Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/52

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч: Д.Д,

Шүүгдэгч: А.Д,

Шүүгдэгчийн Д.Д-ийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгчийн А.Д-ийн өмгөөлөгч: Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д нарт холбогдох эрүүгийн 1727000060011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй,  ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ..... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Д

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, А.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь төрийн албан хаагч атлаа 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутагт байх “Зүүн сөдөтийн бургасны үзүүр” гэх газраас яллагдагч А.Д-ийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод модон материалыг худалдан авч, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн,

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутагт байх “Зүүн сөдөтийн бургасны үзүүр” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, Д.Д-д худалдсан гэмт хэрэгт тус тус холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 6 дугаар сарын 24-ны өдөр би Бат-Өлзий сумын “Зүүн сөдөтий” гэх газраас унины цүц модыг худалдаж авсан. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Зөвшөөрөлгүй мод худалдаж авсандаа гэмшиж байна. Өөр ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би мод хийсэн нь үнэн. Д.Д ахад ачуулаад явуулсан нь миний буруу...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.Б-ийн өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Зүүн сөдөтийн Бургасны үзүүр гэх газрын ойгоос тус сумын иргэн А.Д нь хууль бусаар цуудас мод бэлтгэж Д.Д худалдан авч тээвэрлэж баригдсан юм билээ. Тиймээс газар нутгийн харъяалалаар Бат-Өлзий сумын нутагт хамаардаг учраас хохирогчоор ЗДТГ-аас намайг томилсон...” гэсэн мэдүүлэг /хх-77 дугаар хуудас/

Гэрч Д.Б-ын өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал өглөө эрт аав машинаа өгчих хөдөө 2 дугаар багийн төвийн хашаа захаад ирье гэж хэлэхээр өгөөд явуулсан юм. Би хадмындаа амьдардаг юм. 9 дүгээр сард тусдаа гарах гэж байгаа. Тэгээд аав Д тэр өдөртөө хууль бусаар мод ачиж яваад баригдаж саатуулагдсан байсан. Тэгээд л хууль бусаар мод тээвэрлэсэн гэж шалгагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-79 дүгээр хуудас/

Гэрч Г.Ц-ийн өгсөн “...2010 онд Улаанбаатар хотоос худалдан авч байсан машин байгаа юм. Тэгээд 2016 онд хамаатны Д.Б гэх хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-83 дугаар хуудас/

Гэрч Д.Д-ийн өгсөн “...хүнээс мод худалдаж аваад шалгагдаж байгаа. Тухайн үед хөдөө хүүхдийнхээ машинаар явахаар болоод хөдөө явсан юм. Тэгээд сумын төв орж ирэхдээ цуудас мод худалдаж аваад ирсэн юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-84 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас

Фото гэрэл зургийн үзүүлэлт /хх 15, 28, 38, 49, 58, 87  дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-17, 30, 51, 60, 69 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 22, 46, 56, 64 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 106-109 дүгээр хуудас/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д нь төрийн албан хаагч атлаа 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутагт байх “Зүүн сөдөтийн бургасны үзүүр” гэх газраас яллагдагч А.Д-ийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод модон материалыг худалдан авч, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, шүүгдэгч А.Д нь 2017 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутагт байх “Зүүн сөдөтийн бургасны үзүүр” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, Д.Д-д худалдсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2.4 дэх хэсэгт заасан, А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Д, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 296 ширхэг цуудас модыг битүүмжилсэнийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-г гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал худалдан авч тээвэрлэсэн, шүүгдэгч А.Д-г хууль бусаар мод бэлтгэн худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай .

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

6.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20.000 төгрөгийн үнэ бүхий цүц хөрөө, 10.000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 296 ширхэг цуудас модыг битүүмжилсэнийг улсын орлого болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн А.Д-ийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хайрхан” мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн, Д.Д-ийн 5.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн эмээлийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн, Д.Б-ын эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 43-04 ӨВА улсын дугаартай Портер маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

11. Шүүгдэгч Д.Д, А.Д нар нь хохирогч Ж.Б-д 1.111.023 төгрөгийг төлсөн, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д, А.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д, А.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА