Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00658

 

 

М.Хуанышийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаар шийдвэр,         

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 206/МА2016/00048 дугаар магадлалтай,

М.Хуанышийн нэхэмжлэлтэй

Х.Хайв, М.Сархад нарт  холбогдох,

хохиролд 11.510.250 төгрөг гаргуулах, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж аймгийн радио, интернетээр няцаалт хийлгэж, уучлалт гуйлгах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч М.Хуаныш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын Намаас Баян-Өлгий аймгийн Бугат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Бугат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна. М.Сархад нь 2014 оны 6 дугаар сараас эхлэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 3 шатны шүүхээр дараалан нэхэмжлэл гарган шалгуулсан ба тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм. Тэр болгонд миний бие шүүх хуралд оролцож байсан болно. Х.Хайв, М.Сархад, Х.Хавдалмурат нар нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг ноцтойгоор зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Х.Хайв нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогоор болон орон нутгийн кабел телевизүүдээр миний нэр төрийг гутаан доромжилсон. Хариуцагч Х.Хайв, М.Сархад нарын буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болж миний бие багагүй хэмжээний материаллаг болон сэтгэл санааны хохирол амслаа. Иймд хариуцагч нарын энэхүү буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болж өөрт учирсан бодит хор хохирол болох нийт 11.510.250 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэр хүндээ сэргээлгэх хүсэлтэй байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын сэтгэл санааны хохирол гэсний Х.Хайв нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, уучлал гуйлгах, мөн эмчилгээ хийлгэсний төлбөр болох 461.000 төгрөг зэргийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Хайв шүүхэд гаргасан тайлбартаа: М.Хуаныш хариуцагчийг зөв тогтоож чадаагүй. Учир утгагүй надаас мөнгө нэхэж байгаад харамсаж байна. Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид М.Хуанышийг МАН-ын дүрмийн дагуу намаас хассан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн зөрүүтэй, өмгөөлөгч нарт бэлэн мөнгө өгсөн нь хуулийн хүрээнд биш, хувийн ажлаар Улаан баатар хотод явсан, биеийн эрүүл мэндийг үзүүлсэн, зочид буудалд байрласан хөлс нь М.Хуанышийн хувийн асуудал юм. Мөн бүх шүүх хуралд миний бие оролцож байсан нь нотлогдохгүй байна. Х.Хайв М.Сархад, Д.Хавдалмурат бид гурвуулаа биш, нэр бүхий Бугат сумын 13 төлөөлөгч гарын үсгээ зурж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд хурлаа хийсэн. X.Хайв нь Монголын үндэсний олон нийтийн радиогоор, орон нутгийн кабел телевизүүдээр миний нэр төрийг гутаан доромжилсон гэсэн байна. М.Хуанышийн үндэслэлгүй мөнгө нэхэж, хариуцагч нараар нэр хүндээ сэргээлгэх хүсэлтийг эс зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч М.Сархад шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Хуаныш өмгөөллийн хөлс гэж 9.150.000 төгрөг нэхсэн байна. Гэвч өмгөөллийн хөлсийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388, 389 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж тус хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2, болон 390 дүгээр зүйлд зааснаар шийдсэн тохиолдолд төлөгдөх үндэстэй. Гэтэл тус нэхэмжлэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжилсэн тул төлөх үндэсгүй. Мөн нотлох баримтаар өмгөөллийн хөлсөнд 7.000.000 төгрөг төлсөн байна. М.Хуаныш Улаанбаатар хот руу 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нисэж, 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буцаж ирсэн байгаа бөгөөд энэ хугацаанд бидэнтэй холбоотой ямар ч шүүх хурал болоогүй тул онгоцны зардал 747.000 төгрөг, зочид буудалд байрласан хөлс 245.000 төгрөг тус тус хасагдах учиртай. Хариуцагч миний буруугаас болж төлбөртэй оношлогоо эмчилгээ хийлгээгүй бөгөөд энэ талаар мэргэжлийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй тул эмчилгээний төлбөр 461000 төгрөгийг хариуцахгүй. Би иргэн хүний хувьд хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасны төлөө М.Хуанышт эд хөрөнгийн хохирол төлж хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч М.Хуанышын “хариуцагч Х.Хайв, М.Сархад нарын буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас учирсан хохирол болох өмгөөлөгчийн хөлс 9.150.000 төгрөг, зочид буудлын хөлс 460.000 төгрөг, сэтгэл санааны хохирол болох Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, эмчилгээ хийлгэсний төлбөр 461.000 төгрөг, нийт учирсан бодит хохирол 11.510.250 төгрөг гаргуулах, хариуцагч Х.Хайваас нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж аймгийн радио, интернетээр няцаалт хийлгэж, уучлалт гуйлгахыг тус тус хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Хуанышын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.350 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 206/МА2016/00048 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...497 дугаар зүйлийн 497.1” гэсний дараа “511 дүгээр зүйлийн 511.1” гэж, “эмчилгээ хийлгэсний төлбөр 461.000 төгрөг” гэсний дараа “Баян–Өлгий аймгаас Улаанбаатар орох унааны зардал 1.439.250 төгрөг” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.238 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, мөн хуулийн 172.1 дэх хэсэгт заасны Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 206/МА2016/00048 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Нэхэмжлэгч М.Хуанышын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга нь “хариуцагч нарын хууль бус үйлдлээс болж өөрт учирсан гэм хор түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан гутаан доромжилж, худал цуурхал тараасан зэрэг нэр төрд нь халдсан байдал, мөн ямар ч үндэслэлгүйгээр шүүх хуралдаанд хариуцагчаар татан оролцуулснаас үүссэн гэм хохирл”-ыг хариуцагч нараас гаргуулах тухай бичсэн байхад...анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйгээс болж нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ анхан шатны журмаар хянан хэлэлцүүлэх боломжгүйд хүрч эрх нь ноцтойгоор зөрчигдсөн. ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.3-д зүйлд заасныг анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо нэхэмжлэлд байгаа агуулгаар нь шийдвэрт тусгах ёстой атал шаардлага, татгалзал, тайлбаруудын агуулгыг зөв тодорхойлж чадаагүй. Шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг нь болох унааны зардлын талаар гаргасан шаардлагыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан ба давж заалдах шатны шүүх уг шаардлагыг авч үзсэнгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтойгоор зөрчсөн юм.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад буруу дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг буруу тайлбарлаж нэхэмжлэгчид гэм хор огт учраагүй мэтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Улсын Дээд шүүхийн тогтоолд “...нэр төр...” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар өгч буй үнэлэмжийг ойлгоно” гэж заасан. Олон нийтийн хэрэгслээр М.Хуанышын нэр хүндийг гутаасан мэдээллийг хийсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нэр төрөө гутаасан талаарх нотлох баримтуудыг үнэлээгүй байдаг. Нотлох баримтыг үнэлээгүй талаар шийдвэр, магадлалд тусгах ёстой байхад тусгаж дүгнэлт өгсөнгүй. Нэхэмжлэгч М.Хуаныш нь өөрт нь учирсан дараагийн эдийн бус гэм хор болох сэтгэл санаа, бие мах бодийн зовлон шаналлын талаар эмчилгээ, шинжилгээний хөлсийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ийм төрлийн нэхэмжлэл гаргах эрхгүй мэтээр дүгнэлт хийсэн явдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. М.Хуанышийн сэтгэл санаа, бие мах бодийн зовлон шаналлын талаар эмчилгээ, шинжилгээний хөлсийг Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч нар арилгах үүрэгтэй юм. Нэхэмжпэгч М.Хуаныш нь шүүхэд хариуцагч Х.Хайвийн санаатайгаар зориуд өөрийнх нь нэр төрийг гутаахын тулд, нэр төрөө гутаасан ташаа мэдээлэл тараасныг нотолсон бөгөөд үнэн бодит байдалд нийцэхээргүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. 

Нэхэмжлэгч М.Хуаныш нь Х.Хайв, М.Сархад нарт холбогдуулан “...хохиролд 11.510.250 төгрөг гаргуулах, ...нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, аймгийн радио, интернетээр няцаалт хийлгэж, уучлалт гуйлгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа “...хариуцагч нар сумын иргэдийн төлөөлөгчийн, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын эрх хэмжээг булаацалдан шүүхэд удаа дараа нэхэмжлэл, прокурорт гомдол гаргасан, ажлын байранд хууль бусаар дайрч хаалга эвдсэн, үүний улмаас өмгөөлөгч авч хөлс төлсөн, мөн сэтгэл санааны хямралд орж эмчилгээ хийлгэсэн ...” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12, 14-т зааснаар иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй ба хариуцагч нар нь шүүх, прокурорт нэхэмжлэл, гомдол гаргасныг хууль бус үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй  юм.

Түүнчлэн Х.Хайвын МҮОНРТ-ийн Баян-Өлгий аймаг дах радио нэвтрүүлэгт өгсөн ярилцлага, Эх орон 21 веб сайтад байршуулсан нийтлэлд /хавтаст хэргийн 58-59, 139-144 дүгээр тал/ М.Хуанышийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга байхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч зохигчдын хооронд үүссэн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт зарим шаардлагыг орхигдуулжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 206/МА2016/00048 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 140.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ