Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 115

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: Г.Ж

Хохирогч: Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г.Ж-д холбогдох .. тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Г. Ж 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн нэгдсэн эмнэлгийн хажуу талын засмал зам дээр 80-03 улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Д.Тгийн жолоодож явсан 19-19 улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“... Эмнэлгийн хажуу талын засмал зам дээр мотоциклио жолоодоод явж байхад баруун талаас машин ирж мөргөсөн. Миний хавирга хугарч, дал цөмөрсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

 

* Эрүүгийн .. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Д.Т-гийн өгсөн: 

 

“... 2017 оны 9 сарын 23-ны өдөр 15 цагийн үед өөрийнхөө гэрээс гарч хөдөө явахаар нэгдсэн эмнэлэгийн ертөнцийн зүгээр хойд талаар нь гарч зүүн зүгт явж байсан. Тэгээд нэгдсэн эмнэлэгийн зүүн хойд уулзвар нэвтрэхээр шулуун замаар явтал миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр урд талаасаа /3 дугаар дэлгүүрийн замаар/ ирдэг туслах замаас цагаан цэнхэр өнгийн автомашин ирээд намайг шууд мөргөсөн. Мөргөхдөө миний баруун талаас эгц голлоод чигээрээ мөргөж, би зүүн талаараа унасан. Тэр машин намайг мөргөөд л зогссон. Би тухайн үед ямар хурдтай явсан гэдгээ мэдэхгүй байна., ямар ч байсан 20-30 км/ цагийн хурдтай явсан байх. намайг мөргөсөн машин ч хурд багатай явсан. Тэгээд машинаас хүмүүс гарч ирээд намайг босгох гээд би жаахан байж байгаад өндийж замын хажуу талын хашлага дээр суусан. Тэр хүмүүс намайг эмнэлэг явах уу гэхээр нь би эхлээд бариач А-д очиж үзүүлсэн чинь дал чинь гэмтсэн байна гэхээр эмнэлэгт очиж рентгэнд харуулж бичиг хийлгэж авсан. Миний нэг хавирга хугарч, дал цөмөрч, зүүн хөлийн өвдөгт цав гарсан байна гэж хэлсэн. Өөр бэртэл гэмтэл учраагүй. Би замын ертөнцийн зүгээр урд талд буюу зам дээр өөрийн баруун гар тал руу шахаад эгнээгээ зөв бариад явж байсан. Тэгээд миний эгнээнд намайг мөргөсөн. Урсгал сөрсөн асуудал огт байхгүй, надад дүрэм зөрчсөн асуудал огт байхгүй. Ж согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ч мөн хэрэглээгүй байсан. Ж мөргөх үед зогсоох  арга хэмжээ авч, тэр дороо зогсоосон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал гэж 400.000 төгрөг өгсөн... “гэх  мэдүүлэг /хх-ийн 18-21 хуудас/

 

* Гэрч С.Э-ын өгсөн: 

... Миний нөхөр Г.Ж 1967 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн бөгөөд 6 хүүхэдтэй айлын бага  хүүхэд юм. 10-н жилийн сургуулиа Архангай аймгийн 2 дугаар сургуулийн 1985 онд төгсөж, Улаанбаатар хотод цэргийн ангийг 2 жилийн хугацаанд хааж Архангай аймагт ирээд Гал түймэртэй тэмцэх ангид жолоочоор анх ажилд орж ажиллаж байгаад Цагдаагийн академийн галын техникийн ангид сурч төгсөөд Архангай аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан хүн юм. Г.Ж бид хоёр 2000 онд гэр бүл болсон, 2 хүүхэдтэй, одоогоор хувиараа машины ченж хийдэг юм. Зан байдлын хувьд төлөв даруу, удирдах чадвар сайтай, хүнтэй харилцах чадвар өндөртэй хүн байгаа юм. Г.Ж надад хэлэхдээ Нэгдсэн эмнэлэгийн хажууд машинтайгаа явж байгаад мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан гэж хэлсэн. Өөр надад мэдүүлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 22--23 хуудас/

 

* Гэрч Т.С-ийн өгсөн:

...Д.Т ах нь 1950 онд төрсөн, эхнэр 5 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь бүгд тусдаа гарсан, одоогоор эхнэртэйгээ 2-лаа амьдардаг. Д.Т ах 30 гаруй жил жолоочийн ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Архи тамхи хэрэглээд байдаггүй, миний мэдэхээр дээр үед 6 дугаар баазын жолоочоос эхлээд ажилласан юм. Зан байдлын хувьд хүнд тусархуу, элдэв буруу зангүй хүн юм. Д.Т ах надад хэлэхдээ мотоцикльтой эмнэлэгийн хажуугийн төв замаар явж байгаад хажуу талын туслах замаар явж байсан машинд мөргүүлсэн гэсэн. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/

 

*Архангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч ажилтай  шинжээч Б.Ч-н өгсөн:

“... 19-19  улсын дугаартай Даюун маркийн мотоцикль жолоодож явсан Д.Т нь А ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн “2.1а-д заасныг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд тухайн хэрэгт зам тээврийн осол болсон шалтгаан нь гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасныг 80-03  улсын дугаартай Эстима маркийн тээврийн хэрэгсэл  жолоодож явсан Г.Ж нь зөрчсөний улмаас  тухайн осол гарсан гэж үзэж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27хуудас/

 

*Яллагдагч Г.Ж-ны өгсөн:

“... 2017 оны 9 сарын 23-ны өдөр 15 цагийн үед би өөрийн 80-03  улсын дугаартай Эстима маркийн цагаан цэнхэр өнгийн автомашинтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв, 1 дүгээр багийн нутагт байрлах 3 дугаар дэлгүүрийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигтэй буюу 2 дугаар сургуулийн чиглэлд явж байгаад замын уулзвар дээр мотоцикльтой мөргөлдсөн.  Уг мотоцикль нь төв замаар буюу баруун гар талаас зүүн тийшээ явж байсан бөгөөд осол болсон даруй буугаад хартал  танил Т гэдэг хүн 19-19  улсын дугаартай Даюун нэртэй мотоцикль жолоодож байгаад надад мөргүүлсэн. Тэгээд Д.Т ахыг босгож ирээд машин мотоциклио хөдөлгөхгүй байлгаж байгаад цагдаа дуудаж шалгуулъя гэтэл Д.Т ах цагдаа дуудаж хэрэггүй, ахынх нь бие зүгээр байна. Бариачид очиж бариулчихъя. Тэгээд гэртээ хүргүүлчихнэ гэхээр нь цагдаа дуудахаа болиод Д.Т ахыг бариулах гээд явтал дал болон хавирга гэмтсэн байна эмнэлэгт үзүүл гэхээр нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирж үзүүлтэл дал, хавирга хугарч гэмтсэн байна гэсэн. Би Д.Т ахын эмчилгээний зардал мөнгийг өгсөн бөгөөд Д.Т ах эмнэлэгт хэвтэлгүй гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Би Д.Т ахад 400.000 төгрөг өгсөн. Д.Т ах надад гомдолгүй гэж хэлсэн. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу туслах замаар явж байсан миний буруутай, санамсар болгоомжгүй үйлдлээс болж осол гарсан. Миний буруутай үйлдэл гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр доор нь зогсоох арга хэмжээ авч зогссон боловч машины зүүн талаас мотоцикль мөргөөд, буцаж ойж газарт унаж осол болсон. Би 10-15 км/ цагийн хурдтай явсан байх. ...Д.Т ах өөрөө л цагдаа дуудаад хэрэггүй, эмнэлэг ч очихгүй, бариачаар бариулаад л зүгээр гээд байхаар нь үгэнд нь орсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48хуудас/ 

 

*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Х-н 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 420 дугаартай дүгнэлтэнд: Д.Тгийн биед, баруун далны цөмөрсөн хугарал,  баруун 3 дугаар хавирганы хугарал, зүүн тахилзуур ясны булуу бага зэрэг сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна.  Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30 хувь тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой...” гэжээ /хх-ийн 30 хуудас /

 

*Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч Б.Ч-н 79 дугаартай дүгнэлтэнд: “...80-03 улсын дугаартай, Тоёото эстима маркийн автомашин жолоодож явсан Г.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “ гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар  яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн, 19-19 улсын дугаартай Даюун маркийн мотоцикль жолоодож явсан Д.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д “ Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Осол гарахад замын гадаргуу хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, асфальтан зам байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. 80-03  улсын дугаартай, Тоёото эстима маркийн автомашин жолоодож явсан Г.Ж Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “ гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар  яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн  заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан гэж үзэж байна. Осол гарах үед техникийн байдал эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг техникийн шинжээчид хандана уу. 80-03  улсын дугаартай, Тоёото эстима маркийн автомашин жолоодож явсан Г.Ж нь В,С, Е ангиллын .. тоот дугаарын хүчинтэй үнэмлэхтэй, 19-19  улсын дугаартай Даюун маркийн мотоцикль жолоодож явсан Д.Т нь В, С ангиллын .. тоот дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна. Хэргийн газрын үзлэг болон схем зурагт тус хоёр тээврийн хэрэгслийн тоормозны ул мөр байхгүй байгаа учир хурдыг нь тодорхойлох боломжгүй...” гэх. /хх-ийн 36-37хуудас/,  

 

* Шүүгдэгч Г.Ж-ны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн-54-55 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

2017 оны 09 сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт Нэгдсэн эмнэлгийн хажуу талын засмал зам дээр зам тээврийн осол болж Д.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Г.Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн нэгдсэн эмнэлэгийн хажуу талын засмал зам дээр 80-03  улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Д.Тгийн жолоодож явсан 19-19  улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Тгийн  “...Тэгээд нэгдсэн эмнэлэгийн зүүн хойд уулзвар нэвтрэхээр шулуун замаар явтал миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр урд талаасаа ирдэг туслах замаас цагаан цэнхэр өнгийн автомашин ирээд намайг шууд мөргөсөн. Мөргөхдөө миний баруун талаас эгц голлоод чигээрээ мөргөж, би зүүн талаараа унасан. Тэр машин намайг мөргөөд л зогссон...” гэх мэдүүлэг, гэрч С.Э-ийн “...Г.Ж надад хэлэхдээ Нэгдсэн эмнэлэгийн хажууд машинтайгаа явж байгаад мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.С“...Т ах надад хэлэхдээ мотоцикльтой эмнэлэгийн хажуугийн төв замаар явж байгаад хажуу талын туслах замаар явж байсан машинд мөргүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Ж-ны “...3 дугаар дэлгүүрийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигтэй буюу 2 дугаар сургуулийн чиглэлд явж байгаад замын уулзвар дээр мотоцикльтой мөргөлдсөн.  Уг мотоцикль нь төв замаар буюу баруун гар талаас зүүн тийшээ явж байсан. Д.Т нь Даюун нэртэй мотоцикль жолоодож байгаад надад мөргүүлсэн. ...Замын хөдөлгөөний дүрмийн дагуу туслах замаар явж байсан миний буруутай, санамсар болгоомжгүй үйлдлээс болж осол гарсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Т-гийн биед  хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 420 дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч 79 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ж-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үзэн мөн мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тус прокурорын газраас шүүгдэгч Г.Жд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Жд  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. 

 

Хохирогч Д.Т нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Жыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Г.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэргийн шинж болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулах нь зүйтэй байх ба оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Г. Ж-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ыг 500 /таван зуун/ нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай. 

 

5. Шүүгдэгч Г.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           П.ГАНДОЛГОР