Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/01565

 

 

 

 






  2024      04        16                                      181/ШШ2024/01565

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Х овогт Ш-ын Б /РД:0/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 0 тоот хаягт оршин суух, Т овогт Ч-ийн Б /РД:0/-д холбогдох,

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, 108,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гэрч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Хариуцагч Ч.Б нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ө ХХК-тай "Орон сууц захиалгын гэрээ байгуулан, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны 1-р орц, 2 давхар Е загвар, 62,61 мкв орон сууцны захиалан авсан гэдэг. Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгч Ш.Б-тай 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр "Эрх шилжүүлэх гэрээ" байгуулж, "Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны Е загвар, 63.8 мкв орон сууцны "Орон сууц захиалгын гэрээ"-г шилжүүлсэн байдаг.

"Эрх шилжүүлэх гэрээ-ний 2-т "Төлбөр авагч нь уг орон сууц захиалгын гэрээг бусдад шилжүүлэх эрхтэй, төлбөрийг өөрсдийн дансанд шилжүүлэн авах эрхтэй" гэж заасан байх боловч гэрээ байгуулах тухайн цаг мөчид Ч.Б-д "Баянзүрх дүүрэг, 5- р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны Е загвар, 63.8 мкв орон сууцныг өмчлөх эрх буюу тухай орон сууцтай холбоотой шаардах эрх байгаагүй.

Учир нь хариуцагч Ч.Б нь Ө айл үйлчилгээний төвтэй орон сууцны төслийг барьж гүйцэтгэгч Ө ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгэн, ажлын төлбөрт Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны 2 давхарт Е загвар, 62,61 мкв орон сууцыг тооцон авсан гэх боловч, гэрээгээр тохирсон ажлыг бүрэн дуусгаж, төлбөр тооцоо бүрэн дууссан эсэх нь тодорхойгүй байдаг.

Мөн хариуцагч Ч.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Ө  ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэн ажлын төлбөрт 3 ширхэг орон сууц авахаар тохиролцсон боловч гэрээний хавсралтад "Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Кино үйлдвэрийн хойд талд "Ө" үйлчилгээтэй орон сууцны байрны 5 давхар 65.59 мкв 2 өрөө 29 тоот, 9 давхар 64.62 мкв 2 өрөө 63 тоот, 10 давхар 81.02 мкв 3 өрөө 70 тоот байруудыг бартераар өгнө" гэж заасан байна. Нэхэмжлэлд дурдагдсан Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны 1-р орц, 2 давхар Е загвар, 62,61 мкв орон сууц нь Ч.Буян-Өлзийд бартераар өгөх байрнуудын тоонд ороогүй байна. Үүнээс үзэхэд хариуцагч Ч.Б нь Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Өргөө-88 үйлчилгээтэй орон сууцны 1-р орц, 2 давхар Е загвар, 62,61 мкв орон сууцыг бартераар авсан гэж хууран мэхлэж, 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ" гэх гэрээг нэхэмжлэгч Ш.Б-т үзүүлэн, захиалгын эрхтэй гэх ойлголтыг төрүүлж, 108,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-д зааснаар "Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй" байдаг.

Гэвч хариуцагч Ч.Б-ийн "Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны 2 давхарт Е загвар, 62,61 мкв орон сууцыг захиалан авах эрх нь анхнаасаа эрхийн доголдолтой байсан бөгөөд гуравдагч этгээд болох "Ө ХХК нь хууран мэхэлсэн болохыг хариуцагч Ч.Б мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан гэж үзэж байна.

"Ө ХХК нь Н ХХК-тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №01/20 дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ"-ний төлбөрт "Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны 2 давхарт Е загвар, 56.77 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг тооцон өгсөн. Энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тодруулбал,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/0 дугаартай шийдвэрээр "Ө ХХК нь Н ХХК-д ажлын хөлсөнд "Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Өлгий 29, 88 айлын үйлчилгээтэй орон сууцны 2 давхарын Е загварын 56.77мкв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь гэрээний хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №27 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбараар тогтоогдож байна гэж дүгнэж, уг орон сууцыг "Н" ХХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг.

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн "Эрх шилжүүлэх гэрээ"-ний 2-т "Төлбөр авагч нь уг орон сууц захиалгын гэрээ"-г бусдад шилжүүлэх эрхтэй, төлбөрийг өөрсдийн дансанд шилжүүлэн авах эрхтэй" гэж заасан байх боловч шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах тухайн мөчид Ч.Б-д "Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны Е загвар, 63.8 мкв орон сууцтай холбоотой шаардах эрх, эрхийн доголдолгүй захиалгын эрх байгаагүй, захиалгын эрхийг анхаасаа олж аваагүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Иймд хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгч Ш.Б-ыг хууран мэхлэж, гэрээ байгуулан 108,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн "Эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 108,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Б-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Б нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч Ш.Б-тай 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний 3-д Төлбөр авагч нь "Орон сууц захиалгын гэрээг төлбөр төлөгчид 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор шилжүүлнэ. Энэ тохиолдолд төлбөр төлөгч болон Ө үйлчилгээний төвтэй орон сууц төслийн хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч 6047726 регистрийн дугаартай "Ө ХХК, иргэн Ш.Б нарын хооронд 2021.08.26-ны өдрийн "Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсанаар гэрээ шилжүүлсэнд тооцно" гэж заасны дагуу захиалагчийн эрх үүрэг бүрэн шилжиж дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.М-тэй "Эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулж тус гэрээг үндэслэн Ө ХХК иргэн Б.М нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээ" байгуулагдаж Б.М нь тухайн байрандаа 1 жил амьдарч байсан дээрхээс нөхцөл байдлаас харахад хариуцагч нь хууран мэхэлсэн зүйл огт байхгүй байна.

Мөн нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага тодорхой бус байх тул нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхой болгосны үндсэн дээр хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гаргах боломжтой байна гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас: 2021.08.26-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, Ш.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Голомт банкны 2021.08.31, 2021.11.25, 2021.08.26, 2023.09.26-ны өдрүүдийн төлбөрийн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2020.09.09-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Гэрээт ажлын гүйцэтгэлийн акт, гүйцэтгэсэн ажлын зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас: 2021.08.19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2021.08.26-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар: 2022.09.15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.07-ны өдрийн 0 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023.07.07-ны өдрийн 0 дугаар тэмдэглэл, 2020.05.25-ны өдрийн №01/20 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн "Эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, 108,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь эрх шилжүүлэх гэрээг байгуулах үед сууцтай холбоотой шаардах эрх, эрхийн доголдолгүй захиалгын эрх Ч.Б-д байгаагүй буюу орон сууц захиалгын эрхийг анхаасаа олж аваагүйгээ мэдсээр байж, хууран мэхэлж гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шаардлага гаргасныг, хариуцагч Ч.Б эс зөвшөөрч, Ө ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх, үүрэг нэхэмжлэгчид бүрэн шилжиж дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

 

1. Хэрэгт авагдсан баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ч.Б-тэй 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, Ч.Б-гийн Ө ХХК-иас Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу шилжүүлэн авах, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны Е загвар, 63.8 мкв орон сууцыг 108,103,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрөө Ч.Б-д төлөхөөр тохиролцож, уг гэрээний дагуу Ш.Б нь Ө ХХК-тай 2021.08.26-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, Ө ХХК нь Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Кино үйлдвэрийн хойд талд Ө үйлчилгээтэй орон сууцны 1-р орц, 2 давхар Е загварын 63,59 мкв 2 өрөө, 5 тоот орон сууцыг Ш.Б-т хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 5-7, 25-30 хуудас/

Ш.Б нь 2021.08.26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021.08.31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021.09.27-ны өдөр 60,000,000 төгрөг, 2021.11.25-ны өдөр 23,000,000 төгрөг нийт 108,000,000 төгрөгийг Ч.Буян-Өлзийд төлжээ. /хавтаст хэргийн 11-13 хуудас/

 

Нэхэмжлэгч Ш.Б нь Б.М-тэй 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны 2 давхар Е загвар, 63.59 мкв 2 өрөө орон сууцыг 128,000,000 төгрөгөөр худалдаж, Б.М нь Ө ХХК-тай 2022.09.15-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, Ө ХХК нь Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Кино үйлдвэрийн хойд талд Ө үйлчилгээтэй орон сууцны 1-р орц, 2 давхар Е загварын  орон сууцыг Б.М-т хүлээлгэн өгөх, Б.М нь орон сууцны үнийг Ш.Б-т төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 58-62 хуудас/

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.07-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр хариуцагч Ө ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 хороо, 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 2-р давхрын Е загварын 56.77 мкв 2 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 83-98 хуудас/

Тодруулбал, Ө ХХК нь Н ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №01/20 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулж, ажлын хөлсөнд Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны 2 давхар Е загвар, 56.77 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсоны дагуу дээрхи шүүхийн шийдвэр гарсан байна. /хавтаст хэргийн 138-141 хуудас/

Зохигч эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

 

3. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ч.Б-г орон сууц захиалгын эрхийг анхаасаа олж аваагүйгээ мэдсээр байж, хууран мэхэлж гэрээ байгуулсан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.

 

Хариуцагч Ч.Б нь Ө ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Ө үйлчилгээтэй орон сууцны 1-р орц, 62,61 мкв орон сууцыг 100% бартераар авчээ. /хавтаст хэргийн 20-24 хуудас/

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-гээр Ө ХХК-иас авахаар тохиролцсон орон сууцанд маргаан бүхий 2 давхрын Е загварын 62,61 мкв талбай бүхий орон сууц байхгүй байгаа боловч хариуцагч нь уг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж 2021.06.30-ны өдөр хүлээлгэж өгснөөр Ө ХХК-иас авах мөнгөн төлбөртөө орон сууцыг тооцон авч, дээрхи гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 161-177, 189 хуудас/

Хариуцагч Ч.Б-г 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-гээр Ө ХХК-иас Өргөө-88 үйлчилгээтэй орон сууцны 2 давхар Е загвар, 62,61 мкв орон сууцыг шаардах эрхтэй байсан, уг эрхээ Ш.Б-т шилжүүлсэн гэж үзэхээр байх тул 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Б-ын Ч.Б-д холбогдуулан гаргасан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан Эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-д зааснаар Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж заасан.

 

Эрх шилжүүлэх гэрээний зүйл болох орон сууцыг Ө ХХК-иас гаргуулж Н ХХК-д олгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлохгүй.

Мөн Ө ХХК нь хариуцагч Ч.Б-тэй орон сууц захиалгын гэрээг байгуулахаас өмнө Н ХХК-д гэрээний төлбөрт орон сууцыг өгөхөөр тохиролцсон болох нь дээрхи шийдвэрээр тогтоогджээ.

 

4.1. Шүүхийн шийдвэрийн дагуу Н ХХК нь Ө ХХК-иас Ө үйлчилгээтэй орон сууцны 2 давхар Е загварын 2 өрөө орон сууцыг авснаар, Б.М нь Ш.Б-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-нээсээ татгалзаж, Ш.Б нь М-т өөр орон сууц шилжүүлэн өгч, төлбөрийг нь барагдуулсан болох нь гэрч Б.М-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 114-116 хуудас/

 

4.2. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу орон сууц Н ХХК-д шилжсэн тул хариуцагч Ч.Б-г нэхэмжлэгч Ш.Б-т орон сууцыг эрхийн доголдолгүй шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

4.3. Хариуцагч Ч.Б нь Ө ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх, үүрэг нэхэмжлэгчид бүрэн шилжсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Эрх шилжүүлэх гэрээ-гээр Ч.Б-ийн авах эрхтэй орон сууцыг нэхэмжлэгч Ш.Б нь худалдан авч, төлбөрөө Ч.Б-д төлсөн, уг эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Ө ХХК нь Ч.Б-д орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлэн өгөх орон сууцыг Ш.Б-т хүлээлгэн өгөхөөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-д зааснаар эрх шилжүүлэх гэрээний эрхээс уламжлагдсан, тухайн эрхээр хязгаарлагдсан гэрээ юм.

Иймээс Ш.Б-ын Ө ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг Ч.Б-ийн Ш.Б-тай байгуулсан эрх шилжүүлэх гэрээнээс тусдаа бие даасан гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч Ч.Б-гийн нэхэмжлэгч Ш.Б-ыг Ө ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнийхээ дагуу Ө ХХК-иас хохирлоо шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

4.4. Ө ХХК нь хариуцагч Ч.Б-тэй орон сууц захиалгын гэрээг байгуулахаас өмнө Н ХХК-д гэрээний төлбөрт орон сууцыг өгөхөөр тохиролцсон болохыг хариуцагч Ч.Б мэдэж байсан, мэдэх боломжтой байсан болох нь Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн хувьд болон гэрч Ө ХХК-ийн захирал Б.М-ын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч Ч.Б нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-д зааснаар орон сууцыг худалдан авагч Ш.Б-т эрхийн доголдолгүй шилжүүлэх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Ш.Б нь Эрх шилжүүлэх гэрээ-нээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 108,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Б-с буцаан шаардах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэх юм.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ч.Б-д холбогдох 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Ш.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ч.Б-ээс 108,000,000 /нэг зуун найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-т олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,326,215 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ээс 697,950 /зургаан зуун ерэн долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Н.ОЮУНТУЯА