Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0027/З |
Дугаар | 128/ШШ2018/0278 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2018/0278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж,
Нэхэмжлэгч: И******* ХХК
Хариуцагч: Г*******
Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалын И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И******* захирал С.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаар тушаалаар татваргүй бараан дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газартай татваргүй барааны дэлгүүр эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулсан.
Гэтэл Г******* Б.А******* 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/219 дугаартай Зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаал гаргаж, манай компанийн эзэмшлийн татваргүй барааны дэлгүүр ажиллуулах 17/08 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Г******* дээрх тушаалыг гаргахдаа, гаргахаас өмнө нь болон гаргасныхаа дараа ч манай компанид мэдэгдээгүй бөгөөд тус А/219 дүгээр тушаал нь Улаанбаатар хот дахь Гаалийн газарт 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирж, бүртгэлийн дугаар 134-т бүртгэгдсэн талаар бид 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/680 тоот Улаанбаатар хот дахь Гаалийн газраас манай компанид ирүүлсэн албан бичгээс олж мэдсэн болно.
Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал нь Гаалийн ерөнхий хуулийн 138 дугаар зүйлийн 138.4 болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлээр тус тус зохицуулагддаг бөгөөд манай компанийн хувьд хуулийн дээрх зүйл заалтад заасан үндэслэлүүд (гаалийн баталгаат бүсэд тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, ийм зөрчил гаргаагүй учир гаалийн удирдах төв байгууллагаас үйл ажиллагааг түдгэлзүүлсэн зүйл байхгүй, гаалийн хууль тогтоомжийг зөрчөөгүй) бий болоогүй байтал тусгай зөвшөөрлийг цуцалсан нь илт хууль бус юм.
Гаалийн ерөнхий газрын даргын А/219 дүгээр тушаалыг үндэслэн Улаанбаатар хот дахь Гаалийн газраас манай компанитай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Татваргүй барааны дэлгүүр эзэмшигчтэй байгуулах гэрээгээ цуцалсан үр дагавар үүссэн, улмаар бид татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэхээр захиалсан бараагаа худалдан борлуулах боломжгүй болж, үйл ажиллагаа зогсоод байна.
Тухайлбал, манай компанийн захиалсан 1 чингэлэг ачаа Туушин хяналтын талбайд ирсэн, 2 дахь чингэлэг бараа замдаа явж байгаа. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 06-нд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт дээрх бараандаа гаалийн бүрдүүлэлт хийх гэж очиход тусгай зөвшөөрөл цуцлагдсан тухай хариуцсан гаалийн ахлах байцаагч тусгай зөвшөөрөл цуцалсан гээд гаалийн бүрдүүлэлт хийхээс татгалзсан. Эдгээр бараанууд нь татваргүй барааны дэлгүүрт борлуулахаар захиалсан тул энгийн дэлгүүрт зарж борлуулах боломжгүй, их хэмжээний нэмэлт зардал шаардлагатай.
Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлөө цуцлуулахад хүргэх ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл байхгүй тул Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/219 дугаартай Зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаал нь Гаалийн ерөнхий хуулийн 138.4, Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус зөрчиж, манай компанийн татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хууль бусаар хязгаарласан хууль зүйн болон бодит үндэслэлгүй илт хууль бус тушаал буюу захиргааны акт байна.
Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаартай Зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаалын И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаартай тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаалыг илт хууль зөрчсөн захиргааны акт болох тухай хууль зүйн үндэслэлээ яръя. Г******* 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 тушаал гаргахаасаа өмнө хууль зөрчиж эхэлсэн гэж үзэж байгаа. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа И******* ХХК аас захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал авах боломж олгох ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, энэ журмыг баримтлаагүй, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаар бүхий тушаалыг гаргасан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаар бүхий тушаал нь захиргааны бичгээр гаргасан акт тавих хуулийн шаардлага хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан 40.2.2 Захиргааны актыг хаяглагдсан этгээд хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл зэрэг нь захиргааны актыг гаргахдаа тусгагдсан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдлыг хандан гаргах эрх этгээд болон хугацааг заах ёстой байсан боловч заагаагүй хууль зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит байдлыг тодорхой заах ёстой байсан. Энэ хуулийн шаардлагыг тодорхой заагаагүй. Г******* дээрх бичгээр гарсан захиргааны актад тавигдах хуулийн шаардлага зөрчсөнөөс гадна захиргааны акт гаргангуутаа И******* ХХК-д мэдэгдээгүйгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах заалтыг бүхэлд нь мэдэгдэх ёстой байсан хуулийн шаардлагыг хангаагүй. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 тушаал нь хэлбэрийн шаардлага болон процессын шаардлагыг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан бодит үндэслэл байгаагүй. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлийг Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд маш тодорхой заасан байгаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан, 14.1.2-д
Хуулийн этгээд татан буугдсан, 10.4.1.3-д Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, 14.1.4-д Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа ноцтой зөрчсөн, 14.1.5-д Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа нь зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн эдгээр заалтуудын аль нэг нь байсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой байсан. Хуулийн аль ч тохиолдлыг тушаалдаа дурдаагүй. Дурдаагүй нь Г******* өөрөө хуулийн эдгээр заалтуудын аль нэг нь байх ёстойг мэдэж байсан гэж үзэж байгаа. Харин тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо заасан хуулийн заалтууд нь Засгийн Газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Г******* эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй гэсэн заалт байгаа. Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 2711.1.1.гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах; Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл буюу бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байх ёстой. Тогтоогдсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийг баримтлах шаардлагагүй яагаад гэвэл энэ хуулийг нарийвчлан зохицуулсан Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн 14 дүгээр заалтад заасан нарийвчилсан зохицуулалтын хууль байсаар байтал Захиргааны ерөнхий хуулийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх хэмжээ сунгах буюу хүчингүй болгох эрхтэй байсан. Эдгээр заалтуудаас өмгөөлөгчийн хувьд хоёр заалтыг нь хүлээн зөвшөөрч байгаа.
Нэгдүгээрт: тушаал гаргах эрх байсан уу гэвэл байсан. Хүчингүй болгох эрх байсан уу гэвэл байсан гэхдээ хүчингүй болгохдоо хуульд заасан хүчингүй болгох үндэслэлийн аль нэг нь заавал тогтоогдсон, бий болсон байх ёстой. Ийм үндэслэл бий болоогүй байхад хүчингүй болгосон нь энэ тушаалын хууль бус гэдгийг нотолж байгаа юм. Иймээс Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны актын И******* ХХХК- д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Г******* 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/219 тоот тушаал гаргасан бөгөөд уг тушаалд И******* ХХК-ийн төлбөргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хамаарч байна.
Тус газрын дарга 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Зөвшөөрөл олгох тухай А/219 тоот тушаал гаргаж, ******* ХХК-д татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1, Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн байдаг.
Хэдийгээр Г*******д дээрх зөвшөөрөл олгох эрх нь байгаа боловч Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3-т Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно гэсэн зарчмын тодорхой нөхцөл шаардсан дээрх заалтыг баримтлалгүйгээр гаргаж баталгаажуулснаа Г******* өөрөө олж тогтоосон.
Гаалийн тухай хуулийн 138.3-т заасан нөхцөл шаардлага хангагдаагүй байхад А/162 дугаар тушаал гаргаж тус компанид татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан нь Гаалийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй тул Г******* 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 тоот тушаал гаргаж олгосон зөвшөөрлөө хүчингүй болгосон.
Иймд И******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И******* ХХК-иас Г*******д холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалын И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
И******* ХХК-д Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаар тушаалаар Улаанбаатар хот дотор татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон байна.
Тус тусгай зөвшөөрлөө мөн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн
А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар ...Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг мэдэгдээгүй, ... хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй, ... гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ... анх тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заасан журмын дагуу буюу сонгон шалгаруулалтаар олгоогүй учир тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна., Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дор дурдсан төрөлтэй байна: ... 138.1.6. татваргүй барааны дэлгүүр ажиллуулах., 138.3-д Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. гэж заасан бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 174 дүгээр тушаалаар Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам-ыг баталсан байна.
Нэхэмжлэгч компани Улаанбаатар хот дотор татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан гэх бөгөөд өргөдөл гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, хэргийн оролцогч нар өргөдөл гаргасан эсэх асуудлаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. гэж тус тус зааснаар хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа хуульд заасан журмын сонсох ажиллагаа явуулж, гарсан захиргааны актаа мэдэгдэх байжээ.
Г******* сонсох ажиллагаа явуулаагүй, гаргасан захиргааны актаа хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй[1] боловч нэхэмжлэгч тушаалыг мэдсэнээс хойш нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан бөгөөд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан уг зөрчил нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.
Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг хуулиар зохицуулахаар заасан бөгөөд Гаалийн тухай хуульд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгч хэдийгээр татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан боловч үүнийг нь үндэслэн Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам-ын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй учир Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгосон нь Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй бөгөөд хууль бус болжээ.
Гаалийн ерөнхий газар 2015-2018 оны хооронд татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулж байгаагүй болох нь тус газрын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01-1/1038 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул хуульд заасан журмын дагуу олгоогүй тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл байхгүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх боловч хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг Г******* 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгосон нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох. зарчим, шаардлагад нийцжээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалын И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН