Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/51

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч: Д.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1727000070006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэтолгой багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах “Цэнгүүн хүрээ” нэртэй жуулчны баазаас буюу агуулах саванд нэвтэрч эд зүйл хулгайлан авч хохирогч С.Э-д 667.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Цэнгүү хүрээ” гэх жуулчны баазад нууцаар орж орны бүтээлэг, хөнжилийн даавуу зэрэг эд зүйл хулгайлаад гарах гэж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Э-ы өгсөн “...жуулчны баазын дотор байх 2 давхар буудлын шатаар зүс таних эрэгтэй хүн модон сандал, хулдаас, хадаас сугалдаг лоом зэргийг гартаа барьчихсан бууж ирсэн. Тухайн үед зүс таних хүнийг ямар учиртай энд явж байгааг асуухад энд ойр орчмыг нь янзалдаг хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай гэтэл дуугүй болж зугтах гэхээр нь манай нөхөр барьж тэр даруйд цагдаагийн байгууллагад хандсан. Хар өнгийн бариултай шар өнгийн алх, орны бүтээлэг 7 ширхэг, ор хөнжлийн даавуу 24 хос, хасах гэрэл 1 ком, гэрийн хөшиг 1, шар өнгийн хонх 8, модон сандал 1, шар өнгийн бүс зэргийг алдсан. Нэхэмжлэх зүйл гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-25 дугаар хуудас/

Гэрч Д.Ш-ын өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хархорин сумын Ганган-Орхон багт байх Цэнгүүн хүрээ гэх жуулчны бааз дээр эхнэрийн хамт 18 цагийн үед очиход баазын хашааны гадна талд усны тэрэг хашаан дотор нэг хүн баазын хашаан дотор байх 2 давхар буудлаас танихгүй хүн орны цагаан даавуунд дүүртэл нь эд зүйл хийчихсэн гарч байсан. Гадаа шатны хажуу талд ногоон шуудайнд эд зүйл хийчхсэн байсан. Тэгээд тухайн хүнийг юун хүн бэ гэхэд ах нь тухайн жуулчны баазын засварчин байна гэж хэлсэн. Тэгэхээр эхнэр бид 2 ажилуулдаг хүн нь байна гэхэд тухайн хүн за ах нь явлаа гээд зугтах гэхэд нь би барьж авсан. Тэгээд шууд цагдаа дуудаад тухайн хүнийг барьж аваад явсан. Тухайн үед гартаа хар иштэй шар өнгийн алх барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч Т.Ц-ын өгсөн “...Намайг очиход баазын эзэн гэх залуу эхнэрийнхээ хамт мөн Хархорин сумын иргэн Д.Г нар байсан. Юу болсон талаар асууж тодруулахад уг баазын эзэн гэх Э надад Г-ыг заагаад манай баазаас эдгээр эд зүйлийг авсан байна гэж хэлсэн. Тэгээд уг хулгайлсан эд зүйл болон Г-ыг цагдаагийн хэлтэст хүргэж ирсэн...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

  • Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол / хх-ийн 1 дүгээр  хуудас/
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05 дугаар хуудас/
  • Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 9-12 дугаар хуудас/
  • Хохирогч С.Э-ы хулгайд алдсан эд зүйл нь хохирлын бага бус хэмжээнд хүрсэн болохыг нотлсон эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 13 дугаар хуудас/
  • Яллагдагч Д.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 29-32 дугаар хуудас/
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 17 дугаар хуудас/
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №567 дугаартай тодорхойлолт,
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №36 дугаартай шийтгэх тогтоол /хх-39-44 дүгээр хуудас/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 дугаар хуудас/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах “Цэнгүүн хүрээ” нэртэй жуулчны баазаас буюу агуулах саванд нэвтэрч эд зүйл хулгайлан авч хохирогч С.Э-д 667.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Д.Г-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч С.Э нь “...Хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г-ыг бусдын орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Г-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.     2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын урьд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих  ялаас эдлээгүй зарим болох 6 сарын хугацааг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Д.Г-ын 150.000 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Д.Г-ын бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г-ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА