Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2023/0023/З |
Дугаар | 109/ШШ2024/0002 |
Огноо | 2024-01-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 109/ШШ2024/0002
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Ө.Цын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ц газарт холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ ... хариуцагчийн зүгээс Ө.Ц-ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх иргэн Ө.Ц-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ц газарт холбогдох “Архангай аймгийн Ц газарт 2005 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймаг дахь Ц газрын даргын 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
2. Уг хэргийн үйл баримтын тухайд, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ц хэлтсийн даргын 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тушаалаар Ө.Ц-ыг 2005 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Замын ц зохицуулагч орон тоон дээр энгийнээр жолоочоор томилон ажиллуулж, 2006 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 79 дүгээр тушаалаар Ө.Ц-ыг ц бүрэлдэхүүнд оруулж, ц дэд ахлагч цол олгожээ. (Хавтаст хэргийн 5-6 хуудас)
3. Нэхэмжлэгч Ө.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... миний бие ц байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд цаашдаа цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар байнгын тэтгэвэр тогтоолгох гэтэл ц байгууллагад 2005 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага үүссэн ...” гэж тайлбарлажээ.
4. Нэхэмжлэгч Ө.Ц-ыг анх 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тушаалаар Замын ц зохицуулагчийн орон тоон дээр энгийнээр жолоочоор томилогдон ажиллах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4.-т “Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно. Дагалдах ажилтан бие дааж ц алба хаагчийн үүрэг гүйцэтгэхгүй.” гэж зохицуулсан байна.
5. Мөн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7. дахь хэсэгт Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.”, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэнд туршилтын хугацааг 6-12 сар хүртэл хугацаагаар тогтоож болно.”, 28.4. дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалд ажилласан туршилтын хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.”, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журмын 1.4.-т Төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайлан зохицуулсан бусад хууль тогтоомжид туршилтын хугацаагаар ажиллуулах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй бол энэхүү журмыг баримтална., 7.1.-т Туршилтаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж тус тус заасан байна.
6. Хариуцагч Архангай аймгийн Ц газрын дарга нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 29/6082 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Э-ыг томилж, Э.Э-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21, 28 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг бүрэн эдлүүлэн хэргийн оролцогчийн бүх эрх үүргийг олгожээ.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-с нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргажээ. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь хэсэгт заасан “Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулж болно.”, “Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна гэж заасан. Иргэн Ө.Ц 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ц хэлтэст дадлагажих ажилтны үүргийг гүйцэтгэн албан ажлаар гэмт хэргийн дуудлага, мэдээлэл, нийтийн хэв журам сахиулах үйл ажиллагаанд дадлагажих ажилтны үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь заалтуудыг үндэслэн Ө.Ц-ыг ц дадлагажих ажилтан гэж үзэх боломжтой, хариуцагчийн зүгээс Ө.Ц-ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж дурджээ.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 28 дугаар зүйлийн 28.2.2.-т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
9. Иймд иргэн Ө.Ц-с Архангай аймгийн Ц газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Ц газарт 2005 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймаг дахь Ц газрын даргын 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Ц-с Архангай аймгийн Ц газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Ц газарт 2005 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймаг дахь Ц газрын даргын 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА