Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1113

 

                                          Ч.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

шүүгдэгч Ч.У-ийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.У-ийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.У-т холбогдох эрүүгийн 1911003670843 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч.У-, 1962 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, оршин суух,

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

 

Ч.У- нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан иргэн Г.М-аас 3 удаагийн үйлдлээр нийт 7.917.000 төгрөгийг “Хаан” банкны 5084474513, 5014109869 дугаартай дансуудаар шилжүүлэн авч залилсан,

 

2018 оны 8 дугаар сарын 23-наас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан иргэн Н.Т-гаас бэлнээр 1000 ам.доллар /2.469.360 төгрөг/, 1.500.000 төгрөгийг, Б.З-аас бэлнээр 1000 ам.доллар /2.469.360 төгрөг/, 1.500.000 төгрөгийг тус тус авч залилсан,

 

2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэр төр” сонины байранд “ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан иргэн                         Б.Ц-оос 1500 ам.доллар /3.709.095 төгрөгийг/ бэлнээр авч залилсан, бусдад нийт 19.564.815 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Чойжамцын У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-ийг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.У-ээс хохирогч Н.Т-, Б.З- нарт тус бүр 1,469,360 төгрөг, хохирогч Г.М-д 7.917.000 төгрөгийн төлбөртэй ба шүүгдэгчийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дугаар дансанд байршуулсан 5.000.000 төгрөгөөс хохирогч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 36-555 тоотод оршин суух Н.Т- /Х381110205/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 25-255 тоотод оршин суух Б.З- /ХЖ84120507/ нарт тус бүр 1,469,360 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 21-12 тоотод оршин суух Г.М- /РН84060967/-д 2.061.280 олгож, үлдэгдэл 5,855,720 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Г.М-д олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

      Шүүгдэгч Ч.У-ийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.У-ийн нь бусдыг залилан мэхэлж 19.564.815 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.У- нь 1962 онд төрсөн 58 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...тавин таван наснаас дээш насны эмэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасныг зөрчиж шүүгдэгч Ч.У-т ял оногдуулсан гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн энэ алдааг засаж зөвтгөн шүүгдэгч Ч.У-т хорихоос өөр төрлийн хөнгөн ял болох торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирогч нарт буюу Г.М-,  Н.Т-, Б.З- нарт учирсан хохирлын тооцоог хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн үнэн зөв бодитой тогтоож чадаагүй, мөрдөгч болон прокурорын алдааг шүүх засаж зөвтгөхийн оронд улам будлиулан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийг анхааран үзнэ гэдэгт итгэж байна. Үүнд: Хохирогч Г. М-д 7.917.000 төгрөгийн хохирол учруулснаас 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөгийг хамаатны ах Б.Ц-т шилжүүлгээр өгсөн баримт /хх 183/ байхад шүүх энэ мөнгийг хасаж тооцолгүй бүх хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Хохирогч Г.М-д төлөх хохирлоос дээрх төлсөн 3.000.000 төгрөгийг хасаад үлдсэн 4.917.000 төгрөгөөр хохирлыг тооцож төлүүлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Хохирогч Н.Т-д нийт 3.969.000 төгрөгийн хохирол учруулсан, хавтаст хэрэгт 1.500.000 төгрөгийг өгсөн нотлох баримт /хх 126/ байгаа бөгөөд хохирогч Н.Т- хавтаст хэрэгтэй танилцаад үлдэх 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байхад /хх 139/ шүүх түүнд төлөх хохирлыг 1.469.360 төгрөг гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т заасныг буруу тооцсон гэж үзэж байна. Шүүх яагаад хохирогч Н. Т-д түүний нэхэмжилсэн 1.200.000 төгрөгөөс илүү хохирлын мөнгийг нэмж гаргуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогч Б.З-д 3.969.000 төгрөгийн хохирол учруулснаас 3.000.000 төгрөгийг авсан гэж /хх 24/ мэдүүлсэн байна. Бас хавтаст хэргийн 126 дугаар талд 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1.500.000 төгрөгийг авсан баримт байна. Хэрэв 3.000.000 төгрөг дээрээ нэмж 1.500.000 төгрөгийг авсан бол илүү мөнгө авсан, хохиролгүй болсон баймаар. Хохирогч Б.З- /хх141/ “1.000.000 төгрөг дутуу” гэж мэдүүлсэн. Бас хохирогч Б.З- хавтаст хэрэгтэй танилцаад /хх 142/ 1.200.000 төгрөгөө нэхнэ гэсэн байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Б.З-д 1.469.360 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, буруу тооцсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх энэ буруу тооцсон хохирлын тооцоог зөвтгөж өгнө үү. Хохирогч нарт учирсан хохирлын тооцооны хувьд хохирогч Г.М-д 4.917.000 төгрөг, хохирогч Н.Т-д 1.200.000 төгрөг, хохирогч Б.З-д 1.200.000 төгрөг, нийт 7.317.000 төгрөг төлүүлэхээс шүүхийн тамгын газрын дансанд төлсөн 5.000.000 төгрөгийг хасаад үлдэх 2.317.000 төгрөгийг төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх хохирогч нар бүгдээрээ хамаатан хүмүүс бөгөөд хохирогч Б.Ц- зохион байгуулж мөнгийг авч Ч.У-т дамжуулан өгч байсан учир шүүгдэгч Ч.У- хохирлын мөнгийг түүний дансанд шилжүүлэн өгч байсныг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоож чадаагүй бөгөөд прокурор яллах дүгнэлтийн хавсралтад үндэслэлгүй тооцоо хийж алдаа гаргасныг шүүгч хавтаст хэргээ сайн уншиж хохирлын тооцоог үнэн зөв бодитой тооцон гаргаж чадалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дөрвөн хохирогчтой хэргийн гурван хохирогчийн тооцоог нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж чадахгүй байгаа мөрдөгч, прокурор, шүүгч нарын ажилдаа хандаж байгаа хандлага хүний хувь заяаг шийдвэрлэж байгаа байдал үнэхээр харамсалтай байгааг хэлэхгүй байхын аргагүй байна. Хавтаст хэргээ сайн уншихгүй, холбогдох хуулийн заалтыг сайтар анзаарч харахгүй хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа байдлаа хойшид анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ийм учраас давж заалдах шатны шүүх дээр дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хохирогч нарт учирсан хохирлын тооцоог бүрэн хийж чадаагүй зэрэг анхан шатны шүүхийн алдааг засаж залруулан шүүгдэгч Ч.У-т хөнгөн ял оногдуулж өгнө гэдэгт итгэж байна. Шүүгдэгч Ч.У- үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлынхоо ихэнхийг төлж барагдуулсан, үлдэх хохирлоо төлж барагдуулахаа амлаж байгаа, гэмт хэргийг тохиолдлын байдлаар үйлдсэн, гэмт хэрэгт хохирогч нарын буруутай байдал нөлөөлсөн, өөрөө өндөр насны тэтгэвэрт байдаг зэргийг хөнгөрүүлэн өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн заалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх  тул  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.У-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй. ...” гэж заажээ.

 

            Анхан шатны шүүхээс 1962 оны 8 дугаар сарын 7-нд төрсөн /85х/  58 настай шүүгдэгч Ч.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд  тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн байх тул Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл бий болжээ.

           

Мөн нотлох баримтуудыг харьцуулан судлан үзэлгүйгээр үлдэгдэл хохирол төлбөрийг  гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Хэргийг дахин шийдвэрлэх явцад хохирлын тооцоог зөвтгөх боломжтой тул шүүгдэгч Ч.У-ийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэлийн гаргасан “... хохирлын тооцоог зөвтгөж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.У-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ч.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

   ШҮҮГЧ                                                    Д.МЯГМАРЖАВ

 

                             ШҮҮГЧ                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ