| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03501/И |
| Дугаар | 182/ШШ2024/02888 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/02888
2024 06 25 182/ШШ2024/02888
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: .....-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хад овогт .....нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Хас хаан ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Чг, Б.Цо нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Тус байгууллага А.Чг, Б.Цо нартай 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/310220527001 дугаартай зээлийн гэрээ, Ф/310220527001-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 18,500,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн байгуулсан.
Зээлдэгч А.Чинзориг нь Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, нуур 2 дугаар гудамж 11-08 тоот хаягт оршин суудаг, Б.Цолмонтуяа нь Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Жамсран уулын 2 дугаар гудамж, 2069 тоот хаягт тус тус оршин суудаг болохыг дээрх зээлийн гэрээг байгуулах үед иргэний үнэмлэхийн лавлагааг үндэслэж гэрээгээ байгуулсан болно. Манай байгууллага 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24/160 тоот нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2024/07516 дугаар захирамжаар А.Чг, Б.Цо нь дээрх хаягтаа оршин суудаггүй гэх хорооны тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймээс хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийг үндэслэн хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-4-9/
2.2 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-10-14/
2.3 Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-15-18/
2.4 ХУР системийн лавлагаа /хх-19/
2.5 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2024/07516 дугаар захирамж /хх-20-21/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2024/10123 дугаар захирамжаар А.Чг, Б.Цо нарын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Хас хаан ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Чг, Б.Цо нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
А.Чг, Б.Цо нар нь Хас хаан ББСБ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Зээл гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г тус тус байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Хас хаан ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Хас хаан ББСБ ХХК нь А.Чг, Б.Цо нарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хад овогт Алтангэрэлийн Чинзориг /РД:ХД85041119/ нь Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуур 23 гудамж, 11-8 тоот, Боржигон овогт Баярсайханы Цолмонтуяа /РД:УС00281100/ нь Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Жамсран уулын 2 гудамж, 2069 тоот хаягт тус тус бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2024/07516 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Хас хаан ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Чг, Б.Цо нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч Хас хаан ББСБ ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Хас хаан ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хад овогт .....нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Чг, Б.Цо нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Хас хаан ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Чг, Б.Цо нарыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзул /99047837/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ