Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар   128/ШШ2023/0825

 

   2023         11          09                                     128/ШШ2023/0825

                   

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л Б

Хариуцагч: Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж

Маргааны төрөл: Л.Бн эзэмшлийн гараашийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай шийдвэр хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавзансэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгчээс Нд холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсэг “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а дугаар байрны баруун талд байрлах 30 ширхэг гараашийн газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх”-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.  Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэгт 60 машины давхар гараашийн барилгыг тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагуудын орон сууцны зүүн талд 0,08 га газарт байрлуулахаар тогтоожээ.

Дээрх захирамжийн дагуу Уанаас 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаар мэдэгдлээр ”М” ХХК-д 60 машины гараашийн зориулалтаар 0.08 га газрыг олгосон болохыг мэдэгдсэн байна.

3. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүрэгт 60 машины давхар гараашийн барилгыг тус дүүргийн 4 дүгээр хорооны Дипломатуудын байрны зүүн талд 0,014 га газрыг  ашиглуулах эрхийг баталгаажуулсан ба нэхэмжлэгч нь 2006 оны 07 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий гараашийг худалдан авчээ.

4. Нэхэмжлэгч “Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/ дугаар захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 60 автомашины гараашийн зориулалтаар 0,08 га газар олгогдсон “С” ХХК-ийн гүйцэтгэсэн №7 боксыг эзэмшигч надад гараашийн зориулалтаар 13 м.кв газрыг эзэмшүүлэх эрхийг олгосон захирамж гаргаж өгөхийг Нд даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 464 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, иргэн Л.Бд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагуудын зүүн талд байрлах түүний эзэмшлийн 13 м.кв талбай бүхий гараашийн газарт газар эзэмших захирамж гаргахыг Нд  даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Ингээд тус шийдвэр нь хүчин төгөлдөр болсон тул Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар иргэн Л.Бд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 13 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсан байна. Улмаар тус гараашийн газрыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатайгаар сунгасан байна.

6. Нэхэмжлэгч нь гараашийг 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 0 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

7. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсны дотор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а дугаар байрны баруун талд байрлах 30 гараашийн газар багтжээ.

8. Нэхэмжлэгч Нд холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 29 болон мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус газрын маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх талаар өргөдөл гаргасан байдаг.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01-08/3072 дугаар албан бичгээр иргэн Л.Бд хүргүүлсэн хариундаа “..тухайн байршил нь нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж буй ажил тул таны ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. ...” гэжээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/3915 дугаар албан бичгээр “...таны ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэх хариуг хүргүүлжээ.

9. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, дахин 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5809 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Нэхэмжлэгч миний бие, иргэн Б.Лас 2006 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/ дугаар захирамжтай Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Уаны 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Мэдэгдэл, дугаар 7”-ээр архитектур төлөвлөлтийн зургийн даалгавар, өгөгдсөн техникийн нөхцөлийг үндэслэн зураг төслөө зохиолгож, батлуулж баригдсан автомашины №7-ийн тоосгон гараашийн барилгыг худалдаж авсан бөгөөд энэхүү гараашийн барилга, доорх эзэмшил газар нь:

-Газрын асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 464 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааны 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр магадлалаар иргэн Л.Бд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагуудын зүүн талд байрлах түүний эзэмшлийн 13 м.кв талбай бүхий гараашийн газарт газар эзэмших захирамж гаргахыг Нд даалгасугай” гэж шийдвэрлэгдсэн;

Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2012.09.21-ний өдрийн №3-1251 тоот албан бичгийн тодорхойлолтоор: “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Лагааны гудамж, Г95/6 дугаар хаяг”-т бүртгэгдсэн;

Тухайн гарааш нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэгдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар 0” олгогдсон;

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар автомашины гараашийн зориулалтаар 13 м.кв газар олгогдож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай 2032 он хүртэл сунгагдсан;

Тухайн 13 м.кв газар нь эрхийн улсын бүртгэлийн Э-2202004548 дугаарт бүртгэгдэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дүгээр сарын 21-ний өдрийн “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, дугаар 0*******” олгогдсон; Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын зураглалын мэдээллийн сангийн “Нэгж талбар, дугаар 1*******-т бүртгэгдсэн; зэргээр нийтэд илэрхий үйл баримт бүхий бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хууль ёсны зөвшөөрөлтэй, газрын төлбөрийг жил бүр төлж, хууль ёсоор эзэмшиж өмчилдөг болно.

Нэхэмжлэгч нь “Газрын тухай” хууль тогтоомжийг зөрчөөгүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, бусад этгээдийг хохироосон, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц үйлдэл, үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй байхад Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн 1 дүгээрт “Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралт ёсоор баталсугай” гэж, 2 дугаарт “Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай. 2.1. нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа, энэ захирамжийн хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Г.Батзориг/-нд, захирамжилсныг бусдаас олж мэдсэн. Тус захирамжийн хавсралтын 101 дэх “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Орон сууцны 30а байрны баруун талд байрлах 30 ширхэг гараашийн газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх”-ийн өөрт холбогдох (урд булан талаас 4 дэх) хэсэг нь Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/ дугаар захирамж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 464 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааны 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр магадлал, УБЕГ-ын 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаар бүртгэл, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамж, 2022 оны 07 дүгээр сарын 21-ний өдрийн Иргэний газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2202004548 дугаар бүртгэл бүхий хууль ёсны зөвшөөрөлтэй үл хөдлөх хөрөнгө, газрыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, зөвшөөрөлгүй баригдсан, газрын зөрчилтэй хэмээн худал гүтгэн буруутгаж, хууль ёсны ашиг сонирхлыг шууд давхцуулан бүдүүлгээр хүчирхийлэн дарамталж, бусармагаар хавчин шахамдуулж, хохироохоор хяхан гачигдуулж шийдвэрлэснийг эс хүлээн зөвшөөрч, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Н, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандан тус тус гомдол гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №01- 08/3072 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №06/3915 тоот албан бичгээр “... шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Тус захирамжийн хавсралтын 101 дэх “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Орон сууцны 30а байрны баруун талд байрлах 30 ширхэг гараашийн газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх” өөрт холбогдох (урд булан талаас 4 дэх) хэсгийн байршил нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хаах, хөдөлгөөнд саад учруулах зайнаас зайтай хол, мухар гудамжинд байршдаг, захирамжийг хэрэгжүүлснээр нээгдэх орц, гарц байхгүй, тус захирамжийн нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилт нь биелэгдэхгүй байхаас гадна, Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар “Гаражуудыг журамлах тухай" захирамжийн 1 дүгээрт “Нийслэл хотод автомашины тоо эрс нэмэгдэж, орон сууцны хорооллуудад нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээн дээр байрлуулсан гараж, контейнерүүдийг журамлах зорилгоор ... шинээр баригдах төвлөрсөн гаражуудын байршилтыг 2-р хавсралтын дагуу тус тус баталсугай" гэж, 4 дүгээрт “Шинээр баригдах болон орон сууцны хороолол дотор баригдах гараашийг батлагдсан зураг төслийн дагуу иж бүрэн тохижилт, тоглоомын талбайтай нь хамт хийхээр боловсруулж архитектур, техникийн хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, инженерийн байгууламжийн хэлтэс /н.Нямсүрэн/, Мэргэжлийн /н. Түмэнцогт/-т даалгасугай” гэж захирамжилсан, тус захирамжийн 2 дугаар хяналтын хэлтэс хавсралтын 2 дахь “Чингэлтэй дүүрэг, 30 машины давхар гараашийн барилгыг тус дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагуудын орон сууцны зүүн талд байрлуулан 0,08 га" гэж барих зөвшөөрөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Хот байгуулалт, инженерийн байгууламжийн хэлтсийн даргын 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаар мэдэгдэл, барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, зургийн даалгавар, “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний газар олголтын байршилт, зөвшөөрөлцсөн техникийн нөхцөлийн дагуу зураг төслөө зохиолгон батлуулж баригдсан 60 ширхэг гараашийн барилгаас арын 30 ширхэг давхар гарааш, урд талын хөндлөн хэсгийн Нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн 144 м.кв газар эзэмших эрхтэй УБЕГ-ын 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 2******* дугаарт бүртгэгдсэн “М*******” ХХК (РД:*******)-ийн 10 ширхэг гарааш, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн 114 м.кв газар эзэмших эрхтэй иргэн Э.Г******* (РД:*******)-ын 5 ширхэг гараашийг буулгахгүйгээр “шүд сугалах арга"-аар цоохорлон зөвхөн 21 ширхэг гараашийг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/69 дүгээр “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай" захирамжийн гараашуудтай нийлүүлэн “30 ширхэг гарааш” хэмээн нэрлээд буулгах шийдвэр гаргаж байгаа нь оромдсон нэр төдий, үр дүнгүй, явуургүй үйлдэл байх төдийгүй, иргэддээ ялгаварлан гадуурхсан, шударга бусаар ялласан байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/ дугаар захирамжийн хавсралтын 101 дүгээр холбогдох хэсэг нь Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно" заалт, "Захиргааны ерөнхий хууль”-ийн 4.1 дэх “Захиргааны үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ", 4.2.1 дэх “хуульд үндэслэх”4.2.5 дахь "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 дахь "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8 дахь "хууль ёсны итгэлийг хамгаалах" заалт, мөн хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж гаргасан байх тул тус захирамжийн хавсралтын 101 дүгээр дэх "Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Орон сууцны 30а байрны баруун талд байрлах 30 ширхэг гараашийн газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх”-ийн өөрт холбогдох (урд булан талаас 4 дэх) хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү.”гэжээ.

11. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Л.Б миний бие Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Орон сууцны 30а байрны баруун талд байрлах 60 гараашийн урд булангаасаа 4-т байрлах гараашийг 2006 оноос хойш эзэмшиж байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 464 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн магадлалаар газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай 2032 он хүртэл сунгаж газар эзэмшсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Хууль ёсоор эзэмшиж байгаа. Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, бусад этгээдийг хохироосон, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй байхад Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийг хууль бусаар гаргасан. Газрын зөрчилтэй иргэдэд зориулж уг захирамжийг гаргасан. Би газрын зөрчилгүй.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй. Гэнэт 1 өдөр захирамж гарсныг мэдээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нд хандсан боловч тодорхой хариу өгөөгүй.

Уг гарааш нь 1998 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн үеийн Улаанбаатар хотын архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан. Хүүхдийн тоглоомын талбай бүхий давхар 30 гарааш баригдаж байсан. “М*******” ХХК 10 ширхэг, иргэн Э.Г******* 5 ширхэг, би 1 ширхэг автомашины гарааш эзэмшдэг. Бусад гараашийг төр захиргааны байгууллагаас зөвшөөрлийг өгөхгүй иргэдийг хохироож явсаар өнөөдрийг хүргэсэн. Газрыг зөвшөөрөлгүй ашигласан гэж захирамж гаргаж хүчээр нурааж байна. Улаанбаатар хотын төр захиргааны байгууллага газрын асуудлыг шийдвэрлэхгүй иргэдийг хохироож байдаг. Нийслэлийн аль ашигтай байршлыг эрх бүхий этгээдүүд хууль бусаар эзэмшиж байна. Ялангуяа Монгол ардын намын гишүүд иргэдийн хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг дээрэмдэх үйл ажиллагаа явуулж байна. Захирамж гаргасныг эсэргүүцэж байна. Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлтэй газрыг зөвшөөрөлгүй гэж хууль бусаар гаргасан захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавзансэнгэ хариу тайлбартаа: “Иргэн Л.Бн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/ дугаар захирамжийн хавсралтын 101 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, газар ашиглалт, орчны тохижилтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд "Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай" Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамж гарсан.

Тухайн нэгж талбарыг анх нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын А/ дугаар захирамжаар 60 машины гараашийн барилгын зориулалтаар 800 м.кв газрын эзэмших, ашиглах эрх олгосон байна.

Иргэн Л.Б нэгж талбарын 1******* дугаар бүхий 13 м.кв газрыг иргэн Б.Лас худалдах, худалдан авах гэрээгээр авсан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 464 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааны 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар гараашийн зориулалтаар 13 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар баталгаажуулсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Газар эзэмших эрх дуусгавар болсны үр дагавар нь газар дээрх эд хөрөнгийг өөрийн зардлаар чөлөөлөх үүрэгтэй болохыг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ" заасныг биелүүлэх үүрэгтэй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний А/ дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1063.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавзансэнгэ шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн нэгж талбарыг Нийслэлийн Засаг даргын А/ дугаар захирамжаар 60 машины гараашийг барилгын зориулалтаар 800 м2 газрыг эзэмших, ашиглах эрх олгосон. Иргэн Л.Б нэгж талбарын 1******* дугаар бүхий 13 м.кв газрыг иргэн н.Лхагваас худалдан авсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 464 дүгээр шийдвэр, 2012 оны 31 дүгээр магадлалыг үндэслэж 2012 оны А/419 дүгээр захирамж гарсан бөгөөд гараашийн зориулалтаар 13 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар баталгаажуулж авсан байдаг. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/874 дүгээр захирамжаар газрын эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж газар ашиглалт, орчны тохижилтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ ханамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/ дугаар захирамж гарсан. Маргааны бүхий захиргааны акт нь үндэслэл бүхий байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.“Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.3.“Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заажээ.

Тодорхойлох хэсэгт дурдсан үйл баримт болон Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн, хуулийн этгээд анхнаасаа огт зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан бол газар чөлөөлөхөөр байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж буй гарааш нь Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/ дугаар захирамжийн үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн дагуу баригдсан тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан, газрыг дур мэдэн эзэмшсэн гэх нөхцөл нэхэмжлэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

2. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3.“нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” 33 дугаар зүйлийн  33.1.1.“энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн Н 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар Л.Бд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулж, 2017 оны А/874 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй ба нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжаар газрын эрхийг дуусгавар болгосон тул Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар газар чөлөөлөх үүрэгтэй…” гэх боловч маргаан бүхий захирамж аливаа газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон зүйлгүй байна.

3. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон бөгөөд түүний газар эзэмших эрх дуусаагүй, газар дээр байх гараашийг хуулийн дагуу бүртгүүлсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байхад нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газар дээрх гараашийг буулгахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсгийн Л.Бн эзэмшлийн гараашид холбогдох хэсгийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

4. Харин хариуцагч нь газрыг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай бол Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, 43 дугаар зүйлд заасан гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгох талаарх журамд нийцүүлэн газрыг чөлөөлөх асуудлыг  шийдвэрлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсэгт заасан 30 гараашийн Л.Бгийн эзэмшлийн гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Нас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДАМДИНСҮРЭН