| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00360/И |
| Дугаар | 129/ШШ2024/00317 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 129/ШШ2024/00317
| 2024 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 129/ШШ2024/00317 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ааймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С овогт З.Б-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч З.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- З.Б миний бие 1969 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд шууд мал дээр хуваарилагдан очсон. Би А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажилласан. 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ардын армийн 072 дугаар цэргийн ангид цэргийн албаа хаасан. Цэргээс халагдаж ирээд буюу 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б нэгдэлдээ малчнаар ажилласан. Би ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажиллаж байх хугацааны зарим оны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт бүрэн гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Миний архивын лавлагаа, өмч хувьчлал зэрэг нотлох баримтуудыг үндэслэн намайг А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
- Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б нь 1969 онд төрсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь болсон. З.Б 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд шууд илгээлтээр мал дээр хуваарилагдан А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Ингээд 1987 оны 10 дугаар сарны 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ардын армийн 072 дугаар цэргийн ангид цэргийн алба 2 жилийн хугацаагаар хаасан. Цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөн А аймгийн Ө сумын Б нэгдэлдээ малчнаар ажилласан. З.Б өөрийн хайнга байдлаасаа болж хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. З.Бт холбогдох зарим лавлагаа Ааймгийн Архивын тасгаас гарахгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгож, тэтгэвэртээ орж чадахгүй хохироход хүрээд байгаа юм. Ингээд Нийгмийн даатгалын газраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсний дагуу тус шүүхэд хүсэлт гаргасан. Иймд Архивын лавлагаа, өмч хувьчлал, болон бусад нотлох баримтуудад үндэслэн З.Бын А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
- Ааймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 535 тоот тодорхойлолт,
Ааймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- Ааймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” 58 тоот тогтоол, тогтоолын хавсралт,
- Ааймгийн Өндөр-Улаан сумын өмч хувьчлалын материал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч З.Бын хүсэлтээр З.Г, Б.Т нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Ааймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/504 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/619 тоот тодорхойлолт,
- Ааймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 543 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/, Маягт-1,
- Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 358 тоот албан бичгээр ирүүлсэн 06/1704 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”, А аймгаас 1987 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч З.Б-ын А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч З.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “З.Б БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар А аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 072 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 644905 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн 80, 06/1704 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ө сумын Б нэгдлийн 1986, 1990 оны материалыг шүүн үзэхэд З.Бт холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 535 тоот тодорхойлолт,
Ааймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Ө сумын Б нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” 58 тоот тогтоол, /Тогтоолд 1. Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд ХАА-д хуваарилагдан ирж тодорхой ажил эрхлэхээр хөдөлмөрийн гэрээ хийсэн 19 залууд хавсралтад зааснаар тус бүр 300 төгрөгийн тэтгэмж олгохоор тогтоож, хавсралтыг баталсугай, 2. Тэтгэмжид олгосон 5700 төгрөгийг тэтгэвэр тэтгэмжийн фондоос гаргаж зарлага болгохыг нэгдлийн санхүүд зөвшөөрсүгэй, тогтоолын хавсралт нэрсийн жагсаалтын 1-т: З.Б, ямар ажил хийх-хоньчин, олгох мөнгө-300/ гэсэн,
- А аймгийн Ө сумын өмч хувьчлалын материалд нэрсийн жагсаалтын 107-т З.Б дугаар-027903, нэрлэсэн үнэ-14.0, малын үнэ-12.1, байшин барилга-0,3, машин техник-0,1, бусад хөрөнгө-0.5, мөнгөн хөрөнгө-0.4, бусад-0.2, авлага-0.5, олгосон мал хөрөнгийн үнэ-14.8, илүү-8.4/ гэсэн,
- З.Б-ын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1991-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/504 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгосон “А аймгийн Ө сум, З.Б, 1969 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, А бригадын Б байнга оршин суудаг, ажилладаг байгууллага-Б нэгдэл, эрхэлдэг ажил-үхэрчин, ажилд орсон он-1989, эрхэлж эхэлсэн он-1989, оршдог сум-Ө сум” гэсэн ХААТР-1 /А/ маягт, 1986 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олгосон “А аймгийн Ө сум, З.Б, 1969 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, одоо хаана ямар ажилтай-А бригадын Бор бургасанд үхэрчин” гэсэн Маягт №1 баримтууд,
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 358 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн “З.Б, 1969 оны 07 дугаар сарын 12-ны өдөр, 18 настай, халх, А аймгийн Өндөр-Улаан сумын Азарга бригад, 1985 оноос Өндөр-Улаан сумын Азарга бригадад үхэрчин, ам бүл 7, эцэг З-Өндөр-Улаан суманд мал тууварчин, эх Ч-Ө суманд саальчин, эгч Ц-саальчин, дүү Г, Г нар нь 7, 5 дугаар ангид сурагч, дүү О гэртээ байдаг, 1985 онд Ө сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн, Ах Г-Ө суманд мужаан” гэсэн “А аймгаас 1987 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет” зэрэг баримтууд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч З.Г-ын: “Би 1982 оноос 1984 оныг хүртэл, 1987 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1984 оноос 1987 оныг хүртэл цэргийн алба хаасан. З.Б нь 1985 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. 1985 оноос 1987 оны 10 дугаар сар хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдлийн А бригадад малчнаар ажиллаж байсан. З.Б нь аав н.З-гийн хамт бяруу хардаг байсан. 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдсан. 1989 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. 2 жилийн цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1989 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдлийн А бригадад малчнаар ажиллаж байсан. Цэргээс ирээд хурга харж байгаад 06 дугаар сард бяруу малласан. З.Б нь хүргэн ах н.Д, төрсөн дүү З.Г нарын хамт мал маллаж байсан. А аймгийн Ө сумын Б нэгдэл 1991 онд хувьчлагдсан. А аймгийн Ө сумын Б нэгдлийн даргаар н.Д, н.Б нар, А бригадын даргаар н.Г, н.Н нар ажиллаж байсан. З.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Б нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би З.Б-ын төрсөн ах, мөн нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх,
- Гэрч Б.Т-ийн: “Би 1968 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдлийн А бригадад малчнаар ажиллаж байсан. З.Б нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. З.Б нь 1985 оноос 1987 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдлийн А бригадад малчнаар ажиллаж байсан. З.Б нь үхэр хардаг байсан. З.Б нь цэрэгт явахаасаа өмнө аав н.З-тэй хамт мал малладаг байсан. З.Б нь 1987 оноос 1989 оныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1989 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдлийн А бригадад малчнаар ажиллаж байсан. Нэгдлийн үхэр хардаг байсан. З.Б нь нэгдлийн мал маллаж байхдаа Ө сумын Б нэгдлийн А бригадын Шаргачин, Бор бургас гэх газруудаар нутагладаг байсан. А аймгийн Ө сумын Б нэгдэл 1991 онд хувьчлагдсан. А аймгийн Ө сумын Б нэгдлийн даргаар н.О, н.Б нар, Азарга бригадын даргаар н.Г, н.Н нар ажиллаж байсан. З.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Б нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би З.Б-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна ...” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С овогт З.Б-ын А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА