Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 361

 

Н.Д-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/03276 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.А-т холбогдох

Автмашин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Улаанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.А- 2017 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл хотхоны 130а дугаар байрны автомашины граш, дулаан зогсоолоос 88-52 УБУ улсын дугаартай, Соната-4 маркийн автомашиныг 3.000.000 төгрөгөөр ам хэлцэл хийж, худалдаж авсан. Партизаны сангийн аж ахуйн айлуудаас сүү цуглуулан худалдан авч, Улаанбаатар хотын Таван шар дээр зөөж ирж, худалдаж амьдардаг. Миний машиныг 3 жил сүү зөөх ажилдаа ашиглаж амьдарсан. Ө.А-ын хамтран амьдрагч Ж.Нацагдорж бид хоёр төрсөн ах дүү нарын хүүхдүүд юм. Соната-4 УБ 88-52 дугаартай машины эзэн нь талийгаач дүү Н.Цоодол юм. Одоо хоёр өнчин Ц.Бат-Эрдэнэ, Ц.Агиймаа нарын сургалтын төлбөрт нэмэр хийх гэж зарсан. Төрсөн авга дүү Ж.Нацагдоржийн найз Ө.А-т хямдхан зээлээр 3.000.000 төгрөгөөр худалдсан. Миний дүүгийн нарын хоёр хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагаар, мөн талийгаач Н.Цоодолын эхнэр Я.Нэргүй нь надад автомашиныг 3.000.000 төгрөгөөр зарах зөвшөөрөл өгсөн юм. Автомашиныг анхнаасаа авах дургүй байсан бол буцаагаад авчраад өгч болох байсан. Өгөхгүй болохоор нь автомашинаа авахаар очиход 4 дугуйгүй, цонхнууд нь хагархай, 4 хаалга байхгүй, рам үлдсэн байсныг авч чадалгүй буцаж ирсэн. Автомашин одоо хариуцагч Ө.А-ын хашаанд байгаа. Миний автомашиныг тоноод өөрийнхөө автомашинд хийсэн. Автомашинаа буцааж авах талаар удаа дараа шаардсан боловч эргүүлж авчирч өгөөгүй. Одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймд Ө.А-аас талийгаач Н.Цоодолын бэлэвсэн эхнэр Я.Нэргүй болон хоёр хүүхдэд нь автомашины үнэ 3.000.000 төгрөгийг гаргуулж, хүүхдүүдийн сургалтын төлбөрийн төлж, үхэхээсээ өмнө энэ улсын өрийг хаамаар байна гэжээ.

 

Хариуцагч Ө.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сард Н.Д- гэдэг хүн бид хоёрыг дуудаад эгчид нь нэг Соната байгаа та хоёр үзээд зараад борлуулаад өг гэсэн. Энэ Соната машин 50 км явж чадахгүй, шинэ 22 өнгөрөөд мотор нь цохьсон. Тэр дор нь нэхэмжлэгчид хэлсэн. Урьд нь нэг хүнд зарчихаад авсан юм. Тэр хүн нь болохоо байлгасан байна. Тэр хүнтэй шүүхдэлцэнэ гэсэн боловч мөнгө өгөөд моторыг нь янздуулах гээд бид хоёрыг 2 удаа гэртээ дуудаж авч ирсэн боловч юу ч өгөөгүй, 5 жил болж байна. Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн тэнд мэдүүлэг өгсөн. Тэр машиныг нь очиж үзээд зургийг нь аваад явсны эцэст хэргийг хаасан. Өөрөө жил болгон очиж машинаа үзэж байсан, машин одоог болтол аваачаад тавьсан байрандаа байгаа. Ө.А- миний бие Сонатаг унаж хэрэглээгүй, Сүхбаатар дүүргийн шүүх үзэж хараад тогтоосон. Тэр машинд хүн тонох дээрэмдэх олигтой зүйл юу ч байхгүй. Би Н.Д-гаас автомашин авсан, гараашаас авсан нь үнэн. Гэхдээ авах үед 3.000.000 төгрөг өгнө гэж хэлээгүй. Автомашин авах үед Н.Д- хамт байгаагүй. Н.Д-гийн нөхөр автомашиныг надад хүлээлгэж өгсөн. Гэтэл одоо нөхөргүй, мөн өөрийнхөө автомашиныг минийх биш гээд байгааг ойлгохгүй байна. Намайг зараад өг гэсэн. Мөн авч явсан өдрөө замдаа мотор нь цохиод зогсчихсон. Өөрт нь утсаар хэлэхэд мотор авч өгнө гэж хэлж байсан хүн одоо шүүхэд өөр зүйл яриад байна. Энэ хүн намайг гүтгэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.А-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ө.А-аас 63.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ө.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: шүүхэд нэхэмжлэгч худлаа хэлж, бид хоёр ярилцаж тохирсон. Ө.А- худалдаж авсан гэж гүйвуулан өөрийн дур зоргоор мэдүүлж, шүүх худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлээгүй гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ автомашины хувьд 4 жил хашаан дотор байсан, эвдэрсэн автомашиныг өндөр үнээр үнэлж төлүүлэх гэж байгаа нь буруу, шүүх хурал хуулийн дагуу явагдаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Ө.Ариунбэатарыг 1.000.000 төгрөгөөр хүнд зарж өгч болно гэж л хэлсэн. Түүнээс би худалдаж аваагүй гэсний төлөө шүүх хурал дээр болон нэхэмжилэлдээ Н.Д- нь миний эхнэр болох Ж.Нацагдоржийг хэл амаар доромжлон хэлж байхад шүүх ямар ч арга хэмжээ аваагүйд гомдож байна. Миний үзэхээр шүүх хурал хуулийн дагуу нэхэмжилсэн нэхэмжлэлийн хүрээнд л мэтгэлцэнэ гэж ойлгож байсан боловч дүрэм журамгүй, нэг талд үйлчилсэн шүүх хурал болсон. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргалаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Н.Д- хариуцагч Ө.А-т холбогдуулан суудлын автомашины үнэ болох 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ө.А- нь Н.Д-гаас 2017 оны 5 дугаар сард, Солонгос Улсад 1999 онд үйлдвэрлэгдсэн Соната маркийн автомашиныг 3.000.000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт талуудын тайлбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэргийг хаан шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн прокурорын тогтоол, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтад үндэслэн анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна. /хх-7, 9-11, 35-40/

Маргаж буй суудлын автомашиныг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нас барагч Н.Цоодлын өвлөгч Н.Д-д 087 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон ба Н.Даариймаа уг автомашиныг хариуцагч Ө.А- болон гэрч Ж.Нацагдорж нарт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл хотхоны 130а дугаар байрны зоорийн давхарын 10 тоот автомашины дулаан зогсоол дээр автомашиныг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчид автомашиныг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Харин хариуцагч нь автомашиныг өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсан атлаа уг автомашины үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үнэ төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Гэрч Ж.Нацагдоржийн “...3.000.000 төгрөгөөр зараад өг, идэшний үхэр ч болгоод өг...” гэсэн мэдүүлэг, Ө.А-ын цагдаагийн байгууллагад өгсөн “...би унаж байгаад санаанд таарвал тухайн үед 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм...” гэх мэдүүлэг, 1.500.000 төгрөгөөр үнэ бүхий автомашины өвлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн “...автомашиныг 3.000.000 төгрөгөөр ам хэлцэл хийж, худалдаж авсан...” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд уг автомашины үнийг 3.000.000 төгрөг байхаар тохиролцсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ий 10, 12, 54/

            Хариуцагч нь “автомашиныг хүлээн авч автозогсоолоос хөдөлгөн Партизаны сангийн аж ахуй авч явах замд автомашин доголдож асахаа байсан, шалтгаан нь мотор цохисон тул чирч өөрийн эзэмшлийн хашаанд байрлуулсан” гэж тайлбар гаргадаг боловч уг тайлбар татгалзал буюу ашиглах боломжгүй эд хөрөнгө шилжүүлсэн, гэрээнээс татгалзсан гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дах хэсэгт заасан асуудлаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцжээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.А-аас худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэгт 3.000.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/03276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                    Н.БАТЗОРИГ