Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 129/ШШ2024/00319

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 129/ШШ2024/00319

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Ш овогт Х.О-ийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Х.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Х.О миний бие 1969 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгох нас болоод байна. Би 1985 онд Ц сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд Нэгдэл дундын үйлдвэрийн Ц сумын Бүрд бригадад ажиллаж байсан. Хөрөө раманд мод бэлтгэгчээр 1985, 1986, 1987 онуудад ажиллаж байгаад цэрэгт явсан. Эдгээр онуудад ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Тэтгэвэрээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогртоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Х.О миний бие 1985 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Нэгдэл дундын үйлдвэрийн Ц сумын Бүрд бригадын Хөрөө раманд мод бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

- Хүсэлт гаргагч Х.О шүүхэд гаргасан хүсэлтийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Ц сумын Ц багийн Хангинах хэмээх газар оршин суух Х.О миний бие 1969 онд төрсөн. 1985 онд Ц сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд И сумын Нэгдэл дундын үйлдвэрийн Ц сумын Бүрд бригадын Хөрөө рамд мод бэлтгэгчээр 1985-1987 онуудад ажиллаж байгаад цэрэгт явсан. Эдгээр онуудад ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогртоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Х.О миний 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл А аймгийн И сумын Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын Хөрөө рамд мод бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 430 тоот тодорхойлолт,

- Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооноос 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Х.От олгож байсан “НДҮ байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан танай гэр бүлийнхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажил амьдралд чинь аз жаргал эрүүл энхийг хүсье” гэсэн Мэндчилгээ,

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08/1726 тоот лавлагаа,

- Х.Оийн 501266 дугаартай Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

            3. Хүсэлт гаргагч Х.Оийн хүсэлтээр П.Д, Б.Ц нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 444 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/,

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/364 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот тодорхойлолт,

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08/390 тоот албан бичгээр ирүүлсэн 08/1896 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Х.О-ийн А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа  Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мод бэлтгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Х.О нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа  Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мод бэлтгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Нэгдэл дундын үйлдвэрийн 1985-1987 онуудын материалыг шүүн үзэхэд Х.О-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн 430 тоот тодорхойлолт,

- Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооноос 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Х.От олгож байсан “НДҮ байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан танай гэр бүлийнхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажил амьдралд чинь аз жаргал эрүүл энхийг хүсье” гэсэн Мэндчилгээ,

          - Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон А аймгийн Ц сум, 1969 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, халх, Ц сум Бүрд хэсэг байнга оршин суудаг, бүрэн бус дунд боловсролтой гэсэн ХААТР-1 /А/,

          - Х.О-ийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/364 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Нэгдэл дундын үйлдвэрийн 1985-1987 онуудын баримтыг шүүн үзэхэд Х.О-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн 51 тоот тодорхойлолт,

          - Тагнуулын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Х.О нь Архангай аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0184 дүгээр ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэсэн 08/1726, 08/1986 дугаартай лавлагаанууд,

          - Х.Оийн 501266 дугаартай Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ зэрэг баримтууд

           

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч П.Д-ийн: “Би 1960 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын даргаар ажиллаж байсан. Х.О нь 1985 оноос 1987 оныг хүртэл А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд мод бэлтгэгчээр ажиллаж байсан. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын ажилчид нь мод бэлтгэж, модоо зүсэж банз болгоод нэгдлүүдэд банзаа нийлүүлдэг байсан. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рам нь Нэгдэл дундын үйлдвэрийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг байсан. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд 70-80 тооны ажилчин ажилладаг байсан. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд мод бэлтгэлийн бригад, хөрөө рамын бригад гэж хоёр хуваагддаг байсан. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын ажилчид нь 2-3 ээлжээр ажилладаг байсан. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рам нь 1991 оны сүүлээр хувьчлагдсан. Х.О-ийн цэргийн алба хаасан талаар мэдэхгүй байна. Х.О нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би тухайн үед А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын даргаар ажиллаж байсан болохоор Х.О-ийн ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын ажилчдын бичиг баримтыг А аймгийн Нэгдэл дундын үйлдвэр рүү шилжүүлдэг байсан. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн архив шатаж байсан. Тэр үед тушаал, шийдвэр, цалингийн цэс бүгд шатсан. Тухайн үед Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын ажилчдыг Нэгдэл дундын үйлдвэрийн боловсон хүчин томилж тушаал шийдвэр гаргадаг байсан. Би тушаал гаргадаггүй байсан” гэх,

- Гэрч Б.Ц-ийн: “Би 1971 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд нормчин, мод бэлтгэлийн бригадын даргаар ажиллаж байсан. Х.О нь 1985 оноос 1987 оныг хүртэл Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд мод бэлтгэгчээр ажиллаж байсан. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын ажилчид нь модоо бэлтгэж, модоо зүсэж банз болгоод нэгдлүүдэд банзаа өгдөг байсан. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рам нь Нэгдэл дундын үйлдвэрийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг байсан. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд 20 гаран тооны ажилчин ажилладаг байсан. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рам мод бэлтгэлийн бригад, хөрөө рамын бригад гэж хоёр хэсэг хуваагддаг байсан. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын ажилчид нь 2 ээлжээр ажилладаг байсан. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын мод бэлтгэлийн бригадад н.Д, н.Г, Х.О, би, н.Я, н.Э нар ажилладаг байсан. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рам нь 1992 оны эхээр хувьчлагдсан. Х.О нь 1987 онд цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд ажилласан. Х.О нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Х.О-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ц сумын Бүрд бригадын хөрөө рамын ажилчдын тушаал, шийдвэр, цалингийн цэс Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт хадгалагддаг байсан. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн архив 1983-1984 оны үед шатаж байсан...” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

            3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

           4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                               

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш овогт Х.О-гийн А аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа  Ц сумын Бүрд бригадын хөрөө рамд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мод бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА