Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж,

     нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,

     улсын яллагч Н.Бадам,

шүүгдэгч Ч.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 1733000460029 тоот хэргийг 2017 оны  11-р сарын  01-ний өдөр хүлээн авч,  хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумд төрсөн, 00 настай, дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Төв аймгийн Жаргалант сум, Загдал, 4 дүгээр баг, Шандын тав гэх газар оршин суух хаягтай, Боржигон овогт Чинбатын Санжаажамц /РД: НЮ-/.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  Ч.Санжаажамц нь 2017 оны 09-р сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэр Шар хөтөл гэх газарт ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2017 оны 09-р сарын 16-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 3-8-р хуудас/, 

2. 2017 оны 09-р сарын 26-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хадгалуулах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9, 10-12-р хуудас/,

3. 2017 оны 09-р сарын 12-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/,

4. 2017 оны 09-р сарын 27-ны өдрийн 18-04-331/02 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тогтоосон тухай акт /хх-ийн 15-р хуудас/,

5. Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

6. Мөрдөн байцаалтад гэрч Н.Төрсайханы өгсөн мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас/,

7. Мөрдөн байцаалтад гэрч С.Нарантуяагийн өгсөн мэдүүлэг  /хх-ийн 20-р хуудас/,

8. Мөрдөн байцаалтад гэрч Р.Сандагдоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:

Шүүгдэгч Ч.Санжаажамц нь 2017 оны 09-р сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэр Шар хөтөл гэх газарт ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Үүнд:

1. Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн “...Иргэн Ч.Санжаажамц нь ойн санд 665 820 төгрөгийн хохирол учруулсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

2. Мөрдөн байцаалтад гэрч Н.Төрсайханы өгсөн “...2017 оны 09-р сарын 04-ний өдөр Орхон сумын Засаг даргын захирамжаар иргэдэд хадлангийн газар хуваарилахаар ажлын хэсэг гарч явж иргэдэд иргэдэд газар хуваарилж өгөөд явж  байсан. Тэгээд Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэр Шар хөтөл гэх газарт иргэдэд газар өгөөд явж байгаад ой руу  ороход мод бэлтгэсэн шинэхэн мөр байсан юм. Тэгээд хэсгийн цагдаа Баярсайхан араас нь мотоцикльтой явсан юм. Мод бэлтгээд явсан мөр нь Төв аймгийн Жаргаланд сумын зүг явсан байсан юм...“ гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

3. Мөрдөн байцаалтад гэрч С.Нарантуяагийн өгсөн “...Манай нөхөр Санжаажамц нь өөрийн ээж Дашцэрэнд түлээний мод бэлтгэж өгнө гээд ганцаараа явсан юм. Тэгээд буруу газраас бэлдээд баригдсан байсан юм...” гэх хэсэг /хх-ийн 20-р хуудас/,

4. Мөрдөн байцаалтад гэрч Р.Сандагдоржийн өгсөн  “...2017 оны 09-р сарын 04-ний өдөр Орхон сумын Засаг даргын захирамжаар иргэдэд хадлангийн газар хуваарилахаар ажлын хэсэг гарч явж иргэдэд иргэдэд газар хуваарилж өгөөд явж  байсан. Тэгээд Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэр Шар хөтөл гэх газарт иргэдэд газар өгөөд явж байгаад ой руу  ороход мод бэлтгэсэн шинэхэн мөр байсан юм. Тэгээд хэсгийн цагдаа Баярсайхан араас нь мотоцикльтой явсан юм. Мод бэлтгээд явсан мөр нь Төв аймгийн Жаргаланд сумын зүг явсан байсан юм....” /хх-ийн 23-р хуудас/,

5. 2017 оны 09-р сарын 16-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 3-8-р хуудас/, 

6. 2017 оны 09-р сарын 26-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хадгалуулах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9, 10-12-р хуудас/,

7. 2017 оны 09-р сарын 12-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...1. 3-р мужийн ойн сангийн 1 м3 улиас модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 48 000 төгрөг Хус модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 57 000 төгрөг байна. Нийт бэлтгэсэн модонд хэмжиж дүгнэхэд хус мод 0.073 м3*57 000*1.8=92 340 төгрөг, улиас мод 1.5 м3*48 000*1.8=129 600 төгрөг, нийт 221 940 төгрөг болж байна. 2. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хууль бусаар мод бэлтгэсэн иргэн Ч.Санжаажамц нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 221 940 төгрөгийн хохирол учруулсан байна. 3. Ойн сангийн 1 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон 394-р тушаалын 1-р хавсралтаар хавсаргав...” гэх хэсэг /хх-ийн 14-р хуудас/,

8. 2017 оны 09-р сарын 27-ны өдрийн 18-04-331/02 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тогтоосон тухай актын “...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т /Ойн санд учирсан хохирлыг онй экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно/ гэсний дагуу 221 940 * 3 =  665 820 төгрөг болов...” гэх хэсэг /хх-ийн 15-р хуудас/,

9. Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Санжаажамцын өгсөн “...Би 2017 оны 09-р сарын 05-ны өдөр Шар Хөтөл гэдэг газраас мод хийсэн. Тэгээд баригдаад Хөтөл рүү ирсэн... Би ганцаараа явсан.  Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг гэдэг газраас мод хийхээр Пүрэвдорж гэдэг хүнээс зөвшөөрөл авсан. Шар Хөтөл гэдэг газраас мод бэлтгэх зөвшөөрлийг манай ээж сумын төв рүү биеэ үзүүлчихээд ирэхдээ авчирсан. Ээжид хийж өгөх гэж байсан мод байгаа юм. Би Шар Хөтөл гэдэг газраас арагшаагаа даваад мод хийсэн. Шар Хөтөлийн урд тал нь Жаргалант сумын нутаг, арагшаагаа даваад Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг болдог. Би арагшаагаа давж мод хийгээд буруудсан... Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаарх дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Ч.Санжаажамцын зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Санжаажамцад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөргүй зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Санжаажамцад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд улсын яллагчийн 500 нэгжээр /500 000 төгрөгөөр/ торгох саналыг шүүгдэгч Ч.Санжаажамц нь хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Санжаажамцын хувьд ногдох хөрөнгө, өрхийн орлого зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман сарын хугацаанд 500 000 төгрөгөөр торгох ялыг  хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 08 /найман/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг  шүүгдэгч Ч.Санжаажамцад мэдэгдсэн болно.

Шүүгдэгч Ч.Санжаажамцын эзэмшлийн 15-62 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11-р сарын 06-ны өдрийн 170 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, 15-62 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг тус тус хураан авч, улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ч.Санжаажамцад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36,2, 36.6-36.8, 36.10-д заасныг удиртгал болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Чинбатын Санжаажамцыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Санжаажамцыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Санжаажамц нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 08 /найман/ сарын хугацаанд 500 000 төгрөгийн  торгох ялыг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Санжаажамц нь  500 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Ч.Санжаажамц нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Санжаажамцын эзэмшлийн 15-62 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11-р сарын 06-ны өдрийн 170 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, 15-62 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг тус тус хураан авч, улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ч.Санжаажамцад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гардуулсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  нар шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.НАРАНТУЯА