Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/168

 

 

 

 

 

 

     2021            2              9                                       2021/ДШМ/168                              

 

 

 

Д.Л, Б.Э нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

прокурор Б.Тулга,

шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Н.Батзолбоо,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1873 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Н.Батзолбоогийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Л, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2006000002287 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны  өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

            1. Гурван төрөн овогт Д.Л, 1981 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрнэцогт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн дизайнер мэргэжилтэй, “Үлэмж ЭЧТ” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ..............;

            2. Хиад боржигин овогт Б.Э, 1983 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүдний эмч мэргэжилтэй, “Маргад констракшин” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ...................;

Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейд’’ ШТС-ын орчим иргэн Б.Этай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лтэй маргалдаж зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Л, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Л, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, Б.Э нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, Б.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус тус 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Л, Б.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л, Б.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Н.Батзолбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Д.Л хоёр төрлийн мэдүүлэг өгдөг. Нэг нь тухайн гэмтлийг оффисоос гараад шатаар уруудаж явахад Б.Э ирж учруулсан гэдэг бол гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ”Хэв хашмал” ХХК-ийн гадна зогсоол дээр маргалдсан гээд уг маргаан, зодоон гадаа машины зогсоол дээр болсон мэт, харин яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “оффисын өрөөнөөс гараад доошоо шатаар бууж байтал Э миний араас миний шилэн хүзүү рүү гараараа цохиж" гэж мэдүүлсэн нь маргаан байшингийн дотор Д.Лгийн оффисын барилга дотор шатан дээр болсон юм шиг нөхцөл байдлуудыг дурдаж байгаагаас үзэхэд Д.Л хэрэг явдлын талаар өөрийнхөө мэдүүлгүүдийг үгүйсгэж, хэрэг болсон газраа хоёр өөрөөр ярьдаг. Б.Э “Л автомашинаасаа буугаад миний сууж байгаа талаар тойрч ирээд миний цамцнаас боогоод намайг доош нь дарсан. Тэр үед миний ухаан балартаад би эсэргүүцээд түлхэж гараад гадаа заамдалцаад хэсэг маргалдсан” гэж мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт “би Лгийн биед учруулсан гэмтлийг автомашинд боолтонд орж ухаан балартахдаа түлхэж гарахдаа автомашины хаалганы дээд хэсэгт хүрсэн байх” гэж мэдүүлдэг. Шүүх эмнэлгийн 9657 тоот дүгнэлтээр “дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн нь Б.Эын мэдүүлэгтэй таардаг буюу түүний мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар дүгнэхдээ Д.Л Б.Эын биед гэмтэл учруулсан, Б.Эыг Д.Лгийн биед учруулсан талаар дурдаагүй. Иймд эргэлзээтэй байдал тогтоогдож байхад Б.Эт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Тулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Өмгөөлөгч гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго байгаагүй гэж байгаа боловч хавтас хэргийн 146-149 дэх талд авагдсан Б.Эын мэдүүлэгт “би Лгийн араас гүйж очоод гараас нь татаж зогсоогоод дахин ажлын талаар ярьж хийх гэж байгаа ажлынхаа талаар Лд шаардлага тавьж чи чадахгүй юм бол хоёулаа гэрээгээ цуцалъя гээд бид хоёр дахин маргалдсан” гэдэг. Энэ нөхцөл байдлаас үзэхэд Б.Э нь Д.Лг өөрөө өдөж хоргоогоод зориуд ямар нэг үр дүнд хүргэх буюу маргалдах, зодолдох гэсэн нөхцөл хэргээс харагддаг. Түүнээс биш Б.Э хэл амаараа учраа олж, гэрээний дагуу үүргээ биелүүлэх талаар ярьсан бол Д.Л Б.Эын биед гэмтэл учруулсан, Б.Э ярилцах гэж байхад нь Д.Л зодоон эхлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Б.Эын өөрийнх нь буруутай үйлдэл буюу Д.Лг гарцаагүй байдалд хүргэж маргалдсаны улмаас харилцан бие биетэйгээ зодолдсон нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч нарт учирсан гэмтэл хоёр биеийнхээ үйлдлээс учирсан нь шууд шалтгаант холбоотой. Хэн аль нь тухайн үед өөр хүн байгаагүй, хоорондоо маргалдаж зодолдсон талаараа мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейд’’ ШТС-ын орчим иргэн Б.Этай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лтэй маргалдаж зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эын “...Л машинаасаа буугаад миний цамцнаас боогоод доош дарсан ...толгой руу гараараа 2-3 удаа цохиод нүүрлүү алгадсан ... уруул дотор талдаа язарсан хүзүү цээж баруун гарт зулгарсан шарх баруун хонго хөндүүр өвчтэй. ...” /хх 9-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 9657 дугаартай “...Д.Лгийн биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болон цаг хугацаа үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 16-17/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 9662 дугаартай “...Б.Эын биед дээд уруулын дотор салстад язрал, цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 18-19/,

            Шүүгдэгч Д.Лгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэв хашмал ХХК-ийн хашааны гадна талын автомашины зогсоол дээр Этай маргалдаж улмаар Эыг цамцных нь захаар хоолой хүзүүг нь боож хүзүү цээжинд зулгаралт гэмтлийг нь учруулсан мөн Э нь миний цамцны захаар хүзүү хоолой боогоод тавихгүй болохоор нь би Эын гарны шуун тус газар нь гараараа 1 удаа цохиж баруун шуунд цус хуралт гэмтлийг нь учруулсан. ...ажлын шаардлагаар Этай маргалдаж, улмаар Э нь миний толгойн дагз хэсэг рүү гараараа 1 удаа цохиж, миний биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан. Мөн миний өмсөж явсан цамцны захаар миний хүзүү хоолойг боож миний биед хүзүүнд цус хуралт гэмтлийг учруулсан. Намайг Эаас өөр зодож цохисон хүн байхгүй. Миний зүгээс Эт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... би буруу юм хийснээ  ойлгож байна ... Э нь надаас ямар нэгэн хохирол мөнгөтэй холбоотойгоор нэхэмжилж байгаа зүйл одоогийн байдлаар байхгүй. ...” /хх 45/,

Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн: “...би Лгийн араас нь гүйж очоод гар билүү хаанаас нь билээ татаж зогсоогоод дахин ажлын талаар ярьж, хийгдэж байгаа ажлынхаа талаар Лд шаардлага тавьж, чи ажлаа хийж чадахгүй юм бол хоёулаа хийсэн гэрээгээ цуцалъя гэж хэлээд бид хоёр дахин маргалдаж, Л намайг заамдаж авахаар нь би адилхан Лг заамдсан. Тэгсэн миний өмсөж байсан цамцны захаар миний хоолойг боохоор нь би Лг хойш нь түлхэж гарыг нь тавиулсан. Тэгээд Л машиндаа очоод суучихаар нь араас нь би араас нь очоод машинд нь орж суугаад дахин Л бид хоёр маргалдаж ... тэгээд би Лгийн гарыг шуунаас нь барьж байгаад Лг хойш нь түлхэж өөрөөсөө хүчээр салгасан. Тэгсэн Л миний хөлнөөс татаж машинаасаа буулгаад миний нүүрэн тус газар намайг 1 удаа цохичхоод машиндаа суугаад явчихсан ... Л бид хоёрын хажууд өөр хүн хамт байгаагүй. Хэрүүл маргаан бид хоёрын дунд л болсон өөр ямар нэгэн хүн тухайн хэрүүл маргаанд оролцоогүй. Надаас өөр Лтэй хэрэлдэж маргалдаж, ноцолдож, зууралдаж, заамдалцсан хүн байхгүй ... Л анх надтай уулзах гэж ирэхдээ хүзүү хоолой нь улайж, хөхөрч, шалбарсан зүйл байгаагүй... Миний зүгээс Лгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” /хх 146-149/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Д.Л, Б.Э нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, Б.Э нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Н.Батзолбоо “...шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг цагаатгаж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан буй “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 9657 дугаартай   Д.Лд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон дүгнэлт /хх 16-17/, шүүгдэгч Д.Лгийн “...Намайг Эаас өөр зодож цохисон хүн байхгүй. Миний зүгээс Эт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... би буруу юм хийснээ  ойлгож байна ... Э нь надаас ямар нэгэн хохирол мөнгөтэй холбоотойгоор нэхэмжилж байгаа зүйл одоогийн байдлаар байхгүй. ...” /хх 45/, шүүгдэгч Б.Эын “...Л бид хоёрын хажууд өөр хүн хамт байгаагүй. Хэрүүл маргаан бид хоёрын дунд л болсон өөр ямар нэгэн хүн тухайн хэрүүл маргаанд оролцоогүй. Надаас өөр Лтэй хэрэлдэж маргалдаж, ноцолдож, зууралдаж, заамдалцсан хүн байхгүй ...Л анх надтай уулзах гэж ирэхдээ хүзүү хоолой нь улайж, хөхөрч, шалбарсан зүйл байгаагүй... Миний зүгээс Лгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” /хх 146-149/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогджээ.

Иймээc Б.Эрдэнбаярыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Харин шийтгэх тогтоолын 3 дахь заалтад шүүхээс оногдуулсан  500 нэгжтэй тэнцэх буюу 500 000 төгрөгөөр торгох ялын хэмжээг 3 сарын хугацаанд сар бүр 150 000, 150 000, 200 000 төгрөгөөр тогтоож  тухайн торгуулийг хэсэгчлэн төлөхөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой.

Өөрөөр хэлбэл Монгол улсад илэрсэн өвчин, цар тахалтай холбогдуулан хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ажил хөдөлмөр, орлого олохгүй байх нөхцөл байдал үүсвэл шийтгэх тогтоолд заагдсан торгох ялыг төлөх боломжгүй байдал үүсч шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордох магадлалтай. Иймд сар бүр төлөх төлбөрийг шууд заахгүйгээр торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Н.Батзолбоогийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1873 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, Б.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус тус 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200.000  төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, Б.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай. ...” гэж  өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Н.Батзолбоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

           

   ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

 

                                       ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ