Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0833

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.О

Хариуцагч: С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б, Г.М

Гуравдагч этгээд: А.Б

Маргааны төрөл: Ч.О болон А.Б нарт газар эзэмшүүлэхгүй байгаа нь үндэслэлтэй эсэх тухай газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Г.М /цахим/, гуравдагч этгээд А.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс Сд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнт хэсгийн Марцат 1-7А дахь газрыг эзэмшүүлэхгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг надад эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Гуравдагч этгээдээс Сд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Ар гүнт /18120/, Ф28 хаягны зүүн талын 2000 м2 газрыг А.Бт эзэмшүүлэхийг Сд даалгах” тухай бие даасан шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгчийн тухайд:

3.1.Нэхэмжлэгч С*******нд “...Сонгинохайрхан дүүргийн Ар гүнтэд өөрийн объектын залгаа үхэр нарлуулж тэжээдэг 2000 м.кв газрыг ашиглаж ирсэн тул өөрийн нэр дээр газрын гэрчилгээ гаргуулах...” тухай хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргажээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/216 дугаар албан бичгээр “...шинээр газар эзэмших хүсэлт нь шийдвэрлэгдэхгүй байгаа талаарх гомдлыг судалж үзлээ. ... 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа тусгуулж дуудлага худалдааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна.” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

3.2. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3919 дүгээр захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

3.3. Харин нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Н******* бөгөөд ******* *******т хандан гомдол гаргасан байх бөгөөд тус гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрлэсэн байна.

Уг гомдлын хариунд “... Сонгинохайрхан дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа тусгуулж, дуудлага худалдааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой. ... иймд дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл ... хууль хяналтын байгууллагад хандана уу.”гэжээ.

3.4. Харин нэхэмжлэгч дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5400 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5685 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

4. Гуравдагч этгээдийн тухайд:

4.1.Гуравдагч этгээд нь С*******нд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “...фермерийн аж ахуйгаа сэргээхийн тулд анх хашиж (2008 онд) малаа гаргадаг талбайг дуудлага худалдаагаар авахыг зөвшөөрнө үү.” гэх хүсэлтийг гаргажээ.

4.2. Улмаар тус газраас ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17/376 дугаар албан бичигт “... таны ирүүлсэн шинээр газар эзэмших хүсэлт нь дээрх төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлэх боломжтой байна.”гэж дурджээ.

4.3. Мөн тус хэрэгт гуравдагч этгээд А.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ өгч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 7727 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр татсан.

4.4. Улмаар тус шүүхэд бие даасан шаардлага гаргасан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8585 дугаар захирамжаар бие даасан шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон ба 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бие даасан шаардлагыг хангуулан өгсөн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Ч.О би одоог хүртэл хуулийн дагуу газар өмчилж аваагүй билээ. Иймд иргэн Т.Оээс шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулан авсан үхрийн фермийнхээ зэргэлдээ хэн ч эзэмшиж өмчлөөгүй газрыг эзэмшин улмаар хүүхдүүдийн хамт өмчлөн авах зорилгоор кадастрын зургийг хийлгүүлэн хуульд заасан бусад бичиг баримтуудыг бүрдүүлэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 27 минутад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн юм. Уг газарт тус дүүргийн газрын албаны даамал Г.Мын зөвшөөрлөөр "Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Ар Гүнт хэсэг Марцад 1-7А" гэсэн хаяг ч олгосон. Гэвч газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байсан учир би газрын албаны ажилтнуудтай олон удаа уулзаж бас өргөдөл ч өгч байв. Тухайлбал, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр газрын албаны дарга болон газрын даамал Г.Мтай уулзахад А.Б гэх хүний хагас дутуу бүрдүүлсэн бичиг баримт үзүүлж, уг хүнийг эзэмших давуу эрхтэй мэтээр тайлбарласан. Улмаар өргөдөл өгөхөд Засаг Даргын Тамгын газраас нь хээрийн болон суурин судалгаа хийлгүүлнэ гэсэн утгатай хариу надад ирүүлж байв. Гэвч юу ч хийгдээгүй. Иймд би Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн заалтыг баримтлан дүүргийн Засаг даргад гомдол гаргасан ба уг гомдлыг тус дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд шилжүүлж Монгол Улсын Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-ын гомдлыг түүнд холбогдох албан тушаалтанд шилжүүлэхийг хориглох тухай заалтыг зөрчсөн байв. Уг албанаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон 2024 онд дуудлага худалдааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэсэн утга бүхий хариу ирүүлснийг би эс зөвшөөрөн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2023/1319 дүгээр захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны Засаг даргад хандах шаардлагатай гэж үзэн миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг Захирамжийн дагуу Н*******д гомдол гаргасан боловч миний гомдлыг Захиргааны ерөнхий хууль бусад холбогдох хуулиудын заалтын дагуу шийдвэрлэсэнгүй. Н******* миний гомдлыг газар зохион байгуулалтын албандаа шилжүүлж өөрөө шууд шийдвэр гаргасангүй. Газар зохион байгуулалтын алба нь ч гомдолд ажил хэрэгчээр хандаж Захиргааны ерөнхий хуулийн дагуу ажиллагаа хийж шийдвэрлэсэнгүй. Ийнхүү хариуцагч нь миний газар эзэмших хүсэлтийг хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гарган Монгол улсын иргэний газар эзэмших эрхийг зөрчиж намайг 2 жил хохироолоо.” гэжээ.

6. Нэхэмжлэгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хэлсэн тайлбартаа:" ...Засаг даргад гомдол гаргахад тус дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд шилжүүлж, 2024 онд дуудлага худалдааны журмаар шийдвэрлүүлнэ гэж 3 өөр янзын хариу өгсөн ба хуулийн хугацаанд хариу өгөөгүй. Маргаан бүхий газрыг төлөвлөлтөд оруулаагүй гэж хэлсэн. Т.О, А.Б нарын хооронд гэрээ хийсэн 2552 м2 газар байдаг. Газрын зөвшөөрлийг нь гаргуулж аваарай гэж газрын нотариатаар батлуулсан гэрээг Т.О надад өгсөн. Надад газрыг өгөөгүй учраас ингэж хэлсэн байх гэж ойлгож байтал Т.О 2015 онд надад мөнгө авахдаа чиний өгсөн мөнгөөр энэ хашааг сунгаад барьчихсан. А.Бт энэ газрыг авах гэж байгаа талаар фермээ зарахаас өмнө 2021 онд хэлж байсан. А.Б нь талийгаач Т.Оийн нөхрөөс айгаад байна, энд ирсэн гэж битгий хэлээрэй гэж хэлсэн. Би 0,7 га газрыг авч байгаагүй. Хэн ч эзэмшээгүй газрыг хуулийн дагуу эзэмших хүсэлт гаргасан боловч Газар зохион байгуулалтын алба шийдвэрлэж өгөөгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт хэсэг, Марцат 1-7А тоот газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү? Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших хүсэлтээ өгч бүртгүүлсэн. А.Б 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өргөдөл өгсөн байсан.

...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлгүй. Дээд шатны байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийхгүйгээр шууд шүүхэд хандсан нь буруу юм. 2000 м2 газрыг эзэмших хүсэлттэй байгаа талаар А.Бт би утсаар хэлж байсан. Газрыг хоёулаа очиж үзсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагатай ижил утгаар бие даасан шаардлага гаргасан байна. Сайхан сэтгэл гаргаж өөрийн фермээ маш хямд үнээр худалдсан. Маргаан бүхий газрыг давуу эрхээр эзэмших ёстой гэж хариу тайлбарт бичсэн нь мөн буруу юм. 0.7 га газар нь 3 хүн учраас 2100 м2 газар болно. Үүнд холбогдох баримтыг би бүрдүүлж өгсөн. Өөрийн нэр дээр авчхаад дараа нь хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлэх гэж байсан юм. ”гэжээ.

7. Гуравдагч этгээд А.Б нь бие даасан шаардлагадаа: “А.Б миний бие нь 2007 онд Сонгино хайрхан дүүрэг, 21-р хороо, Ар-гүнтийн ам /18120/ гудамж, Ф28 хаягт байрлах 2557м2 газрыг худалдан авч Үнээний фермийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Үнээний ферм ажиллуулах явцад саалийн үнээ, тугалаа өдрийн цагаар салхилуулах, нарлуулах, хөдөлгөөн хийлгэх зорилгоор эзэмшиж буй Фермийн газрын зүүн талын газрыг /хашиж/ ашиглаж ирсэн. Тухайн газрыг эзэмших хүсэлтээ Сонгино хайрхан дүүргийн газрын албанд анх 2009 онд гаргаж байсан бөгөөд түүнээс хойш удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл иргэн надад ямар нэгэн хариуг бичгээр өгч байгаагүй болно.2009 онд тухайн газрыг эзэмшихээр Сонгино хайрхан дүүргийн газрын алба, Засаг даргад гаргаж байсан өргөдлийн хувийг хэргийн материалд өмнө өгсөн байгаа болно. А.Б би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт"-ийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар хийлгэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг "Голден мэп" ХХКомпаниар хийлгүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн газрын албанд газар эзэмших өргөдлийн хамт өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй болно. Үнээний фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ-лагад үнээ, тугалаа салхилуулах, нарлуулах, хөдөлгөөн хийлгэх газар, талбай гэдэг зайлшгүй шаардлагатай, нэн хэрэгцээт зүйл /газар/ байдаг. Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын иргэн миний газар эзэмших өргөдөлд ямар нэгэн хариу өгөхгүй 2 жил гарангын хугацаа өнгөрч байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хариу өгөх хугацаа. 16 дугаар зүйлийн 1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. гэж заасан хуулийн заалт зөрчигдсөөр байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Сонгинохайрхан дүүрэг 21 хороо, Ар гүнт /18120/, Ф28 хаягийн зүүн талын 2000м2 газрыг А.Б эзэмшихээр гаргасан хариу өгөөгүй Эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох

2.Сонгинохайрхан дүүрэг 21 хороо Ар гүнт/18120/, ф28 хаягийн зүүн талын 2000м2 газрыг А.Бт эзэмшүүлэхийг Сд даалгаж шийдвэрлэж өгнө үү.”гэжээ.

8. Гуравдагч этгээд А.Б шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хэлсэн тайлбартаа: “Тус газрыг манайх хашаалчихсан байсан. Биднийг барьсан гэдгийг нотлох зураг бий гэж тухайн үед Ч.Отэй уулзахдаа хэлж л байсан. 2007 онд ф28 хаягтай албан ёсны гэрчилгээтэй газартаа үйл ажиллагаа явуулдаг. Тус газар дээрх барилгуудыг нийлүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Иргэний хэрэг маргаанд Т.О залилан хийсэн гэдгийг мэдсэн. Тухайн үед Ч.О гуравдагч этгээдээр оролцож байсан. Хэрэг маргаан манай талд эцэслэн шийдвэрлэгдсэн. Т.От газрын гэрчилгээг нотариатаар гэрчлүүлэн өгсөн гэж хэлж байна. Тухайн үед би газрынхаа гэрчилгээг олохгүй байсан учраас өгөөгүй байсан. Газрын төлбөрөө би өөрөө төлж байсан. Газрын гэрчилгээ надад байсан.

Газрыг өөрөө барьсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Худал хэлж байна. Надтай улсаар ярьж байгаагүй. Харин надад энэ газрыг авах гэж байгаагаа хэлээгүй. Би өөрийнхөө байгуулсан фермийг Ч.Оээс буцаан худалдан авсан. Миний хувьд худалдан авсан үнэ нь бага биш.  2 өмгөөлөгчийг байлцуулан мөнгөө шилжүүлсэн. ф28 хаягт мал маллаж байхдаа малыг бүртгэлжүүлж тоолдог байсан.

Ч.Оийн нэр дээр мал байгаагүй. Бүртгүүлж байгаагүй. Яагаад худал мэдүүлэг өгч байгааг гайхаж байна. 2009 онд н.Батцагаанд өргөдлөө өгөхөд тухайн үед дэд бүтэц хийгдээгүй. Засмал зам тавигдаагүй байсан учраас малтай айл малаа бэлчээхэд чөлөөтэй байсан. Малын хөлийн чилээ гаргах бэлчээрийн газаргүй байнга хашиж байх нь зохимжгүй. Өвлийн улиралд ф28 газартаа малаа хашиж тэжээдэг. Маргаж буй газар нь мал маллахад нэн чухал газар юм.”гэжээ.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар зохион байгуулалтын алба нь Ч.От зөвлөгөө өгч, өгсөн өргөдлийг нь хүлээн авч цохолт хийсэн. Эдгээр нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд нийцэн ажилласан нь харагдаж байна. Гэтэл эцэст нь хуулийн дагуу ажиллаагүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах эрхтэй. Гэтэл хариуг нь өгөөгүй. 1 жил 6 сар 19 хоног өнгөрсөн байна. Тиймээс захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1.3-т “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 7.1.4-т “өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах”, 7.1.6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх”, 7.2-т ”Тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг үндэслэлгүйгээр өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй” гэж тус тус заасан. Гэтэл Засаг даргад гаргасан гомдлыг Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн. Үүнийг өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн гэж үзэж болохгүй.  Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байгаа. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн. Нотлох баримтаар харагдаж байна.

Ч.О нь А.Бээс түрүүлж газар эзэмших өргөдөл өгсөн. Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Г.М болон нэхэмжлэгч өөрөө энэ талаар тайлбарлалаа. Ч.О нь хүсэлт гаргасан гэдгийг мэдэхгүйгээр А:Б өргөдөл өгсөн байж болно. Гэтэл Газар зохион байгуулалтын алба Ч.О нь хүсэлт гаргасан байна гэдэг хариуг 30 хоногийн дотор, сунгасан бол 60 хоногтоо яагаад хариу өгөөгүй вэ? Газрын тухай хуульд газрыг өмчлүүлэх талаар маш тодорхой заасан байдаг. 2 хүүхдийн хамт газрыг өмчлөхөөр баримтуудыг бүрдүүлж өргөдөл гаргахад баримтуудыг буцааж өгсөн үйл баримт бий. Цаг хугацааны хувьд нотлогдоно. Эхлээд та өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж дараа нь шийдвэрлэж болно гэж хариуцагч байгууллагын мэргэжилтэн Г.М хариу өгч байсан. Энэ талаарх баримт бий.  

Газар зохион байгуулалтын алба хүсэлт шийдвэрлэхгүй байгаа талаар Сд гомдол гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлээгүй. Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа бий. Тэмдэглэл хөтлөөгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам 2021 онд шинэчлэгдсэн. Маш сайн журам. Гэвч хариуцагч байгууллага энэ журмын заалтуудыг мөрдөж ажилладаггүй. Энэ журмын 1.2.2-т “түргэн, шуурхай байх”, 1.2.3-т “нээлттэй, ил тод байх”, 1.2.4-т “шударга ёс, тэгш байдлыг хангах”, 1.2.5-т “байршлын хувьд давхцалгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5.1.5-т “Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр гаргасан хүсэлт цахим системээр бүртгэгдсэн огноогоор дараах дарааллын дагуу эрэмбэлэгдэнэ” гэж заасан байдаг. Ч.Оийн хүсэлтийг бүртгэсэн боловч шийдвэрлээгүй. 1 жил 6 сарын хугацааг өнгөрүүлсэн байна. Газрыг үнэ төлбөргүй эзэмшсэн тохиолдолд өргөдлийн бүртгэлийн дарааллаар шийдвэрлэнэ гэсэн журмын заалтуудыг баримтлаагүй. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б амаар хариу өгч байсан гэх тайлбарыг хэлж байх боловч энэ нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч талын эс үйлдэхүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.”гэжээ.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: “А.Б нь Сонгинохайрхан дүүрэгт Ар гүнтийн аманд ф28 хаягт фермерийн аж ахуй эрхэлж байсан. 2000 м2 газрыг 2009 оноос хойш фермерийн зориулалтаар ашиглаж байгаа. Маллаж буй үхэр, тугалаа салхилуулах, амраах зорилгоор ашиглаж байсан. 2009 онд С*******ны мэргэжилтэн н.Батцагаан гэх хүнд албан ёсоор өргөдлөө өгөхөд тус газар нь жалга бүхий газар. Танай эзэмшлийн газар гэж ойлгогдож байна.

Тиймээс ойрын хугацаанд өргөдөл гаргах шаардлагагүй гэж хэлж байсан боловч энэ талаар цааш нь дамжуулж хэлж байгаагүй гэж гуравдагч этгээд хэлсэн. Газрын үзлэг хийх явцад нэхэмжлэгч Ч.Оийн хэлсэнчлэн 2016, 2017 онд хашааг сунгаж барьсан гэдэг нь харагдсан. Т.О газрыг сунгаж барьсан зүйл огт байхгүй. Надаас зээлсэн мөнгөөр энэ хашааг сунгасан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй, баримтгүй юм. Бие даасан шаардлага гаргасан А.Б нь маргаан бүхий газрын хажуугийн газрыг эзэмшдэг бөгөөд 2009 оноос хойш тухайн газарт фермерийн газарт үхэр, тугалаа салхилуулах, амраах зорилгоор ашигласаар ирсэн. Ч.Б нь 2021 оны 12 дугаар сард тухайн газрын чанарын хянан баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Ч.Оийг өргөдөл өгөхөөс өмнө албан ёсны бичиг баримтыг бүрдүүлж 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөдлөө өгсөн. Газар зохион байгуулалтын алба уг өргөдлийн хариуг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн гэх хариу тайлбарыг баримтыг хариуцагч  гарган өгсөн байна. Уг хариуг гардаж аваагүй өнөөдрийг хүрсэн. Тухайн газрыг эзэмших хүсэлтийг өгсөн байхад Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалтын албанаас хариу тайлбар өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

Ч.О уг газрыг өмчлөхөөр хүсэлт гаргасан гэдгийг мэдэж бие  даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байна. 2007 оноос хойш А.Б уг газрыг эзэмшиж байгаа. Фермерийн зориулалтаар үйл ажиллагаа эрхлэхэд үнээ нь цементэн байшинд байнга байх боломжгүй, бэлчээрт гаргаж салхилуулах шаардлагатай байдаг. Тиймээс тухайн газрыг хашаалж ашиглаж байгаа. Фермерийн зориулалтаар үйл ажиллагаа эрхэлж байгаа А.Бт 2000 м2 газрыг эзэмшүүлэхийг Сд даалгаж өгнө үү.

...А.Б нь ф28 гэсэн фермерийн газраа Тулгаагийн От үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж бэлэглэлийн гэрээ хийсэн бөгөөд газрыг шилжүүлээгүй байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад Ч.От барьцаанд тавьсан байсан. Ч.О нь Т.Оээс мөнгөө авч чадаагүй учир шүүхэд хандаж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Газрын эрх болон үл хөдлөх эд хөрөнгө хоорондоо салшгүй холбоотой. Газрын эрх нь А.Бт байхад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг Ч.От өгчихсөн байсан. Т.О, А.Б нарын хооронд хэрэг маргаан хянан хэлэлцэгдэх шатанд Ч.О гуравдагч этгээдээр оролцсон. Шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж үзэн хүчингүйд тооцсон. Ингээд бид газраа авъя, та газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөө ав гэж уулзалт хийсэн. Фермерийн барилга фермерийн зориулалтаар ашиглаагүй олон жил болсон учраас чанар нь муудсан байсан. Бид газар дээрх хөрөнгийг буулгах боломжгүй учраас үнэ дээрээ тохиролцож 27 сая төгрөгөөр буцааж авсан. Нэхэмжлэгч тухайн газрыг өмлөх зорилгоор хүсэлт гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн тус газар нь иргэдэд өмчлүүлэх боломжгүй, зөвхөн эзэмших эрхээр олгогдсон. Ар гүнтийн газрыг зөвхөн эзэмших эрхтэйгээр иргэдэд олгодог. Хэрэв газар өмчлөх гэж байгаа бол Сонгинохайрхан дүүргийн өмчлөх боломжтой газруудыг өмчлөхөөр хүсэлт гаргах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч фермерийн хажуугийн газрыг өмчлөх гэтэл С хүсэлт шийдвэрлэхгүй байна гэж Н*******д хандсан байсан.  Нэхэмжлэгчийг 2022 онд Н*******д хүсэлт гаргах явцад  тус газар А.Бийн эзэмшилд бүрэн шилжчихсэн байсан. “гэжээ.

11. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ч******* О (*******) нь Сд холбогдуулан "Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын надад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт хэсэгт Марцад 1-7А дахь газрыг эзэмшүүлэхгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Ч.О нь С*******нд 2021 оны 03 сарын 12-ны өдөр (...өөрийн обьектын залгаа үхэр нарлуулж тэжээдэг 2000 м2 газрыг ашиглаж ирсэн тул өөрийн нэр дээр газрын гэрчилгээ гаргуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу) гэх хүсэлтийг ирүүлсэн.

Дээрх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас судлаад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т (Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ)-д заасны дагуу 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа тусгуулж дуудлага худалдааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Гэж хариуг хүргүүлсэн байна.

Иймд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.13-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

...Иргэн А******* Б нь (*******) нь Сд холбогдуулан "Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, Ар гүнт /18120/, ф28 хаягийн зүүн талын 2000м2 газрыг А.Бт эзэмшүүлэхийг Сд даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

А.Б нь С*******нд 2022 оны 01 сарын 03-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлтийг ирүүлсэн.

Дээрх хүсэлтийг С*******наас судлаад 2022 оны 03 сарын 07-ны өдөр 17/376 албан тоотоор хариуг хүргүүлсэн. 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т (Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ)-д заасны дагуу 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа тусгуулж дуудлага худалдааны журмаар шийдвэрлүүлэх талаар дурдаж хүргүүлсэн.

Иймд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.13-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

12. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:” Ч.О нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус хүсэлтийг судалж 17/375 дугаар албан бичгээр хариу өгсөн. Дээрх хүсэлтийг Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас судалж үзээд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа тусгуулж дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэхээр болсон талаар нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэж байсан. Мөн Газар зохион байгуулалтын албаны дарга болон байцаагч нар уулзалт хийж байсан нь нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан байсан.

Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй. Даалгах шаардлагын хүрээнд Газрын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргад газар эзэмших эрх олгох, дуудлага худалдаа зохион байгуулах эрх нь өөрт нь хадгалагддаг тул даалгах шаардлага хэрэгжих боломжгүй.

А.Б нь 2009 онд газар эзэмших хүсэлт гаргаж байсан. Тухайн үед ажиллаж байсан байцаагч нь энэ газрыг эзэмшихэд тантай хэн ч маргахгүй гэж хэлээд хүсэлтийг буцааж байсан үйл баримт бий.  Иргэний хэргийн шүүхэд иргэн хоорондын маргаан үүсэж улмаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргасан байна. Үүний хариу тайлбар болох 17/376 тоот албан бичгийг хүргүүлж байсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү байгаа учраас дуудлага худалдаа зохион байгуулж газар олгох боломжтой.

2024 оны газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд оруулсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжтой талаар хариуг өгч байсан. Нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй. Даалгах шаардлагын тухайд Газрын тухай хуульд дүүргийн Засаг даргын эрх хэмжээг заасан. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.”Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.”, 29.5.”Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих талбай нь хувийн гэр, орон сууцны хашааны газрын зэргэлдээ, эсхүл уг зориулалтаар тусгайлан тогтоогдсон газарт байж болно.”, 33 дугаар зүйлийн 33.1.”Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1.”энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;”, 33.1.2.”энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч С*******нд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “... өөрийн обьектийн залгаа үхэр нарлуулж тэжээдэг 2000 м.кв газрыг ашиглаж ирсэн тул өөрийн нэр дээр газрыг гэрчилгээ гаргуулах …” тухай хүсэлт гаргасан ба Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17/375 дугаар албан бичгээр “... шинээр газар эзэмших хүсэлт нь … төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шийдвэрлэх боломжгүй …” гэж, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/216 дугаар албан бичгээр “...шинээр газар эзэмших хүсэлт нь шийдвэрлэгдэхгүй байгаа талаарх гомдлыг судалж үзлээ. ... 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа тусгуулж дуудлага худалдааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна.” гэх хариуг тус тус хүргүүлжээ.

Гуравдагч этгээдээс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр С*******нд “...фермерийн аж ахуйгаа сэргээхийн тулд анх хашиж (2008 онд) малаа гаргадаг талбайг дуудлага худалдаагаар авахыг зөвшөөрнө үү.” гэх хүсэлт гаргасныг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17/376 дугаар албан бичгээр “... таны ирүүлсэн шинээр газар эзэмших хүсэлт нь дээрх төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлэх боломжтой байна.” гэх хариуг өгчээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй байх бөгөөд уг асуудлаар С*******нд удаа дараа хандсан нь хэрэгт авагдсан болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэвч хуульд газрыг эзэмшүүлэхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны үндсэн 0,07 га-гаас илүү хэмжээтэй газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлан эзэмшүүлэхээр зохицуулсан байх тул  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх үндэслэлээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ. 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “...газар өмчлөн авах эрхээ эдлээгүй, 2 хүүхдийн хамт тус бүрдээ 0.07 га газар өмчлөх хүсэлт өгч байсан…” гэх боловч нэхэмжлэгч нь 2000 м.кв газрыг ашиглаж ирсэн тул өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулах агуулгаар өргөдөл гаргасан байх бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.”Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана: 

20.1.1.гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар;

20.1.2.оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал;

20.1.3.өмчилж авах газрын зориулалт, хэмжээ;

20.1.4.энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авах газрыг иргэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт.”, 20.2.”Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна.” гэж заасан үндэслэл, журмын дагуу гэр бүлийн гишүүдийн хамт 0.07 га газар өмчлөх өргөдөл гаргаагүй байна. 

3. Мөн нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд бичгээр шийдвэрлээгүй гэх боловч нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр “…. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мад хуулийн дагуу баримтуудаа бүрдүүлэн өгөхөд он гараад олон асуудал шийдвэрлэнэ. Таны өргөдлийг хамтад нь шийдэж захирамж гарна гэж хэлсэн. Хамгийн сүүлд 11 сард утсаар ярихад А.Б газар эзэмших эрхтэй гэж, дараа нь суурин судалгаа хийнэ гэж 3 өөр янзын хариу өгсөн. …” гэсэн тайлбараар хариуцагч огт хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

4. Хэдийгээр нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс түрүүлж өргөдөл гаргасан боловч тус өргөдлийг шийдвэрлэх хугацаанд гуравдагч этгээд өргөдөл гаргасан тул хариуцагч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж дуудлага худалдаагаар эзэмшүүлэх боломжтой талаар хариу өгснийг буруутгах боломжгүй. 

Дээрхээс үндэслэлүүдээс дүгнэвэл газар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн тул газар эзэмшүүлэхийг даалгах үндэслэл юм.

Иймд нэхэмжлэгчийн “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнт хэсгийн Марцат 1-7А дахь газрыг эзэмшүүлэхгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг надад эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Ар гүнт /18120/, Ф28 хаягийн зүүн талын 2000 м.кв газрыг А.Бт эзэмшүүлэхийг Сд даалгах”  тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-д заасныг тус тус баримтлан иргэн Ч.Оээс Сд холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт хэсэг, Марцат 1-7А дахь газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл болон гуравдагч этгээд А.Бээс Сд холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 21 дүгээр хороо, Ар гүнт 18120 Ф28 хаягийн зүүн талын 2000 м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Н.ДАМДИНСҮРЭН