Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/02515

 

 

 

 

 

 

2024 06 04

182/ШШ2024/02515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .....

 

Нэхэмжлэгч: Ч....нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ....

 

Хариуцагч: ....

 

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Бу, Б.Э нар нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Э болон Б.Бу нар нь 2010 онд танилцан, 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг.

Улмаар 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр том охин болох Б.Тэ мэндэлсэн.

Залуу хүмүүс амьдрах орон байртай болох түүнчлэн хүүхдээ бусдаас дутаахгүй амьдруулна гэсэн бодлоор төрсөн охиноо ээждээ үлдээн нөхөр нь 3 сарын аяллын визээр БНСУ руу яваад, тус улсдаа харлаж, ажил хийж амьдарч байсан. Эхнэр нь гэрээгээр БНСУ-д ажил хийхээр явсан. Оршин суух зөвшөөрөлгүйгээр БНСУ-д өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байгаа.

Солонгос улсад ирсний дараа хүүхдээ өөр дээрээ авах бүхий л боломжийг илэрхийлж, виз мэдүүлэх гаргалгааг хайж байсан боловч тус улсад зөвшөөрөлгүй ажиллаж байгаа тул охин Б.Тэийн виз ерөөсөө гарах боломжгүй байдалд хүрсэн.

Виз мэдүүлдэг хүмүүст тухайн нөхцөл байдлаа хэлтэл гэрлэлтээ цуцлуулаад, өөр хүнд хүүхдийг үрчлүүлэх юм бол виз гарна гэх зөвлөгөөг өгсөн байдаг. Тухайн үед охиноо өөр дээрээ авах зорилготой байсан тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг Б.Эгийн төрсөн ах болох Б.Эын гэр бүлд үрчлүүлэхээр хүсэлт гарган 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үрчлүүлсний гэрчилгээг авсан байдаг.

Ингээд охин маань БНСУ руу виз мэдүүлж, 2018 онд БНСУ-д ирж бид гэр бүлээрээ амьдрах болсон. Үүнээс хойш Б.Э дахин төрж, охинтой болсон. Одоо том охин Б.Тэ нь БНСУ-ын Модан бага сургуулийн 3 дугаар ангид сурч, эрүүл өсөн бойжиж байгаа. Цаашдаа 2 охиныхоо эрүүл аюулгүй орчин болон боловсролын байдлыг нь харгалзан үзээд, БНСУ-д амьдрах хүсэл сонирхолтой байна.

БНСУ-ын хуулиар гадаад улсын иргэдийн хүүхэд тус улсад ирээд 6 жил амьдарч, одоо сургуульд сурч байгаа бол хууль ёсны оршин суух виз мэдүүлэх эрхтэй бөгөөд бичиг баримтын хувьд зөрчилгүй байх шаардлагыг тавьдаг болно.

Одоогоор хууль бусаар оршин сууж байгаа 2 охин тухайн улсын нийгмийн халамж үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээнээс хоцорч байгаа тул хууль ёсоор оршин суух зөвшөөрөл авах буюу виз авах зайлшгүй шаардлагатай байна.

Иймд охин Э.Тэргэлийг ах Б.Эын гэр бүлд үрчлүүлснийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Э миний бие Б.Эгийн төрсөн ах бөгөөд дүүгийнхээ охин Б.Тэийг ээжтэй нь уулзуулах буюу БНСУ руу виз мэдүүлэх зорилгоор 2017 онд өөрийн гэр бүлд үрчлэн авсан байдаг. Э.Тэнь өөрийн төрүүлсэн эцэг, эхийн асрамжинд эрүүл саруул өсөн торниж байгаа бөгөөд манай гэр бүл Австрали улсад аж төрж байна. Өөрөөр хэлбэл охин Э.Тэргэлийн үрчлэлтийг хүчингүй болгох асуудалд Б.Э, Ч.Ануударь нарын зүгээс ямар нэгэн маргаан байхгүй болно.

Иймд Б.Э болон Б.Бу нарын шүүхэд гаргасан охин Э.Тэргэлийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.Э, Ч.Ануударь нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 Э.Тэргэлийн гадаад паспортын хуулбар /хх-6/

3.2 Үрчлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-7-8/

3.3 Гэрлэсний гэрчилгээ /хх-9-10/

3.4 Сургуулийн тодорхойлолт, эрүүл мэндийн шинжилгээний хариу /хх-11-12/

3.5 Гэрэл зураг /хх-13/ зэрэг баримт авагдсан байна.

 

Үндэслэх НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Бу, Б.Э нар нь хариуцагч Б.Э, Ч.Ануударь нарт холбогдуулан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бу, Б.Э нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Бу, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Бид БНСУ-д охин Б.Тэийг авч ирэхээр виз мэдүүлэхэд гарахгүй байсан тул виз зуучлалын хүмүүсийн зөвлөгөөг даган өөрсдийн гэрлэлтийг цуцалж, 2017 онд охиноо Б.Эгийн төрсөн ах Б.Эын гэр бүлд үрчлүүлж, 2018 онд БНСУ-д авч ирсэн. Одоо охин Б.Тэ маань БНСУ-ын Модан бага сургуульд суралцдаг ба цаашид тус улсад амьдрах, хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах хүсэлтэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Б.Э, Ч.Ануударь нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ... дүү Б.Эгийн охин Б.Тэийг ээжтэй нь уулзуулах буюу БНСУ руу виз мэдүүлэх зорилгоор 2017 онд өөрийн гэр бүлд үрчлэн авсан. Э.Тэнь өөрийн төрсөн эцэг, эхийн асрамжид БНСУ-д эрүүл саруул өсөн торниж байгаа бөгөөд манай гэр бүл Австрали улсад аж төрж байна. Э.Тэргэлийн үрчлэлтийг хүчингүй болгоход Б.Э, Ч.Ануударь нарын зүгээс ямар нэгэн маргаан байхгүй .... гэсэн тайлбар гаргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Б.Бу, Б.Э нар нь 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, хамтран амьдрах хугацаанд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин Бөхөл овогт Буянтогтохын Тэргэл төрж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.Бу, Б.Э нар нь охин Б.Тэийг Б.Э, Ч.Ануударь нарт үрчлүүлж, хүүхэд үрчилсний бүртгэлийн 148 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан, охин Б.Тэ нь одоо Бүгд Найрамдах Солонгос улсад Б.Бу, Б.Э нарын хамт амьдарч, сурч боловсорч байгаа үйл баримт нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх6-13/

 

Талууд дээрх үйл баримт болон үрчлэлт хүчингүйд тооцох талаар маргаагүй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд үрчлэлтийг хүчингүйд тооцох талаар зохицуулж, 61.1 дэх хэсэгт Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно, 61.2 дахь хэсэгт Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбар зэргээс үзвэл эцэг Б.Бу, эх Б.Э нар нь өөрсдийн оршин суугаа Бүгд Найрамдах Солонгос улсад хамт амьдрах, виз мэдүүлэх зорилгоор охин Б.Тэийг Б.Э, Ч.Ануударь нарт үрчлүүлсэн байх ба охин Б.Тэ нь үрчлүүлснээс хойш өөрийн төрүүлсэн эцэг, эхийн асрамжид Бүгд Найрамдах Солонгос улсад амьдарч, суралцаж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох бусад үндэслэлд хамаарч байна.

 

6. Иймд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Тэ /РД:...-ийг ....нарт үрчлүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 148 дугаарт бүртгэсэн, үрчлэлтийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

7. Охин Б.Тэийг 2018 оноос хойш нэхэмжлэгч нарын асрамжид амьдарч байгаа болон Бүгд Найрамдах Солонгос Улс, Гёнги муж, Гуян хот, Илсан дүүрэг, Жүнсан хороонд байрлах Моданг бага сургуульд суралцаж буй нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасны дагуу төрсөн эцэг Б.Бу, эх Б.Эгийн асрамжид буцаан өгөх нь зүйтэй байна.

 

8. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ. гэж заажээ.

Үрчлэлтийг хүчингүйд тооцсонтой холбоотойгоор 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Их мянган овогт Энхбаярын Тэргэлийг эцэг Бөхөл овогт Бавуугийн Буянтогтох, эх Ихмянган овогт Батаагийн Энхтуяа нарын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.

 

11. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Бу, Б.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Ч.Ануударь нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бу, Б.Э нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бу, Б.Э нараас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Тэ/РД:...-ийг Б.Э, Ч.Ануударь нарт үрчлүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 148 дугаарт бүртгэсэн, үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан охин Э.Тэргэлийг төрүүлсэн эцэг Б.Бу, эх Б.Эгийн асрамжид шилжүүлсүгэй.

 

3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар Их мянган овогт Энхбаярын Тэргэл /РД:...-ийг эцэг .... нарын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бу, Б.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Ч.Ануударь нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бу, Б.Э нарт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.Цэнд-Аюуш