Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: А.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А.Б-д холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д овогт А.Б 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 8 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын тоглох багийн нутаг “Шар булгийн өлөн” гэх газарт байх гэртээ өөрийн эхнэр болох иргэн Д.М хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн..... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Д.М өгсөн: 

 

“... Миний бие 2012 оноос хойш Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат А.Б гэдэг залуутай хамтран амьдарсан. Энэ хүн надтай хамт нэг гэрт амьдарч эхэлсэн цагаасаа хойш намайг байнга  зоддог болсон. Надтай суусан жилээсээ эхлээд л зодсон. Тухай бүр нь би бичиж тэмдэглээгүй болохоор тодорхой зүйл санахгүй байна. Миний үснээс зулгааж энэ гэрээс зайл гэж харааж, чи муу үхвэл таарна, амиа хорло, ус руу орж үх гэж олон удаа хэлсэн. А.Б чамайг баглаад алаад хаясан ч гарз байхгүй, чиний ах дүү нар чамайг тоож ирэхгүй гэж зэрлэгээр доромжилдог. 2017 оны 8 сарын 28-ны өдөр намайг зодож гэмтээгээд Төвшрүүлэх сумын төвд мотоциклиороо хүргэж аваачаад гудамжинд орхисон. Тэгээд 2017 оны 8 сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цагдаагийн газарт очиж өргөдөл өгсөн. Намайг А.Б зодож танхайрч байх үед дэргэд хүн байгаагүй. Хадам ээжийнх гэрийн ойролцоо тусдаа гэрт байсан болохоор энэ талаар хараагүй. ...Одоо миний зүүн хөхний дэргэд хүндүүр байна, зүүн хөл улайж, хөхөрч хавдсан, зүүн шанай хавдаж, толгой өвдөж байна. ...А.Б намайг олон жил дээрэлхэж зодож байна. Харж хамгаалах ах дүү Өгийнуур суманд байхгүй болохоор чам шиг юмыг алаад баглаад хаясан ч яадаг юм гэж олон удаа хэлж, айлган сүрдүүлж байсан... “гэх  мэдүүлэг /хх-ийн 6-8 хуудас/

 

Гэрч Б.Ж-ийн өгсөн: 

... манай хүү 2017 оны 8 сарын 28-ны шөнө 02 цагийн үед хүүгээ өвөртөө хийгээд ахындаа ирсэн. Д.М хэл сурагггүй гэрээсээ гараад явчихаж, уг нь миний урдуур унтсан юм. Гарч явсныг нь би мэдсэнгүй. Танайхаар ирсэн үү гэж ахаасаа асуусан. Тухайн өдөр би өөрийн хүү Ж.Б-ийнд хоносон. Маргааш өглөө нь намайг хүүгийнхээ гэрт ирэхэд Д.М өөрийнхөө гэртээ унтаж байсан.  Хаагуур яваад ирсэнийг нь би асуугаагүй. Энэ хүн их хэцүү, шөнө дунд гэрээсээ гараад явчихдаг. Хүү А.Б маань өдөр малдаа яваад орой их ядарч ирдэг. Шөнө их нойртой унтдаг. Энэ хүүхнийг гарч явахыг шөнө мэддэггүй. Өглөө босоод Д.Мг хаашаа явчихав гээд ойр хавиар хайдаг.  Өвлийн хүйтэнд шөнө янз бүр болчихвий гэж хүү бид хоёр олон удаа эрж хайж байсан. Ямар учраас гэрээсээ гарч яваад байдаг талаар би урьд нь асуухад надад юу ч хэлдэггүй. Миний хүү.А.Б миний нүдэн дээр Д.М-д гар хүрч зодож байгаагүй. Хүү минь шөнө орой хамаагүй явж байгаад айж цочиж янз бүр болчихов, би чамаас айж байна шүү. Хүний хүүхэд янз бүр болчихов гэж хэлж байсан...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14  хуудас/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-н  2017 оны 8 сарын 31-ний өдрийн 386 дугаартай дүгнэлтэнд: Д.Мгийн биед цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зүүн өвдөг, гуя шилбэнд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баруун гуяны цус хуралт нь зодуулсан гэх цаг хугацаанаас өмнө нь үүссэн хуучин гэмтэл байна. Энэ нь шүүх эмнэлэгийг гэмтлийн 2.6-д  зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.”гэжээ. /хх-ийн 21х/

 

Яллагдагч А.Б-ийн өгсөн:

“...Би 2017 оны 8 сарын 28-ны өдөр эхнэр М тэй хүүхдээ Төвшрүүлэх сум руу сургуульд өгнө гэхээр нь тийм хол өгөөд яах вэ, Өгийнуур сумын төвд сургуульд өгчихье гэж хэлсэн чинь хэрүүл маргаан үүсээд, явна гээд гэрээсээ гарч гүйгээд байхаар нь нэг удаа зөөлхөн алгадаж, зүүн хөлний өвдөг орчимд нь нэг удаа өшиглөсөн. Маргах зүйл гардаг ч юм л болно явна, сална гээд гарч гүйгээд байдаг. Би тэр болгон цохиж зодоод байдаггүй, байнга зоддог гэх асуудал ярьсан юм шиг байна лээ. Би байнга зоддоггүй. Д.М нь эв зүй муутай, ухаан санаа нь бүл бал, шөнө ч хамаагүй унтаж байхад нялх хүүхдээ хаяад гараад явчихсан байдаг байсан.өөр цохиж зодсон асуудал байхгүй, хүүхдээ бодоод аль болох эвтэй байя гэж бодож явдаг. Тэгээд хэрүүл маргаан болохоор зодоогүй байхад зодсон гээд л хэл амаар дайрчихдаг. Уурлахаараа  хэд хоног уурлачихдаг. Алгадаж, өшиглөсөн асуудал нь миний буруу учир би буруугаа хүлээж байна. ... Н бол Мгийн дагавар хүүхэд байгаа юм аа, миний төрсөн хүүхэд биш, одоо 7 настай. Би огт гар хүрч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31х/ 

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-35х/ зэрэг болно. 

 

2017 оны 08 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн  нутаг Шар булгийн өлөн гэх газар иргэн Д.Мгийн биед хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 8 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг “Шар булгийн өлөн” гэх газарт байх гэртээ өөрийн эхнэр болох иргэн Д.Мг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.М-ийн  “...2017 оны 8 сарын 28-ны өдөр намайг зодож гэмтээгээд Төвшрүүлэх сумын төвд мотоциклиороо хүргэж аваачаад гудамжинд орхисон...”гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Б-ийн “...хэрүүл маргаан үүсээд, явна гээд гэрээсээ гарч гүйгээд байхаар нь нэг удаа зөөлхөн алгадаж, зүүн хөлний өвдөг орчимд нь нэг удаа өшиглөсөн. ...Алгадаж, өшиглөсөн асуудал нь миний буруу учир би буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Д.М-ийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 сарын 31-ний өдрийн 386 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийг ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй мөн тус прокурорын газраас шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Иймд шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч А.Б-ийн хувийн байдлын талаар хэрэгт Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 3 сарын 19-ний өдрийн 38 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35х/ авагдсан болно. 

Хохирогч Д.М нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд /хх-38х/ тусгагдсан байх тул шүүгдэгч А.Б-ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдийн хамт амьдардаг талаар шүүгдэгч мэдүүлсэн тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байх ба оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт А.Б-ийг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                        

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           П.ГАНДОЛГОР