| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00261/И |
| Дугаар | 129/ШШ2024/00316 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 129/ШШ2024/00316
| 2024 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 129/ШШ2024/00316 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д овогт Б.О-гийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- А аймгийн Т сумын С багийн иргэн Б.О миний бие 1969 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ө аймгийн Б суманд төрсөн. Одоо А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт мэргэжилтнээр ажиллаж байна. Би 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ө аймгийн Б сумын У нэгдлийн малын бага эмчээр, 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн Х сумын Н багийн малын бага эмчээр тус тус ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд авсан болон чөлөөлсөн тушаал байхгүй байгаа учир төрд ажилласан жилээ тооцуулахад ажилласан жилд орохгүй, тооцох боломжгүй болж, хохироход хүрээд байна. Иймд Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байгааг харгалзан үзэж, хүсэлтэд хавсаргасан архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн цэс, Засаг даргын захирамж, нэгдлийн зөвлөлийн тогтоол зэргийг үндэслэж 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл Ө аймгийн Б сумын У нэгдэлд малын бага эмчээр, 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл А аймгийн Х сумын Н багт малын бага эмчээр тус тус ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийг хангаж өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Б.О-гийн 20985 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар,
- Ө аймгийн Б сумын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот архивын лавлагаа,
- Ө аймгийн А-ын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот тодорхойлолт,
Ө аймгийн А-ын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Мал хөдөө аж ахуйн тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого явуулах тухай” 11 тоот тогтоол, тогтоолын хавсралт,
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого явуулах тухай” 41 тоот захирамж, захирамжийн хавсралт,
- Б.О-гийн малын бага эмчээр ажиллаж байсан 1988 оны 07 дугаар сар, 10-12 дугаар сар, 1989 оны 01-02 дугаар сар, 07 дугаар сар, 11-12 дугаар сар, 1990 оны 01-03 дугаар сар, 05-10 дугаар сар, 1991 оны 01-03 дугаар сар, 12 дугаар сар, 1992 оны 01-02 дугаар саруудад цалин авч байсан цалингийн тооцооны хүснэгт,
А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Хангай сумын Засаг даргын 1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажилд томилох тухай” 01 тоот захирамж,
- А аймгийн Хангай сумын Засаг даргын 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Сумын баяр наадмын комисс томилох тухай” 67 тоот захирамж,
- А аймгийн Хангай сумын Засаг даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Байгууллага, аж ахуйн нэгжид хөрөнгийн тооллого явуулах тухай” 110 тоот захирамж, захирамжийн хавсралт,
- А аймгийн Хангай сумын Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Төрийн ухуулагч томилох тухай” 117 тоот захирамж, захирамжийн хавсралт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Б.О-гийн хүсэлтээр Т.У, Г.Б, Д.О, С.П нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 258 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/, Маягт-1, ХААТР-15, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/302 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-05/2257 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.О-гийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, А аймгийн Х сумын Н багт 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Б.О нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, А аймгийн Х сумын Н багт 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- Б.Од 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон 209855 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн Ажлын тухай мэдээ хэсэгт:
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын архивын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Б.О 1988-1992 оны 02 дугаар сар хүртэл Мал эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан хугацааны”
- Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Тус архивын хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” /хуучин нэрээр/ нэгдлийн даргын 1989 оны тушаал, малын эмч нарын цалингийн баримт, Мал эмнэлгийн газрын /хуучин нэрээр/ цалингийн баримт шилжиж ирээгүй, тус архивын хадгаламжийн сан дахь Бүрд сумын Улаан туг нэгдлийн 1988, 1990, 1991 оны тогтоол, даргын тушаал, Хөдөө аж ахуйн удирдах газрын /хуучир нэрээр/ даргын 1988, 1989, 1990 оны тушаал, Мал эмнэлгийн газрын /хуучин нэрээр/ 1988, 1989, 1990, 1991, 1992 оны даргын тушаал шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул Б.Од лавлагаа, хуулбар олгох боломжгүй болно” гэсэн 238 тоот тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Мал хөдөө аж ахуйн тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого явуулах тухай” 11 тоот тогтоол, /Тогтоолд 1. Мал хөдөө аж ахуйн тэжээвэр амьтдын тооллогыг БНМАУ-ын СнЗ-ийн 1966 оны 398, 1972 оны 93, МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1980 оны 30, 31 дүгээр тогтоол, Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 157 дугаар зарлиг, МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1987 оны 254 дүгээр тогтоол, БНМАУ-ын төлөвлөгөө эдийн засгийн улсын хорооны байнгын зааврыг удирдлага болгон 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд явуулсугай, 2. Тооллогын урьдчилсан бэлтгэлийг хангаж тооллогыг удирдан явуулах комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: комиссын даргад: сум нэгдлийн дарга, орлогч даргад: сумын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, гишүүдэд: сумын АХШ хорооны дарга, сумын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, нэгдлийн орлогч дарга, нэгдлийн ерөнхий ня-бо, нэгдлийн ерөнхий зоотехникч, мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, НАХХ-ийн төлөөлөгч, зам барилгын трестын ерөнхий ня-бо, 3. Мал хөдөө аж ахуйн тэжээвэр амьтад эд хөрөнгийг тоолох комиссыг хавсралтаар баталсугай, 4. Комисст даалгах нь а/ тооллогын комисс тооллогод ажиллах хүмүүсийг 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор нэгдсэн семинарын удирдамжаар хангаж тооллого явуулах газрын график зураглал гаргаж ажиллуул, б/ Тооллого явуулах ажлын зохион байгуулалтыг төлөвлөгөө, удирдамж, зааврын дагуу чанартай зохион байгуулж тооллогод эдийн засгийн зохих дадлага туршлагатай болон хяналт шалгалт байгууллагын хүмүүс, нам, эвлэлийн гишүүн, идэвхтэн депутатуудыг өргөн оролцуул, в/ Тооллогын урьдчилсан дүнг 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргаж эцсийн дүнг 12 дугаар сарын 23-ны өдөр гаргаж сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд танилцуулахыг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргад даалгасугай, тогтоолын хавсралтад Элсний наад зах тал, хэсгийн ахлагч-Батмөнх, А данс карт хөтлөх-Ц.Б, тоологч нар-А.Э, П.Д, Н.Г, хүн амын данс барих хүмүүс-Б.О/ гэсэн,
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого явуулах тухай” 41 тоот захирамж, /Захирамжид 1. Сумын албан газар байгууллагуудын үндсэн хөрөнгө эд аж ахуйн 1990 оны жилийн эцсийн тооллогыг хавсралтад заасан графикаар баталсугай, 2. Албан газар байгууллагууд үндсэн хөрөнгө, эд аж ахуйн тооллогын бэлтгэлийг сайтар хангаж, тооллогыг цаг хугацаанд нь явуулахад хатуу анхаарч, хавсралт хуваарийг баримтлан томилогдсон комиссуудыг харилцан солилцож тухайн үед нь ажлаас нь чөлөөлж, ажлыг гүйцэтгэх боломж олгож өгөхийг байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай, 3. Энэхүү захирамжийг байгууллагын дарга, эрхлэгч нарт танилцуулж тооллогыг хугацаанд нь чанар сайтай явуулж томилсон ажилд хайнга ёс төдий хариуцлагагүй хандсан илрэл бүрийг таслан зогсоож тооллогын дүнг АДХ-ын гүйцэтгэх захиргаанд танилцуулахыг тооллогын комисс /Г.Дашжаргал/-д даалгасугай, захирамжийн хавсралтад Мал эмнэлгийн салбар, нярав-Сантиарч Б.О, тоолох комисс-Х/ гэсэн,
- Б.Огийн малын бага эмчээр ажиллаж байсан 1988 оны 07 дугаар сар, 10-12 дугаар сар, 1989 оны 01-02 дугаар сар, 07 дугаар сар, 11-12 дугаар сар, 1990 оны 01-03 дугаар сар, 05-10 дугаар сар, 1991 оны 01-03 дугаар сар, 12 дугаар сар, 1992 оны 01-02 дугаар саруудад цалин авч байсан цалингийн тооцооны хүснэгт
А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Хангай сумын Засаг даргын 1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажилд томилох тухай” 01 тоот захирамж, /Захирамжид 1. Ноёнхангай багийн тоо бүртгэгч татварын байцаагчаар Оогий овогтой Батаевыг, мөн багийн малын бага эмчээр Б овогтой О, ... нарыг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай, 2. Л.Б, Б.О, З.Я нарт төсөвт цалинг олгохыг ня-бо Л.Ш-т зөвшөөрсүгэй/ гэсэн,
- А аймгийн Хангай сумын Засаг даргын 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Сумын баяр наадмын комисс томилох тухай” 67 тоот захирамж, /Захирамжид 1. Сумын баяр наадмын бэлтгэл ажлыг ханган зохион байгуулан явуулах комиссыг энэ оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 30 хоногийн хугацаатай томилон ажиллуулсугай, 2. Наадмын төв ба салбар комиссуудыг 1 хавсралтаар, хийх ажлын чиглэлийг 2 хавсралтаар баталсугай, 3. Сумын баяр наадмын ажлын бэлтгэл, тэмдэглэн өнгөрүүлэх зохион байгуулалтын ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг комисс /А.Л/-д даалгасугай, 4. Баяр наадамд шаардагдах төсөв хөрөнгө, материалыг комисс бүрээр нарийн тооцож, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хуваарилан хариуцуулах, ивээн тэтгэгчээр ажиллуулахаар зохион байгуулан бэлтгэхийг тамгын газрын дарга Б.Д-д даалгасугай, 5. Наадмын өмнө хагас жилийн ажлаа дүгнэж цалин хөлсөө олгож, бараа таваар олж зуучлан худалдах, тэтгэвэр тэтгэмжийг олгох арга хэмжээ авахыг бүх аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч холбогдох хүмүүст даалгасугай, 6. Наадмын комиссуудад ажил үүргийг нарийн хуваарилж биелэлтийг тооцож байхын хамт баярын 2 өдөр ажилласанд тооцон нөхөн амралт өгөх, хариуцлагагүй хандсан хүмүүсийг ажил тасалсны нэгэн адилаар хариуцлага тооцохыг наадмын төв комисс /А.Лувсандагва/-д үүрэг болгосугай, 7. Багийн баярын бэлтгэл зохион байгуулалтыг сайн хангаж YII/3-8-нд спорт, урлаг, үзвэр үйлчилгээ сурталчилгааны бүх арга хэмжээтэй явуулахыг баяр наадмын төв комисс /А.Л/-д даалгасугай, захирамжийн хавсралтад ... морины комисс: ... гишүүд ... Б.О-Ноёнхангай багийн малын эмч/ гэсэн,
- А аймгийн Хангай сумын Засаг даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Байгууллага, аж ахуйн нэгжид хөрөнгийн тооллого явуулах тухай” 110 тоот захирамж, /Захирамжид 1. Тус суманд эд хөрөнгийн тооллого хийх хуваарь графикийг хавсралтаар тогтоон томилсугай, 2. Эд хөрөнгийн тооллогыг 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор, тооцоо бодох, тайлан бүртгэл гаргах асуудлыг мөн сарын 10-ны өдрийн дотор тус тус хийж дуусгахыг тооллогын комисс болон байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, ня-бо нарт даалгасугай, захирамжийн хавсралтад Мал эмнэлэг, эд хариуцагчийн нэр-Ж.П, тооллого хийх хугацаа-28-29/XI-нд, Тооллого хийх комисс-Б.Г, Г.М, Б.О/ гэсэн,
- А аймгийн Хангай сумын Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Төрийн ухуулагч томилох тухай” 117 тоот захирамж, /Захирамжид 1. Суманд ард иргэдэд төр засгийн хууль, тогтоол, шийдвэр, цаг үеийн бодлого сурталчлах төрийн ухуулагчийг 1 хавсралтаар томилж 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллуулсугай, 2. Ухуулагч нарын ажиллах журам, ажлыг дүгнэх үзүүлэлтийг 2 хавсралтаар баталсугай, 3. Төрийн ухуулагчдад шаардагдах гарын авлага болгож төрийн мэдээлэл сэтгүүл, товхимол хэвлэлээр хангах арга хэмжээ авч байхыг тамгын газрын дарга Б.Д-д даалгасугай, захирамжийн хавсралт нэрсийн жагсаалтын 32-т: Б.О, эрхэлсэн ажил-малын эмч, тайлбар-ухуулагч/ гэсэн,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон “Өвөрхангай аймгийн Бүрд сум, Б.О, 1969 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, халх, Онгон төвд байнга оршин суудаг, ажилладаг байгууллага-Улаан туг нэгдэл, эрхэлдэг ажил-малын бага эмч, ажилд орсон он-1988, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум-Бүрд сум” гэсэн ХААТР-1 /А/ маягт, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон “Гэрлэснийг бүртгэх анкет”-д “Өвөрхангай аймгийн Бүрд сум, С.А, дээд боловсролтой, ажилладаг байгууллага-Бүрд сум, эрхэлдэг ажил-хэсгийн төлөөлөгч, эхнэр Б.О, тусгай дунд боловсролтой, ажилладаг байгууллага-мал эмнэлэг, эрхэлдэг ажил-санитарч” гэсэн ХААТР-15, “Дүлзэн овогт Б.О, байнга оршин суугаа газрын хаяг- А аймгийн Т сумын Суман 4 дүгээр баг” гэсэн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,
- Б.Огийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1995-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/302 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 129 дугаар хуудсанд “Өвөрхангай аймгийн Бүрд сумын оршин суугч, Д.Б, тэргүүлэгч өөрөө, 51 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-дизельчин, Л.Д, эхнэр, 43 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-асрагч, Б.О, охин, 19 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малын бага эмч, Б.Б, охин, 13 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-6 дугаар ангийн сурагч, Б.Г, хүү, 10 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил- 3 дугаар ангийн сурагч, Б.Д, охин, 23 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-залгагч, П.Г, ач/зээ, 0 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-бусдын асрамж” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-05/2257 тоот лавлагаа зэрэг баримтууд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Т.У-гийн: “Би 1987 оны 06 дугаар сард Д аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд 07 дугаар сард нь Ө аймгийн Б сумын У нэгдэлд малын бага эмчээр томилогдон ирж байсан. Түүнээс хойш Улаан туг нэгдэл тартал буюу 1992 оны 05 дугаар сарыг хүртэл тус нэгдэлд малын бага эмчээр ажилласан. Б.О нь Д аймгийн Хөдөө аж ахуйн техникумд манай доод курсийн оюутан байсан. Уг гарал нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул хүн байгаа юм. Манай доод курст сурч байсан болохоор 1988 оны хавар сургуулиа төгсөөд 1988 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар багийн Бяруу тэжээх баазад малын бага эмчээр ирж байсан. Түүнээс хойш малын бага эмчээр ажиллаж байгаад 1992 оны өвөл санагдаж байна /их цастай л жил байсан/ А аймгийн Т сум руу нөхрөө дагаад явж байсан. Нөхөр нь тухайн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын хэсгийн төлөөлөгч ажилтай байсан. Тэгээд А аймгийн Т сум руу шилжсэн. Би Б.Ог сайн танина. Б.О бид хоёр Бүрд сумын Улаан туг нэгдэлд мал эмнэлгийн тасагт хамт ажиллаж байсан болохоор малын бага эмчээр ажиллаж байсныг нь сайн мэдэж байна” гэх,
- Гэрч Г.Б-ын: “Би 1987 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар багийн Бяруу баазад эрчимжсэн мал аж ахуйн малчнаар ажилд орж байсан. Түүнээс хойш Бяруу баазад малчнаар 1992 оны 06 дугаар сарыг хүртэл ажилласан. Ө аймгийн Б сумын У нэгдэл 1992 оны 06 дугаар сараас эхлэн хувьчлагдсан. Б.О нь 1988 онд сургуулиа төгсөөд 1988 оны намраас Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар багийн Бяруу тэжээх баазад малын бага эмчээр ирж байсан. Тухайн үед малын бага эмчээр У, О, Ч нарын 3 эмэгтэй ирж байсан. Малын их эмчээр нь Ц гэж хүн ажиллаж байсан. Б.О 1988 оноос хойш Бяруу тэжээх баазад малын бага эмчээр ажиллаж байгаад А аймгийн хүнтэй гэр бүл болоод 1992 оны өвөл Архангай аймаг руу шилжсэн. 1991 оны намар Улаан туг нэгдэлд Б.О ажиллаж байсан. Ө аймгийн Б сумын У нэгдэл 1992 оны 06 дугаар сараас эхлэн хувьчлагдсан. Нэгдэл хувьчлагдаж эхлэхэд Б.О малын бага эмчээр ажиллаж байгаагүй. Б.О нь 1988 оноос Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар багийн Бяруу тэжээх баазад малын бага эмчээр 1992 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан болохоор би Б.Ог ажиллаж байсан болохыг гэрчилж байна ...” гэх,
- Гэрч Д.О-ийн: “Би 1991 оноос 1994 оныг хүртэл А аймгийн Хангай сумын Мал эмнэлгийн тасгийн Хан-Уул бригадыг хариуцсан зоотехникчээр ажиллаж байсан. Б.О нь 1992 оны өвөл А аймгийн Хангай суманд шилжиж ирж байсан. Б.О нь 1992 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Хангай сумын Мал эмнэлгийн тасгийн Ноёнхангай бригадыг хариуцсан малын бага эмчээр ажиллаж байсан. А аймгийн Хангай сумын Мал эмнэлгийн тасгийн малын бага эмч, зоотехникч нар нь 6 бригадаа хариуцан ажилладаг байсан. А аймгийн Хангай сумын Мал эмнэлгийн тасгийн даргаар н.Б эмч, ерөнхий зоотехникчээр н.С нар ажиллаж байсан. А аймгийн Хангай сумын Мал эмнэлгийн тасаг 1997, 1998 оны үед хувьчлагдаж байсан. Б.О нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Хангай сумын Мал эмнэлгийн тасгаас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Б.О нь ажиллаж байх хугацаандаа баярын бичиг авч байсан байх. Би Б.О-тэй Хангай сумын Мал эмнэлгийн тасагт хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар мэдэж байна” гэх,
- Гэрч С.П-гийн: “Би 1987 оноос 1989 оныг хүртэл А аймгийн Прокурорын газарт хэсгийн прокуророор, 1989 оноос 1993 оны 07 дугаар сарыг хүртэл А аймгийн Хангай сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хурлын нарийн бичгийн даргаар, 1993 оны 07 дугаар сараас 2012 оныг хүртэл Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан. Б.О нь намайг А аймгийн Хангай сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед 1992 оны өвөл Өвөрхангай аймгийн Бүрд сумаас шилжиж ирсэн. Шилжиж ирээд сумын мал эмнэлэгт Ноёнхангай баг хариуцсан малын бага эмчээр ажиллаж байсан. 1997, 1998 оныг хүртэл сумын малын эмнэлэгт Ноёнхангай баг хариуцсан малын бага эмчээр ажилласан. Б.О-гийн нөхөр н.А Хангай сумын хэсгийн төлөөлөгчөөр 1991 оны намар шилжиж ирсэн. Хангай сумын мал эмнэлэгт орон тоо гараад Б.О нь 1992 оны өвөл шилжиж ирж байсан. А аймгийн Хангай сумын Мал эмнэлгийн тасаг 1997,1998 оны үед аж ахуйн хэлбэрт шилжсэн. А аймгийн Хангай сумын Мал эмнэлгийн тасгийн даргаар н.М, Н.Б нар ажиллаж байсан. Б.О нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Хангай сумын Мал эмнэлгийн тасгаас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Хангай суманд Б.Отэй хамт ажиллаж, мөн Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр томилогдоод Хангай, Тариат, Цахир, Өндөр-Улаан сумдыг хариуцаж ажилладаг байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 258 тоот албан бичгээр ирүүлсэн Маягт-1 баримт нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д овогт Б.О-гийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малын бага эмчээр, А аймгийн Х сумын Н багт 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА