Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/01563

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 16 181/ШШ2024/01563

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогтой Д-ын Э /РД:0/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 байранд байрлах, М ӨЭМТ //-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэнэ.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, гэрч Т.Т, А.А, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Миний бие Д.Э нь М-д 2000 оноос хойш 23 жил нягтлан бодогчоор ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй.

Би 2023.08.01-нээс ээлжийн амралттай байсан бөгөөд 2023.08.11-ний өдрөөс 2023.08.20-ны өдрийг хүртэл, мөн 2023.09.12-ны өдрөөс 2023.09.21-ны өдрийг хүртэл ажиллаж, цалингаа бодон тавьж, мэдээ тайлангаа гаргаж өгсөн. Ингээд ажилласан хугацаагаа нөхөж амраад 2023.10.12-ны өдөр амралт дуусах байсан. 2023 оны 10 сарын 05-ны өдөр Г.Б дарга утсаар эмнэлгийн дарга болсон тухайгаа мэдэгдэж, дуудсан бөгөөд би ээлжийн амралтаа эдлээд хөдөө амарч байгаа тухайгаа хэлсэн. Гэтэл 10 сарын 06-ны өдөр хаана байгаа газраас чинь очиж авъя, та ажилдаа яаралтай ир гэхээр нь би яваад очъё гээд хагас бүтэн таараад 10 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа очсон. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус эмнэлгийн даргад шинээр томилогдсон Г.Б гэх хүн надад дахин ажиллуулахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж байгаа тухай мэдэгдсэн.

Маргааш буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа очиход Г.Б нь миний ажлын өрөөний цоожны голыг сольж ажлын байрны болон сэтгэл зүйн дарамт үзүүлсэн бөгөөд миний бие одоог хүртэл ажил руу орж чадахгүй, өөрийн баримт бичиг эд зүйлийг авч чадахгүй байгаа. Ямар үндэслэл, шалтгаанаар ажлаас халж буйг надад мэдэгдээгүй, ажлаас халагдсан тушаал гардуулж өгөхгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь заалтыг зөрчиж байна.

Иймд миний ажил үүрэг гүйцэтгэх эрхийг минь хязгаарлаж, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.

Би 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар №105 тоот шийдвэр гарч талууд харилцан тохиролцоогүй болно.

Иймд М ӨЭМТ-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийх М ӨЭМТ-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч Д.Э нь М ӨЭМТ-д хөдөлмөрийн гэрээний дагуу нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажлаа хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Өрхийн эмнэлэгийн зүгээс хэд хэдэн удаа ажилдаа ирэхийг сануулж, мэдэгдэл, шаардлагуудыг түүнд хүргүүлж байсан боловч хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ ирж, гүйцэтгээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Д.Э нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр М ӨЭМТ ББН-д ажиллаж байх үедээ тэтгэвэрт гарсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс нягтлан бодогчоор үргэлжлүүлэн манай Өрхийн эмнэлэгт ажилласан.

Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу Д.Э нь Даваа- Баасан гарагт 8.30-17.00 цагт Өрхийн эмнэлэгт ирж ажиллах үүрэгтэй. Гэтэл тэрээр 2023 оны 09 сарын 20-ны өдөр ээлжийн амралт нь дуусч ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж эхлэх ёстой байсан ч ажилдаа ирээгүй.

Иймд ажил олгогчийн зүгээс дараах байдлаар зохих шаардлагыг тавьж, ажилдаа ирэхийг сануулсан. Үүнд:

         2023 10.05-2023.10.09 хооронд 6 удаа утсаар,

         2023.10.09-2023.10.11 хооронд 2 удаа биечлэн,

         2023.10.18-2023.11.07 хооронд 10 орчим удаа мессежээр,

         2023.10.19-2023.10.30 хооронд удаа дараа и-мэйлээр,

         2023.10.25-2024.01.05 хооронд 3 удаа албан бичгээр.

Гэвч тэрээр энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж ирсэн бөгөөд байгууллагын зохих тайланг холбогдох газруудад өнөөдрийг хүртэл өгөөгүй, зохих гүйлгээнүүд хийгдээгүй гэх зэргээр Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа ноцтой доголдсон.

Д.Э-ийн энэ үйлдэл нь нэг удаагийн тохиолдлын шинжтэй санамсаргүй үйлдэл биш гэдэг нь түүний өнгөрсөн хугацааны олон үйлдэл, араншингаас харагддаг. Тухайлбал,

- Төрийн систем цахимжсантай холбоотойгоор компьютерийн мэдлэггүй байдлаасаа болж ажиллахад төвөгтэй болсон, түүгээрээ далимдуулж, ажилчдыг компьютер дээр ажиллаж өг, тайлан бичээдэх гэж шантаачилдаг, дарамталдаг, айлган сүрдүүлдэг, яс үндэс, царай төрх, бие хаа, онцлог байдлаар нь ялгаварлан гадуурхдаг, настай хүнээс гарамгүй үгээр хэл амаар доромжилдог, ажилчдын цалингийн задаргааr гаргаж өгдөггүй, эмнэлэгийн эд хөрөнгийг гэртээ авч явж хувьдаа ашигладаг, буцааж өгдөггүй,

- Албан тушаалын байдлаа урвуулан өөртөө давуу байдал бий болгодог (Ковидийн үед эмч, сувилагчдаас илүү урамшуулал өөртөө олгосон, хувийн шалтгаанаар өс санаж ажилчдын нийгмийн даатгалыг буруу бичдэг, төлдөггүй, тасалдуулдаг, цалингаас нь хасдаг, даргын тушаалд заасан нэмэгдэл, урамшуулалыг нь бодож олгодоггүй, хууль бусаар суутгадаг, томилолт бодож олгодоггүй),

- Ажлын байранд архидан согтуурч тасарч хонодог, өглөө нь өрөөндөө өтгөн шингэнтэйгээ хутгалдсан байдалтай байдаг, ажилчдыг уруу татдаг (энэ хүнээс болж уруу татагдаад архины хамааралтай болж байна гээд ажлаасаа зарим ажилчид гарч, дайжсан)

- Ажлын байранд агсан тавьж сувилагчид гар хүрсэнтэй холбоотой хүн амины хэргээр цагдаад шалгагдаж байсан, дарга, ажилчдыг хясан боож, ажил хийх боломжгүй болгодог, үе үеийн дарга нар ажлаас халах гэхээр дарамталж, сүрдүүлдэг, зоддог, хэл амаар доромжилдог, ажилчдыг зодож, танхайрдаг, согтуу үедээ шатнаас унаж гэмтэх зэргээр хүндрэл үүсгэдэг. Иймд Өрхийн эмнэлэгийн ажилчид үргэлж Д.Э-ийн дарамтнаас айж, түгшүүртэй, айдастай ажиллаж ирсэн.

Нягтлан бодогч Д.Э нь дээрх үйлдлүүддээ сахилгын шийтгэл авч байсан ч огт гэмшдэггүй, буруугаа хүлээн зөвшөөрөлгүй үргэлжлүүлэн дураараа аашилж, өнөөдрийн байдалд хүрсэн. Өөрөөр хэлбэл олон удаа мэдэгдэж, сануулсан ч үл тоож, үл хүндэтгэж, байгууллагын үйл ажиллагааг санаатай доголдуулж байна гэж үзэхээс аргагүй байдалд бид хүрлээ. Өнөөдрийн байдлаар Д.Э нягтлан бодогчийн үйлдлээс үүдэн хэр хэмжээний хохирол учирч байгаа, цаашид учирхыг тооцоолох ч боломжгүй байна.

Өрхийн эмнэлгийн хувьд өмнө тайлбарласанчлан төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж, байнгын бэлэн байдалд ажиллах чиг үүрэгтэй. Улаанбаатар хотод томуугийн дэгдэлтийн үе ид өрнөж, шуурхай бэлэн байдлын зэрэгт бид ажиллах чиглэлтэй байна. Хэрэв нөхцөл байдал хурцдвал хөл хорио тогтоох, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж болзошгүй.

Иймд энэ байдал үргэлжилсэнээс үүдэн иргэдийн амь нас, эрүүл мэнд, байгууллагад учрах эрсдэлийг харгалзан хөдөлмөрийн харилцааг зогсоохоос өөр аргагүй болоод байна. Өмнө нь бид ажлаас халах ноцтой зөрчил үүссэн гэдгийг удаа дараа өөрт нь мэдэгдсэн билээ.

Тиймээс М ӨЭМТ-ийн даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар Д.Э-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Д.Э-г хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдөр ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Бидний зүгээс Д.Э-г 2023.10.10-наас 2024.01.05-ны өдрийг хүртэл ажлаа хийхийг шаардсан. 2023.10.05-наас 2024.02.02-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй.

Ажлаас чөлөөлсөн тушаалыг Д.Э нь хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д 30 хоногийн хугацаанд татгалзлаа илэрхийлэх ёстой. Гэтэл илэрхийлээгүй тул тушаалыг хүлээн зөвшөөрс өн гэж үзэж байна.

Д.Э-ийн ажил тасалсан, 2023.09.21-ны өдрөөс 2024.02.02-ны өдрийг хүртэл 168 хоног ажил тасалсан тул ажлаас халсан.

Д.Э нь нягтлан бодогчийн зөөврийн компьютерийг болон байгууллагын бусад өмч хөрөнгө, тайлан баланс зэргийг бүрэн бүтэн хадгалж байгаа гэж найдаж байгаа бөгөөд ажил хүлээлцэхдээ хүлээлгэн өгнө гэж итгэж байна гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас: Д.Э-ийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, Д.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.11.29-ний өдрийн - дугаар тэмдэглэл/шийдвэр, Монгол шуудан ХК-ийн 2023.10.30, 2023.11.01, 2023.11.07-ны өдрүүдийн шуудангийн баримт, Д.Э-ийн 2023.11.07-ны өдрийн гаргасан албан бичгийн хариу, Д.Э-ийн 2023.10.29-ний өдөр М ӨЭМТ-ын даргад гаргасан гомдол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас: Сүхбаатар дүүргийн М ББН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2015.06.19-ний өдрийн 21 дүгээр Сануулах арга хэмжээ авах тухай тушаал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн 2023.10.25-ны өдрийн 31 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн 2023.11.01-ний өдрийн 33 дугаар Хариу илгээх тухай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн 2024.01.05-ны өдрийн 05 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Б.Б-ийн 2023.09.20-ны өдрийн өргөдөл, Г.Э-ийн өргөдөл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023.03.09-ны өдрийн Б/08 дугаар 2023 оны эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, М БГБХ-нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 05 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Өрхийн эрүүл мэндийн даргын 2021.12.30-ны өдрийн А/33 дугаар тушаалын хавсралт /ажлын байрны тодорхойлолт/, Монгол шуудан ХК-ийн 2023.10.27, 2023.11.03, 2023.11.09, 2024.01.15, 2024.02.06-ны өдрүүдийн шуудангийн баримт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн 2024.01.05-ны өдрийн 05 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024.02.02-ны өдрийн 03 дугаар Д.Э-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, М ӨЭМТ ББН бүх гишүүдийн хурлын 2024.02.02-ны өдрийн 01 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн 2023.10.25-ны өдрийн 31 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн 2023.12.05-ны өдрийн 40 дугаар албан бичиг, 2024.03.01-ний өдрийн 17 дугаар Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээ, М ӨЭМТ-ийн 2023 оны цагийн бүртгэл, М ӨЭМТ-ийн 2023 оны тогтоол тушаал захирамжийн бүртгэл, М ӨЭМТ-ийн 2022 оны хөдөлмөрийн дотоод журам зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар: 2023.10.12-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.10.12-ны өдрийн илтгэх хуудас, 2023.10.17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.10.17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, 2023.10.17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Ю ХХК-ийн 2024.03.06-ны өдрийн 12-01/1919 дугаар албан бичиг, Д.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.Э-ийн Хасбанк дахь дансны хуулга, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023.10.13-ны өдрийн Б/33 дугаар А.А-ыг түр ажиллуулах тухай тушаал, М БГБХ-нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо М БГБХН-ийн өрхийн эрүүл мэндийн төвийн шинэчилсэн гэрээ, Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Гарын үсгийн баталгаа, Интернэт банкны үйлчилгээний мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт /Хуулийн этгээд/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023.10.10-ны өдрийн Б/32 дугаар А.А-ын хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай тушаал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023.10.04-ний өдрийн Б/29 дүгээр Г-ын Б-г М Бүрэн гүйцэд бүрэн хариуцлагатай нөхөрлөл ӨЭМТ-ийн даргаар томилох тухай тушаал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн М өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн 2023.10.10-ны өдрийн 23 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М ӨЭМТ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Э нь эмнэлгийн даргад шинээр томилогдсон Г.Б нь намайг ажиллуулахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж байгаа тухай мэдэгдэж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа очиход нь ажлын өрөөний цоожны голыг сольж, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цагдаагийн алба хаагчид тайлбарласан боловч халагдсан тушаал гардуулж өгөөгүй, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй ажлаас халсан гэж нэхэмжлэл гаргасныг, хариуцагч М ӨЭМТ нь эс зөвшөөрч, Д.Э нь 2023.09.21-ний өдрөөс хойш ажлаа хийгээгүй, ажилдаа ирэхийг сануулж, мэдэгдэл, шаардлагуудыг хүргүүлсэн боловч ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул 2024.02.01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалсан гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э нь 2023.10.10-ны өдрөөс буюу ажлаа эрхлэх боломжгүй болсноос хойш гомдлоо Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1зааснаар 30 хоногийн дотор гаргах эрхтэй бөгөөд ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил олгогч М ӨЭМТ нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан ба тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №105 дугаар тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2023.11.30-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тус тус хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 4, 8-10 хуудас, 2 хуудсны ар тал /

 

2. Талууд ажил олгогч ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, эсхүл ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааны маргаан үүссэн, улмаар ажлаас халагдсан эсэх, ажлаас халсан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

 

Ажил олгогч ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, эсхүл ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй тухайд,

 

2.1. 2023.10.04-ний өдөр М өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Г.Б томилогдсоноор нягтлан бодогч Д.Э-д ажилдаа ирэхийг мэдэгдсэн байх бөгөөд Д.Э нь 2023.08.01-ний өдрөөс ээлжийн амралт эхэлсэн боловч 2023.08.11-ний өдрөөс 2023.08.20-ны өдрийг хүртэл, мөн 2023.09.12-ны өдрөөс 2023.09.21-ны өдрийг хүртэл ажиллаж, цалингаа бодон тавьж, мэдээ тайлангаа гаргаж өгсөн тул ажилласан хугацаагаа нөхөн амраад 2023.10.12-ны өдөр ээлжийн амралт дуусах байсан гэж тайлбарласан. Хариуцагч нь Д.Э-г ээлжийн амралтаа дуусгаад 2023.09.21-ны өдрөөс ажилдаа ирэх байсан гэж тайлбарласан боловч Д.Э ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн, ажил тасалсан гэх зөрчлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд Д.Э нь 8, 9 сард ээлжийн амралттай байх үедээ ирж цалин тавьж ажилласан болох нь гэрч Б.Д-ын мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 39 хуудас/

Иймд ажилтан Д.Э-г 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил тасалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.2 М ӨЭМТөвийн даргаар томилогдсон Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.Э-г ажиллуулахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж байгаа тухай мэдэгдэж, ажлын өрөөний цоожны голыг сольж, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр М ӨЭМТөвийн нягтлан бодогчоор А.А-ыг томилсон болох нь хэрэгт авагдсан дараахи баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/ Эмнэлгийн дарга Г.Б нь /утасны  дугаараас/ Д.Э-д /утасны  дугаарт/ 2023.10.12-ны өдрийн 13.03 минутад, Өдрийн мэнд, Та тушаалаа ирж аваарай гэж мэдэгдсэн болох нь утсаар харилцсан мессэжид үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн Зариг.мн сайт нь 2023.10.16-ны өдөр Хууль зөрчиж томилогдсон өрхийн эмнэлгийн дарга ээлжийн амралттай байхад минь үндэслэлгүйгээр халчихаад, тушаал ч өгөхгүй байна гэх гарчиг бүхий Д.Э, Г.Б нартай ярилцсан ярилцлагыг нийтэд мэдээлсэн бөгөөд уг ярилцлагад Д.Э-с би ээлжийн амралтаа дуусгаад 2023.10.09-ны өглөө ажилдаа ирэхэд эмнэлгийн дарга Г.Б өрөөндөө дуудаж, өөртэй чинь хамтран ажиллахгүй ээ, манай компанийн нягтлан энэ хүнд ажлаа хүлээлгэж өг, мөн няравын ажлыг С эмнэлгийн нярав хавсран хийнэ гэж танилцуулсан болон ажлаас халсан тушаалыг гардуулж өгөхгүй байгаа талаар тайлбарласан, харин Г.Б нь дүрэм, журмын дагуу М ӨЭМТ-ийн даргаар томилогдсон талаараа тайлбарласан байна. /хавтаст хэргийн 118-122, 63, 196-204 хуудас/

б/ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.10.12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, илтгэх хуудас болон Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, гэрч Т.Т-ын мэдүүлэг зэргээр Цагдаагийн байгууллагад Д.Э нь 2023.10.12-ны өдрийн 14:56 цагт М өрхийн эмнэлэгийн миний өрөөний хаалганы цоожны гол сольсон байна гэх дуудлага мэдээллийг өгсөн, дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч нарыг ирэхэд эмнэлгийн дарга Г.Б нь хаалгыг цоожилсон, түлхүүрээ авчирч өрөөг онгойлгосноор Д.Э өрөөндөө орсон болон Д.Э ажлаас үндэслэлгүйгээр халлаа гэх байдлаар, эмнэлгийн дарга Г.Б нь Д.Э-г ажил үүргээ гүйцэтгэдэггүй гэх байдлаар маргаж байсан болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 47-53 хуудас/

г/ Г.Б нь 2023.10.04-ний өдөр М өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон, М өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Б-гийн 2023.10.10-ны өдрийн Б/32 дугаар А.А-ын хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай тушаалаар М ӨЭМТ-ийн нягтлан бодогчоор А-ы А-ыг томилж хөдөлмөрийн гэрээг 2023.10.10-ны өдрөөс байгуулж, сарын үндсэн цалинг 1,000,000 төгрөгөөр тогтоож, ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнийг баталж, 2023.10.13-ны өдрийн дотор ажлыг зохих журмын дагуу хүлээлцэхийг даалгажээ. /хавтаст хэргийн 190-191 хуудас/

д/ М ӨЭМТ-ийн дарга Г.Б нь Хасбанктай 2023.10.11-ны өдөр Интернэт банк үйлчилгээний гэрээ-г байгуулж, Интернэт банкны үйлчилгээний мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргаж, М ӨЭМТ-ийн Хасбанкны харилцах дансны мэдээлэлд өөрчлөлт оруулж, нэгдүгээр гарын үсгийг Г.Б, хоёрдугаар гарын үсгийг А.А зурахаар Гарын үсгийн баталгаа гаргажээ. /хавтаст хэргийн 192, 183-189 хуудас/

 

Эдгээр үйл баримтаар М ӨЭМТ-ийн нягтлан бодогч Д.Э-г 2023.10.10-ны өдрөөс ажлаас халагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.6-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх, мөн ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах үндсэн үүрэгтэй бөгөөд М ӨЭМТ-ийн дарга Г.Б нь Д.Э-гийн ажлын өрөөний цоожны голыг сольж, ажлын байрандаа нэвтрэх боломжгүй болгосон төдийгүй М ӨЭМТ нь орон тооны хувьд 1 нягтлан бодогчтой байхад 2023.10.10-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар М ӨЭМТ-ийн нягтлан бодогчоор А.А-ыг томилж, М ӨЭМТ-ийн харилцах дансны мэдээлэлд өөрчлөлт оруулж, нэгдүгээр гарын үсгийг Г.Б, хоёрдугаар гарын үсгийг А.А зурахаар Гарын үсгийн баталгаа гарган нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгүүлснээр, ажилтан Д.Э-г ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгон дээрхи ажил олгогчийн үндсэн үүргээ зөрчсөн байна.

Иймээс ажил олгогч М ӨЭМТ-ийн дарга Г.Б нь ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтан Д.Э-ийн ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй тул 2023.10.10-ны өдрөөс Д.Э-г М ӨЭМТ-ийн нягтлан бодогчийн ажлаас халсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч  нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажил олгогчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай гомдлыг гаргасан бөгөөд тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №105 дугаар тэмдэглэлээр талууд харилцан тохиролцож эвлэрч чадаагүй үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосноор, тус шүүхэд 2023.11.30-ны өдөр Д.Э нэхэмжлэлээ гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ӨЭМТ нь шүүхэд хариу тайлбар гаргаснаас хойш,

М ӨЭМТ-ийн даргын 2024.02.02-ны өдрийн 03 дугаар Д.Э-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2024.02.02-ны өдрийн тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.5, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн 2023.01.01-ний өдрийн 05 тоот Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан М ӨЭМТ ББН-ийн нягтлан бодогч Д.Э хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдөр ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул нягтлан бодогч Д.Э-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хавтаст хэргийн 79-80, 77 хуудас/

 

4.1. Хариуцагч тал нь тушаалын хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдөр ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээ Д.Э-ийн ээлжийн амралт 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусч, ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан ч ажилдаа ирээгүй, ажил олгогчийн зүгээс Д.Э-д 2023.10.05-2023.10.09-ний өдрийн хооронд 6 удаа утсаар, 2023.10.09-2023.10.11-ний өдрийн хооронд 2 удаа биечлэн, 2023.10.18-2023.11.07-ны өдрийн хооронд 10 орчим удаа мессежээр, 2023.10.19-2023.10.30-ны өдрийн хооронд удаа дараа и-мэйлээр, 2023.10.25-2024.01.05 хооронд 3 удаа албан бичгээр ажилдаа ирэхийг сануулсан боловч энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг гаргасан байна. /хавтаст хэргийн 24-26, 105-114, 194-195 хуудас/,

4.2. Ажил олгогч М ӨЭМТ нь ажилтан Д.Э-ийн ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүйн улмаас 2023.10.10-ны өдрөөс Д.Э-г М ӨЭМТ-ийн нягтлан бодогчийн ажлаас халсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн талаар дээр дүгнэсэн бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч Д.Э-г ажил үүргээ гүйцэтгэх боломжит нөхцлөөр хангаагүй, нягтлан бодогчоор томилсон А.А-ыг ажлаас чөлөөлөөгүй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ажиллагааны явцад ажил олгогчийн зүгээс ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаж эвлэрээгүй мөртлөө Д.Э-г удаа дараа утасны мессэж, и-мэйл, албан бичгээр ажилдаа ирэхийг сануулж, ажлаа хийхийг мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа нь ажилтан ажлаа тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Тодруулбал, М ӨЭМТ-ийн дарга Г.Б нь нэхэмжлэгч Д.Э-д 2023 оны 10 сарын 18-ны өдрөөс хойш утасны мессэж, и-мэйл, албан бичгээр ажилдаа ирэхийг мэдэгдэж байгаа боловч эдгээр баримтуудаар Д.Э-ийн ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хангасны улмаас ажилдаа ирэхийг мэдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /хавтст хэргийн 105-111 хуудас/ мөн ажилтан Д.Э ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй бодит нөхцөл байдлын улмаас ажилдаа ирээгүйг ажлаа тасалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан. Ажил олгогч М ӨЭМТ нь ажилтан Д.Э-ийн ажил тасалсан гэх зөрчлийг шалгаж тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн Д.Э-ийн ажил үүргээ гүйцэтгэх бодит нөхцөл байдал бүрдсэн байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

 

5. Дээрхи үндэслэлээр, Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон нөхцөл байдлыг арилгаагүй мөртлөө ажилтаныг ажил тасалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй тул М ӨЭМТ-ийн даргын 2024.02.02-ны өдрийн 03 дугаар Д.Э-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6. Иймд нэхэмжлэгч Д.Э-г М ӨЭМТ-ийн нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Д.Э-ийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй буюу ажлаас халагдсан гэж үзэх 2023.10.10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч М ӨЭМТ-өөс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6.1. Нэхэмжлэгч Д.Э-гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-ыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу ажиллаж байх үеийн сарын тогтмол цалингаар дундаж цалин хөлсийг тодорхойлоход сард 1,600,000 төгрөг байна. /хавтаст хэргийн 6-7 хуудас/

Ажилгүй байсан хугацааг ажлаас халагдсан гэж үзэх 2023.10.10-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 5 сар 27 хоногоор тооцоход 9,280,286 төгрөг /1 сар 1,600,000 төгрөг, 1 өдөр 74,418 төгрөг /1,600,000 : 21,5 хоног = 74,418 төгрөг/, 1,600,000 х 5 сар = 8,000,000 төгрөг, 74,418 х 27 хоног = 1,280,286 төгрөг, 8,000,000 + 1,280,286 = 9,280,286 төгрөг/ болж байх тул 9,280,286 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.

 

6.2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч М ӨЭМТ-д даалгах үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9,280,286 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож, 163,435 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Э-г хариуцагч М ӨЭМТ-ийн нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, М ӨЭМТ-өөс 9,280,286 /есөн сая хоёр зуун наян мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж Д.Э-д олгож, Д.Э-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг М ӨЭМТ-д  даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар М ӨЭМТ-өөс 233,634 /хоёр зуун гучин гурван мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Н.ОЮУНТУЯА