Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00309

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00309

Архангай аймаг

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                              

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л овогт Ц.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х банкны Архангай салбар

Хариуцагч: И овогт Ж.Б нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийг хариуцвал зохих Ж.Б-д зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х банкны Архангай салбарт даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн .................дугаартай зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Г /цахимаар/

Хариуцагч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч Х банкны төлөөлөгч С.Гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г нь зээлийг хариуцвал зохих Ж.Б-д зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х банкны Архангай салбарт даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ................. дугаартай зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:            

- Ц.Г миний бие Ж.Б-гаас Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 752 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, мөн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлж, Э сумын ... дугаар багийн нутагт байрлалтай .... дугаар байрны .... тоотод байрлалтай орон сууцыг Ж.Б-гийн мэдэлд шилжүүлж, уг байрны үлдэгдэл 54,0 сая төгрөгийн зээлийг Ж.Б төлөхөөр шийдвэрлэсэн боловч одоог хүртэл зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж авахгүй, шүүхдээ хандаж шийдвэрлүүл гэх тайлбар хэлж байх тул Х банктай байгуулсан ............. дугаар байрны 06 тоотод байрлалтай орон сууцны ипотекийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн гэрээнээс миний нэрийг хасаж, Ж.Б-гийн нэр дээр зээлийг бүрэн шилжүүлэх, шилжүүлэх боломжгүй бол зээлийг бүрэн хаалгах асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлж, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан, зээлийн гэрээнээс нэр хасуулахаар Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт захирамж, хүсэлтийг хүргүүлсэн боловч 323 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Х банктай байгуулсан зээлийг хэрхэн шийдвэрлэх тухай тодорхой тусгаагүйгээс албадан гүйцэтгэх боломжгүй болж нэг асуудлын талаар олон дахин шүүхэд хандаж иргэнд хүндрэл, чирэгдэл учирч байна. Иймд тухайн зээлийг хариуцвал зохих Ж.Б-д зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х банкны Архангай аймаг дахь салбар даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн .................дугаартай зээлийн гэрээнээс Ц овогтой Г миний нэрийг хасуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлээ тодорхой бичиж өгсөн. Өмнө нь шүүхээр эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлсэн. Тус шүүхийн шийдвэрээр Ж.Б орон сууцаа авч үлдсэн. Гэвч тухайн орон сууц нь ипотекийн зээлтэй бөгөөд уг зээлийн үндсэн зээлдэгч нь би болохоор Х банкнаас над руу залгаж зээлээ төлөхийг шаарддаг. Энэ талаар Х банкинд хүсэлт гаргасан боловч нааштай хариу хэлээгүй. Мөн би У хотод зээл хөөцөлдөхөөр тухайн орон сууцны ипотекийн зээл гарч ирээд байгаа тул надад энэ нь хүндрэлтэй байна. Би энэ талаар Ж.Б-д хэлтэл би мэдэхгүй шүүхээрээ шийдвэрлүүл гээд байсан болохоор би шүүхэд зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд Ж.Б-д зээл төлөхийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнээс миний нэрийг хасуулж өгнө үү. Би гэрлэлт цуцлуулахгүй байх талаар Ж.Б-гаас зөндөө гуйж байсан. Хэрвээ гэрлэлт цуцлуулахаар болбол би 4 хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэдэг сөрөг нэхэмжлэл хүртэл гаргаж байсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Гэрлэлт цуцлагдсанаас хойш би Ж.Б-гийн бизнесийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Иймд надад банкнаас авсан зээлүүд хамаагүй. Мөн гэрлэлт цуцлуулахад Х банкны хадгаламжид 50,000,000 орчим төгрөг байсан хэдий ч би үүнийг дуугай л өнгөрөөсөн. Мөн Ж.Б 4 хүүхдээ Ха, юунд амьдар гээд байгаа юм бэ гэж байна. Гэрлэлт цуцлахдаа / 2 өрөө, 4 өрөө/  2 байр өгч байсан. Тухайн үед хамт амьдарч байхад миний бүх мөнгө Ж.Б-гийн мэдэлд байдаг байсан. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаан гэр бүлийн маргаан биш тул гэрлэлт цуцлагдсан талаар яриад хэрэггүй байх. А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутагт байрлалтай ............. дугаар байрны 06 тоот орон сууцыг ипотекийн зээлээр авсан. Миний бие үндсэн зээлдэгч юм. Зээлийг Ж.Б төлж байгаа, эд хөрөнгийн асуудал шийдэгдсэнээс хойш би зээлийг төлөөгүй. Иймд Х банкны ипотекийн зээлийн гэрээнээс миний нэрийг хасуулаад өгнө үү. Харин Б-гийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь  эд хөрөнгө, гэр бүлийн маргаан бүхий агуулгатай байна. Иймд ипотекийн зээлийн гэрээнээс нэрээ хасуулах хүсэлттэй байна гэв.

 

 4. Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж овогтой Б би Ц.Г-ын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан Х банкны ипотекийн зээлтэй ..... дугаар байрны 6 тоотын 4 өрөө байрны зээлээс Ц.Г-ын нэрийг хасуулах боломжгүй. Учир нь Ж.Б би гэрлэлтээ цуцлуулахдаа 3-12 насны 4 хүүхдээ өөрийн асрамжид авсан. Ц.Г ганц хүүхэд асрамждаа аваагүй, мөн Ц.Г нь 4 нялх хүүхдээ хаяад У шилжихдээ бид тавыг маш их өртэй үлдээгээд явсан. Ц.Г-тай хамтран зээл авсан Х банкны зээлийг би төлж дуусгасан. Мөн Т банкнаас Ц.Г-тай хамтран авсан зээлийг Ж.Б би төлөөд явж байгаа ипотекийн зээлтэй байраа бас би төлдөг. Ц.Г нь ковидын үед ипотекийн зээлээ 2 жилээр зогсоочхоод төлж эхэлмэгц өөрөө төлнө гэсэн боловч огт төлөөгүй би үргэлжлүүлэн төлж байгаа. Хүүхдийн тэтгэмжийг гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаснаас хойш ганцхан жилийн хугацаанд би тэтгэмж авч байгаа. Надад ахиж хамтран зээлдэгч олдохгүй үлдэгдэл 54,0 сая төгрөгийг олж хаах боломжгүй. 4-ийн 4 хүүхдийг тэжээх хувцаслах төлбөртэй сургалт энэ тэр гээд асар их зардал гардаг. Үүнээс Ц.Г огт төлөлцдөггүй том охин маань харааны бэрхшээлтэй байнга эмчилгээ хийлгэдэг. Энэ зардлаас ч хуваадаггүй хэрвээ байраа зээлээ хаагаад Г-ын нэрийг хасуулах юм бол өр ширэндээ өгөөд бид 5-д хорогдох газар амьтан ах дүү байхгүй. Хэдийгээр Ц.Г гэрлэлтээ цуцлуулсан боловч эцэг байх үүргээ хүлээх ёстой. Ц.Г нь өөр бусад зүйл болон санхүүгээр 4 хүүхэддээ тусалж чадахгүй бол ядаж дулаан бүлээн байрандаа хүүхдүүдээ байлгах ёстой болов уу гэж бодож байна. Мөн Х банктай анх байгуулсан гэрээнд хэрэв эхнэр нөхөр салбал тэгнэ, ингэнэ гэсэн зүйл заалт байхгүй. Энэ гэрээгээр ипотекийн хугацаагаа дуусгах хүсэлттэй байна. Эсвэл Ц.Г нь 4 хүүхдийн тэтгэмжээ олон жилээр арвин мөнгө надад өгөх юм бол тэр мөнгөөр нь ипотекийн зээлээ хаагаад Ц.Г-ын тэтгэмжийг зогсоогоод, ипотекийн зээлээс Ц.Г-ын нэрийг хасуулах боломжгүй байна. Эсвэл том хүүхдээ насанд хүрэнгүүт би өөртэйгөө хамтран зээлдэгчээр оруулж эцгийнх нь нэрийг хасуулах боломжтой. Ер нь бол надад 4 хүүхэд тэжээж хувцаслах асрах маш хүнд байна. Иймээс ипотекийн зээлээс Ц.Г-ын нэрийг хасуулах ямар ч боломжгүй /том хүүхдээ насанд хүртэл/. Өөрөө 4 хүүхдээ хаяад явсан хүн энэ мэтийн араа даах байлгүй. 4 хүүхдийг минь гудамжинд гаргах, байрыг нь заруулаад эцгийнх нь нэрийг зээлийн гэрээнээс хасах тийм Монгол Улсын хууль гэж байдаггүй байх. Эрхэм шүүгч та өөрийн билэг оюундаа бодно биз. Мөн Х банкийг оролцуулах шаардлагагүй, эсвэл Ц.Г нь 4 хүүхдийн тэтгэмжээ олон сараар өгч үлдэгдэл зээлийг хаалга эсвэл том хүүхдээ насанд хүрч надтай хамтран зээлдэгчээр орох боломжтой болтол энэ гэрээгээрээ байлгах хүсэлттэй байна гэжээ.

 

5. Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэхдээ Ц.Г 4 хүүхэд хаяад явахдаа хүүхдүүдээ ямар байранд, Ха, юу идэж уу гээд явсан юм бэ. Одоо Ц.Г өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Хамт амьдарч байгаа хүнтэйгээ байранд оръё гэхээр А аймагт байдаг байрных нь зээлийн мэдээлэл гарч ирээд байгаа юм байна. Гэхдээ Ц.Г надаас салж гэрлэлтээ цуцлуулсан болохоос 4 хүүхдээсээ салаагүй. Хүүхдүүдийнхээ өмнө үүрэг, хариуцлагаа хүлээх ёстой. Би хэдийгээр 4 хүүхдээ асран хамгаалж байгаа ч  өнөөгийн нийгэмд чинь 1,2 хүүхэд өсгөх ч хэцүү байхад би 4 хүүхэд хооллож, ундалж, өсгөж байна. Мөн Ц.Г нэхэмжлэлийн шаардлагадаа  ипотекийн зээлээс өөрийнхөө нэрийг хасуулах гэсэн байна. Үүнд тайлбар хэлэхэд энэ ямар ч боломж байхгүй. Х банктай хийсэн зээлийн гэрээн дээр хэрвээ гэр бүл цуцлагдсан тохиолдолд гэрлэлттэй холбоотой эрсдэл буюу яг ингэнэ, тэгнэ гэсэн заалт байхгүй. Мөн Х банкнаас над руу яриад байна гэдэг Г-ын тайлбар худлаа. Би анхнаасаа л байрныхаа ипотекийн зээлийг төлдөг байсан. Төлөөд ч явж байна. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой. Гэхдээ би өнөөдөр авчраагүй. Мөн Х банкинд би зээлээ төлөөд явна, Ц.Г гэдэг хүний нэрийг хасаад өгөөч гэж хүсэлт гаргаж байсан боловч Х банкнаас урт хугацаатай зээл тул заавал хамтран эзэмшигч байх ёстой гэсэн хариу хэлсэн. Мөн Ц.Г А аймгаас У хот руу шилжиж явахдаа Т банк, Х банк, мөн хувь хүмүүст маш их өр, зээлтэй байсан. Би зээлийг нь шүүхийн шийдвэрээр миний өмчлөлд шилжүүлсэн байрыг нь зараад эхнээс нь төлсөн. Гэхдээ өнөөдрийг хүртэл зээл нь дуусаагүй байгаа. Ц.Г 4 хүүхдээ хаяад өөр хүнтэй суугаад явахдаа одоо үүсээд байгаа энэ асуудлаа хүртэл тооцоолсон байх гэж найдаж байна. Ц.Г хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. У хот руу шилжсэнээсээ хойш Ц.Г хүүхдүүдээ огт харж хандаагүй. Мөн гэрлэлт цуцлуулахгүй байх талаар Ж.Б-гаас зөндөө гуйж байсан гэж байна. Энэ үнэхээр худлаа. Мөн хүүхдийн Хаа амьдрах нь надад хамаагүй гэж хэлэх шиг боллоо. Ц.Г хамт амьдардаг байхдаа ч ингэж хэлдэг байсан. Өнөөдрийн шүүх хурал дээр Ц.Г өөрийнхөө амийг бодсон, ямар ч зээлгүй,  хүүхдүүддээ сард хуулиар тогтоосон хэдэн төгрөг шилжүүлчихээд биеийн амрыг бодоод явж байх санаатай байх шиг байна. Мөн хүүхдүүд  маань өөрсдөө аавтайгаа утсаар ярихгүй гээд байгаа. Иймд нэхэмжлэлийг хангахаас татгалзаж өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчээс:

- Тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2023/00323 дугаар шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Ж.Б, Х банкны Архангай салбарт холбогдуулан зээлийг хариуцвал зохих Ж.Б-д зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х банкны Архангай салбарт даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн .................дугаартай зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Ц.Г миний бие Ж.Б-гаас Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 752 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, мөн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлж, Э сумын 3 дугаар багийн нутагт байрлалтай ............. дугаар байрны 06 тоотод байрлалтай орон сууцыг Ж.Б-гийн мэдэлд шилжүүлж, уг байрны үлдэгдэл 54,0 сая төгрөгийн зээлийг Ж.Б төлөхөөр шийдвэрлэсэн боловч одоог хүртэл зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж авахгүй, шүүхдээ хандаж шийдвэрлүүл гэх тайлбар хэлж байх тул Х банктай байгуулсан ............. дугаар байрны 06 тоотод байрлалтай орон сууцны ипотекийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн гэрээнээс миний нэрийг хасаж, зээлийг Ж.Б-гийн нэр дээр зээлийг бүрэн шилжүүлэх, шилжүүлэх боломжгүй бол зээлийг бүрэн хаалгах асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахаар Х банкинд хүсэлт гаргасан боловч нааштай хариу хэлээгүй. А аймгийн Э сумын .... дугаар багийн нутагт байрлалтай ............. дугаар байрны 06 тоот орон сууцыг ипотекийн зээлээр авсан. Миний бие үндсэн зээлдэгч юм. Зээлийг Ж.Б төлж байгаа, эд хөрөнгийн асуудал шийдэгдсэнээс хойш би зээлийг төлөөгүй. Иймд тухайн зээлийг хариуцвал зохих Ж.Б-д зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х банкны Архангай аймаг дахь салбар даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн .................дугаартай зээлийн гэрээнээс Ц овогтой Г миний нэрийг хасуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ж.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

... Ж овогтой Б би Ц.Г-ын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан Х банкны ипотекийн зээлтэй .... дугаар байрны 6 тоотын 4 өрөө байрны зээлээс Ц.Г-ын нэрийг хасуулах боломжгүй. Учир нь Ж.Б би гэрлэлтээ цуцлуулахдаа 3-12 насны 4 хүүхдээ би өөрийн асрамжид авсан. Ц.Г ганц хүүхэд асрамждаа аваагүй мөн Ц.Г нь 4 нялх хүүхдээ хаяад У шилжихдээ бид тавыг маш их өртэй үлдээгээд явсан. Ц.Г-тай хамтран зээл авсан Х банкны зээлийг би төлж дуусгасан. Мөн Т банкнаас Ц.Г-тай хамтран авсан зээлийг Ж.Б би төлөөд явж байгаа ипотекийн зээлтэй байраа бас би төлдөг. Ц.Г нь ковидын үед ипотекийн зээлээ 2 жилээр зогсоочхоод төлж эхэлмэгц өөрөө төлнө гэсэн боловч огт төлөөгүй би үргэлжлүүлэн төлж байгаа. Хүүхдийн тэтгэмжийг гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаснаас хойш ганцхан жилийн хугацаанд би тэтгэмж авч байгаа. Надад ахиж хамтран зээлдэгч олдохгүй үлдэгдэл 54,0 сая төгрөгийг олж хаах боломжгүй. 4-ийн 4 хүүхдийг тэжээх хувцаслах төлбөртэй сургалт энэ тэр гээд асар их зардал гардаг. Үүнээс Ц.Г огт төлөлцдөггүй том охин маань харааны бэрхшээлтэй байнга эмчилгээ хийлгэдэг. Энэ зардлаас ч хуваадаггүй хэрвээ байраа зээлээ хаагаад Г-ын нэрийг хасуулах юм бол өр ширэндээ өгөөд бид 5-д хорогдох газар амьтан ах дүү байхгүй. ... Мөн Х банктай анх байгуулсан гэрээнд хэрэв эхнэр нөхөр салбал тэгнэ, ингэнэ гэсэн зүйл заалт байхгүй. Энэ гэрээгээр ипотекийн хугацаагаа дуусгах хүсэлттэй байна. Эсвэл Ц.Г нь 4 хүүхдийн тэтгэмжээ олон жилээр арвин мөнгө надад өгөх юм бол тэр мөнгөөр нь ипотекийн зээлээ хаагаад Ц.Гын тэтгэмжийг зогсоогоод, ипотекийн зээлээс Ц.Гын нэрийг хасуулах боломжгүй байна. Эсвэл том хүүхдээ насанд хүрэнгүүт би өөртэйгөө хамтран зээлдэгчээр оруулж эцгийнх нь нэрийг хасуулах боломжтой. Ер нь бол надад 4 хүүхэд тэжээж хувцаслах асрах маш хүнд байна. Иймээс ипотекийн зээлээс Ц.Г-ын нэрийг хасуулах ямар ч боломжгүй /том хүүхдээ насанд хүртэл/. Мөн Х банкийг оролцуулах шаардлагагүй эсвэл Ц.Г нь 4 хүүхдийн тэтгэмжээ олон сараар өгч үлдэгдэл зээлийг хаалга эсвэл том хүүхдээ насанд хүрч надтай хамтран зээлдэгчээр орох боломжтой болтол энэ гэрээгээрээ байлгах хүсэлттэй байна гэжээ.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

  5. Дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

А аймгийн Э сумын 3 дугаар баг, ............. дугаар байрны 06 тоот 74,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 8 сарын 02-ны өдөр Х банкны орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр худалдан авч, үндсэн зээлдэгчээр Ц.Г, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ж.Б нар гарын үсэг зурж, зээлийн төлбөрийг хариуцан төлөхөөр гэрээ байгуулсан гэдэгтэй зохигч маргаагүй.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Г-д холбогдох гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваалгах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ эрхийн улсын бүртгэлийн Y-0118004836 дугаарт бүртгэлтэй А аймгийн Э сумын 3 дугаар баг, ............. дугаар байрны 06 тоот 74,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.Б-д үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г тухайн зээлийг хариуцвал зохих Ж.Б-д зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х банкны Архангай салбарт даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн .................дугаартай зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Б хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д: “иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох” гэж, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т: “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч Ц.Г шүүх хуралдаанд “...Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахаар Х банкинд хүсэлт гаргасан боловч нааштай хариу хэлээгүй.” гэж тайлбарладаг.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч Ц.Г нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт, мөн Х банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээг нөгөө тал зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл гаргасан эсэх, мөн гэрлэгчдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх тохиолдолд аль нэг тал нь тухайн гэрээнээс татгалзах тухай гэрээнд тусгагдсан эсэх талаар нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

7. Шүүхээс хариуцагч Х банкны төлөөлөгч С.Г-т нэхэмжлэлийн хувийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гардуулж 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэлийн хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-д заасан журмаар хариуцагч байгууллагын нэхэмжлэлд бичигдсэн хаягаар шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас /БАРИМТ№8/ гардуулсан боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

8. Иймд Х банкны Архангай салбар, хариуцагч Ж.Б нарт холбогдуулан гаргасан зээлийг хариуцвал зохих Ж.Б-д зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х банкны Архангай салбарт даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн .................дугаартай зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэгч Ц.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            9. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 204 дүгээр зүйлийн 204.1-т тус тус заасныг баримтлан Х банкны Архангай салбар, хариуцагч Ж.Б нарт холбогдуулан гаргасан зээлийг хариуцвал зохих Ж.Бд зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х банкны Архангай салбарт даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн .................дугаартай зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэгч Ц.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.ЭЛБЭГЗАЯА