Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0841

 

 

 

                             

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Д*******

Хариуцагч: Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.О*******, Б.П*******, М.Ц*******

Маргааны төрөл: Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 дугаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн ******* эмнэлгийн эмч А.******* холбогдуулан гаргасан иргэн Т.Д*******гийн өргөдөл, гомдлыг Эны хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлээгүй хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоолгож, тус гомдлыг хэлэлцэх шийдвэрлэхийг Энд даалгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З*******, Ө.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Д*******гээс Энд холбогдуулан “Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хорооны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 албан тоотоор ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн ******* эмнэлгийн эмч А.******* эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дүрмийн дагуу зохих хариуцлага тооцохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

Улмаар “Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хорооны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 албан тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, Э нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн ******* эмнэлгийн эмч А.******* холбогдуулан гаргасан иргэн Т.Д******* миний өргөдөл, гомдлыг Эны хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгож, тус гомдлыг хэлэлцэх шийдвэрлэхийг Энд даалгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

2.Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* эмнэлэгт хэвтэн, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр баруун ба зүүн хөхний булчирхайг имплант ашиглан нөхөн сэргээх мэс засалд оржээ.

Улмаар нэхэмжлэгчээс тус мэс засалтай холбогдуулан “...баруун хөхөө авахуулж, имплант суулгах, зүүн хөхөндөө арьс тэлэх зориулалттай тэлэгч хийлгэх, баруун зүүн өндгөвчөө авхуулах, порт химийн тариа хийх зориулалттай судсыг авахуулах хагалгааг хийлгэхээр тус бүр дээр зөвшөөрлийн хуудас бөглөн хагалгаанд орсон. … өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн зүүн хөхөнд нь имплант суулгаж, мэс засал хийсэн …” гэх үндэслэлээр тус эмнэлэгт хандан гомдол гаргахад тус эмнэлгээс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “...2022 оны 08 дугаар сарын 08-нд баруун хөхийг авах, 2 өндгөвчийг авах, 2 хөхөнд имплант суулгах мэс засал хийгдсэн байна.

...танд үзүүлсэн тусламж үйлчилгээнд харилцааны болон ойлгомжгүй байдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Порт ашиглалтын хувьд тодорхой цаг хугацааны хяналтын дараа тариаг хийх нь тохиромжтой байдаг гэж үздэг хэдий ч хэрэв портыг аюулгүй, хүндрэлгүй тавьсан гэдэг нь баталгаатай байвал даруй эмчилгээг эхлүүлэх боломжтой байдаг билээ.

Дээрхээс дүгнэхэд манай эмнэлгийн багийн Танд үзүүлсэн эмчилгээ, тусламж үйлчилгээнд ноцтой хүндрэл, алдаа гаргасан гэх үндэслэлгүй байгаа бөгөөд харин тухайн эмчилгээ, тусламж үйлчилгээний талаар танд бүрэн ойлгуулж чадаагүйн улмаас танд сэтгэл санааны таагүй байдал, үл ойлголцол үүсэхэд нөлөөлсөн байна гэж дүгнэж байна.” гэж хариу өгсөн байна. 

3.Ингээд нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* эмнэлэгт болон тус эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч А.******* холбогдуулан түүнд хуульд заасны дагуу хариуцлагыг оногдуулах талаар Эрүүл мэндийн яаманд хандан гомдол гаргажээ.

Эрүүл мэндийн яам тус гомдолд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5/286ө дугаар албан бичгээр  “******* эмнэлгийн мэс заслын эмч А.Болдыг эрүүл мэндийн яамны дэргэдэх ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэх талаарх 5/228-ө дугаар албан бичиг, Хавдар судлалын үндэсний төв болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хавдрын хими эмчилгээ судлалын мэргэжлийн салбар, зөвлөлд цаашид эмчилгээ, оношилгоог хэрхэн хийх талаар зөвлөгөө, шийдвэр авах 5/5338 дугаар албан бичиг, ******* эмнэлгээс тайлбар мэдээлэл авах тухай 5/5553 дугаар албан бичгүүдийг дурдаж, дээрх албан бичгээр мэдээллийг танд хүргүүлэх болно” гэсэн хариу өгсөн байна. 

Эноос Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэлд хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22/127 дугаар албанд бичигт “Танай газраас ирүүлсэн иргэн Т.Д*******гийн “*******” эмнэлэгтэй холбоотой гомдлыг судлан үзээд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын холбогдол бүхий асуудал зонхилж байна.

Иймээс шинэ бүтцээр байгуулагдаж буй салбарын хяналтын газарт шилжүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй.” гэж, Эрүүл мэндийн яамнаас иргэн Т.Д*******д хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/22-ө дугаар албан бичгийн хариундаа “...тус хорооны хурлаар таны ирүүлсэн гомдол ёс зүйн асуудал гэхээс илүүтэйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын холбогдол бүхий асуудал зонхилж байна гэж үзсэн байна. Иймд та дээрх асуудлыг шүүх, хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй.” гэж тус тус дурджээ.

Улмаар нэхэмжлэгч Энд ******* эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмч А.Болд болон хагалгаа хийсэн бусад эмч нарт холбогдуулан эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авхуулахаар гомдол гаргасан бөгөөд тус хорооноос 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 дүгээр албан бичгээр “... эмч А.Болд эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар танд бүрэн тайлбарлаж ойлгуулаагүй асуудал гарсан байгаа бөгөөд энэ нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.” гэсэн хариу өгсөн байна.

4.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5366 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Эны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23/29 “Өргөдөл шийдвэрлүүлэх тухай” албан тоотод “Танай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн Т. Д******* танай эмнэлгийн мэх заслын эмч А.Болд болон мэс засал хийсэн эмч нарын талаар гомдол гаргасныг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлж байна. Иргэний өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, гомдлыг барагдуулж, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдэгдэнэ үү” гэж, хавтаст хэргийн 30-р хуудас/

Эны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 "Хариу хүргүүлэх тухай" Т.Д******* надад өгсөн албан тоотдоо "Таны Интермэд эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч А.Болд болон мэс засал хийсэн бусад эмч нарын талаар гаргасан гомдолтой танилцаж, судаллаа. "Интернейшнл Медикал Сентер" ХХК-ийн ******* эмнэлгийн эмч А.Болд эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар танд бүрэн тайлбарлаж ойлгуулаагүй асуудал гарсан байгаа бөгөөд энэ нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна" гэж, хавтаст хэргийн 17-р хуудас /

Эны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23/87 "Хариу тайлбар хүргүүлэх тухай" шүүхэд ирүүлсэн албан тоотдоо "******* эмнэлэг нь манай хяналтын хорооны тогтоолоор батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороотой бөгөөд энэ хороо нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 256 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2.1.5, 2.1.6, 2.1.7 дахь заалтын дагуу өөрийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалтай холбоотой оргодол, гомдлыг судлах, шийдвэрлэх эрх үүргийн дагуу иргэн Т. Д*******д мэс засал хийсэн эмч А.Болдын талаарх өргөдлийг судалж, хэлэлцээд "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийн заалтуудыг зорчсон гэх үндэслэлгүй гэж үзсэн байгаа юм" гэж, /хавтаст хэргийн 26-р хуудас/

Эны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 23/100 "Хариу хүргүүлэх тухай" албан тоотод "Иргэн Т. Д*******гээс Интермэд эмнэлгийн эмч А.Болдын талаар гаргасан гомдолтой танилцаад эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын асуудал тул салбарын хяналтын газарт шилжүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас Ёс зүйн хяналтын хорооны хурлаар авч хэлэлцээгүй болно" гэжээ. /хавтаст хэргийн 39-р хуудас/

Өөрөөр хэлбэл, Э "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дүрэм"-ийн 3.1.6.1-т “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, албан тушаалтан, Байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, бусад материалыг хүлээн авах, хянан судалж, шийдвэрлэх” гэсэн үндсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүйн тулд өөр өөр агуулга бүхий албан тоотуудыг холбогдох байгууллагад болон надад илгээж байсан нь тодорхой байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Энд хандан гаргасан миний өргөдөл гомдлыг Ёс зүйн хяналтын хорооны хурлаар авч хэлэлцээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн байдаг.

Үүнээс үзвэл Э гэх энэ байгууллага миний гомдлын дагуу хуралдаж шийдвэрлээгүй атлаа “ёс зүйн зөрчил биш байна” гэх хариуг өгсөн болох нь тодорхой болж байна.

Иймд миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Эны 2023 оны 05-р сарын 19-ны өдрийн 23/61 тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах,

Э нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зорчсон Интермэд эмнэлгийн эмч А.******* холбогдуулан гаргасан иргэн Т.Д******* миний оргодол, гомдлыг Эны хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгож, тус гомдлыг хэлэлцэх шийдвэрлэхийг Энд даалгуулах тухай.”гэжээ.

6.Нэхэмжлэгч Т.Д******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 2021 онд хөхний хорт хавдраар өвчилсөн болох нь баталгаажсан учраас ******* эмнэлгээс эмчилгээ үйлчилгээ авсан. Хорт хавдартай холбоотойгоор 8 удаагийн химийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийлгэсэн. Химийн эмчилгээний дараа туяа эмчилгээ шаардлагатай гээд БНСУ-ын Анам эмнэлэгт 30 удаагийн туяа эмчилгээнд орсон. Хавдар нь генийн удамшилтай гэсэн урьдчилсан онош гарсан учраас генетикийн шинжилгээ хийлгэсэн. Эрүүл байгаа баруун хөх болон өндгөвчөө авхуулбал 5 жилийн хугацаанд өвдөх магадлал нь 24-40 хувь гэж хэлсэн. Үр дүн гарсан тохиолдолд зайлшгүй дараагийн хагалгааг хийлгэх ёстой байсан. Энэ хагалгааг Монгол Улсад хийлгэх боломжтой гэсэн учраас дахин ******* эмнэлэгт хандсан. Тус эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын эмч А.******* өмнө үзүүлж байсан учраас уулзаж шинжилгээний хариуг үзүүлсэн. Солонгос Улсын эмчийн хэлсэн нь үнэн байна. Хагалгааг хийе гэж хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хагалгааг хийхээр товлосон.

Эрүүл баруун талын хөхийг авхуулж имплант суулгана. Өвчтэй байсан зүүн талын хөхөнд имплант суулгахгүй харин арьсыг нь хадгалж үлдэхийн тулд тэлэгч суулгана. Өвчлөөгүй 2 өндгөвчийг авах, хими тариа хийх зориулалттай суулгасан судсыг авах гэсэн 4 төрлийн хагалгаа хийлгэхээр тохиролцож зөвшөөрөл өгсөн. Хагалгаа 10 гаруй цаг үргэлжилсэн. Орой нь хагалгаанаас гарч ирээд зөвшөөрөлгүй хагалгаа хийгдсэн талаар мэдсэн. Өвдсөн буюу хамгийн их анхаарч байсан, Солонгос эмчийн анхааруулж байсан зүүн талын хөхөнд имплант суулгаж болохгүй гэсэн анхааруулгыг зөрчиж имплант суулгасан байсан. Энэ мэдээг сонсоод шоконд орсон. Буцаагаад аваад өгөөч гээд тэр орой уйлж хоносон. Маргааш нь А.Болд эмч орж ирсэн.

Миний зөвшөөрөлгүй яагаад имплант суулгасан бэ? гэхэд хагалгааны шатанд эмч нар зөвлөлдөөд имплант хийхээр шийдвэрлэсэн гэж хэлсэн. Маргаашаас нь эхлэн имплант хийлгэсэн хөх улайж, хавдаж эхэлсэн. А.Болд эмчийн зөвлөснөөр 40 гаруй хоног зааврын дагуу эм ууж байсан. Эдгээгүй учраас 9 сард БНСУ–руу явсан. ******* эмнэлгийг арга хэмжээ авахыг найдсан боловч зөвхөн антибиотек эмчилгээ хийсэн. Солонгос эмчид үзүүлэхэд эмийн эмчилгээ хийх ёсгүй байсан. Мөн таны зөвшөөрөлгүй хагалгаа хийсэн байна. Яагаад гэвэл туяа эмчилгээний дараа бие бүхэлдээ гүн шарх үүсдэг.

Шингэн соруулах эмчилгээг 1 жил 3 сарын хугацаанд 12 удаа хийлгэсэн. Зөвшөөрөөгүй хагалгаа хийсэн талаар гомдлыг гаргахад 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр надад ******* эмнэлэг үл ойлголцол болсон байна гэсэн хариу өгсөн. Ингээд энэ эмнэлгийг миний эрүүл мэндэд арга хэмжээг авахгүйг ойлгож Солонгос болон Монгол Улсад шингэн соруулах эмчилгээг хийлгэж байна. Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч өвчтөнийхөө зөвшөөрлийг авахгүйгээр дур мэдэн хийсэн имплантаас болж миний бие хохирсон. Тиймээс би гомдлыг хаана гаргах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас асуухад Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл олгогддог бөгөөд зөвшөөрөл өгсөн газарт ханд гэсний дагуу Эрүүл мэндийн яаманд хандсан. Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо нь танай эмчтэй холбоотой гомдол ирсэн гэж Эрүүл мэндийн яаманд хандсан байдаг. Гомдлын дагуу яам ажиллагааг хийхдээ ёс зүйн гомдол биш чанар аюулгүй байдалтай холбоотой асуудал зонхилж байна гэсэн хариуг 6 сар хүлээсний эцэст 2 дугаар сард хүлээн авсан. Гомдол гаргах журмыг судалж үзээд Эрүүл мэндийн хороонд 2023 оны 02 дугаар сард маягтынх нь дагуу гомдол гаргасан. Хуулийн хугацаанд мөн л хариу өгөөгүй. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 тоот 1 хуудас хариуг өгсөн. Агуулга нь танд мэс засал хийсэн А.Болд болон хамт оролцсон  эмч нарт холбогдуулан гаргасан гомдолтой танилцаж судаллаа. А.Болд эмч эмчилгээ үйлчилгээний талаар бүрэн ойлголтыг танд тайлбарлаж өгөөгүй асуудал гарсан бөгөөд энэ нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж хариу өгсөн. Ёс зүйн хороо шийдвэрлэж хариу өгсөн. Дээд шатны байгууллага болох хяналтын хороо ийм хариу өгсөн учраас хуулийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хэд хэдэн нотлох баримтууд ирсэн. Салбар хороо руу шилжүүлсэн байна. Салбар хорооны шийдвэрлэх асуудал, салбар хорооны шийдвэрлэх асуудал биш, ёс зүйтэй холбоотой гомдол биш гэж хэд хэдэн албан тоот явсан байна. Эдгээр албан бичгүүдийг үзэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдал байна гэж үзэн хурлаар авч хэлэлцээгүй гэж хариу ирүүлсэн байсан. Гэхдээ надад өгсөн хариунд ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал биш гэж бичсэн. Хурлаар авч хэлэлцээгүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн мөртлөө надад өгсөн албан тоотод ёс зүйн асуудал биш гэсэн байсан. Тийм учраас Эны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 тоот хууль бус актыг хүчингүй болгуулъя гэсэн 1 дэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Э нь дүрэмд зааснаар иргэнээс гаргасан гомдлыг хүлээн авах, судлах, шийдвэрлэх гэсэн үндсэн чиг үүргийг биелүүлэх ёстой байгууллага юм. Үндсэн чиг үүргээ биелүүлэхээс татгалзсан хэд хэдэн үйлдлийг гаргасан гэж үзэж байна. Шүүхэд ирсэн баримтуудаар нотлогдож байгаа. Энэ нь иргэн миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар өргөдөл гаргасан. Сүүлд ирүүлсэн баримтад хяналтын хороо хуралдаагүй гэж бичигдсэн байсан тул шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгоё. Миний гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхийг ёс зүйн хяналтын хороонд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага гаргасан. Миний 1 гомдолд өөр өөр байдлаар хариу бичсэн байх бөгөөд надад өгсөн 1 хуудас хариу албан бичигт ёс зүйн гомдол биш гэсэн агуулга байсан. Хууль бус захиргааны акт гаргасан, мөн эс үйлдэхүй байна гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.”гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 тоот хариуг хамгийн сүүлд өгсөн. А.Болд эмчийн энэ асуудал нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал биш гэж хариу өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хороо хуралдаагүй, ******* эмнэлгийн ёс зүйн салбар зөвлөлд шилжүүлсэн гэсэн хариуг өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/256 дугаар тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дүрмийг баталсан. Тус дүрмийн 3.1.1-д Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавих, 3.1.6-д иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэнэ, 3.1.6.1-т эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд албан тушаалтан, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, бусад материалыг хүлээн авах, хянан судалж, шийдвэрлэх гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Өргөдөл гомдлыг салбар хороо руу шилжүүлэх эрх хяналтын хороонд олгогдоогүй. Шийдвэрлэж хариу өгөх үндсэн чиг үүрэгтэй. Мөн дүрмийн 5.1-д хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдааныг дарга удирдана, 5.6-д...асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай. Э нь дүрмийн дагуу хуралдаагүй. Ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж хэн шийдвэрлэж байгаа вэ? Дарга нь ганцаар шийдвэрлэж байгаа юу? хуралдаанаар шийдвэрлээгүй бол ёс зүйн хорооны шийдвэр биш. ******* эмнэлгийн өөрийнх нь ёс зүйн салбар зөвлөлд шилжүүлэх тухай асуудлыг бас хуралдаж шийдвэрлээгүй.

Ёс зүйн хяналтын хороо дүрэмд заасан чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Гэтэл шийдвэрлэсэн мэт бусад байгууллага руу албан тоот явуулж бусдыг төөрөгдөлд оруулсан. Нэхэмжлэгчийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчсөн. Огт хуралдаагүй асуудлаар хариу өгсөн шийдвэрийг хуралдуулж шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э нь манайд хамаарах асуудал биш. ******* эмнэлгийн өөрийнх нь ёс зүйн салбар зөвлөл шийдвэрлэнэ гэж хариу өгдөг. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/256 дугаар тушаалаар баталсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дүрэмд ямар асуудлыг хороо, ямар асуудлыг салбар зөвлөл шийдвэрлэх вэ? гэдгийг ялгаж зохицуулаагүй. Тиймээс өргөдөл гаргасан газар нь уг асуудлыг шийдвэрлэх ёстой. Салбар зөвлөлд гомдол гаргаад шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар хороонд гомдол гаргана. Хяналтын хороонд гомдол гаргасан учраас шууд шийдвэрлэх ёстой. Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, зохих шийдвэр гаргахыг хяналтын хороонд даалгаж өгнө үү?.”гэжээ.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зүүн хөхөнд тэлэгч суулгах байтал имплант суулгасан гэдэг асуудал ярьж байгаа. Зөвшөөрлийн хуудсаар 2 хөхөнд имплант суулгасан мэт баримт ирүүлсэн боловч зүүн хөхөнд зөвшөөрөл өгөөгүй гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогддог. Т.Д*******гээс удаа дараа гаргасан гомдлууд, утсаар ярьсан ярианы бичлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр талд байгаа ******* эмнэлгээс ирүүлсэн хариу зэргээс үзэхэд зүүн хөхөнд имплант хийлгэх зөвшөөрөл өгөөгүй гэдэг нь харагдаж байна. А.Болд эмчийн хувьд байж болшгүй зөрчил гаргасан. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 2-т хамрах хүрээг зааж өгсөн. 2.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан энэхүү ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана, 3.2-т хүнлэг энэрэнгүй байх зарчмын хүрээнд: Хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө анхаарал тавих, хүн бүрийг энэрэн хайрлах, асрах, тусалж дэмжих, 3.3-т хүндэтгэлтэй хандах зарчмын хүрээнд: Хүний язгуур эрхийг хүндэтгэн хамгаалах, сонсох, өөрийн бодол санааг зөв ойлгуулах, хүлээцтэй харилцах, эелдэг, даруу төлөв байх гэж заасан. Хагалгааны маргааш А.Болд эмч эмчлүүлэгчтэй уулзсан. Өөрийн зөвшөөрөлгүй хагалгаа хийснийг мэдээд сэтгэл санаа нь хүнд байх үед өвчтөнийг загнасан. Дээрэнгүй харьцсан. Энэ нь утсаар ярьсан бичлэгээр нотлогдоно.

Дүрмийн 3.3 дахь заалтыг зөрчиж байна. Мөн дүрмийн 4.8-д үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн тохиолдолд өөрийнх нь болон асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эс, эд эрхтнийг нь авах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй, ийм үйл ажиллагаанд оролцохгүй байх заалтыг зөрчиж хагалгааны шатанд эмч нартай зөвлөлдөж зөвшөөрөлгүйгээр имплант суулгасан. Эмчийн хувьд би шийдвэрлэх эрхтэй гэж А.Болд эмч хэлдэг боловч дүрмийн 5.9-т эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тохиолдолд үйлчлүүлэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргаж болно гэсэн заалт хамаарахгүй. Хариуцагч эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдалтай холбоотой, ёс зүйн зөрчил биш, салбар зөвлөл шийдвэрлэх ёстой гэж 2 янзаар хариу өгсөн.

Үнэхээр салбар зөвлөл шийдвэрлэх ёстой бол яагаад эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдалтай холбоотой гэсэн хариу өгч байгаа вэ? Эрүүл мэндийн сайдын А/256 дугаар тушаалаар батлагдсан дүрмийн 2.1-т хороо нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байх ба эмнэлгийг мэргэжилтнийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, соён гэгээрүүлэх зөвлөл болон иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх зөвлөл гэсэн 2 дэд зөвлөлтэй байна. 3.1.6.1-т эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд албан тушаалтан, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, бусад материалыг хүлээн авах, хянан судалж, шийдвэрлэх, хороо нь 3.2.2-т эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлийн талаар хяналт хийх явцад шаардлагатай бичиг баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтан, гомдол гаргагч иргэдээс гаргуулан авах, тэдний тайлбарыг сонсох эрхтэй гэж заасан. Сайдын тушаалаар баталсан энэ дүрэмд эрхийг нь өгчихсөн. Гэтэл нэхэмжлэгчийн асуудлыг шийдвэрлэх үүрэггүй салбар хороо шийдвэрлэнэ гэж хариу өгч байгаа нь үндэслэлгүй юм.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын 5.1-д хорооны дарга нь өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх багийн бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг тухай бүрд батална, 5.2-д өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхдээ түүний мөрөөр зохих шалгалтыг явуулах бөгөөд баримт материалтай танилцах, тайлбар, тодруулга авах, утсаар ярих, биечлэн уулзаж мэдээлэл цуглуулах, хорооны дүрэмд заасан бусад ажиллагааг хийнэ, 5.3-т өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажлын хэсэгт ажилласан талаар илтгэх хуудас бичиж, санал гаргах ба түүнийг хорооны хуралд танилцуулна, 5.4-д хурлаар илтгэх хуудас, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлах ба өргөдөл, гомдол гаргагч болон ёс зүйн асуудалд холбогдсон эмнэлгийн мэргэжилтэн, бусад этгээдээс тайлбар авах, гэрч, мэргэжилтнийг урьж оролцуулж болно, 5.6-д өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзвэл гаргасан өргөдөл, гомдлыг хэрэгсэхгүй болгоно, 5.7-д хэрэв харьяаллын бус асуудал болох нь тогтоогдвол харьяаллын дагуу шилжүүлнэ. Хэрэв харьяаллын дагуу шилжүүлсэн бол холбогдох баримтуудыг цуглуулах ёстой. Хороо хуралдаад харьяаллын дагуу шилжүүлэх, хэрэгсэхгүй болгох, хариуцлага тооцох гэсэн 3 шийдвэрийн нэгийг гарах ёстой. Гэтэл уг ажиллагааг хийхгүйгээр албан бичгээр хариу өгсөн. Хороо хуралдаагүй гэсэн баримт нь хариу албан бичгээр тогтоогдож байна. Дүрмийн 5.1-5.7 хүртэлх процесс ажиллагаа огт хийгдээгүй. Хурал хийгээгүй байж хуралдсан мэт өргөдөл гаргагчид албан бичгээр хариу өгсөн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдалтай холбоотой юу?, ёс зүйтэй холбоотой юу? Ёс зүйтэй холбоотой гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тогтоогдсон байхад шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж, дүрмийн 5.1-5.7 хүртэлх процесс ажиллагаа хийгээгүй учир нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй юм. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* эмнэлгийн ёс зүйн салбар зөвлөл хуралдсан гэсэн албан бичиг хэрэгт авагдсан. Уг албан бичгийг өргөдөл гаргагч Т.Д*******д өгөөгүй, энэ талаар мэдэгдээгүй. ******* эмнэлгийн эмч зөвшөөрөлгүйгээр хагалгаа хийж имплант суулгасан. Өргөдөл гомдол гаргахад ******* эмнэлгийн ёс зүйн салбар зөвлөл ямар хариу өгөх нь ойлгомжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.”гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Д******* нь Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй танилцлаа.

1.ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 5 сарын 19-ний өдрийн 23/61 албан бичгийг хүчингүй болгуулах тухай,

2.ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн ******* эмнэлгийн эмч А. ******* гаргасан иргэн Т.Д*******гийн өргөдөлд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгож, тус гомдлыг хэлэлцэж шийдвэрлэхийг Ёс зүйн хяналтын хороонд даалгуулна гэсэн шаардлага гаргажээ. Үүнд дараахь хариу тайлбар хүргүүлж байна.

Эмч А.Болдтой холбоотой өргөдлийг чиг үүргийн дагуу ******* эмнэлгийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо руу шилжүүлсэн. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 256 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2.1.5, 2.1.6, 2.1.7 дахь заалтын дагуу уг өргөдөл, гомдлыг хэлэлцэн ёс зүйн зөрчил гэж үзэхгүй гэж дугнэсэнтэй санал нийлж байгаа тул Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 5 сарын 19-ний өдрийн 23/61 албан бичгийг хүчингүй болгуулах үндэслэлгүй юм. ******* эмнэлгийн эмч А. Болдыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй.

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь дүрмийн дагуу ******* эмнэлгийн дэргэдэх салбар хороондоо шилжүүлэн шийдвэрлэсэн тул “хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай ёс зүйн хяналтын хороо нь уг асуудлыг эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудал гэж үзэж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай 2023 оны 7 сарын 23-ны 23/87 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд үүний талаар шүүх хурал дээр удаа дараа тайлбарласан.” гэжээ.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П******* шүүх хуралдаан гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Т.Д******* 2022 онд Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан. Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламж үйлчилгээний газарт цохогдсон өргөдлийг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд өгсөн. Тус гомдлыг хороо уншиж танилцаад ёс зүйн гомдол биш, мэргэжлийн алдаа гэж үзэн хурлаар хэлэлцэхгүйгээр хяналтын хорооны даргад хариу хүргүүлсэн. Т.Д*******д хариу хүргүүлэхдээ хороо хуралдсан мэтээр хариу хүргүүлсэн нь өнөөдрийн асуудлыг үүсгэж байна. Хяналтын хороо эс үйлдэхүй гаргаагүй. Хяналтын хороо Эрүүл мэндийн яамны дэргэд ажилладаг. Салбар хороо 46, хэсгийн хороо 100 гаруй байдаг. Дүрэмд заасны дагуу салбар, хэсгийн хороо руу өргөдлийг шилжүүлж шийдвэрлүүлдэг. ******* эмнэлгийн дэргэдэх салбар зөвлөл нь эмнэлгийн ажилтны тогтоолын дагуу байгуулагдсан. Тиймээс дүрмийн дагуу Т.Д*******гийн гомдлыг ******* эмнэлгийн дэргэдэх салбар хороонд шилжүүлсэн. Салбар хороо уг гомдлыг үзээд ёс зүйн асуудал биш.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай холбоотой гэж дүгнэсэн учраас бид 5 дугаар сард ёс зүйн асуудал биш гэсэн хариуг Т.Д*******д хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч манай дүрмийг дутуу уншиж судалсан байна. 1 дүгээр хавсралт нь хорооны дүрэм, 2 дугаар хавсралт нь салбар хорооны дүрэм юм. Яагаад эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдал гэж үзэн хариу өгсөн бэ? гэхээр ёс зүйн хороонд хандаагүй өргөдөл байсан. А.Болд эмч нэхэмжлэгчид өмнө нь хагалгаа хийж байсан. Хагалгаа хийх явцдаа өвчтөнд дахин өвдөхгүй байх талаас нь мэс засалд хамт орсон эмч нартайгаа зөвлөлдөж дахин хагалгаанд орохгүй байх талаас нь шийдвэр гаргасан байх. Хагалгааны шатанд ямар асуудал үүссэнийг мэдэхгүй байна. Тиймээс ёс зүйн асуудал биш. Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Хяналтын хороо журмын дагуу хуралдаж салбар хорооны шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэн шийдвэрлэж иргэн Т.Д*******д хариу өгсөн. Имплант суулгах зөвшөөрлийн хуудас өгөөгүй гэдгийг мэдэж авлаа. Дүрмийн 5.1-5.7-д заасан заалтуудыг энэ дарааллаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн процессын дараалал биш. Ёс зүйн асуудал биш гэж үзсэн учраас хурал хийгээгүй. Санхүү, гэр бүлийн асуудал, ёс суртахуунтай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй. Зөвхөн ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Тиймээс эс үйлдэхүй гаргасан гэж хүлээн зөвшөөрөхгүй. ******* эмнэлгийн дэргэдэх салбар зөвлөлийн дүгнэлт зөв гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.”Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар хороо, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн дэргэд Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хороо тус тус ажиллана. Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм, анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, 26.2.”Энэ хуульд заасан эрүүл мэндийн талаар эдлэх иргэний эрх, үүргээс гадна эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон эрх, үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.” гэж заажээ. 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/256 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журам”-ыг баталсан байна. 

Тус журмын 3.6, 5.1-5.9-д зааснаар үзвэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг буцаах бөгөөд бусад тохиолдолд ёс зүйн хорооны даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг  өргөдөл, гомдлын мөрөөр зохих шалгалтыг явуулан илтгэх хуудас бичиж хуралд танилцуулсны үндсэн дээр хурлаас зохих шийдвэр гаргахаар зохицуулжээ. 

Тодорхойлох хэсэгт дурдсан үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь ******* эмнэлгийн эмч А.******* холбогдуулан анх Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан байх ба дараа нь тус яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд тус тусдаа гомдол гаргасан байна. 

Нэхэмжлэгч тус шүүхэд Энд гаргасан гомдлыг хууль болон журамд заасны дагуу шийдвэрлээгүй, өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр маргаж байна. 

2.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4.”Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.”, 5.”Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.”, 16 дугаар зүйлийн 1.”Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж заажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчээс Энд гаргасан гомдлыг ******* эмнэлгийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23/29 дүгээр албан бичгээр шилжүүлж, улмаар тус эмнэлгээс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/182 дугаар албан бичгээр  Энд хариу хүргүүлсэн боловч энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь дээрх хуулийн заалт болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын Тав дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, гомдлыг журамд заасны дагуу бүртгэж, шийдвэрлэх багийн бүрэлдэхүүн болон удирдамжийг хороон дарга батлахаар байх ба улмаар ажлын хэсгийн илтгэх хуудас, гаргасан саналыг хуралд танилцуулсны үндсэн дээр хурлаас харьяаллын дагуу шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж энэ талаар өргөдөл, гомдол гаргасан этгээдэд хуульд зааснаар мэдэгдэхээр байхад мэдэгдээгүйгээс болж мөн журмын 5.11-д заасан хорооны шийдвэрт харьяалах дээд шатны хороонд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзлээ. 

Иймд хариуцагч нь иргэн Т.Д*******гээс гаргасан гомдлыг журамд заасны дагуу шийдвэрлэж хариу өгөх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийг хангаж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 дугаар албан бичгээр өгсөн хариуг хүчингүй болгож, ******* эмнэлгийн эмч А.******* холбогдуулан гаргасан иргэн Т.Д*******гийн өргөдөл, гомдлыг Эны хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлээгүй хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоож, тус гомдлыг хэлэлцэх шийдвэрлэхийг Энд даалгаж шийдвэрлэлээ. 

3.Шүүх Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн ёс зүйн хяналтын хороонд иргэн Т.Д*******гээс гаргасан өргөдлийг журамд заасны дагуу шийдвэрлүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн бөгөөд өргөдлийг шийдвэрлээгүй байхад эмч ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг хэрэгт авагдсан хагалгаа хийсэн эмчийн үйл ажиллагаатай холбогдох баримтуудад дүгнэлт өгөх боломжгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, 5. 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/61 дугаар албан бичгээр өгсөн хариуг хүчингүй болгож, ******* эмнэлгийн эмч А.******* холбогдуулан гаргасан иргэн Т.Д*******гийн өргөдөл, гомдлыг Эны хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлээгүй хууль бус үйлдэл гаргасан болохыг тогтоож, тус гомдлыг хэлэлцэх шийдвэрлэхийг Энд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН