Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 114

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж

            Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Б.Г

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт  Б.Гт холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Ц овогт  Б.Г 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 7 сарын 24-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын  Мөрөн баг, Хадатын рашаан гэх газарт “өөрийн дүү Быг цохилоо” гэх шалтгааны улмаас иргэн Ц.Бтэй маргалдан улмаар амь биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           

* Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Ц.Б-ий өгсөн:

 

“... Би 2017 оны 7 сарын 19-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Хадат рашаан дээр рашаан уухаар очсон. Тэгээд 7 сарын 24-ний өдөр Б.Г, М нартай тоглож байгаад ганц нэг шил пиво ууцгаасан. Тэгсэн М /Б/ О ахын сүнс нь ирсэн байна гэх зүйл яриад байхаар нь би Мг нэг удаа гараараа алгадаж авсан. Тэгтэл Б.Г Мг /Б.Б/ өмөөрч миний нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд дараа нь толгой руу гараараа олон удаа цохьсон. Б.Гийг цохиж байхад М /Б/ хажуугаас орж ирээд миний толгой руу гараараа 2-оос 3-н удаа цохьсон. Тэгээд байж байтал хажуу талын байшинд байсан нэг эгч ирж бид хэдийг салгаж авсан. Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн. Толгой эргэж, дүүрээд байгаа. Мөн баруун талын бөөр их өвдөж байгаа. Одоогоор биеийн байдал сайнгүй байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байгаа. ...Би тухайн үед Б.Гт зодуулснаас хэсэг ухаан балартсан байсан. Тэгэхдээ Б.Быг намайг цохьсон гэж бодсон юм. Тийм учраас өргөдөлдөө тэгж бичсэн. Одоо тайвшраад эргээд бодоход, мөн тэнд байсан хүмүүсээс асуухад Б.Б надад гар хүрээгүй юм байна лээ. Б.Г миний толгой руу гар чийдэнгээр 3-4 удаа цохьсон. Мөн гараараа толгой руу 5-6-н  удаа цохьсон. Унасан хойно цээж, нуруу луу 6-7 удаа өшиглөсөн. Гар чийдэнгээр нуруу руу мөн 3-4 н удаа цохьсон. Намайг зодуулж байхад О.Д , О.П, Б.Б нар бүгд харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8 хуудас/

      

* Гэрч Б.Б-ын өгсөн:

 

“... Би аав, ээж, ах, дүү нарын хамт Тариат сумын Хадтын рашаан гэх газар рашаан ууж байсан юм. 2017 оны 7 сарын 24-ний шөн 01 цагийн орчим байх, Б.Г ах, Ц.Б ах, О.П эгч, О.Д эгч нарын хамт Б.Г ахын шовгорт хөзөр тоглосон юм. Тэгтэл Ц.Б ах  Б.Г ахаас виски нэхээд, ууя гээд байсан. Б.Г ах машинаасаа 5-н лаазтай пиво оруулж ирэн бид нар ууцгаасан. Тэгтэл Ц.Б ах дахиад виски ууя лдаа гээд байсан. Тэгэхээр ньь Б.Г ах машинаасаа 1 шил виски оруулж ирсэн. Б.Г ах Ц.Б ахад виски өгсөн.Тэгээд Ц.Б ах согтсон. Тэгээд олон юм яриад агсрах гээд байсан. Би гарч бие засахдаа О ахын шовгорын гадаа цээж нүцгэн хүн байхыг харсан. Тэгээд хий юм харах шиг боллоо гэж Д эгчид ярьсан. Тэгтэл Ц.Б ах намайг цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байна аа гэхэд Б.Г ах намайг дуугүй бай гэсэн. Тэгэхээр нь би “Ц.Б ахаа би ахдаа цохиулаагүй байж таньд зодууллаа шүү гэж хэлтэл Ц.Б ах Б.Г ахыг цохиод авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад, шовгорын хойморт байсан нааран дээр унасан. Хажууд нь хүүхэд унтаж байсан болохоор би тэр хоёрыг түлхэж холдуулсан. Тэгээд салгах гээд дийлэхгүй байсан. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Би яг хаана нь хэдэн удаа цохьсоныг нь мэдэхгүй. Тэр хоёр дээр доороо оролцоод Б.Г ах дээрээс цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-12 хуудас/

 

* Гэрч О.Д-ын өгсөн:

 

 “... 2017 оны 7 сарын 24-ний өдөр би, манай нөхөр Б.Г, эгч П, Б бид 4 хөзөр тоглоод сууж байтал гаднаас Ц.Б ах орж ирсэн. Тэгээд бид нартай нийлж тоглосон. Тэгтэл Ц.Б ах Б.Гоос виски нэхээд байсан. Тэгэхээр нь Б.Г гарч машинаасаа виски авчирч өгсөн. Тэрийг нь Ц.Б ах уугаад сүүлдээ нилээн согтсон. Тэгээд Б.Г руу агсраад байсан. Б.Г тайвшруулаад л суугаад байсан. Тэгтэл Ц.Б ах Быг цохиод авсан. Б “би ахдаа зодуулаагүй байж таньд зодууллаа “гэсэн. Тэгэхээр нь Б.Г “чи дуугүй бай, ганц цохиулахад яав л гэж” гэсэн чинь Ц.Б ах гэнэт л Б.Гийг цохиод авсан. Тэгснээ тэр хоёр зууралдаад модон нааран дээр унтаж байсан хүүхэд дээр Ц.Б ах унасан. Тэгээд Б бид хоёр тэр хоёрыг салгах гэж татсан. Тэгтэл Б.Г гаръя гээд тэр хоёр гадагшаа гарсан. Тэгээд би Б.Гийг  хориод тэвэрч байтал Ц.Б ах хүрч ирээд Б.Гийг 5-6 удаа цохьсон. Тэгтэл дахиад тэр хоёр зодолдоод дээр доороо орж цохилцоод байсан. Тэгээд хүмүүс ирж салгасан. ... Зодоон болсны маргааш нь Ц.Б ахын нэг нүд нь хөхрөөд хавдсан харагдсан... Манай нөхөр Б.Гийг зүгээр сууж байхад нь Ц.Б гараараа эхэлж цохиж хамраас нь цус гаргасан. Тэгэхээр нь манай нөхөр уурлаад Ц.Б ахтай зодолдон болсон...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 13-14, 15-16х/

 

* Гэрч Б.О-ын өгсөн:

 

 “... 2017 оны 7 сарын 24-ний орой амрах газраа унтаж байтал гадаа хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгэхээр нь би гараад хартал манай хүргэн Б.Гийн амралтын байр нь гэрэлтэй байсан. Тэндээс чимээ гараад байхаар нь би яваад ортол шовгорт Б.Г, Ц.Б хоёр хоорондоо барьцалдаад, бие биенийгээ заамдаад зогсож байсан. Тэгээд би ороод юу болов, яав гэтэл Б.Г Б-г цааш нь түлхчихээд шовгороос гараад явсан. Тэр үед Ц.Б нилээд согтсон байдалтай нааран дээр хойшоо хэвтсэн. Тэгэхээр нь би Б-г тэвэрч босгоод өөрийнхөө шовгор луу ааад  явж байтал Ц.Б намайг тавиулаад, алнаа гээд эргэж гүйж очоод Б.Гтой барьцалдаж авсан. Тэр үед нь би араас нь гүйж очоод Ц.Б бэлхүүсээр нь тэвэрч аваад өөрийнхөө шовгор луу аваад явсан. Тэгээд л Ц.Б-г дахиж гаргаагүй, унтаж амарсан. Би тухайн үед тэр хоёрыг хоорондоо хэрхэн, яаж цохилцож зодолдсон талаар хараагүй, гадаа ч тас харанхуй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  17-18, 19-20 хуудас/

 

* Яллагдагч Б.Гийн өгсөн:

 

“... Би өөрийн гэр бүл, хамаатан нарын хамтаар Архангай аймгийн Тариат сумын Хадатын рашаан гэх газар амарч байсан. 2017 оны 7 сарын 23-ны орой хамаатны дүү Б, эгч П, эхнэр Д бид 4 хамт амралтын газрын шовгорт хөзөр тоглох гээд сууж байсан. Тэгсэн гаднаас Б ах орж ирээд вискинээс чинь ууя гээд надаас нэхээд байсан. Тэгэхээр нь би дуугүй л суугаад байсан. Тэгээд Ц.Б бид нартай хамт суугаад хөзөр тоглоод хэсэг суусан. Бид нар ганц, ганц пиво гаднаас авч ирж уусан. Тэр үед Ц.Б би пиво уухгүй, виски ууна гээд нэхээд байсан. Тэгэхээр нь би машинаас виски оруулж ирээд Ц.Бд хийж өгсөн. Тэгээд сууж байтал Ц.Б уусан юмандаа жаахан халаад надад агсрах гээд “би чам дээр ажиллаж байхдаа чамаас хулгай хийж байгаагүй шүү” гэх мэтээр над руу агсраад байсан. Тэр үед нь би “одоо ийм юм яриад яах вэ, маргааш эрүүл байх үедээ ярья” гэсэн. Тэгээд байж байгаад Ц.Б манай дүү Быг гэнэт л шууд цохиод авсан. Тэр үед нь би Б-г согтсон байна гэж ойлгоод Быг босч ирээд Ц.Бтэй зодоон хийчих вий гэж санаа зовоод Быг суулгаад “нэг удаад цохиулаа л биз, чимээгүй суугаад байж бай” гээд зодоон болохоос сэргийлж дүү Б.Б руугаа хараад сууж байсан. Тэр үед Б.Б Ц.Бд “би ахдаа цохиулаагүй байж чамд цохиуллаа шүү” гэж хэлж байсан. Гэтэл намайг санаандгүй байж байтал Ц.Б миний зүүн хацар, хамар орчимд хажуу талаас гараараа нэг удаа цохьсон. Тэр үед миний хамраас цус гарсан. Тэгээд би босоод Ц.Бтэй барьцалдаж аваад зодолдсон юм. Тэр үед Пүрэвдулам, манай эхнэр О.Д нар салгасан. Гаднаас хадам аав орж ирээд бид хоёрыг салгасан. Ц.Б бид хоёрыг барьцалдаж аваад зодолдож байх үед Ц.Б унтаж байсан хүүхэд дээр уначихаар би шовгороос түрүүлж гарч ирээд Ц.Б-г дуудаж хүүхэд дээр дарчих гээд байна гэж хэлээд гарсан юм. Тэр үед манай хадам аав болон хамт явсан хүмүүс нь ирээд Б-г аваад явсан. Тэгээд байж байтал Ц.Б машины араар гэтэж ирээд  миний араас толгой руу 4-5 удаа цохьсон. Намайг Ц.Б гараараа миний хамар луу нэг удаа цохиж, миний хамраас цус гаргасан. Бид хоёр хоорондоо заамдалцаж аваад намайг гараараа 4-5 удаа нүүр, толгой орчимд цохиж зодсон. Бас зодоон хийж байх үед хөл болон гараараа миний нуруу, бөөр, гэдэс орчимд цохиж л байсан. Би бас адилхан л цохиж зодсон. Заамдалцах үедээ Ц.Бтолгой, нүүр орчимд 4-5 удаа гараараа цохиж зодсон. Газар унаад ноцолдож байх үедээ гараараа нуруу хэсэг рүү нь 3-4 удаа цохиж зодсон. Би тухайн үед нэг их согтоогүй 3 лааз пиво уусан байсан. Ц.Б гаднаа харахад бол нэг их мэдэгдэхгүй байсан боловч согтсон. Байсан. 250-300 гр виски уусан байсан...Би одоогоор хохирол төлбөр төлөөгүй байгаа, Ц.Бд учирсан бодит хохирлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуудас/

                                    

* Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 8 сарын 01-ний өдрийн 335 дугаартай шинжээч эмч Б.О-н дүгнэлтэнд: “...Ц.Б-ний биед зулайн баруун хэсэгт няцарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун бөөр орчим цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы дээд хэсэгт жижиг зулгаралт, зүүн сүвээ, нурууны зүүн доод хэсгээр жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Жижиг цус хуралт, зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт  хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэжээ./хх-ийн 22 хуудас/

                                    

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 8 сарын 23-ны өдрийн 371 дугаартай шинжээч эмч Б.О-н  нэмэлт дүгнэлтэнд: “...Ц.Б-ний биед зүүн нүдний ухархайн дотор хана, самалдгын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, зулайн баруун хэсэгт няцарсан шарх, хоёр нүдний зовхи зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун бөөр орчим цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт жижиг зулгаралт зүүн сүвээ, нурууны зүүн доод хэсгээр жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Жижиг цус хуралт, зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт  хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 31-32хуудас/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 8 сарын 17-ны өдрийн 359 дугаартай шинжээч эмч Б.О-н дүгнэлтэнд: “...Б.Гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-ийн 27хуудас/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2017 оны 7 сарын 24-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын  Мөрөн баг, Хадатын рашаан гэх газарт иргэн Ц.Б нь бусдад зодуулж түний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 7 сарын 24-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын  Мөрөн баг, Хадатын рашаан гэх газарт иргэн Ц.Ц.Бтэй маргалдан улмаар амь биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Б-ний “... Б.Г Мг /Б/ өмөөрч миний нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд дараа нь толгой руу гараараа олон удаа цохьсон...гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ын “... тэр хоёр зууралдаад, шовгорын хойморт байсан нааран дээр унасан. Тэр хоёр дээр доороо оролцоод Б.Г ах дээрээс нь цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Д-н “...тэгтэл дахиад тэр хоёр зодолдоод дээр доороо орж цохилцоод байсан. Зодоон болсны маргааш нь Ц.Б ахын нэг нүд нь хөхрөөд хавдсан харагдсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Б-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 сарын 01-ний өдрийн 335 дугаартай дүгнэлт, 2017 оны 8 сарын 23-ны өдрийн 371 дугаартай нэмэлт дүгнэлт, шүүгдэгч Б.Б.Гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хуралдаанд яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд торгох ялыг оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Ц.Б-ний хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн эмчилгээ болон ирж очсон зардалтай холбоотой 744.499 төгрөгийг шүүгдэгч Б.Г-оос гаргуулан хохирогч Ц.Б-д олгож, түүний нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа 85500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж түүнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хохирогчид гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгрөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-оос 744.499 /долоон зуун дөчин дөрвөн мянга есөн зуун ерөн ес/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгож,  түүний нэхэмжлэлээс 85.500 /наян таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-т хохирогчид учирсан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн зүйлд зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Г-т хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

9. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ГАНДОЛГОР