Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/02889

 

 

 

 

 

 

 

 

2024 06 25 182/ШШ2024/02889

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ....-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ...банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.От, Ч.Однарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Л.От, Ч.Однар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ...банктай ЗГ1165141993 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 14,570,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Л.От, Ч.Однар нь ЗГ1165141993 тоот зээлээ хугацаандаа төлөөгүй 570 хоног хугацаа хэтрүүлэн нийт 12,634,770.22 төгрөг зээлийн төлбөртэй байна.

Зээлдэгч Л.От, Ч.Однарт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2024/00373 дугаар захирамжаар хариуцагч тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд зээлдэгч Л.От, Ч.Однарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/

2.2 Зээл болон барьцааны гэрээ /хх-6-8/

2.3 Хүү тооцооллын хүснэгт /хх-9/

2.4 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2024/00373 дугаар захирамж /хх-10/

2.5 Зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-12-13/

3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/09878 дугаар захирамжаар Л.От, Ч.Однарын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ...банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.От, Ч.Однарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Л.От, Ч.Однар нь ...банк ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зээл болон барьцааны гэрээ нэртэй гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ...банк ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

...банк ХК нь Л.От, Ч.Однарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....нар нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Зүүн суу 531 тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2024/00373 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ...банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.От, Ч.Однарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч ...банк ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ...банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.От, Ч.Однарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ...банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.От, Ч.Однарын хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... нарт мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ