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан шударга ёсны зарчмын дагуу болон талуудын хооронд байгуулагдсан №151-н тоот зээлийн гэрээний 8.1, 8.2, Иргэний хуулийн 206.1. 208.1, 451.1, 452.2, 453.1, 515.2, 535.1, 535.2 дугаар зүйлд тус тус заасны дагуу өв залгамжлагч нар буюу хариуцагч нар нь үндсэн зээл түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөх үүрэгтэй. Иймд  шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 243.565.243,46 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “ИК” ХХК, Б.Б-, П.С-, Т.З-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 380.630.263,58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК болон “ИК” ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 151 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 200.000.000 төгрөгийн зээлийг жилийн 1.8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай олгох, зээлдэгч зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг хүлээсэн, талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 6 тоотод байрлах, 200 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 7 тоотод байрлах 200 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлдэгч “ИК” ХХК 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч буюу захирал С.Батбаатар нь 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 40, 62-64/

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 001/ХТ2019/00657 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 83 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03218 дугаар шийдвэрээр Б.Б-, П.С-, Т.З-нарыг өвлүүлэгч С.Батбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, “ИК” ХХК-ийн хувьцааг Б.Б- 33.34 хувиар, П.С- 33.33 хувиар, Т.З-33.33 хувиар тус тус эзэмших эрхтэйг тогтоож шийдвэрлэжээ. /хх-ийн 75-109/

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь зээлийн 200.000.000 төгрөгийг “ИК” ХХК-ийн захирал С.Батбаатарт шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх бөгөөд зээлдэгч нь 73.522.600,88 төгрөгийн үндсэн зээл, 23.234.399,99 төгрөгийн хүү, нийт 96.757.001 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн нь зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээлийн тооцооллоор нотлогдож байна. /хх-ийн 36-39, 164, 165/

 

Зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтож, зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсныг зээлдүүлэгч мэдсэн бол зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй байдаг.

 

Нас барагч С.Батбаатар нь “ИК” ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь хуулийн этгээдийн гэрчилгээгээр тогтоогдсон ба С.Батбаатар нас барснаар тухайн компанийн төлөөлөх эрхтэй этгээд тодорхой бус болж зээлийг эргүүлэн төлөх бодит нөхцөл боломжгүй болсон үйл баримт банкинд мэдэгдсэн, банк Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт зааснаар өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээ авах талаар шаардлага, санал гаргаж байгаагүй байна. Хариуцагч компанийн хувьд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх бодит боломжгүй болсон үндэслэл тогтоогджээ.

 

 “ИК” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, төлөөлөх эрхтэй этгээд нас барснаар хариуцагч үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасанд нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүх 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зээлийн хүү тооцож, үндсэн зээл 126.477.399,12 төгрөг, хүү 9.106.772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.480.849 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 19.000 төгрөг, нийт 137.065.020,12 төгрөгийг хариуцагч нараас  гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч “ИК” ХХК 1 гишүүнтэй, 1 үүсгэн байгуулагч буюу захирал С.Батбаатарын төрсөн эцэг, эх, хүү, хууль ёсны өвлөгчийн хувьд Б.Б-, Т.Загдсүрэн, П.С- нарыг хариуцагчаар татаж, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэгт зааснаар гэрээний үүргийг тэднээс шаардсан ба шүүх  хамтран хариуцагч нараас төлбөр  гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд мэтгэлцэх болон талуудын зарчим хэрэгжих талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасан. Өв залгамжлагч нь компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг өвлөн авсан хувьцаа эзэмшигч болсон бөгөөд уг өр төлбөрийг иргэний хувьд хариуцах үндэслэл тогтоогдоогүй. Гэвч нэхэмжлэгчээс хариуцагчид хариуцуулсан асуудлаар хариуцагч Б.Б-, Т.Загдсүрэн, П.С- нар гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс өөрийн санаачлагаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь процесс ажиллагааны мэтгэлцэх зарчим, хөндөнгийн байх зарчимд харшлах учраас энэ талаар өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 375 776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

               ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Н.БАТЗОРИГ