Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/59

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч: Б.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн,

Насанд хүрээгүй хохирогч: Ж.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 201715010083  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сум, 2 дугаар баг Шавар түрүү гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хохирогч Ж.Д-г 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г-ийн өгсөн: “...Ж.Д-тай 2015 оны 11 дүгээр сараас эхэлж гар утсаар ярьж, мессэж бичиж эхэлсэн. Тэр үеэс хойш бид 2 үерхсэн. Гэхдээ бид 2 анх бэлгийн ажил хийсэн нь 2016 оны 11 сард. Түүнээс хойш бид 2 зөндөө олон удаа бэлгийн ажил хийсэн. Би тоог нь сайн санахгүй байна. Барагцаагаар 20-иод удаа хийсэн байх. Бид 2 бэлгийн ажил хийх болгондоо хоорондоо ярилцаж байгаад хийдэг байсан. Манай аавын төрсөн эгч Д-ийн амбаарт хонож, маргааш орой 21 цаг хүртэл амбаарт байсан. Тэр хугацаанд бид хоёр 5-6 удаа бэлгийн ажил хийсэн. Ж.Д-тай бэлгийн ажил хийхэд миний өөдөөс эсэргүүцсэн удаа байхгүй. Би Д-д нэг ч удаа хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Би Д-г насанд хүрээгүй гэдгийг мэддэг байсан...” гэсэн мэдүүлэг /50-51 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сард манай сургуулийн амралт эхлээд би хөдөө гэртээ ирсэн байсан. Аав, ээж малдаа явсан хойгуур Б.Г намайг дарамталж надтай бэлгийн харилцаанд орсон. Тэрнээс хойш миний бие өвдөөд байхаар нь ээжид хэлж бид хоёр аймаг ороод үзүүлтэл би ж болсон байсан. Би ээжид хүүхдээ гаргахгүй авахуулна гэж хэлсэн. 2017 оны 4 дүгээр сард намайг давтлагандаа явах гэж байтал Б.Г хэлэх юм байна уулзъя гээд байсан. Би утсаар хэлчих гэтэл үгүй заавал уулзаж байгаад хэлнэ гээд байхаар нь очиж уулзсан. Тэгээд удахгүй гээд намайг амбаар луу дагуулж орсон. Бид хоёр амбаарт ороод бэлгийн харилцаанд орсон. Тэгээд явах гэтэл Б.Г надтай хамт нэг хоночих гээд байсан. Би дургүйцаад явах гэтэл амбаарын хаалгийг гаднаас хүүхдээр түгжүүлсэн байсан. Бид хоёр тэгээд хамт хоносон. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа. Би их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

Хууль ёсны төлөөлөгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж.Д  рүү залгаад Д өчигдөр гэрээсээ гараад ирж хоноогүй байна гэж байна гэсэн чинь би хайгаад сургууль дээр явж байна гэсэн. Манай төрсөн дүү Ц-ийн нөхөр Э нь миний төрсөн дүү Д-д Г ирчихсэн байсан хамт байж магадгүй гэж хэлэхээр нь манай дүү тэдний хамаатан Д гэж хүний гар утасны дугаарыг олж аваад залгаж Б.Г танайд байна уу гэж асуусан чинь гар утасны цаана нэг хүүхэд Б.Г ах энэ хойно байгаа гэж хэлсэн. Манай дүү тэр даруй 21 цагийн үед Д-ийн гэрт яваад очсон чинь Б.Г тэдний амбаар дотроос гарч ирэхээр нь Д хаана байна гэж манай дүү асуусан чинь тэр мэдэхгүй гэж хэлэхээр нь амбаар луу орсон чинь Ж.Д хураасан байсан унины араар ороод зогсчихсон байсан гэсэн. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би дүү Д-ийн хамт Ж.Д-г сургууль дээр нь  очиж аваад Хужирт сумын эмнэлэг орж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн чинь бэлгийн харьцаанд орчихсон хүүхэд байна гэж хэлсэн. Ж.Д тэр үед 14 нас 09 сартай байсан. Би Ж.Д-г жирэмсэн болсон талаар сүүлд мэдсэн. Урд өмнө 2016 оны 11 дүгээр сард Б.Г-той бэлгийн харьцаанд ороод жирэмсэн болоод 2017 оны 02 дугаар сарын эхээр Өвөрхангай аймаг орж үр хөндүүлсэн байсан. Тухайн үед амбаараас гарч ирэхдээ уруул ам нь хатсан ам нь их цангасан байсан гэсэн. Их гомдолтой байна хохиролд 3.000.000-4.000.000 төгрөг нэхэмжилнэ. Өмнө нь зөвхөн шүүх эмнэлэгийн шинжээч эмчид үзүүлэх үедээ гаргасан зардлаа авсан. Өмнө нь үр хүндүүлэхэд орсон зардлаа аваагүй байгаа. ” гэсэн мэдүүлэг

Гэрч Б.С-ийн өгсөн “...Миний төрсөн охин Ж.Д-ийн бие 2017 оны 02 дугаар сарын эхээр өвдөөд би охиноо аваад Өвөрхангай аймаг орж эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгүүлсэн чинь манай охиныг 2 сар гарантай жирэмсэн байна гэж хэлсэн. Би охиныгоо эмнэлэгт үзүүлээд жирэмсэн болсон байна гэхээр нь миний охин гаргах юм уу гэсэн чинь үгүй би сургуульдаа сууна гээд байхаар нь би сургуулийн 9 дүгээр ангийн хүүхэд хүмүүс, сургуулийнх нь хүүхдүүд муугаар хэлэх байх гэж бодоод Ц гэдэг Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмчийг гуйсаар байгаад үр хөндүүлсэн. Манай охин 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. 2016 оны 11 дүгээр сард 14 настай 9 дүгээр ангид сурч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Д.Д-ийн өгсөн: “....Б.Г нь Ж.Д гэж насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон гэж 2017 оны 04 дүгээр сард мэдсэн. Би яаж мэдсэн гэхээр 2017 оны 04 дүгээр сарын үеэр Ж.Д-ийн ар гэрийнхэн түүнийг гэрээсээ гараад байхгүй болчихлоо Б.Г байна уу хамт явж байгаа байж магадгүй гэж надтай гар утсаар ярьсан. Би 04 дүгээр сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Тухайн үед ганц хоёр хоногийн өмнө Б.Г манайд ирээд буцаад хөдөө явлаа гэж байсан болохоор би хөдөө явцан гэж хэлсэн чинь манай жоохон ач хүү Г ах өөрийнхөө амбаарт байгаа гэсэн. Тэгэхээр нь амбаарт орох гэсэн чинь Б.Г урдаас Ж.Д-тай хамт амбаараас гараад  ирсэн. Б.Г 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хужирт суманд төрсөн одоо 23 настай....” гэсэн мэдүүлэг / хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч М.Ц-ийн өгсөн  “...2017 оны 02 дугаар сарын 10-ны орчим Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмэгтэйчүүдийн амбултор дээр Д гэж 16 настай охиныг ээж нь дагуулаад үзүүлэх гэж ирсэн. Ингээд тухайн үед Д гэх охиныг үзэхэд 9 долоо хоногтой жирэмсэн байсан. Тэгээд ээж нь энэ хүүхдийг авхуулна төрүүлэхгүй гэж эрс шийдэмгий байдлаар туслаач гэж гуйсан. Тэгтэл эрүүл мэндийн 2015 оны 148 тоот тушаалын дагуу бол 9 долоо хоногтойд нь өөрсдийн хүсэлтээр үр хөндөж болно гэсний дагуу шинжилгээ бүрдүүлж төлбөрийг нь тушаалгаж эмийн аргаар үр хөндсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 1 дүгээр  хуудас/

- Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 3 дугаар  хуудас/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05 дугаар хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 15 дугаар хуудас/

- Ж.Д-ийн насны түүх / хх-ийн 23 дугаар хуудас/

- Үр хөндөлтийн түүх /хх-ийн 27, 28, 29 дүгээр хуудас/,

- Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №113 дугаартай тодорхойлолт,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54, 55 дугаар хуудас/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г-ийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хохирогч Ж.Д-г 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ж.Д-г арван зургаан насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Г-ийн бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Д нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА