Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 97

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт С О-т холбогдох ..  тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  У овогт С.О 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.О нь 2017 оны 7 сарын 7-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр “Бүрд” гэх газарт иргэн Ц.Б-ыг ар талаас дал нуруу хүчтэй цохилоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нуруун тус газарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 7 сарын 07-ны өдөр Архангай  аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багт оршин суух Б-н хүүхдийн үсний найр болж байсан юм. Тухайн үед Ц.Б миний араас юу байна хө гээд цохиод авахаар нь би айраг ууж байсан аягаа аваад шидсэн. Тэр үед хацар, хамраас нь цус гараад байхаар нь сумынхаа эмчийг дуудаж, түргэн тусламж үзүүлсэн гэв.

* Эрүүгийн ...тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Ц.Б-ын өгсөн: 

 

“... 2017 оны 7 сарын 7-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг Бүрд гэх газар манай саахалт Бгэдэг айл  хүүхдийн үсний найр хийсэн. Би өдөр 16 цагийн үед Б-н хүүхдийн үсний найранд мотоцикльтой очоод гэрийнх нь гадаа мотоциклио тавьчихаад гэр лүү нь явж ороод гэрт байсан хүмүүстэй мэндлээд С.О гэх залуугийн хажууд очиж суугаад юу байна хө гээд мэндэлсэн чинь С.О айраг ууж байсан аягаараа миний нүүр лүү үгийн зөрүүгүй шууд цохисон, намайг цохисон аяга нь хагараад унасан. Миний хацарнаас их хэмжээний цус гоожсон. Тэгээд аймгийн төвийн эмнэлэгт хүргүүлж, хацар хамар хэсэгтээ 17 ширхэг оёо тавиулсан. ..С.О бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. ...Миний нүүр хэсэгт аягаар нэг л удаа цохьсон. Өөр газар цохиогүй... гэх  мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/

 

Гэрч П.Золжаргалын өгсөн: 

... 2017 оны 7 сарын 07-ны өдөр манайх хүүхдийн үсний найр хийсэн юм. Найранд С.О, Ц.Б нар ирсэн байсан. С.О манай орны зүүн хэсэгт орны урд талд, Ц.Б түүний хойд талд сууж байсан. С.О айраг уугаад сууж байсан. Гэтэл тас няс гээд юм дугарахаар нь гаднаас гүйгээд ороод иртэл С.О Ц.Б-ын нүүр лүү нь айраг ууж байсан шилэн аягаараа цохисон байсан. Бын нүүрнээс цус гараад тогтохгүй байсан учир сумын эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/

 

Гэрч М.Б өгсөн:

 “... Би хүмүүст айраг, архи аяглаж өгөөд байж байтал С.О айраг ууж байсан аягаараа Ц.Бын нүүрэн дундуур цохисон. Тэгтэл Ц.Бын нүүрнээс цус гараад манайд сууж байсан хүмүүс шуугилдаад гараад явсан. Бын нүүрнээс цус гараад тогтохгүй байсан. С.О Ц.Б-ыг цохьчихоод гараад явсан байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 15-16х/

 

Гэрч С.Т  өгсөн:

 “...С.О сэнжтэй шилэн аягатай айраг ууж байсан юм. Тэгтэл тас гээд юм дугарахаар нь эргээд хартал манай дүү С.О айраг ууж байсан аягаараа Бын нүүр лүү нь цохисон байсан. Аяга нь хагараад уначихсан, Бын нүүрнээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18хуудас/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-н: 

Ц.Бын биед хамрын нурууны дээд хэсэг, зүүн хацарт зүсэгдсэн шарх  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн хэсэг газрын цохих, цохигдох, зүсэх зүсэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 286 тоот дүгнэлт зэрэг болно.

 

2017 оны 7 сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр Бүрд гэх газар Ц.Бын биед хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт нь гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч С.О нь 2017 оны 7 сарын 7-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр “Бүрд” гэх газарт иргэн Ц.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Бын “...С.о айраг ууж байсан аягаараа миний нүүр лүү үгийн зөрүүгүй шууд цохисон, намайг цохисон аяга нь хагараад унасан. Миний хацарнаас их хэмжээний цус гоожсон....”гэх мэдүүлэг, гэрч П.З “...тас няс гэсэн дуу гарахаар нь гаднаас гүйгээд ороод иртэл О Б-ын нүүр лүү нь айраг ууж байсан шилэн аягаараа цохисон байсан. Ц.Бын нүүрнээс цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Б-н“...С.О айраг ууж байсан аягаараа Ц.Бын нүүрэн дундуур цохисон. Тэгтэл Ц.Бын нүүрнээс цус гараад манайд сууж байсан хүмүүс шуугилдаад гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Т-н “...Тэгтэл тас гээд юм дуугарахаар нь эргээд хартал манай дүү О айраг ууж байсан аягаараа Ц.Бын нүүр лүү нь цохисон байсан....” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Бын биед хөнгөн гэмтэл учирсан талаар гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 286 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.О нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт С.О-ыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                         

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР