Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

 

 

 

 

      2020          12            24                                       2021/ДШМ/23

 

 

Б.Сад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ш.Насанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 68 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Сад холбогдох эрүүгийн 2008000001335 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Сайдынхан овогт Б.С, Улаанбаатар хотод 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .......................................;

           

Б.С нь 2020 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол 109 дүгээр байрны 91 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Агийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сайдынхан овогт Б.Сыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Б.С нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, эр эмийн хардалтын сэдэлтээр хохирогч Г.Агийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан” Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад” гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг:” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр нөхөр.." тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Б.С хохирогч Г.А нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан болно” гэжээ. Хохирогч Г.Ариунгаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Би 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол 110 дугаар байрны салонд үсээ янзлуулаад байж байсан чинь манай нөхөрС над руу залгаад чи хаана байна гэхээр нь би гэрийн хажууд үсчинд байна гэсэн чинь нөхөр чи намайг гэрийн гаднаас тосоод аваадах гэж хэлсэн. Тэгээд би үсээ янзлуулаад дуусч байсан чинь манай нөхөр дахиад залгаснаа чи гарч ирээд хэрэггүй би өөрөө яваад орчихье гэж хэлснээ арчаагүй пизда вэ гээд хараагаад байсан. Тэгээд би гэрлүүгээ ороод байж байсан чинь манай нөхөр гэрийн хаалга нүдээд байхаар нь би очиж хаалга тайлж өгсөн чиньС чи хэнтэйгээ уулзсан юм гээд намайг хардаад байсан тэгэхээр нь би хүнтэй уулзаагүй гэсэн чинь намайг учир зүггүй цохиод авсан тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. ”гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б.С нь эхнэр Г.Аг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэр бүлийн хүрээнд үйлдэж байгаа үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамааруулахгүй бөгөөд гэнэт үүссэн буюу нэг удаагийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Ш.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын эсэрүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Б.С нь 2020 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө .............................. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Агийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Г.Агийн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ..................... байрны салонд үсээ янзлуулаад байж байсан. Тэгтэл нөхөрС над руу залгаад “чи хаана байна” гэхээр нь би “гэрийн хажууд үсчинд байна” гэсэн чинь нөхөр “чи намайг гэрийн гаднаас тосоод аваадах” гэж хэлсэн. Тэгээд би үсээ янзлуулаад дуусаж байсан чинь манай нөхөр дахиад залгаснаа “чи гарч ирээд хэрэггүй би өөрөө яваад орчихъё” гэж хэлснээ “арчаагүй пизда вэ” гээд хараагаад байсан. Тэгээд би гэрлүүгээ ороод байж байтал гэрийн хаалга тогшихоор нь тайлж өгсөн чиньС “чи хэнтэйгээ уулзсан юм” гээд намайг хардаад байсан. Тэгэхээр нь би хүнтэй уулзаагүй гэсэн чинь намайг учир зүггүй цохиод авсан тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Миний толгой руу гараараа цохиж авсан. Бид хоёр хамт амьдраад 3 жил болж байгаа бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй, хүүхэд минь бид хоёртой хамт байдаг. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан. ...Сүхбат намайг...тухайн үед хүнтэй хардаад гэнэт орж ирээд цохиод авсан. ...” /хх11/,

“...Надад цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. ...” /хх 14/,

 

            шүүгдэгчСын яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр би ажлаа тараад гэрүүгээ харих гэсэн чинь манай ажлынхан “Барилагчдын баяр” болж байна нэг шил юм ууя гэхээр нь би гэрийнхээ ойролцоо байдаг хүнсний дэлгүүрээс ажлынхаа хүмүүст нэг шил архи авч өгсөн. Тэгээд би эхнэр лүүгээ залгаад манай ажлынхан уух гэж байна чи ирээд аваадах гэж утсаар ярьсан. Тэгсэн манай эхнэр над руу уурлаад байхаар нь би утасны цаанаас пизда минь гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд би гэрт ороод эхнэртээ уурлаад толгой руу нь гараараа цохиод авсан.... Би Агийн толгой хэсэг рүү гараараа цохиж алгадаж авсан. ...” /хх 58-60/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10311 дугаартай “...Зулайн зүүн дээд хэсэг овойж хавдсан, баруун дээд хэсэг 4х5см хэсэг газарт овойж хавдсан, баруун чихний ар хэсэг овойж хавдсан, 4x5 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Хэвлий цээжний баруун дээд хэсгээр өвчин эмзэглэл ихтэй. 2020.9.8-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ.Г.Агийн биед зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 19-20/ гэх дүгнэлт,

 

Гэрлэлтийн баталгаа /хх 45/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх 23-31), Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны хамтарсан багын хурлын тэмдэглэл /хх 32-33/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Сыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Сын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Г.Агийн эрх чөлөөнд халдаж толгой руу нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь  түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр “...Гэр бүлийн хүрээнд үйлдэж байгаа үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамааруулахгүй бөгөөд гэнэт үүссэн буюу нэг удаагийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.

 

Хохирогч Г.Агийн “...НөхөрС над руу залгаад “чи хаана байна” гэхээр нь би “гэрийн хажууд үсчинд байна” гэсэн чинь нөхөр “чи намайг гэрийн гаднаас тосоод аваадах” гэж хэлсэн. Тэгээд би үсээ янзлуулаад дуусаж байсан чинь манай нөхөр дахиад залгаснаа “чи гарч ирээд хэрэггүй би өөрөө яваад орчихъё” гэж хэлснээ “арчаагүй пизда вэ” гээд хараагаад байсан. Тэгээд би гэрлүүгээ ороод байж байтал гэрийн хаалга тогшихоор нь тайлж өгсөн чиньС “чи хэнтэйгээ уулзсан юм” гээд намайг хардаад байсан. Тэгэхээр нь би хүнтэй уулзаагүй гэсэн чинь намайг учир зүггүй цохиод авсан. ...” /хх 11/ гэж мэдүүлснээс үзэхэд хохирогч нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлж болохуйц ямар нэгэн маргах, зүй зохисгүй үйлдэл гаргаагүй байхад шүүгдэгч Б.С нь шалтгаангүйгээр зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хууль хэрэглээний талаар зөвтгөхийг хүсэж бичсэн дээд шатны прокурор Д.Отгонбаярын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын  бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧ                                          М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ