Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 360

 

Р.С-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00062 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “МЭ" ХХК-д холбогдох

Хариуцагч “МЭ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Р.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус компанийн хуулийн зөвлөх орон тоон дээр ажиллаж ирсэн. Мөн тус компанийн үүсгэн байгуулагч нарын хувийн асуудалтай холбоотой хууль эрх зүй, шүүхийн шатны олон асуудлыг шийдвэрлэж ажиллаж байсан. "МЭ" ХХК болон "МЭ холдинг" ХХК-н холбоотой бүх бичиг баримт, гэрээ болон бусад асуудлуудыг хуулийн хүрээнд хариуцан боловсруулж зохих бүх шатны байгууллагад төлөөлөн ажиллаж байсан. 2018 оноос тус компанийн техникийн албанд цалингүйгээр давхар менежер зохион байгуулалтыг хариуцан халагдах хүртэл ажилласан. Гэвч 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн 352 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэл танилцуулж, уншсан мөн өдрөө В/112 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Энэ өдөр тус компанийн нийт 7 хүнийг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэж 3 хүнийг ажлын байрны еөрчлөлт хийх тухай хурал хийсэн бөгөөд эдгээр үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5, "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолийн 17 дугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөн.  Николь Борохов, Боаз Борохов нар нь тухайн үед Монгол улсад байгаагүй атал шийдвэр гарсан газар Улаанбаатар хот гэж бланк дээр хэвлэгдсэн. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл өгсөн ч тэр өдрөө тушаал нь гарсан. Энэхүү тушаал дээрээ мөн өдрийн мэдэгдлийг үндэслэж гэж бичсэн байгаа буюу тушаалын хөл толгойгоо сольсон байна. Тушаалыг үндэслэж байж мэдэгдэл гардаг болохоос мэдэгдлийг үндэслэж тушаал гаргадаггүй. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг харахад ажилчдыг бөөнөөр халж байгаа шинжтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар тушаал гарах ёстой. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй байхад гаргасан тул хууль бус тушаалын дээр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иймд В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “МЭ" ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бямбадолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Метро экпресс” ХХК нь Израил улсын 2 иргэний буюу гадаадын хөрөнгө оруулалттай юм. Компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн Николь Борохов нь сүүлийн 2, 3 жилд Монгол улсад байнга оршин сууж, компанийн үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Р.С- 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хуулийн зөвлөхөөр ажилд орж, энэ хугацаанд нийт 134.425.082 төгрөгийн цалин, 6.095.000 төгрөгийн түлш шатахууны хангамж авсан, 2012 онд эхнэр Ц.Цэцэгдэлгэрийг агуулахын няраваар ажилд оруулсан, одоог хүртэл ажиллаж байна. Мөн татварын 2013, 2014, 2015, 2016 онуудын шалгалт 2017 онд хийгдэн, татварын албанаас 88.000.000 төгрөгийн торгууль тавихад Р.С- ажил үүргийнхээ дагуу хууль эрх зүйн зөвлөгөө өгөөгүй тул хуульч хөлсөлсөн. 2019 онд 2017, 2018 оны татварын шалгалт ороход дахин хуульч хөлслөн ажилласан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр онлайн хэлбэрээр хийсэн шийдвэрийг нэр бүхий ажилчдад танилцуулсан. Дээрх шийдвэрт тус компанийн хуулийн зөвлөхийн орон тоог цомхотгосон шийдвэр орсон ба хуулийн зөвлөх Р.С-т 352 тоот мэдэгдлийг танилцуулж, гардуулж өгсөн. Р.С- мэдэгдлийг уншаад гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хууль 30 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлсэн, тэтгэмж мөнгө өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан "МЭ" ХХК-д /РД:2625962/ холбогдох, В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Алаг адуут овогтой Равдандоржийн Сүхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хуулийн зөвлөхийн орон тоог цомхотгосон хариуцагч компанийн хувь нийлүүлэгчдийн хурал /ХНХ/-ын шийдвэр гараагүй, шийдвэрийг эрх бүхий этгээд бодитоор гаргаагүй, нотлох баримтыг хуурамчаар буюу нөхөн бүрдүүлсэн хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгон, мөн хариуцагчийн татгалзлыг үгүйсгэн маргасан. Хэрэгт энэ талаар 2 өөр огноотой, 2 өөр дугаартай нотлох баримт авагдсан. Энэхүү нэхэмжлэгч, хариуцагч талуудын аль алинаас нь гаргасан баримт болон ажлаас чөлөөлсөн тушаалыг үнэн зөв, бодитой баримт эсэхийг тогтоогохоор буюу нэхэмжлэгч талаас, "хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч хийгээд гүйцэтгэх захирал Николь Борохов тушаал гаргах үедээ Монгол улсад байсан эсэх болон хилээр орсон гарсан эсэх талаарх лавлагааг гаргуулах хүсэлт" гаргасныг шүүхээс хангаснаар холбогдох баримт Хил хамгаалах ерөнхий газраас ирсэн ба уг баримтаар хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч хийгээд гүйцэтгэх захирал Николь Борохов нь хувь нийлүүлэгчдийн хурлын  шийдвэр гарах үед болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгох үед Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй нь тогтоогдож байхад хурлаа онлайнаар хийж шийдвэр гаргасаныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, яагаад буруутгах боломжгүй гэх дугнэлтэнд хүрснээ тодорхой тайлбарлаж чадаагүй, ойлгомжгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан "Алжаас чөлөөлөхдөө 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөр огноотой 11 шийдвэрийг танилцуулаагүй, энэ шийдвэрийг мэдээгүй, хариу тайлбарын хамт шүүхэд гаргаж өгөхөд нь танилцаж мэдсэн" гэж тайлбар гаргасаар байхад маргаагүй гэж дүгнэх нь шүүх "тэгш байх зарчим"-ыг зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болно. Гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн В/112 тоот тушаалд гүйцэтгэх захирал өөрөө гарын үсэг зураагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажлаас халах болсон талаар мэдэгдсэн байвал, мэдэгдсэнээс хойш уг хугацааны дараа бодитоор ажлаас чөлөөлөгдсөн байвал тухайн тушаал хуульд нийцнэ. Нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг няцаасан хирнээ өөр бусад байдлаар хуульд нийцсэн эсэхийг шалгаагүй, үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн гаргасан "ажлаас чөлөөлөх болсныг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэхэд Р.С- тушаалыг яг одоо аваад ир, би тушаалаа авмаар байна гэсний дагуу тушаалыг гаргаж өгсөн" гэх тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч уг тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан 30 хоногийн өмнө мэдэгдэх талаарх шаардлагыг хангасан гэх дүгнэлт үндэслэлгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Хариуцагч "хувь хийлүүлэгчдийн хурлыг онлайнаар хийж шийдвэр гаргасан, шийдвэртэй холбоотой баримтуудыг Ди Эйч Эл буухай шуудангаар бидэн лүү явуулсан" гэж тайлбарлаад Ди Эйч Эл буухай шуудангаар шуудан илгээмж хүлээн авсан талаарх баримтыг шүүх хурал дээр хариуцагчаас гарган өгсөн боловч 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө ямар нэг баримтыг Ди Эйч Эл буухай шуудангаар хүлээн аваагүй байгаа нь хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байгааг болон 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" В/112 дугаартай тушаал гарах хууль зүйн үндэслэл байхгүй байсан болохыг харуулж байна. Хариуцагч компанийн хувь нийлүүлэгчид болон гүйцэтгэх захирал нь Монгол Улсын иргэд биш, гадаадын иргэд байхад Монгол улсад бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа ямар хэл дээр хэлэлцсэн, Монгол хэлнээс өөр хэлээр хэлэлцсэн бол ямар хэлээр хэлэлцсэн тушаал нотлох баримтын шаардлага хангаагүй байхад хуульд нийцсэн гэж болон хариуцагчийн тайлбар, татгалзалыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндээслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Р.С- нь хариуцагч "МЭ" ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн В/112 тоот  тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч "МЭ" ХХК-ийн дэд захирлын 2019 оны 7 дугаар сарын       09-ний өдрийн В/112 дугаар "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3, Хөдөлмөрийн гэрээний 9.2.1, хувь нийлүүлэгчдийн 11 тоот шийдвэрийг тус тус үндэслэн хуулийн зөвлөх Р.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож цуцалсан ба нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна. /хх-ийн 10/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан.

Ажил олгогч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй хэдий ч уг тушаал, шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хассан нь бодитой байхаас гадна эрх бүхий этгээд гаргасан, ийнхүү шийдвэрлэсэн талаараа ажилтанд мөн хуулийн 40.5 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаас нэг сарын өмнө,  аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө  тус тус мэдэгдсэн байх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар нэг сарын өмнө болон 45 хоногийн өмнө мэдэгдэх нь уг хугацааны дотор ажил олгогчтой мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар тохиролцох, эсхүл дараагийн ажлын байраа олох зэрэг боломжийг ажилтанд олгосон, гэрээ цуцлах журмыг зохицуулсан агуулгатай. Гэтэл ажил олгогч "МЭ" ХХК-ийн дэд захирал нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөө  ажилтанд 352 тоот мэдэгдлээр хуулийн зөвлөх орон тоо хасагдсан, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх-ийн 11, 79/

 Ажил олгогч 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажилтанд мэдэгдэж,  хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан  тохиолдолд хуульд нийцэх байсан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч нь ажиллах, цалин хөлсөө авах эрхтэй байхад  Р.С-т ээлжийн амралтын олговор 1.520.539 төгрөг олгосон байгаагаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан шаардлагуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 116, 143 /

“МЭ" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал 2019 оны 7 дугаар сарын  05-ны өдрийн 20.00 цагт онлайнаар хуралдаж, компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан 2019 оны 7 дугаар сарын 05-ны 11 тоот шийдвэрийг гаргасан байх боловч компанийн дэд захирал компанийн хувьцаа эзэмшигчдийн  хурлын шийдвэрийг биелүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох шаардлагыг зөрчиж, ажилтныг ажлаас халах ёсгүй.

“МЭ" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 тоот шийдвэрээр нийт 108 орон тоотой байхаар компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан /хх-ийн 112-115/ бол 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот шийдвэрээр нийт 119 орон тоотой байхаар өөрчлөлт оруулсан байгаагаас үзэхэд “...компанийн удирдлагын зүгээс шаардлагагүй орон тоог цомхотгох, цөөн баг бүрэлдэхүүнээр ажиллах шийдвэр гаргасан...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. / хх-ийн 80-84, 122/

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг талуудын хоорондын маргаанд ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Р.С-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэнээр сүүлийн 3 сарын цалингийн дундаж болох 2.000.000 төгрөгийг  ажилгүй байсан 7 сар 5 хоногийн хугацаанд цалинтай тэнцэх олговорт 14.454.545 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн   128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.С-ыг “МЭ" ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт  14 454 545 төгрөгийг хариуцагч “МЭ" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Р.С-т  олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж, 2 дах заалтын “нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “нэхэмжлэгчид олгож, хариуцагч “МЭ" ХХК-аас 230 223 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай” гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                    Н.БАТЗОРИГ