Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/56

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Б.Б,

Насанд хүрээгүй шүүгдэгч: Д.Ө,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Д.Ө нарт холбогдох эрүүгийн 201715010049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 эгчийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ЕБС-д сурдаг,  ам бүл 4, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Д.Ө

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй яллагдагч Д.Ө нар нь бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Э-ын гэрээс буюу орон байранд нэвтрэн орж мөнгөн хөөрөг, ЭКС нэртэй 0.75л архи хулгайлан авч хохирогч Г.Э-т 568.100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн нутагт оршин суух иргэн Э.М-ийн “Алтан жолоот хүлэг” гэх 8 нэрийн хүнсний дэлгүүр буюу орон байранд нэвтрэн орж хүнсний эд зүйл хулгайлан хохирогч Э.М-т 420.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр суман дээр байж байгаад Д.Ө, С.У нартай хамт хөдөө Э-ынд очиж ноолуур авах гээд явсан. Э-ынд очтол гэрийнх нь хаалга цоожтой байсан. Би гэрийн цоожийг таттал онгойсон. Гэрт ороход ноолуур байхгүй байсан. Би С.У-ыг гэрээс хөөрөг авсаныг мэдээгүй. Манай гэрийн ойрхон гол дээр ирээд зогсоход С.У өвөрөөсөө мөнгөн хөөрөг гаргаж ирсэн. 2017 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө сумын төвийн дэлгүүрт орж хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б.Б ах С.У нартай хамт тоглож байгаад Э-ынд очиж ноолуур олж ирнэ гэхээр нь хамт явсан. Э-ын гэрийн гадаа очтол гэрийн хаалга нь цоожтой байсан. Б.Б ах цоожийг гараараа татаж онгойлгосон. Тэгээд Б.Б ах гэр лүү орсон. Би гадаа хүн хараад байж байсан. Би гэрээс хэн юу авсаныг мэдээгүй. Гэрийн ар талд савтай бензин байгааг авсан. Бид нар буцаад гэрлүүгээ ирж байгаад гол дээр зогсоход С.У өвөрөөсөө мөнгөн хөөрөг гаргаж ирсэн. Тэгээд гэрээс хөөрөг авсан байна гэж мэдсэн. 2014 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Б.Б ахтай хамт дэлгүүрт орж хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Ц-ийн өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед манай нөхөр Э бид 2 хонио тавьчихаад сумын төврүү явсан. Тэгээд бид 2 сумын төвд байдаг гэрээрээ орчихоод манай малыг хардаг байсан Э-тай уулзчихаад 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд гэртээ орж иртэл авдар ухаад хаячихсан байсан. Тэгээд орны араас дайлангаас хөөрөг аваад явчихсан байсан. Манай нөхөр Э хотоо тойрч хонь малаа эргэх гээд явсан байсан. Тэгээд би нөхрийгөө дуудаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэрийн хөндийнүүд ухаад хаячихсан байсан. Хөндийнөөс 1 шил архи байсан авсан байна лээ. Мөнгөн хөөрөг нэг талдаа эвтэй 4 амьтантай, нөгөө талдаа очир хээтэй 2 талдаа шармал алтны түрхэцтэй, дунд гарын хөөрөг байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-12 дугаар хуудас/

Гэрч Г.Э-ын өгсөн “...Эхнэр бид 2 хонио тавьж өгчихөөд Есөнзүйл сумын төв орохоор 17 цагийн үед өөрийн портер маркийн машинтайгаа хүүхдээ хүргэж өгөхөөр явсан юм. Сумын төв ороод төв дээр байдаг гэрээрээ орчихоод 23 цагийн үед хөдөө гэртээ ирсэн. Би хонио хураах гээд явж байтал эхнэр маань гэртээ орох гээд явснаа хашгирсан манай гэрт хулгай орсон байна гэж тэгээд л цагдаа дуудсан. Тэгээд бид нар цагдааг иртэл гэртээ оролгүй гадаа машиндаа сууж байсан. Манай эхнэр гэртээ ороод орныхоо араас хөөргөө үзтэл байхгүй байсан. Мөн хөндийд байсан экс нэртэй 0.75 литрийн 1 ширхэг архи, гэрийн хойно байсан 2 литр шахуу бензин байсан тэрийг аваад савыг нь хаячихаад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Хохирогч Э.М-ын өгсөн “...Манай дэлгүүрээс 426.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 161-165, 191 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн өгсөн: “...Уг улсын дугаар байхгүй Даюун маркийн мотоцикль миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би түүнийг 2015 оны 07 дугаар сард 1.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний мотоцикль авсан цагаасаа эхлэн 2 жил унагдаж байгаа тул 350.000 төгрөгөөр үнэлнэ. Би шүүхийн тогтоол гартал зарж үгүй хийхгүй болохыг ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.У-ын өгсөн: “...Тэнд тоглож байгаад мотоцикльтой Б буюу Б ах, Ө бид 3 хөдөө явсан. Тэгээд Э-ын гэрт очиж Б ах гэрийнх нь цоожийг онгойлгож гэрт орсон. Гэрээс мөнгөн хөөрөг, том экс нэртэй архи зэргийг авч тэдний дараа гэрийн хойд талаас 5 литрийн саванд хийсэн байсан бензин зэргийг авсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 63-65, 169-170 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол / хх-ийн 1, 135, 190 дүгээр  хуудас/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02, 137 дугаар хуудас/

- Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 3-11, 138-141 дүгээр хуудас/

- Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 18, 31, 43,  дугаар хуудас/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 25, 36 дугаар хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 132, 133 дугаар хуудас/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б, насанд хүрээгүй яллагдагч Д.Ө нар нь бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Э-ын гэрээс буюу орон байранд нэвтрэн орж мөнгөн хөөрөг, ЭКС нэртэй 0.75 л архи хулгайлан авч хохирогч Г.Э-т 568.100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багийн нутагт оршин суух иргэн Э.М-ийн “Алтан жолоот хүлэг” гэх 8 нэрийн хүнсний дэлгүүр буюу орон байранд нэвтрэн орж хүнсний эд зүйл хулгайлан хохирогч Э.М-т 420.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд Б.Б, Д.Ө нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б, Д.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, нийслэл нэртэй 2.5 литрийн 6 ширхэг хуванцар савтай шар айраг/4 бүтэн, 1 хоосон, 1 дундуураа шингэн зүйлтэй/, Алтан түрүү архи 0.75л 1 шил лацгүй, Шар чингис нэртэй архи 0.75л 1 шил лацтай, хар чингис архи 0.75л 1 ширхэг лацтай, Улаанбаатар архи 0.5л 1 шил бүтэн лацтай, Кока кола хуванцар савтай 1.25л 1 ширхэг бүтэн, Кока кола 500мл 1 ширхэг бүтэн, 0.5л нийслэл шар айраг 1 ширхэг, Алфен голд шоколад 1 ширхэг, 6 хайрцаг ЛД нарийн тамхи /2 задархай дотроо 1 нь 4 ширхэг, 1 нь 17 ширхэг, 4 бүтэн/, 4 хайрцаг Парламент тамхи /2 хайрцаг бүтэн, 2 хайрцаг задалсан 1 хайрцагтаа 15 ширхэг, нөгөө хайрцагтаа 17 ширхэг/ тамхи хураагдсаныг улсын орлого улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, Д.Ө нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих  ялаар шийтгэсүгэй.

3.    2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1,2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Ө-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасугай.

4.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Ө-ыг түүний эцэг Б.Д-ийн хяналтанд өгсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг мэдэгдсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Б-ийн 350.000 төгрөгийн үнэ бүхий улбар шар өнгийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөгчийн тогтоол, 750.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийслэл нэртэй 2.5 литрийн 6 ширхэг хуванцар савтай шар айраг/4 бүтэн, 1 хоосон, 1 дундуураа шингэн зүйлтэй/, Алтан түрүү архи 0.75л 1 шил лацгүй, Шар чингис нэртэй архи 0.75л 1 шил лацтай, хар чингис архи 0.75л 1 ширхэг лацтай, Улаанбаатар архи 0.5л 1 шил бүтэн лацтай, Кока кола хуванцар савтай 1.25л 1 ширхэг бүтэн, Кока кола 500мл 1 ширхэг бүтэн, 0.5л нийслэл шар айраг 1 ширхэг, Алфен голд шоколад 1 ширхэг, 6 хайрцаг ЛД нарийн тамхи /2 задархай дотроо 1 нь 4 ширхэг, 1 нь 17 ширхэг, 4 бүтэн/, 4 хайрцаг Парламент тамхи /2 хайрцаг бүтэн, 2 хайрцаг задалсан 1 хайрцагтаа 15 ширхэг, нөгөө хайрцагтаа 17 ширхэг/ тамхи зэргийг хураагдсаныг улсын орлого болгосугай.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Д.Ө, шүүгдэгч Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Д.Ө, шүүгдэгч Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсугэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА