Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/61

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ийн Т-д холбогдох эрүүгийн 1727000090013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 1-18а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Э.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн нутагт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Т-ы өгсөн: “...Миний жолоодож явсан автомашинд У, Б, О, Б ах зэрэг хүмүүс сууж явсан. Бид нар 2017 оны 06 дугаар сарын 14-ний орой Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сум явахаар гарсан. Тэгээд явах замд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бүгд эрүүл саруул явж байсан. Автомашинд эвдрэл гэмтэл байхгүй зүгээр хэвийн байсан. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч М.Д-ийн өгсөн: “...Манай хязгаарлагдмал хувьцаат компанийн удирдлагууд тухайн хэрэгт намайг иргэний нэхэмжлэгчээр томилж явуулсан юм. Манай хязгаарлагдмал хувьцаат компаний зүгээс уг хэрэгт Э.Т-д ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй одоо болон цаашид байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. 07-56 УБЧ улсын дугаартай автомашиныг 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б.Ц-ын хүү Ц.О гэх хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдан авах үед Б.Ц нь Улаанбаатар хотод байхгүй байсан тэрний улмаас ХХК-ны нэр дээр шилжүүлэг хийж амжаагүй байсан юм. Шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-116 дугаар хуудас/

Хохирогч Л.Б-ийн өгсөн: “...Би ХХК-д 2017 оны 06 дугаар сард шинээр ажилд орсон. Тэгээд Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын чиглэлд ХХК-ны 07-56 УБЧ улсын дугаартай автомашинд сууж явж байгаад тэгээд ийм асуудал болсон. Улаанбаатар хотоос Т автомашиныг жолоодож явсан. Жолооч болон бид бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул явж байсан. Уг зам тээврийн осол гаргасан автомашин дотор жолоочийн хамт нийт 5 хүн сууж явсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэгт лаа хийлгээд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвийн нуруу нугасны тасагт 4 хоног хэвтэн амчилгээ хийлгэсэн. Гэмтлийн эмнэлэгээс гараад Улаанбаатар хотын 21 дүгээр хороонд байх Натур гэх хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Миний эмчилгээний зардал гэж нийт 1.372.000 төгрөг болсон. Миний ажилладаг ХХК надад 1.012.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл болох 360.000 төгрөг дээр Дархан хотоос Улаанбаатар хотод мэдүүлэг өгөхөөр ирсэн 10.000 төгрөгийг нэмж нэхэмжлэх болно. Миний эмчилгээний зардал болон Дархан хотоос Улаанбаатар хотод ирсэн баримт билл надад байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-123 дугаар хуудас/

Гэрч Б.Б-ын өгсөн: “...Би Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг орохоор 2017 оны 06 дугаар сарын 14-ний орой Улаанбаатар хотоос ХХК-ны 07-56 УБЧ улсын дугаартай автомашинд сууж явсан. Автомашиныг манай ХХК-ны жолооч Т жолоодож явсан юм. Бид нар Улаанбаатар хотоос гараад явж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол болсон. Би тэрийг анзаарч мэдээгүй бид нар Улаанбаатар хотоос орой гарсан. Би замдаа унтаж явсан болохоор мэдэхгүй байна. Нэг мэдэхэд бид нарын сууж явсан машин замын хажуу тал руу орчихсон. Миний бие зүгээр би эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгээгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэпүүлэг /хх-ийн 134 дүгээр хуудас/

Гэрч Г.У-ын өгсөн: “...Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сум явж байх замд буюу Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон голын гүүр өнгөрөөд бид нарын сууж явсан автомашин замын хажуу хэсэг рүү орсон. Би тухайн үед унтаж явсан болохоор ямар нэгэн зүйл мэдэхгүй. Манай байгууллагын жолооч Т автомашиныг жолоодож явсан. Би жолоочийн ар талын суудал дээр унтаж явсан. Тэгэхээр би жолооч хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Одоо миний бие зүгээр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135 дугаар хуудас/

Гэрч Ж.О-ийн өгсөн: “...Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг явж ажил хийхээр ажлын газрын хүмүүс болох Т, Б, У, Б нарын 5-уул явж байсан юм. Улаанбаатар хотоос Т машиныг жолоодож явсан. Би жолоочын хажуу буюу урд талын суудал дээр сууж явсан юм. Улаанбаатар хотоос бид нар 2017 оны 06 дугаар сарын 14-нд гарсан. Би замд унтаж явсан жолоочийг хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 140-141 дүгээр хуудас/

Гэрч Ц.О-ын өгсөн: “... Уг автомашин миний аав Ц гэх хүний машин байсан. Түүнийг би 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ХХК-ны нягтлан бодогч Д.Б гэх хүнд 2.500.000 төгрөгөөр худалдсан юм. Тухайн үед миний аав Ц хөдөө ажлаар явж байсан болохоор би аавыг төлөөлж түр худалдах худалдан авах гэрээ байгуулж зарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133 дугаар хуудас/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-12 дугаар хуудас/

- Замын цагдаагийн байцаагчийн ослын акт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

- Хохирогч Л.Б-ийн эмнэлэгт хэвтсэнийг нотолсон өвчний түүх /хх-ийн 24-44 дүгээр хуудас/,

- Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 150 дугаар хуудас/,

- 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №53 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 151-153 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т-ыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн нутагт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Т-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Э.Т-ы 994037 дугаартай жолооны үнэмлэх, ХХК-ны 01245464 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Т-д буцаан олгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА