Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02339 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч И-ын хариуцагч “У” ХХК-д холбогдуулан гаргасан aжлын хөлсөнд төлсөн 14 850 000 төгрөгийг алданги 6 088 500 төгрөгийн хамт буюу нийт 20 938 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ИНЕГ- нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “У” ХХК-тай харилцан тохиролцож, Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом нийлүүлэх ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаар гэрээ байгуулсан болно. Гэрээнд нийт 2 500 ширхэг фото зургийн альбомыг нэг бүрийн үнэ 19 800 төгрөгөөр, гэрээний нийт үнэ 49 500 000 төгрөгөөр нийлүүлэхээр тусгасан байна. Гэрээ ёсоор дээрх ажил нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхэлж мөн оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөх байсан. Захиалагч буюу ИНЕГ- нь дээрх гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.7.1.1 дэх заалтын дагуу гэрээгээр гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөр болох гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 14 850 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл нийлүүлэгч буюу “У” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд нэг ч ширхэг фото зургийн альбом ирүүлээгүй, хүлээлгэж өгөөгүй байна. Иймд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь болох 14 850 000 төгрөг, 1 хоногийн алданги 0.05 хувиар тооцоход 7 425 төгрөг, 820 хоногийн алданги болох 6 088 500 төгрөг, нийт 20 938 500 төгрөгийг “У” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

И газраас 2015 онд зарлагдсан Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом хэвлэн нийлүүлэх тендерт зохих журмын дагуу төлбөр төлөн, тендерийн материалыг худалдан авч, бүрдүүлэх шаардлагатай баримтуудыг бэлдэн оролцсон. Иргэний нисэхийн Ерөнхий газраас манай компанийг сонгон шалгаруулж, хоёр тал ажлын хэсэг байгуулсан. 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээ 2 сарын хугацаанд 200 хуудас бүхий 2 500 ширхэг альбом хийхээр тохирсон. И-ын удирдлага солигдсоноор бидний хоёр талын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/ дугаартай ажил гүйцэтгэх гэрээт ажил гацаж, одоо манай компаниас урьдчилгаа төлбөр болон алдангийг нэхэмжилж байгааг бид зөвшөөрөхгүй байна. Бид эх бэлтгэх, хэвлэх үүрэгтэй, нэхэмжлэгч нь төлбөр төлнө, альбомд орох материал буюу зураг, түүхийн буюу архивын материалаар хангах ёстой байсан. Гэрээний дагуу ажил гүйцэтгэхээр ажлын хэсэг байгуулахад нь манай дизайнер орж ажилласан боловч зураг, материал гаргаж өгөх завгүй байна гээд байсан. Тэгээд 9 дүгээр сараас хойш гаргая гэсэн. Бид өөрсдийн нөөц бололцоогоор ерөнхий рам гаргаж, эх загвараа гаргаж өгсөн. Гэтэл 9 дүгээр сард дарга нь солигдож, урдах даргын ажлыг ажил биш гээд ажил зогссон. Иргэний нисэхийн Ерөнхий газраас нийт 100 гаран зураг гаргаж өгснийг ерөнхий загварт оруулсан, Ц.Эрдэнэбилэг дарга өөрөө Нисэхийн бүх байгууллагуудыг хамруулсан түүхийг харуулсан альбом гаргах ёстой гэж хэлээд гэрээний хугацааг хойшлуулсан. Материал, зураг их орох, архив ухах их ажилтай байсан учир ажил хойшлогдсон. Түүнээс бид хурдан зургийг хэвлээд мөнгөө авах хүсэлтэй байсан. Гэрээт ажил зогссон байдалд бидний буруу байхгүй, урьдчилгаа 14 850 000 төгрөгт тохирох ажлыг хийж, бэлтгэсэн эхээ нэхэмжлэгчид өгсөн. Мөнгийг буцаан өгөх боломжгүй, харин үлдэгдэл мөнгөө өгвөл альбомыг гүйцээж өгөхөд бэлэн байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.6-д заасныг тус тус баримтлан “У” ХХК-аас 20 938 500 төгрөг гаргуулахыг хүссэн И-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

… Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан хэлэлцсэн байх бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийг эзгүйд хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах тухай зохицуулалтын алийг хэрэглэсэн болох нь шийдвэрт дурдагдаагүй.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримтыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй, хэргийн үйл баримтын үнэн зөвийг тогтооход талуудын тэгш оролцоо, мэтгэлцэх зарчмыг зайлшгүй хангаж, 2 талын тайлбар, татгалзлыг үндэслэн шийдвэрлэх шаардлагатай байсан. Гэтэл дан ганц хариуцагчийн тайлбарыг үндэслэн гэрээг цуцлахад ажил гүйцэтгэгч буруугүй байсан мэтээр дүгнэж, улмаар захиалагчаас гүйцэтгэгчид төлсөн урьдчилгаа төлбөрийг хариуцагчийн шаардаагүй хохиролд тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, илт нэг талд үйлчилсэн шийдвэр гэж ойлгохоор байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаас хариуцагч буюу гүйцэтгэгч яг ямар үнэлгээтэй, ямар ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй, мөн энэхүү гэрээний улмаас хохирсон талаар ямар нэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атал ийнхүү дүгнэж, энэ талаар шүүх хуралдаанд оролцоогүй нэхэмжлэгчийг нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй гэсэн нь хууль бус юм.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ИНЕГ- /цаашид ИНЕГ гэх/ нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 14 850 000 төгрөгийг алданги 6 088 500 төгрөгийн хамт нийт 20 938 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаартай “Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом нийлүүлэх ажлын гэрээ-г байгуулж, ажил гүйцэтгэгч “У” ХХК нь 2500 ш зургийн альбомыг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд хийж нийлүүлэх, захиалагч ИНЕГ- ажлын хөлсөнд 49 500 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүсчээ.

 

Захиалагч нь гэрээний 7.1.1-д заасны дагуу 14 850 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлж, ажлын хөлсний урьдчилгаа төлөх гэрээний үүргээ биелүүлсэн ба харин ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд багтаан ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгснөө болон  гэрээний хугацааг сунгасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр фото зургийн альбомын эхийг бэлтгэж, цахим шуудангаар хүргүүлсэн гэснийг шүүхийн үзлэгээр баталгаажуулсан байх бөгөөд үүнийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнд хийгдсэн ажлын үр дүн гэж үзэх, тодруулбал, цахим шуудангийн хавсралт файлд байгаа 36 хуудас зурагт урьдчилгаа төлбөр 14 850 000 төгрөгийг бүрэн зарцуулсан буюу зардал гарсныг нотлох баримт гэж үзэх боломжгүй, тодруулбал, ажил гүйцэтгэгчийн эх бэлтгэсэн, хэвлэсэн ямар ажиллагаанд хэзээ, хэдэн төгрөгийн зардал гарч 14 850 000 төгрөг бүрэн зарцуулагдсаныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй  байна.

 

Хэргийн дээрх нөхцөл байдал, баримтаас дүгнэвэл ажил гүйцэтгэгч нь урьдчилгаа төлбөрийн хэмжээнд ажлыг гүйцэтгэн, үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байх тул захиалагч гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг буцаан шаардсаныг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 355.6 дахь хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй.

 

Харин нэгэнт гэрээ цуцлагдсан тул гэрээнд заасан алдангийг шаардах үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, баримтыг зөв үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байгааг дээрх байдлаар зөвтгөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02339 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “20 938 500 төгрөг гаргуулахыг хүссэн И-ын нэхэмжлэлийн шаардлагыг” гэснийг “14 850 000 төгрөгийг “У” ХХК-аас гаргуулж, хариуцагч ИНЕГ-т олгож, үлдэх 6 088 500 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ИНЕГ- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ