Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ДШМ/1107

 

         Ж.Б, Ж.О нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Жаргалсайхан,

өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарын өмгөөлөгч М.Батмөнх,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1366 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарын гаргасан давж заалдах гомдлоор тэдэнд холбогдох эрүүгийн 1906033751422 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ж.Б, 2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

2. Ж.О, 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.О, Ж.Б нар нь бүлэглэн:

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ***  тоот хашаанд байх иргэн Ч.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Юнителийн гэр интернет төхөөрөмж, Леново маркийн зөөврийн компьютер, ор хөнжлийн даавуу 2 ширхэг, цагаан өнгийн уртасгагч залгуур зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ***  тоот хашаанд байх иргэн Н.Ар-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, 3.2 литрийн шинэ төмөр халуун сав, хар хөх өнгийн чихрийн сав, ягаан өнгийн хуванцар сав, хар өнгийн үүргэвч цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 31.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

               Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь:

               2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр *** тоотод оршин суух иргэн О.Г-ын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Самсунг Галакси-Жи2 маркийн эвдэрхий гар утас, марк нь тодорхойгүй сахлын машин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 70.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

               2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн задгайд оршин суух иргэн З.Д-гийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, газан плитка, 41 размерын эрэгтэй хүний гутал, марк нь тодорхойгүй хар өнгийн унадаг дугуй, биет 5.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 255.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

               2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ***  тоотод оршин суух иргэн Б.Ү-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, скит, 3 килограмм мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 68.500 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ***  тоотод оршин суух иргэн Т З-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, чернилэн ягаан өнгөтэй 2 мөртэй хүүхдийн үүргэвч, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрэл, багажны хайрцаг, ком түлхүүр, үсний сэнс, гар утасны цэнэглэгч, Тоёота Приус-10 маркийн автомашины түлхүүр зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 117.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан, Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт, үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Б, Ж.О нарыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Бд 1 жил 1 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.От 1 жил 2 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялын хэмжээг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.А- 315.000 төгрөгийн эд зүйлээ бүрэн хүлээн авч хохирол төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Г-т 70.000 төгрөгийг, хохирогч Л.Наранцэцэгт 255.000 төгрөгийг, хохирогч Б.Ү-ад 28.500 төгрөгийг, хохирогч Т.З-т 212.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Ж.Оаас гаргуулан тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ж.Б миний бие 2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд 15 нас 7 сар 17 хоногтой. Эцэг, дүүгийн хамт амьдардаг. 85 дугаар сургуулийн 9а ангид сурч байсан. 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрээс хойш хорих ангид хоригдож байна. 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр төрсөн дүү Ж.Оын хамт хохирогч Ч.А-гийн хүн байнга амьдрах зориулттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Өмгөөлөгч М.Батмөнхөөс зөвлөгөө авч, хулгай хийж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Хорих ангид ирснээсээ хойш маш их зүйлийг ухаарч ойлгосон. Өөрийн төрсөн дүүтэйгээ хамт энэ муухай газар орж ирсэндээ гэмшиж байна. Намайг, бас дүүг минь уучлаарай. Намайг энэ муухай газар битгий удаан байлгаж шийтгээч, ойлгож ухаарсан гэдгийг минь өршөөн уучилж шийтгэлийг минь хөнгөрүүлж, энэ газраас гарган итгэл хүлээлгэвэл цаашид та бүхний итгэлийг алдахгүй. Эмээ, эцэг, ах, эгч, дүү нарынхаа үгэнд сайн орж дахин муу зүйлгүй хийхгүй, сайн хүн болно. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1366 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сарын хорих ял биелүүлэхийг хойшлуулж,  эсвэл тус зүйлийн хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж, 2 дахин багасгаж өгнө үү. ...” гэжээ. 

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Жаргалцэцэг овогтой О миний бие 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн бөгөөд 14 нас 7 сар 4 хоногтой. Эцэг, эгчийн хамт амьдардаг. 97 дугаар сургуулийн 7г ангид сурч байсан. 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрээс хойш хорих ангид хоригдож байна. Би 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Ч.А-гийн хүн байнга амьдрах зориулттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Өмгөөлөгч М.Батмөнхөөс зөвлөгөө авч хулгай хийж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Хорих ангид ирснээсээ хойш маш их зүйлийг ухаарч ойлгосон. Өөрийн төрсөн эгчтэйгээ хамт энэ муухай газар орж ирсэндээ гэмшиж байна. Намайг, бас эгчийг минь уучлаарай. Намайг энэ муухай газар битгий удаан байлгаж шийтгээч, ойлгож ухаарсан гэдгийг минь өршөөн уучилж шийтгэлийг минь хөнгөрүүлж, энэ газраас гаргаж итгэл хүлээлгэвэл цаашид та бүхний итгэлийг алдахгүй. Иймд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, эсвэл хорих ялыг маань хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

1. Өсвөр насны шүүгдэгч Ж.О, Ж.Б нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ***  тоот хашаанд байх иргэн Ч.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Юнителийн гэр интернет төхөөрөмж, Леново маркийн зөөврийн компьютер, ор хөнжлийн даавуу 2 ширхэг, цагаан өнгийн уртасгагч залгуур зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.А-гийн: “... Би ***  тоотод нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 3- ны орой 23 цаг болж байхад гэртээ ирэхэд монгол гэрийн тооноор гэрт хулгайч орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт хар өнгийн “Lenovo маркийн зөөврийн компьютер /цэнэглэгчийн хамт/, бор шар өнгийн хуучин эрэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, хар өнгийн шинэвтэр эрэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, цайвар шаргал өнгийн хуучин эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, хар өнгийн шинэвтэр эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, 2 ширхэг шинэ ор дэвсгэрийн даавуу, хар өнгийн Юнителийн гэр интернет /86395076/ зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байна. ...” /1хх 19-20/,

"... Би анх өгсөн мэдүүлэг дээрээ эрэгтэй хүний хурган дээл 2 ширхэг, эмэгтэй хүний хурган дээл 2 ширхэг, нийт 4 ширхэг дээл хулгайд алдсан гэж мэдүүлэг өгсөн боловч манай том охин Э.Лхагвадулам уг дөрвөн ширхэг дээлийг авдраас аваад өвлийн хувцастай хамт хойд талын байшинд гаргасан байна. Манай гэр лүү хулгай ороод цагдаа нар ирээд явсны маргааш өдөр нь охин Э.Лхагвадулам манай гэрт ирэхээр нь гэрт хулгай орсон талаар ярьж 4 ширхэг дээл алдагдсан гэхэд манай охин уг 4 ширхэг дээлийг хойд байшинд хийсэн гэсэн. Тэгээд байшиндаа ороод үзтэл 4 ширхэг хурган дээл өвлийн хувцастай хамт байсан. Мөн манай гэрийн баруун талд байх 4 ханатай монгол гэрийн тооноор хулгайч ороод гэрийн хойд талд байх модон авдар дотроос хайрцагтай шинэ төмөр халуун сав 1 ширхэг, тавагтай чихэр хулгайд алдагдсан байна. Уг гэрт манай төрсөн эгч Н.Ар- амьдардаг. Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан болохоор гомдолгүй байна. Манай гэрт орсон хулгайчаас нэхэмжлэх зүйл байхгүй. ... Манай гэрийн зүүн талын унинд байсан цагаан өнгийн уртасгагч залгуур хулгайд алдагдсан байсан. Би уртасгагч залгуураа 20.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо энэ үнээрээ үнэлж байна. ..." /1хх 21-22/,

 

өсвөр насны шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн: “Би Хууль Сахиулахын Их Сургуулийн урд байрлах “Базег” гэдэг нэртэй компьютер тоглоомын газарт очиж, өдрийн 13 цаг хүртэл тоглосон. Манай эгч Ж.Б намайг компьютер тоглож байхад орж ирээд, тэгээд бид хоёр гэр лүүгээ харихаар автобусаар явсан. Тэгээд автобуснаас буугаад гэртээ харих замдаа би эгчдээ манай гэрийн урд гудамжинд байдаг 3 тал модон хашаа /хашаан дотор 1 ширхэг байшин, 2 ширхэг гэр байдаг/ “намайг өглөө явахад эзэнгүй байна лээ” гэж хэлэхэд манай эгч “хэрэггүй ээ, наад хашаанд чинь манай багшийнх байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зүгээрээ, гялс орчихоод гараад ирье, мэдэхгүй шүү дээ” гэж хэлээд эгчийг хашааны гадна үлдээгээд хашааны хаалга хаалттай байсан болохоор хойд талын блокон хашааны хэсгээр давж ороод урд талд нь байх монгол гэр лүү 13 цаг 30 минутын орчим тооноор орсон. Гэрт байсан эд зүйлийг үзэж байгаад шүүгээн дээр байсан гэр интернетийг аваад пийшин дээр сандал тавиад гэрээс гарсан. Тэгээд эгчид хулгайлж авсан гэр интернетийг үзүүлээд бид хоёр Ботаникийн эцсийн автобусны буудал орж тэнд байдаг ТҮЦ-ний худалдагч эгчид хулгайлсан гэр интернетийг зарах гэтэл сим картгүй байна, хэрвээ сим карттай нь аваад ирвэл 30.000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь тэр эгчид гэр интернетийг үлдээгээд буцаад Гачуурт орсон. ... Ингээд Гачуурт ороод анх орсон гэрийнхээ тооноор дахиж ороод зурагтын хажууд байсан хар өнгийн цүнхтэй нөүтбүүк /ямар загвартай болохыг мэдэхгүй/, уртасгагч, цэнхэр торонд байсан хөнжлийг аваад пийшин дээр нь сандал тавиад тооноор нь буцаад гарсан. ...” /1хх 69/,

 

өсвөр насны шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Ингээд би дүүгээ гэр лүү харъя гээд 12 цаг өнгөрч байхад дагуулж яваад Гачууртын автобусны дунд буудал дээр буусан. Ингээд гэр лүүгээ харих гээд дээшээ уулаар явж байхад манай дүү Отгоо манай гудманд байдаг хашаандаа 2 гэртэй, хойд талдаа жижиг байшинтай, модон хашааг эзэнгүй байна орох уу гэсэн. Тэгэхээр нь би “наад айл чинь манай сургуулийн багшийн гэр, яах юм бэ” гэж хэлэхэд “та гаднаа байж бай” гээд хашаагаар даваад урд талын айлын гэр лүү тооноор нь орсон. Ингээд тэр айлаас Юнителийн гэр интернет аваад буцаж гарч ирсэн. Тэгээд тэр гэр интернетийг заръя гэхээр нь би дүү Оын хамт Ботаник руу явсан. Тэр гэр интернетийг ТҮЦ-нд зарах гэтэл сим карт байхгүй болохоор авахгүй байна гээд О ТҮЦ-ний эгчид гэр интернетийг үнэгүй үлдээчихсэн гэж байсан. Би тэр гэр интернетийг ирэх замдаа авч явж байгаад симийг нь хаячихсан юм. Ингээд буцаад Гачуурт руу хамт явсан. О намайг Гачууртын дунд буудал дээр хүлээж бай гээд өөрөө өмнө орсон айл руу дахиж орно гээд явсан. Тэгээд над дээр эргэж ирэхдээ халуун сав, чихрийн сав, цагаан өнгийн урт залгуур зэргийг барьчихсан ирсэн. Бас нөүтбүүк, ор хөнжлийн даавуу аваад уулын энгэрт цэнхэр хашааны тэнд нуусан гэж хэлсэн. Ингээд манай дүү О Гачууртын дунд буудлын зам хөндлөн гараад байдаг зам руугаа харсан дэлгүүрийн эгчийг надаас байнга юм авдаг юм гэж хэлээд уртасгагч, халуун сав, чихрийн таваг зэргийг тэр дэлгүүрт 20.000 төгрөгөөр зарсан. ... Манай дүү О “тэр айл эзэнгүй байна, оръё” гээд хулгай хийх санааг анх гаргасан. Би зүгээр хашааны гадна талд нь байсан. Өөрөөр хулгай хийхэд оролцоогүй. ...” /1 хх 77/ гэх мэдүүлгүүдээр,

 

Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 1 дугаартай гарын мөр нь Ж.Оын зүүн гарын алганы хээгээр үүсгэгдсэн болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Гүений гаргасан 02/314 дугаартай дүгнэлт /1хх 38-42/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-7/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 11/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-15/,

хохирогч Ч.А-гийн гэрээс хулгайд алдагдсан хар өнгийн Ленова маркийн зөөврийн компьютер, Юнителийн хар өнгөтэй гэр интернет, цагаан өнгийн уртасгагч, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК 315.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх 51/ зэрэг нотлох баримтуудаар,

 

 2. Өсвөр насны шүүгдэгч Ж.О, Ж.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ***  тоот хашаанд байх иргэн Н.Ар-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, 3.2 литрийн шинэ төмөр халуун сав, хар хөх өнгийн чихрийн сав, ягаан өнгийн хуванцар сав, хар өнгийн үүргэвч цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 31.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Ар-ийн: "...Би хүү Ёндонжамцын гэрийг өөрийн дүү Ч.А-гийн оршин суудаг ***  тоот хашаанд бариад орхисон байсан. Хэрэг гарсан гэх тухайн үед манай хүү Ёндонжамц нь Архангай аймагт ажлаар явсан байсан. Харин манай дүү А- нь Төв аймгийн Эрдэнэ сум руу явчихсан байсан. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 03-нд манай дүү хотод орж ирээд манай гэрт хулгай орчихсон байна, танай гэрт бас хулгайч орчихсон байх гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь хүү Ёндонжамцын гэрт ирж үзэхэд авдрын таг онгорхой, авдранд байсан эд зүйлийг гаргасан, мөн орон дээр байсан цүнхтэй хувцсыг асгаад хар өнгийн үүргэвчтэй цүнхийг аваад явсан байсан. Мөн 3.2 литрийн шинэ хайрцагтайгаа байсан халуун сав, чихэр хийдэг хайрцагтай шилэн таваг 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар сав 1 ширхэг аваад явсан байсан. ...” /1хх 24/,

 

өсвөр насны шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн: “...Тэр айлаас гарч ирээд шууд хажуу талын гадна талдаа үүдний амбаартай монгол гэр лүү тооноор нь ороод эд зүйлийг нь харж байгаад цоожтой байсан авдарны цоожийг доош татаж онгойлгоод халуун сав, чихэр хийдэг тавгийг аваад гэрээс нь ширээн дээр гишгэж байгаад тооноор нь дамжаад гарсан. Ингээд эгчид хашааны гадна гарч ирээд авсан юм аа үзүүлэхэд “би түрүүлээд урагшаа буудал руу явлаа” гээд яваад өгсөн. Би хар цүнхтэй нөүтбүүк, хөнжлийг дүнзэн байшинтай хашааны завсраар нууж орхичихоод эгчийнхээ араас явсан. Халуун сав уртасгагч, чихрийн тавгийг би Гачууртын дунд буудалд байдаг дэлгүүрт 20.000 төгрөгөөр зарсан. ... Би мөнгөгүй болохоор хулгай хийсэн. Хулгай хийх санааг би гаргасан. Хулгай хийхэд манай эгч оролцоогүй зүгээр гадаа л байсан. ... Би хулгайлсан мөнгөөрөө эгчтэйгээ юм авч идсэн, бас компьютер тоглосон. ... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ...” /1хх 69/,

 

өсвөр насны шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: "... Ингээд буцаад Гачуурт руу хамт явсан. Онамайг Гачууртын дунд буудал дээр хүлээж бай гээд өөрөө өмнө орсон айл руу дахиж орно гээд явсан. Тэгээд над дээр эргэж ирэхдээ халуун сав, чихрийн сав, цагаан өнгийн урт залгуур зэргийг барьчихсан ирсэн. Бас нөүтбүүк, ор хөнжлийн даавуу аваад уулын энгэрт цэнхэр хашааны тэнд нуусан гэж хэлсэн. Ингээд манай дүү О Гачууртын дунд буудлын зам хөндлөн гараад байдаг замруугаа харсан дэлгүүрийн эгчийг надаас байнга юм авдаг юм гэж хэлээд уртасгагч, халуун сав, чихрийн таваг зэргийг тэр дэлгүүрт 20.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 77/ гэх мэдүүлгүүд,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1хх 11/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-13/,

хохирогч Н.Ар-ийн гэрээс хулгайд алдагдсан 3,2 литрийн шинэ төмөр халуун сав, хар хөх өнгийн чихрийн сав, ягаан өнгийн хуванцар сав, хар өнгийн үүргэвч цүнх зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК 31.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх 50-51/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр *** тоотод оршин суух иргэн О.Г-ын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Самсунг Галакси Жи-2 маркийн эвдэрхий гар утас, марк нь тодорхойгүй сахлын машин зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 70.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч О Г-ын: “... Бид нар 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 07:30 цагийн орчим гэрээсээ гараад 18.30 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн цоож зүгээр түлхүүрээр нь онгойлгосон. Гэрт орж ирэхэд хамаг юм ундуй сундуй, 90 жилийн ойн зурагтай уут, сахлын машин марк тодорхойгүй, Самсунг Галакси Жи-2 Плат нь эвдэрсэн солих гэж байсан гар утас алдагдсан байна. ... Плат нь шатсан Жи-2 гар утсаа 50.000, сахлын машинаа 50.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /1хх 92/,

“...Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын улаан эргийн 1-19 тоот хаягт эхнэр, хүү, охины хамт оршин суудаг. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим ажлаасаа тараад гэртээ эхнэр, 2 хүүхдийн хамт ирсэн. Тэгтэл гэрт хулгай орсон байдалтай гэрийн эд зүйлийг эмх замбараагүй онгичоод орхисон байсан. Тэгээд манай эхнэр Ц.Даваацэцэг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Самсунгийн Жи-2 маркийн гар утас, хайрцагтайгаа байсан үсний машин алдагдсан байсан. Мэдэгдэж байгаагаар энэ хоёр зүйлээс өөр эд зүйл алдагдаагүй байсан. ...” /1хх 93/,

 

өсвөр насны шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 11 цагийн үед аав Болдсайханаас Гачууртын эцсийн буудал дээрээс салаад Туул гол дагаад өгсөөд явж байтал 2 гүүрний дээд талд байдаг хашаандаа 1 гэртэй айл хаалга нь цоожтой байх шиг харагдсан. Тэгэхээр нь тэр айлын блокон хэсэгтэй хашааны хэсгээр давж ороод монгол гэрийн тооноор орж, гэрээс нь хулгайлах эд зүйл хайж байгаад цагаан өнгийн хайрцагтай хар өнгийн үсний машиныг дөрвөлжин хайрцаг дээр ил байхаар нь аваад, мөн зурагтын хажууд байсан шургуулгыг онгойлгож үзэхэд дэлгэц нь хагарсан бололтой мэдрэгчтэй, /марк дугаарыг нь мэдэхгүй/ гар утас байхаар нь авах гэснээ ажиллахгүй байх гэж бодоод орхиод буцаад тооноор нь дамжаад гарсан. ...” /1хх 13/ гэх мэдүүлгүүд,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 85- 87/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 125-127/,

Хохирогч О.Г-ын алдагдсан Самсунг Жи-2 маркийн гар утас, Сахлын машин зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 70.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх 96/ зэрэг нотлох баримтуудаар,

 

4. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн задгайд оршин суух иргэн З.Д-гийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, газан плитка, 41 размерын эрэгтэй хүний гутал, марк нь тодорхойгүй хар өнгийн унадаг дугуй, биет 5.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 255.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч З.Д-гийн: “Манайх Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойт дэнжийн задгайд амьдардаг. Тэгээд би 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрийнхээ хаалгыг цоожлоод ажилдаа яваад 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн тооноор гэрт хулгайч орсон байхаар нь гэрт байх эд зүйлээ бүртгэж үзээд, эмх замбараагүй болсон байсан эд хогшлоо янзлаад буцаад хотын төвд амьдардаг хүүгийнхээ гэрт очсон. Эхнэр бид 2 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байх гэртээ 3-5 хоногийн зайд тогтмол очиж эргэдэг байсан. Манай гэрээс улаан өнгийн газан плитка 1 ширхэг, бор өнгийн хуучин түрийвч, дотроо 5.000 төгрөг, 1 доллар 2 ширхэг, задгай хэдэн төгрөг, цэнхэр өнгийн хайрцагтай хамрын тамхи, эрэгтэй хүний 41 размерын хар өнгөтэй гутал, 0.75 граммын Голд Чингис архи 1 шил зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Мөн манай гэрийн унинд хавчуулаад орхисон байсан төмөр амбаарын түлхүүрийг авч гараад, амбаараас хар өнгөтэй голоороо эвхдэг хүүхдийн унадаг дугуй, гэрийн гадаа байсан цэнхэр өнгөтэй хүүхдийн унадаг дугуй хулгайд алдсан байсан. ...” /1хх 132-133/,

 

өсвөр насны шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн: “...Би Гачууртаас цаана байдаг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойтын дэнж гэдэг газар 2019 оны 5 дугаар сард, яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. 5 дугаар сарын сүүлчээр байх, нэг зэвэрсэн хаалгатай банзан хашаатай, хашаандаа нэг монгол гэртэй айлын тооноор орсон. Тэгээд тэр айлын гэр дотроос хулгайлах эд зүйл хайж байгаад тогооны шүүгээн дээр байсан газан плитка 1 ширхэг, авдрыг нь ухаж байгаад архи, монгол дээл зэрэг эд зүйлс байхаар нь ямар зарж чадах биш гэж бодоод авахгүй үлдээгээд харин авдарны хажууд байсан хайрцган дотор байсан түрийвчийг ухаж 5.000 төгрөг бас шүүгээн дээр байсан түлхүүрийг нь аваад буцаад гэрийн тооноор гарсан. Гэрээс гараад гэрийн хажуу талд нь байсан амбаарыг нөгөө түлхүүрээр онгойлгож дотор нь байсан ногоон өнгийн унадаг дугуйг авсан. ... Би тэр айлаас газан плитка 1 ширхэг, 5.000 төгрөг, унадаг дугуй зэрэг эд зүйлийг авсан, үүнээс өөр эд зүйл аваагүй. ...” /1хх 148/ гэх мэдүүлгүүд,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 126- 129/,

Хохирогч З.Дашдаагийн хулгайд алдагдсан газан плитка, 41 размерын эрэгтэй хүний гутал, марк нь тодорхойгүй хар өнгийн унадаг дугуй зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК 255.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх 137/ зэрэг нотлох баримтуудаар,

 

5. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ***  тоотод оршин суух иргэн Б.Ү-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, скит, 3 килограмм мах зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар  авч 68.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Ү-ын: "...Би Баянзүрх дүүргийн 28 хороо, Хужирбулангийн 34-4092 тоот хаягт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 29-ний 12:30 гэж гэрээс гараад 15:30 минутад гэртээ ирэхэд манай гэрт тооноор хулгай орж, хөргөгчид байсан мах алдагдаж, бусад эд хогшлыг ухаж онгичсон байдалтай, гэрийн үүдний пингийн дээвэр хэсгийг дээш нь сөхөж ягаан өнгийн скит алдагдсан байсан. ...” /1хх 200/,

 

өсвөр насны шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим Хужирбуланд мөнгө олох гэж хулгай хийхээр эзэнгүй айл хайж байгаад Баянзүрх 28 дугаар хорооны баруун талд буюу Хужирбуланд байдаг, өрх нь бүтээлэгтэй хоёр гэртээ хашаа руу орж, хойд талд нь байсан монгол гэр лүү тооноор нь дамжин орж гэр дотроос хулгайлах эд зүйл хайж байгаад хөлдөөгчин дотроос нь мах аваад, өөр авахаар эд зүйл байхгүй болохоор нь буцаж гэрийн тооноор нь гараад, үүдний амбаарынх нь дээврийг сөхөж ороод хулгайлах эд зүйл хайж байгаад ягаан алаг өнгийн хүүхдийн скит дугуйг аваад буцаж дээврээр нь гараад тэр хашаанаас явсан. ...” /1хх 221/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 192-197/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 205-206/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 207-210/,

Хохирогч Б.Ү-ын гэрээс хулгайд алдагдсан 3 килограмм хонины мах, ягаан өнгийн хүүхдийн скит дугуй зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК 68.500 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх 215/ зэрэг нотлох баримтуудаар,

 

6. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ***  тоотод оршин суух иргэн Т.З-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, чернилэн ягаан өнгөтэй 2 мөртэй хүүхдийн үүргэвч, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрэл, багажны хайрцаг, ком түлхүүр, үсний сэнс, гар утасны цэнэглэгч, Тоёота Приус 10 маркийн автомашины түлхүүр зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, 117.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.З-ын: “... 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 50 минутын үед гэр бүлээрээ гарч яваад 18 цаг 46 минутад гэртээ ирэхэд үүдний шат байрлал өөрчлөгдсөн, дээврийн хаалга онгорхой, хаалга онгойхгүй байсан, бас цонх онгорхой байсан. Тэгээд эхнэр А.Баасансүрэн цонхоор орж хаалга онгойлгосон юм. Тэгээд эмх цэгцгүй байхаар нь цагдаад хандсан. ... Манай гэрээс хар өнгөтэй, 4 жилийн өмнө Солонгос Улсаас авч байсан нөүтбүүк алга болсон байна. Мөн уг нөүтбүүкийг 300 мянган вонноор үнэлж байна. ... бас манайхаас номын модон тавиур алга болсон байна. Уг тавиураа 40.000 төгрөгөөр үнэлж байна. ...Байшингийн таазыг эвдэлсэн байна, тиймээс хохирлоо барагдуулмаар байна. ...” /1хх 247/,

“... Тухайн өдөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд эд зүйлээ сайн бүртгэж үзээгүй байсан юм. Манай том өрөөний шүүгээнд байсан чернилэн ягаан өнгийн 2 мөртэй хүүхдийн үүргэвчийг 2018 оны 06 сарын орчим Солонгос Улсаас 30.000 вон /Монгол төгрөгөөр 65.000 төгрөг/-оор худалдан авч байсан, цонхны тавцан дээр байсан ягаан, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрлийг 2019 оны 05 сард 19.000 төгрөгөөр худалдан авч байсан, багажны хайрцагтай комыг 2018 онд Солонгос Улсаас 15.000 вонноор авч байсан /Монгол төгрөгөөр 30.000 төгрөг/, эмэгтэй хүний үсний сэнс нь 15.000 төгрөгөөр авч байсан, тогонд цэнэглэдэг адаптер нь Солонгос Улсаас 20.000 вонноор комоор авч байсан, салгавал Монгол мөнгөөр 20.000 төгрөг болно. Том өрөөний орон дээр байсан Тоёота Приүс-11 машины запас түлхүүрийг бас хайгаад олохгүй байгаа. ...” /1хх 250/,

“... Хэрэг гарсны дараа юм аа эмхэлж цэгцэлж байгаад нөүтбүүк, номын модон тавиур хоёрыг арын өрөөнөөс хайрцагны доод хэсгээс олсон юм. Тухайн хэрэг гардаг өдөр том өрөөний хувцасны шкафыг онгичоод хаячихсан байсан болохоор ер нь тэнд нөүтбүүк, номын тавиур зэргийг урьд нь хийчихдэг байсан болохоор хулгайч аваад явсан байна гэж бодоод алдагдсан байна гэж цагдаад тэмдэглүүлсэн юм. Гэхдээ тэр өдөр манайхаас өөр бусад эд зүйлс алдагдсан байсан, эдгээр алдагдсан эд зүйлийг хэрэглэх гэж байгаад тухайн өдөр дараах зүйлс алдагдсан байсныг нь мэдсэн. Үүнд, чернилэн ягаан өнгийн 2 мөртэй хүүхдийн үүргэвч 1 ширхэг, өнгөөр тусдаг хүүхдийн ширээний гэрэл 1 ширхэг, багажны отверкний хайрцагтай ком, үсний сэнс 1 ширхэг, утас цэнэглэгчийн адаптер, приус-11 машины түлхүүр зэрэг зүйлс тухайн үед алга болсон байсныг мэдсэн юм. ...” /2хх 2/,

 

өсвөр насны шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн: "...Би 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд 15 дугаар буудлаас хойшоо явж байгаад хашаандаа нэг байшинтай хашааруу урд талын хашаагаар нь дамжиж ороод эзэнгүй байхаар нь байшингийн дээвэрлүү нь мод тавьж дамжиж гараад дээврийнх нь 2 банзыг аваад гишгэсэн чинь доошоогоо цөмрөөд уначихсан. Тэгээд гэрээс нь хулгайлах эд зүйл хайж байгаад хажуу талын гэрэлгүй өрөөнөөс нь утас цэнэглэдэг адаптер, том өрөөнөөс нь болохоор дриллинд хийдэг олон төрлийн хошуунууд, үзмийн ягаан цүнх, ширээний гэрэл, үсний сэнс, зэрэг эд зүйлсийг аваад хажуу талын унтлагын өрөөнийх нь цонхоор дамжаад гарсан. ...” /2хх 31/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний газрын шинжээч Т.Батбаатарын 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 02/308 дугаартай “...Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр нь Жаргалцэцэгийн Оын баруун гарын алганы дардастай тохирч байна. ...” /2хх 6/ гэх дүгнэлт,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 237-243/,

            Хохирогч Т.З-ын хулгайд алдагдсан чирнелин ягаан өнгөтэй 2 мөртэй хүүхдийн үүргэвч, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрэл, багажны хайрцаг ком түлхүүр, үсний сэнс, гар утасны цэнэглэгч, Тоёота Приус 10 маркийн машины түлхүүр зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК 117.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх 18/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Ж.О, Ж.Б нарыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нар нь бусдын эд хөрөнгийг авахаар санаатай нэгдэж улмаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлсан эд зүйлээ бусдад худалдаж олсон мөнгөө хамтран ашигласан байдал тогтоогдсон тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Өсвөр насны Шүүгдэгч Ж.Б, Ж.О нарын бүлэглэн болон Ж.Оын бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Бд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв. 

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нар  “... хорих ялыг  хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол  гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.От 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ.

 

Шүүгдэгч Ж.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 3 сар 20 хоногтой /1хх 78-79/ байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдлыг харгалзан  ял оногдуулахыг тэнсэж 1 жилээс 3 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасныг баримтлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өсвөр насны шүүгдэгч Ж.От ял оногдуулахыг  тэнсэж,  1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх” нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин өсвөр насны шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 5 дугаар сарын 9-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргээс үзэхэд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулсны дараа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана гэсэн заалтыг  хэрэглэхдээ эхлээд хорих ял оногдуулж, дараа нь эдлэх ялыг 2 дахин багасгах байтал тус заалтыг шууд журамлан эдлэх ялыг 2 дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарт ял оногдуулсан байна.

 

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцөлийг шүүх хангаж ажиллана” гэж заасны дагуу шүүх хэргийг шуурхай, богино хугацаанд шийдвэрлэх үүднээс тухайн заалтыг хөндөхгүй орхилоо. Цаашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 заалтыг баримтлахдаа дээрх нөхцөл байдлыг анхаарах нь зүйтэй.

 

               Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар хохирлыг шийдвэрлэхдээ  хохирогч “З.Д-д 255.000 төгрөг гаргуулахыг “...хохирогч Л.Наранцэцэгт 255.000 төгрөг гаргуулсугай...” гэж энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй Л.Наранцэцэг гэгчид хохирол олгуулсныг зөвтгөн шийдвэрлэв.

 

               Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчөлт оруулж,  өсвөр насны шүүгдэгч Ж.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч Ж.Оын гаргасан  давж заалдах гомдлыг  хүлээж авах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1366 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын  “Заяабуянт овогт Ж.Б, Заяабуянт овогт Ж.О нарыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Заяабуянт овогт Ж.Б, Заяабуянт овогт Ж.О нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Бд 1 жил 1 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.От 1 жил 2 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ж.Бд 1 жил 1 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэсүгэй” гэж,

 

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэг, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ...” гэж,

6 дахь заалтын  “...хохирогч Л.Наранцэцэгт 255.000 төгрөгийг...” гэснийг “...хохирогч З.Д-д 255.000 төгрөгийг...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч Ж.От хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх үүргийг Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай” гэсэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.От зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнийг хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Б.Болдсайханд даалгасугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Ж.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Ж.Оыг нэн даруй сулласугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ