Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1238

 

 

 

 

 

 

   2020              9              22                                      2020/ДШМ/1238

 

 

     Д.П-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.П- даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.П-, түүний өмгөөлөгч О.Батсүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.П-д холбогдох эрүүгийн 1910029260544 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Түмэн овгийн Д.П, 19... оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .......... хамт .......... хороо, 13 дугаар хорооллын ............тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн .........хороо, ...... дугаар байрны . тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Д.П- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ub City” зочид буудлын 3 давхарт шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан иргэн С.М-тай хутга барьсан гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь хоёр удаа алгадаж, цээжин тус газар нь хоёр удаа өшиглөж, баруун гар руу хоёр удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.П-гээс 614.463 төгрөг гаргуулж, хохирогч С.М-д олгож, хохирогч С.М- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Д.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч О.Батсүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Анхан шатны шүүхээс “... шүүгдэгч Д.П- нь хохирогч С.М-гийн нүүр рүү алгадаж, хөлөөрөө өшиглөсөн хэргийн үйл баримт тогтоогдож байх тул” гэсэн нь хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, аливаа этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг эргэлзээгүй, бүх талаас нь бүрэн нотлогдсон тохиолдолд гэм буруутайд тооцох зарчим зөрчигдөхөд хүрээд байна. Учир нь, хохирогч С.М-гийн эхнэр С.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд “... 2019 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 03:00 цагт манай нөхөр С.М- хувцас нь цус, шороо, тоос болчихсон “5 хүнтэй зодолдоод 2-ыг нь барсангүй” гэсэн. Тэрээр ажлынхаа Отгонбаатараар хүргүүлж ирсэн” /хх 16-18/, шүүх хуралдаанд гаргасан “...шөнө 03 цагийн үед С.М-г ажлынх нь газрын Отгонбаатар гэдэг залуу гэрт хүргэж ирсэн. Тухайн үед би унтаж байсан учир нөхрөө хараагүй. Маргааш өглөө нь харахад С.М-гийн хувцас нь цус, шороо, тоос болсон байсан.” гэх мэдүүлгүүдээс хэд хэдэн эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байдаг. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 01:00 гэхэд шинэ жилийн арга хэмжээ өндөрлөж С.М- болон бусад хүмүүс тарсан байдаг ба С.М- гэртээ 03:00 цагт орж ирэх хүртэлх 2 цагийн хугацаанд хэнтэй, хаана байсан зэрэг нь тодорхойгүй байдаг. Түүнчлэн гэрч С.Нарангэрэлийн мэдүүлэгт дурьдсанаар С.М-гийн хувцас нь цус, шороо, тоос болсон байсан гэх боловч шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж байсан “Ub City” зочид буудлын 3 давхарт Д.П-тэй маргалдсан гэх үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл, С.М- болон Д.П- нар маргалдсан орон зайд хувцас нь шороо, тоос болох боломжгүй юм. Мөн “тухайн үед С.М-гийн биед ил харагдах ямар нэгэн шарх сорви, гэмтэл байхгүй, хувцас нь цус, шороо, тоос болоогүй байсан” гэж тухайн үед Д.П-, С.М- нарыг салгасан ресепшин Б.Баярмаа, Ч.Алтангэрэл нар мэдүүлэгтээ тодорхой дурьддаг. Харин шинжээч эмч Т.Номинцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт дурьдсанаар “С.М-гийн баруун чамархай дахь гэмтэл нь цус харвалт байх ба үүссэн даруйдаа бүдэг ягаан туяатай харагдана” гэснээс үзэхэд уг гэмтлийг Д.П- учруулсан байх ямар ч боломжгүй юм. Хэдийгээр Д.П- нь С.М-тай маргалдсан боловч хөнгөн зэргийн гэмтэлд тооцогдох баруун зовхины цус хуралт гэмтлийг учруулаагүй болох нь гэрч Б.Баярмаа, Ч.Алтангэрэл, С.Нарангэрэл нарын мэдүүлгээр нотлогддог. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 327 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Номинцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт дурьдсан гэмтлүүдийг миний үйлчлүүлэгч “зүүн хацарт нь алгадах, өгзөг хэсэг рүү өшиглөх” үйлдэл хийснээр учруулах боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.П- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна.  Би С.М-д хөнгөн гэмтэл учруулаагүй. ...” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хуулийн шаардлага хангасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Уг хэрэг 2019 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө гарсан байдаг. Энэ гэмт хэрэг гарсан даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэрчүүдээс мэдүүлэг авсан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч Баярмаа болон Алтангэрэл нар гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Д.П- тухайн үед ямар үйлдэл хийсэн, газар унасан байхад нь хохирогчийн цээж болон хэвлий хэсэгт нь цохисон. Мөн шүүгдэгч Д.П- нь “С.М-г газар хэвтэж байхад нь нүүрэн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нь хоёр удаа өшиглөсөн, баруун гар руу нь хоёр удаа цохисон” гэдгээ гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Хохирогчоос мэдүүлэхдээ “архи уугаад тасарсан. Нэг сэрэхэд П- болон Алтангэрэл нар хажууд байсан. П- намайг цохиж байсан” гэдэг. Хэрэг гарсанаас хойш 8 сарын дараа шүүх хурал болсон. Гэрчүүд өмнөх мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэхдээ шүүгдэгч, хохирогч хоёрыг маргалдсан, зодолдсон талаар мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч Д.П- нь согтуугаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB city” зочид буудлын 3 дугаар давхарт шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан С.М-тай хутга барьсан гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь хоёр удаа алгадаж, цээжин тус газар нь хоёр удаа өшиглөж, баруун гар руу хоёр удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч С.М-гийн ”...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ub city” зочид буудлын 3 давхарт Сууц өмчлөгчдийн холбооны шинэ жилийн арга хэмжээ болсон. Би дарга нарын ширээ рүү очоод стаканаар 2 удаа архи уугаад тасарсан. Нэг мэдсэн чинь намайг ширээн дээр дарж аваад зүүн талаас Алтангэрэл, баруун талаас П- нар цохиж байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө гэртээ сэрсэн. Миний толгой өвдөөд байсан тул Гэмтлийн эмнэлэгт үзүүлж, хэвтэж эмчилгээ хийлгэсэн. /хх 13/,

            гэрч С.Нарангэрэлийн “...2019 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн үед манай нөхөр С.М- хувцас нь цус, шороо, тоос болчихсон 5 хүнтэй зодолдоод 2 хүнийг нь барсангүй гэсэн. Тэрээр ажлынхаа Отгонбаатараар хүргүүлж ирсэн. Маргааш нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэн, хэвтэж эмчилгээ хийлгэсэн” /хх 16/,

            гэрч Б.Баярмаагийн “...3 давхарт хүмүүс зодолдоод байна гэхээр нь очиход Д.П-, С.М-г ширээн дээр дараад хутгатай гарыг нь барьж байсан. би хутгыг нь аваад тайзны зүүн талын ширээн дээр аваачиж тавиад буцаж очиход тэр хоёр зууралдаж байсан. С.П-гийн найз гэх өндөр залуу орж ирээд тэр хоёрыг салгаад Д.П-г гаргах гэсэн боловч үгэнд нь орохгүй С.М-гийн нүүрэн тус газар хоёр удаа алгадсан. Мөн С.М- ширээн доогуур өлгүүрийн номероо хайж байхад Д.П- нь С.М-ы өгзөг рүү нэг удаа өшиглөсөн” /хх 25/,

            гэрч Ч.Алтангэрэлийн “...би ариун цэврийн өрөө ороод ирэхэд С.М- хутга барьчихсан Д.П-тэй ноцолдож байсан. Би хутгыг нь аваад ширээн дээр тавьсан. С.М- явган сууж байхад нь Д.П- бие хэсэг рүү нь хөлөөрөө жийгээд, нүүр рүү нь хоёр удаа алгадсан” /хх 29/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 327 дугаартай актын “С.М-гийн биед баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх32/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Д.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч О.Батсүх “С.М-д учирсан гэмтлийг Д.П- учруулсан байх ямар ч боломжгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шинэ жилийн арга хэмжээ 01 цагт дууссан байхад 03 цагт гэртээ харихдаа хувцас нь цус, тоос шороо болсон байсан гэж хохирогчийн эхнэр гэрчилсэн байхад энэ хугацаанд хаагуур юу хийж явсныг тодорхойгүй. Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа тул ашигтайгаар шийдвэрлэж, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, шүүгдэгч Д.П-гийн хохирогч С.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон байх ба гэрч С.Нарангэрэл “манай нөхөр шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа П-д зодуулсан гэж 14-ний өдөр надад хэлсэн”, шүүгдэгч Д.П- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “найз Алтангэрэл болон буудлын ресейпшн хоёр орж ирээд С.М-гийн хутгыг нь булааж аваад бид хоёрыг салгасан чинь С.М- тайвшрахгүй дайраад байхаар нь зүүн хацарт нь одоо тайвшир гээд зөөлөн хоёр удаа алгадсан. Мөн ширээний доод хэсэгт юм хайж байхаар нь “одоо битгий янз бүрийн хутга хайгаад байгаарай” гээд гуяны ар хэсэгт нэг удаа өшиглөсөн” гэж мэдүүлсэн нь уг гэмт хэрэг үйлдэгдсэнийг давхар нотолсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.0 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, бусдад учруулсан хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, уг гэмт хэрэг гарахад хохирогч С.М-гийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул уг ялыг зохих хэмжээнд багасгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.П-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болгон өөрчилж, “хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24ий өдрийн 2020/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Д.П-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.”  гэснийг “... шүүгдэгч Д.П-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөл сөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.П-

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ